| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 161/2018/0002/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/004 |
| Огноо | 2018-01-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.О |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2018/ШЦТ/004
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,
Улсын яллагч М.О
Нарийн бичгийн дарга Б.Ж
Орчуулагч А.Е
Хохирогчийн өмгөөлөгч А.С
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Т
Шүүгдэгч А.К нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.К-т холбогдох 17130011900118 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: А.К, БНХАУ-ын иргэн, 1966 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мах бордогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч А.Кын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.К нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 24 айлын орон сууцны 2 давхрын голын тоотод байдаг хөлсний байрандаа хэрүүл маргааны улмаас БНХАУ-ын иргэн Х.Ж-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.К нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12 цаг 30 минутын орчим Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 24 айлын орон сууцны 2 давхрын голын тоотод байдаг түрээсийн байрандаа БНХАУ-ын иргэн Х.Ж-той хоорондын мөнгөний тооцооноос үүдэлтэй маргааны улмаас түүний толгой руу нь шаазан аягаар нэг удаа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:
- Шүүгдэгч А.К-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна...“ гэх мэдүүлэг /хх-ийн 110 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Хохирогч Х.Ж-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... тухайн үед А.К надад баримт бичиж өгөхийг шаардахад би түүнд “чи бид хоёрын хоорондох тооцоо дуусаагүй байна. Би баримт бичиж өгөхгүй” гэж хэлэхэд тэрээр “чи баримт бичихгүй бол ална” гэж хэлсэн...А.К гартаа барьж байсан шил мэт зүйлээр миний дух тус газар...цохисон. Тухайн үед миний толгой өвдөөд нэлээн манарсан байдалтай байсан...“ гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-18 дугаар хуудас/
-Эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-26 дугаар хуудас/
-Гэрч Ма Ванхайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Х.Ж-г манай гэрт ирсний дараа А.К, Х.Ж-г бид гурав хоорондын тооцоог хийж дуусаад Х.Ж-г бид нарт өглөгтэй талаар баримт бичиж өгөх асуудлаас болж бидний хооронд хэрүүл, маргаан гарсан. Х.Ж-г бичиж өгсөн баримтаа авч урж хаях гэж байхад би түүний гараас булааж авсан. Тэгэхэд Х.Ж-г явах гэж байхаар нь А.К түүнийг бичиж өгсөн баримтдаа паспортын дугаараа бичиж өг гэхэд тэр бичиж өгөхгүй байснаас болж А.К, Х.Ж-г нар хэрэлдсэн. Энэ үед Х.Ж-г А.К руу сандал шидэхэд А.К ширээн дээр байсан стакан аягыг аваад түүний толгой руу нэг удаа цохиход түүний толгой хагарч цус гарсан ба тэр цусаа гараараа арчаад доошоо суусан…” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаар хуудас/
- Гэрч М.Ж-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Х.Ж-г нь А.К-ийн эхлээд мөр тус газар гарын нударгаараа нэг удаа цохиж, дараа нь улаан өнгийн түшлэгтэй сандлаар нуруу тус газар нэг удаа цохих үед уг сандал хугарсан ба бид нар Х.Ж-г салгаж авсан. Тэр үед А.К ширээн дээр байсан цагаан өнгийн аягыг аваад Х.Ж-гын толгойд цохиход толгойноос нь цус гарч нүүрийг нь дагаж урссан. Тэр үед Х.Ж-г нь А.К луу дайрахаар нь М.Ж бид хоёр түүний хоёр гараас барьж аваад зогсоосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 дугаар хуудас/
- Гэрч Ш.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...13 цагийн үед байх жижүүрийн шуурхай албаны...утсанд дуудлага ирж...хятад улсын иргэд хооронд зодолдож байна гэсэн мэдээллийн дагуу...тус айлд очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 дугаар хуудас/
-Гэрч У.Е-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 74-75 дугаар хуудас/
- Гэрч Ч.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 76-77 дугаар хуудас/
- Гэрч Ж.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 78-79 дугаар хуудас/
- Гэрч Х.Б-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 80-81 дугаар хуудас/
- Гэрч Х.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 84- 85 дугаар хуудас/
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №382 дугаартай дүгнэлтэд: “... Иргэн Х.Ж-гийнбиед тархины доргилт, тархины даралттай, духанд хавдартай, шархтай, зүүн бугалганд хөх ягаан туяатай цус хуралтай, нуруунд хөх ягаан туяатай цус хуралтай гэмтэл тогтоогдлоо... Иргэн Х.Ж-гийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” /хх-ийн 89 дүгээр хуудас/ зэргээр болон хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч А.К-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
Хохирогч нь уг гэмт хэргийн улмаас шүүгдэгчээс хохирол, төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Кт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүйг тус тус харгалзан үзлээ.
Иймд шүүгдэгч А.Кын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хөнгөн ял болох торгох ялыг сонгон, 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 460 нэгж нь 460000 төгрөгтэй тэнцэх юм.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч нь тус хэргийн учир баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй байна.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.К нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд түүнд эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ аваагүй тул шүүгдэгчийн өмчлөлийн гар утсыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хохирогч Х.Ж-гийн толгойн рентген зургийг хэргийн хамт хадгалж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Кт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч А.Кыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Кыг 460 “дөрвөн зуун жаран” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460000 /дөрвөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Кт оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.К нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн гадаад паспортыг өөрт нь буцаан олгож, түүний өмчлөлийн гар утсыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан рентген зургийг хэргийн хамт хадгалсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.А