Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2023/ДШМ/246

 

 

           

 

                                 

М.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Нямдорж,

шүүгдэгч М.Д,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/10 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Д-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2210024481326 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

......... овгийн М.Д, ...............................................төрсөн, ...... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ..................... ажилтай гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .................... тоотод оршин суух, /РД: ....................................../,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 319 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн;

Шүүгдэгч М.Д 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байрны .... тоотод буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Ц.Г-тай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар цохиж эрүүл мэндэд нь духанд зулгаралт, баруун чамархайн хуйх, хацар, дух, зүүн нүдний доод зовхи, нүдний алимын салстад цус хуралт, баруун чамархайн хуйх, хацар, духны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: М.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-г 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч М.Д-д энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 319 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 7 сар 14 хоногийн зорчих эрх хязгаарлах ялаас тусад нь эдлүүлэхээр тогтоож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ц.Г хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй гэснийг дурдаж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Д-гийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тогтоох хэсгийн 1-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж гэм буруутайд тооцсон байдаг ба энэ нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж гомдол гаргагчийн зүгээс үзэж байна.

Тус тогтоолын 2 дахь тал, тодорхойлох хэсгийн эхэнд шүүгдэгч М.Д миний мэдүүлэгт эхнэр Ц.Г-гийн хүсэл зоригийн эсрэг идэвхтэй үйлдэл хийсэн буюу түүний гарыг мушгин өчиж түлхсэн талаар өөрийгөө үл өмгөөлөх байдлаар мэдүүлсэн. Мөн түүний мэдүүлж байгаа шиг газар унасан байхад нь нүүрэн тус газар өшиглөсөн зэрэг асуудал огтоос болоогүй. Гэтэл шүүх эхнэр буюу хохирогч Ц.Г-гийн мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 13015 дугаар дүгнэлт гэсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй буюу учир дутагдалтай гэж үзэж байна. Шинжээч эмчийн 13015 дугаар дүгнэлтээр Ц.Ггийн биед духанд зулгаралт, баруун чамархайн хуйх, хацар духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон гэдэг. Гэвч Ц.Г-гийн гарыг мушгиж өчсөний улмаас түүний биед ямар нэгэн учирсан зүйл тогтоогдоогүй. Бодит байдал дээр түүний гарыг мушгиж өчихөд хамгийн багадаа гарын бугуй эсхүл тохойны үеэр эмзэглэл үүссэн зовиур бий болсон нөхцөл байдал тогтоогдох ёстой. Харин Ц.Г-гийн мэдүүлэгт түүний гарыг мушгисан талаар тэрээр мэдүүлээгүй бөгөөд цээж, зүүн хөх, хөл рүү өшиглөсөн гэдэг. Хэрэв Ц.Ггийн хохирогчоор мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн зүйл үнэн бол эдгээр цохилт, өшиглөлт зэрэг үйлдлийн улмаас цээж, зүүн хөх, хөл зэрэгт биеийн хэсгүүдэд гэмтэл тогтоогдоогүй нь бодит байдалтай нийцэхгүй байна. Ц.Г-гийн биед хэдэн удаагийн, ямар үйлдлүүдээр халдсан буюу нүүрний аль хэсэгт, хэдэн удаа өшиглөсөн, цээж, хөх зэрэг газарт хэдэн удаа өшиглөсөн гэдэг нь тодорхой бус бөгөөд өшиглөлтийн хүч ижил байсан эсэх зэрэг талаас мөрдөгч хохирогчоос мэдүүлэг авахад огт асуугаагүй. Энэ талаар нэг мөр мухарлан тогтоосон үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтад байхгүй. Хэрвээ миний бие Ц.Г-гийн мэдүүлж байгаа шиг нүүрэн тус газар нь өшиглөсөн бөгөөд тухайн өшиглөлт, эсхүл өшиглөлтүүдийн улмаас духанд зулгаралт, баруун чамархайн хуйх, хацар духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон юм бол яагаад цээж, зүүн хөх, хөлөнд болон гарыг нь мушгиж өчсөний улмаас гэмтэл эсхүл эмзэглэл тогтоогдоогүй нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, хохирогч хууль сануулсаар байхад бодит байдалд нийцэхгүй мэдүүлэг өгч байна гэж харах боломжтой. Угаас гэр бүлийн таарамжгүй харилцаа буюу хардалт, гэр бүлээс гадуурх харилцаа зэрэг асуудлаас улбаатай нөхрийгөө хашраах буюу чадаж ямар нэгэн байдлаар хохироох гэсэн санаа зорилготой байна гэж үзээд шүүгдэгч, яллагдагч, хохирогчийн мэдүүлгийн зөрүүг гаргаж тодруулаагүй.

Хэрэв миний өгсөн мэдүүлэгт дурдагдсан нөхцөл байдал бодит байдал дээр болж өнгөрсөн үйл баримт тогтоогдвол буюу үнэнд ойртвол миний Ц.Г-гийн гарыг мушгиж өчсөний улмаас гэмтэл тогтоогдоогүй тохиолдолд миний үйлдлийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/10 тоот шийтгэл тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх нь буруу гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд нотлох баримт гэдэг нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.” гэж тодорхойлсон бөгөөд тухай баримтат мэдээлэл нь “...сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг... болон ... бусад баримтаар тогтоогдоно.” гэж хуульчилсан. Мөн хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг тогтоох нь мөрдөгч, прокурорын үүрэг буюу нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Мөн хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан.

Түүнчлэн, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад тогтоох ёстой ба үүнд гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл багтана. Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны явцад дээр дурдсан асуудал бүрэн гүйцэд шалгагдаж тогтоогдоогүй байхад шүүхээс ... ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд нь өөр хэргийг нэг мөр хөдөлбөргүй тогтоосон үйл баримтад бүхэлдээ тулгуурласан гэх боломжгүй буюу тогтоогдвол зохих нөхцөл байдал болон бодит байдлыг бүрэн тогтоогоогүй нотлох баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж өгнө үү.

Түүнчлэн эхнэрээсээ салах өргөдлөө Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байгаа. Хэрэг үйлдэгдэх үед таарамжгүй харилцаатай, тусдаа амьдарч байсан. Одоо 2 хүүхэдтэйгээ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд амьдарч байгаа. Нийтэд тустай ажил хийвэл хүүхдүүдээ тэжээж чадахгүй нөхцөл байдал үүсэх тул торгуулийн ялаар сольж өгнө үү” гэв.

Прокурор Н.Нямдорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокуророос анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх М.Д нь шүүхээс өмнө оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байх хугацаандаа дахин гэмт үйлдсэн болох нь тогтоогдсон тул ялыг биечлэн эдлэх ёстой, торгуулийн ял биелүүлэх боломжгүй гэж үзэн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Энэхүү дүгнэлт нь үндэслэлтэй. Мөн шүүгдэгчийн мэдүүлснээр түүний эрхэлж байгаа ажил нь тогтвор суурьшилтай биш бөгөөд 2 хүүхэдтэй, энэ төрлийн ажил эрхэлдэг бол торгуулийн ялыг биелүүлэх боломжгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Д нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн .... дүгээр хороо, ... дугаар байрны ..... тоотод буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Ц.Гтай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Г-гийн “...2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр нөхөр М.Дтэй үл ялих зүйлээс болж маргалдаад “машинаа өг, би маргааш хүүхдээ үзүүлнэ” гэж хэлээд М.Дгээс аваад явсан. Би хоёр хүүхдээ аваад эгчийндээ хоноод маргааш 12 цагийн үед хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд гэртээ байж байхад гаднаас нөхөр М.Д ирснээ өөдөөс “машин хаана байна, машинаа авъя, түлхүүр хаана байна” гэхээр нь “түлхүүр чинь байхгүй” гэж хэлсэн. Тухайн үед машиныг эгчийн гадаа үлдээсэн байсан. Түлхүүрээ нэхээд өөдөөс дайраад байсан, би гэрээсээ гараад зугтах гэтэл хаалга түгжиж байгаад үсдэж татаж газар унагаагаад миний толгой, дух, нүд, чих, хацар, нуруу, цээж, зүүн хөх, хөл рүү өшиглөсөн. Нүүр рүү алгадаж, боож, өргөж байгаад газар шидсэн. Тухайн үед баруун талын хөл бадайраад мэдээгүй болсон. Гар утсаа авах гэтэл гар утсыг булаагаад авсан. Тэр хооронд гэрээс гараад би хүний утсаар эгч Ганцэцэг рүү залгаад “намайг зодоод байна” гэж хэлсэн, эгч дуудлага өгсөн. ...” /хх 20-21/,

шүүгдэгч М.Д-гийн яллагдагчаар өгсөн “...Би эхнэртэйгээ гэр бүлийн таарамжгүй харилцаатай байсан, тухайн хэрэг маргаан болох өдрийн урд өдөр гэртээ ирж хоноод өглөө ажилдаа явах гэтэл машиныг маань аваад явсан байсан, тэр өдөр эхнэр рүү залгаад утсаа огт аваагүй. Тухайн өдөр эхнэр гэртээ ирж хоноогүй, маргааш өглөө нь ажилдаа 09 цагийн үед очоод ажлаа нээгээд 10 цаг 30 минутын үед гэртээ Хан-Уул дүүргийн .... дүгээр хороо, ..... хотхоны ..... байрны .... тоотод ирсэн. Гэр рүү ортол эхнэр гэртээ ирсэн байсан, би хаачаад ирэв, хаагуур хоноод ирэв, машин тэргээ авъя, гадуур ажил амжуулах хэрэгтэй байна, машинаа авах гэтэл өгөхгүй байсан. Би халаасандаа машины түлхүүр нуучихаад байгаа юм байна гэж бодоод халаасыг нь үзэх гэтэл эхнэр өөдөөс алгадаж хэл амаар доромжлоод байсан. Би гарыг нь хөдөлгөөнгүй барьж байгаад хувцсыг нь нэгжиж үзэхэд түлхүүр байгаагүй, тэгээд гэрээс гарч гадна зогсоолуудаар үзэхэд машин байгаагүй. ...” /хх 43-44/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 13015 дугаар “...Ц.Г-гийн биед духанд зулгаралт, баруун чамархайн хуйх, хацар, дух, зүүн нүдний доод зовхи, нүдний алимын салстад цус хуралт, баруун чамархайн хуйх, хацар, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” /хх 31-32/ гэсэн дүгнэлт,

хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 13-16/, аюулын зэргийн үнэлгээ /хх 11-12/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Д-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч М.Д нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Ц.Гд хүч хэрэглэсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

Шүүгдэгч М.Д-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцсэн гэж үзэв.

Түүнчлэн, шүүгдэгч М.Д нь урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 319 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж, уг ялыг эдэлж байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул түүний гаргасан “... нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/10 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Д-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

             2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР