| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2016/00757/И |
| Дугаар | 155/ШШ2016/00849 |
| Огноо | 2016-07-20 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 155/ШШ2016/00849
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Х аймгийн А суманд 1961 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, Х аймгийн А сумын 6 дугаар багт оршин суух, Р*** дугаар регистртэй, С.Г ын
Талийгаач хүү Г.Б нас баралтын бүртгэлгүй болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 155/2016/00828/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагч С.Г нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Г шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бага хүү болох Г.Б нь 1992 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн бөгөөд төрөлхийн бие султай, байнгын асаргаанд байж, эмчилгээ сувилгаа хийлгэдэг байсан боловч 1999 оны 6 дугаар сарын 12-ны өдөр нас барсан юм. Би ахдаа тухайн үед хүүгийнхээ нас барсан тухай бүртгүүлээрэй гээд баримтууд нь өгсөн байсан. Тэгээд бүртгэл хийгдсэн гэж бодож байсан бөгөөд бүртгэл хийгдээгүй болохыг сая мэдсэн. Одоо манай эхнэр 4 хүүхэд төрүүлж өсгөсөн гэж өндөр насны тэтгэвэрт орох гэтэл талийгаач хүү Г.Б ын нас барсан байдал улсын бүртгэлд бүртгэгдээгүй байх тул шүүхээр тогтоолгож ир гэсэн юм. Иймд талийгаач хүү Г.Б ыг 1999 оны 6 дугаар сарын 12-ны өдөр нас барсан бүртгэлгүй болохыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.Г нь талийгаач хүү Г.Б нас баралтын бүртгэлгүй болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-д зааснаар шаардах эрхтэй.
С.Г , Ш.Ц нарын гэр бүлд талийгаач хүү Б 1992 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төрж, 1999 оны 6 дугаар сарын 12-ны өдөр нас барсан ба энэ тухай иргэний бүртгэлд бүртгүүлээгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Эцгийн овог нэр С.Г , эхийн овог нэр Ш.Ц нарын гэр бүлд 1992/04/28-нд төрөхөд төрүүлсэн Г.Б ыг 1993/05/26-нд Х аймгийн А сумын 59-рт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа гэх бичилттэй 115/001282 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Х аймгийн А сумын Эрүүл мэндийн төвийн 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Х аймгийн А сумын 6 дугаар багийн иргэн Г овогтой Б нь DS:Xp пеолонефрит өвчний хүндрэлийн улмаас 1999 оны 6 дугаар сарын 12-ны өдөр нас барсан нь үнэн болно гэх бичилттэй 19 тоот тодорхойлолт, хүү Г.Б ын 1998 онд авахуулсан гэрэл зураг, Х аймгийн Улсын бүртгэл Статистикийн газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Иргэн С овогтой Г /Р***/-ийн хүсэлтийн дагуу шалгаж үзэхэд хүү Г овогтой Б /Р**/ нь А сумын 1992 оны төрөлтийн бүртгэлд №59-д төрсөн бүртгэлтэй бөгөөд А сумын 1999 оны нас барсны бүртгэлийн дэвтэр болон онлайн санд нас баралт бүртгэгдээгүй байна гэх бичилттэй 1/931 тоот тодорхойлолт, гэрч Д.Б ы С.Г нь А сумын Хийтийн голд амьдардаг юм. Ам бүл одоо 5 байгаа. 6 байхаас 1 хүү нь өнгөрсөн юм... Г ын хамгийн бага хүү нь байсан ба Б гэдэг байсан юм. 1992 онд төрсөн юм. Одоо байсан бол 24, 25 настай залуу байх байсан. 1999 оны 6 сард эх үрсийн баярын дараа өөд болчихсон. Багаас хөгжлийн бэрхшээлтэй, зовиуртай, байсхийгээд эмнэлгээр явдаг тийм хүүхэд байсан. Нас барахдаа 7 настай байсан юм байна...манайх ойр саахалт, зусланд ойролцоо буудаг айл аймаг явсан гэх мэдүүлэг, гэрч Г.Б С.Г одоо 5 ам бүлтэй. Гэхдээ эхнэр Цогзолмаатай амьдарч байгаа, хүүхдүүд нь тус тусдаа гарцгаасан. 1 хүү нь багадаа нас барсан юм... Г.Б гээд хамгийн бага хүү нь 1992 оны 4 сард төрсөн ба 1999 онд нас барсан. Багаас бие султай, эмнэлгээр явж эмчлүүлдэг, дорой хүүхэд байсан юм. Аав ээж нь асарч байгаад 1999 оны 6 сард гэртээ нас барсан... ямар өвчтэй байсныг мэдэхгүй... манайх тухайн үед хөдөө амьдардаг байсан ба С.Г той ойрхон, нэг голын нэг багт байсан... Бид ажил явдалд нь оролцож байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул талийгаач хүү Г.Б нас барсан тухай бүртгэлгүй болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Г.Б ын нас барсан тухай холбогдох баримтыг шүүхэд ирүүлэх боломжгүй болох нь Х аймгийн А сумын Эрүүл мэндийн төвийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А сумын 6 дугаар багийн иргэн Г овогтой Б ын 1999 онд хэвтэн эмчлүүлж байсан өвчний түүх устсан нь үнэн болно гэх бичилттэй 26 дугаартай тодорхойлолт, Х аймгийн Архивын тасгийн Тус сумын А сумын хүн амын тооллогын 1992-1999 оны бүртгэл манай архивт байхгүй тул Г.Б т холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/212 дугаартай тодорхойлолтоор тус тус тогтоогдож байх тул хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг харгалзан хэргийг хянан шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-д зааснаар Р** дугаар регистртэй, Г ын Б 1999 оны 6 дугаар сарын 12-ны өдөр нас барсан тухай бүртгэлгүй болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА