Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2017/0797

 

 

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2017/0797

Улаанбаатар хот

О.Л-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Гангэрэл, нэхэмжлэгч О.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 680 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу О.Л-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 35 дугаар зүйлийн 35.1.9 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан О.Л-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/22 дугаартай “О.Л-ийг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, О.Л-ийг урьд эрхэлж байсан тус дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож,

2 дахь заалтаар: Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан О.Л-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Иргэн О.Л нь Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/22 дугаартай “О.Л-ийг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд шүүх энэхүү хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэл гаргагч О.Л нь удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад оролгүйгээр Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргаар томилогдон ажиллаж байсан нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалт болон Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 40 дэх заалт буюу Удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэн өмнөх сонгон шалгаруулатад өрсөлдсөн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд энэ журмын 39-д заасан хугацааны дотор шууд нэр дэвших эрхтэй.

Харин өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөнөөс өөр албан тушаалд ажиллахыг хүсвэл сонгон шалгаруултад дахин орно гэсэн заалтыг тус тус зөрчин ажиллаж байсан тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0680 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч О.Л-оос “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/22 дугаартай “О.Л-ийг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.8, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалт, Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 40 дэх заалтыг үндэслэн “Удирдах албан тушаалд сонгон шалгаруулалтгүй ажиллаж байсан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгчийг анх Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/12 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргаар томилохдоо Нийслэлийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлах тухай” А/03 дугаар захирамжийг үндэслэжээ. Нэхэмжлэгч О.Л нь 2013 онд зарласан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад орж, удирдах ажилтны нөөцөд бүртгэгдэн ажиллаж байжээ.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагч нь “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” нэмэгдэл баталгаагаар хангагдах бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “төрийн албан хаагчийг чөлөөлөх асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчихийг хориглосон” байна.

Гэтэл хариуцагчаас Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр О.Л-ийг ажлаас чөлөөлөөгүй байх бөгөөд анхан шатны шүүх “... тухайн сул орон тоонд захиалга өгөх, сонгон шалгаруулалтад ороогүй бол томилохгүй байх нь ажилтныг ажилд томилох эрх бүхий этгээдийн үүрэг, харин уг захиалгын дагуу төрийн албаны мэргэшлийн шалгалт явуулах үүрэг нь Төрийн албаны зөвлөлийн эрхлэн хариуцах ажиллагаа байх тул нэхэмжлэгчийг “ ... удирдах албан тушаалд сонгон шалгаруулалтгүй ажиллаж байсан” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн дүүргийн Засаг даргын захирамж бүхэлдээ хууль бус” гэж дүгнэсэн нь зөв байна.

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд заасан 115.2.4-д заасныг тусгах шаардлагыг хангаагүй, шүүхийн шийдвэрийн ямар үндэслэл, заалтыг ямар үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа талаар тодорхой тусгаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 680 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                               Ц.ЦОГТ