Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 27

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сонинболор би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.А-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын дарга, Ховд аймгийн Булган сумын Засаг дарга, Булган сумын Засаг даргын орлогчид холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Булган сумын Засаг даргын орлогч Н.Б-ны 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаар албан бичиг, Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга З.Л-ийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаар, 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 29 дүгээр албан бичгүүдийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Булган сум хариуцсан байгаль хамгаалагчийн орон тоонд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох,  Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Булган сум хариуцсан байгаль хамгаалагчийн албан тушаалд томилон ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.А, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат, хариуцагч Ховд аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын дарга З.Л, түүний өмгөөлөгч Ц.Даваасүрэн, хариуцагч Ховд аймгийн Булган сумын Засаг дарга Д.Б , гуравдагч этгээд Э.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өнөрмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

            Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А.А би 2015 оны 06 дугаар сард Ховд их сургуулийг экологи байгаль хамгааллын мэргэжлээр дүүргэж, хүрээлэн байгаа орчин хамгаалал судлалын бакалавр зэргийн дипломын эзэн болсон.  Миний бие төрж өссөн Ховд нутагтаа эзэмшсэн мэргэжлээрээ, байгаль хамгааллын чиглэлээр хөдөлмөр эрхлэхийг хүсэж, Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс 2015 оны 11 дүгээр сард зохион байгуулсан төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтад Булган сум хариуцсан байгаль хамгаалагчийн орон тоонд 1-р байр эзэлсэн.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ” гэжээ. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 209 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч А.А намайг төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэж, Булган сум хариуцсан байгаль хамгаалагчийн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн. Улмаар Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс нэхэмжлэгч А.А намайг Булган сум хариуцсан байгаль хамгаалагчийн орон тоонд томилуулахаар санал, дүгнэлт, шалгалтын материал 12 хуудсыг 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 15 дугаар албан бичгээр хариуцагч Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга З.Л-д хүргүүлсэн.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-тМэргэшлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна”, 39 дүгээр зүйлийн 39.6-т “Төрийн албаны төв байгууллагын гаргасан шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй” гэжээ. Гэтэл хариуцагч Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга З.Л  нь төрийн албаны стандарт удирдлагыг хэрэгжүүлэгч байгууллагын шийдвэрийг биелүүлж, хуулийн хэрэгжилтийг хангахын оронд одоог хүртэл нэхэмжлэгч А.А-г намайг байгаль хамгаалагчийн орон тоонд томилохгүй хууль бус эс үйлдэхүй гаргасаар ирлээ.

Хариуцагч З.Л энэхүү хууль бус эс үйлдэхүйгээ зөвтгөж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4-ийн 4 дэх заалтыг хэлдэг боловч хуулийн энэхүү зохицуулалт нь улсын байцаагчийг томилох, чөлөөлөх зохицуулалт болох нь илэрхий байна.

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-т “төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн” шууд захирагч байхаар зааснаас үзэхэд Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга З.Л нь төсвийн шууд захирагч болно.

Нэгэнт хариуцагч З.Л  нь төсвийн шууд захирагч, доод шатны төрийн жинхэнэ албан тушаалтнуудтай үр дүнгийн гэрээ байгуулж, дүгнэн ажилладагынхаа хувьд Булган сумын байгаль хамгаалагчийг томилох эрх бүхий субъект гэж үзэхээр байна.

Ийм байхад хариуцагч Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга З.Л  нь хуулийн хийдэлтэй байдлыг өөрт ашигтайгаар, өөрөөр хэлбэл хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч А.А намайг байгаль хамгаалагчаар томилохгүйгээр 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаар албан бичгээр Төрийн албаны салбар зөвлөлийн санал дүгнэлтийг Булган сумын дарга Д.Б-д хүргүүлсэн илт хууль бус захиргааны акт гаргаж, нэхэмжлэгчийн миний хөдөлмөрлөх эрхийг зөрчив.

             Үүний дараагаар Ховд аймгийн Булган сумын Засаг даргын орлогч Н.Б нь 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаар албан бичгээр А.А-г байгаль хамгаалагчаар ажиллуулах боломжгүй гэсэн хариуг Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга З.Л-д хүргүүлж, миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн.

            Нэгэнт Төрийн албаны стандарт удирдлагыг хэрэгжүүлдэг Төрийн албаны зөвлөл, түүний Ховд аймаг дахь салбар зөвлөл сонгон шалгаруулалт зарлаж, Булган сум хариуцсан байгаль хамгаалагчийн орон тоонд нэхэмжлэгч А.А намайг томилохын оронд газар орон мэдэхгүй гэж дүгнэн, уг албан тушаалд томилохоос татгалзах эрх хэмжээ хариуцагч Булган сумын Засаг даргын орлогчид байхгүй.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-т “Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын  орлогч  хэрэгжүүлж хариуцлагыг нь бүрэн хүлээнэ” гэжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд Засаг даргын орлогч түүний Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэх тохиолдлыг зохицуулсан байх бөгөөд хуулийн энэхүү заалтаас гадуур түүний бүрэн эрхийг хэрэгжүүлсэн Ховд аймгийн Булган сумын Засаг даргын орлогч Н.Б албан бичиг нь хуульд нийцэхгүй болжээ.

            Хариуцагч Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга З.Л  нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6, 39 дүгээр зүйлийн 39.6-т заасныг хэрэгжүүлж, Төрийн албаны зөвлөлийн тогтоол, салбар зөвлөлийн санал дүгнэлтийг хүлээн авч нэхэмжлэгч А.А намайг Булган сум хариуцсан байгаль хамгаалагчаар томилсон бол 2016 оны 01 дүгээр сарын 06-наас эхлэн ажиллаж, цалин хөлс авах байсан.

Гэвч хариуцагч нь нэхэмжлэгч намайг дурьдсан ажилд өдийг хүртэл томилоогүйн улмаар миний Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байгаагийн дээр цалин хөлс авах үндсэн эрх минь давхар зөрчигдөж байгааг эрхэм шүүгчээс харгалзан үзэхийг хүсье.    

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

Хариуцагч Ховд аймгийн Булган сумын Засаг даргын орлогч Н.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Сумын засаг дарга Д.Б нь 2016 оны 1 сарын 07-ноос 2016 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ар гэрийн гачигдлын улмаас Улаанбаатар хотод байсан. Иймд миний бие сумын Засаг даргыг орлон ажиллаж байхад Ховд аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын даргын 2016 оны 1 сарын 20-ны өдрийн 12 тоот албан бичиг ирсэн. Би уг асуудлаар сумын Засаг дарга Д.Б-тэй зөвшилцөж, дараах хариуг хүргүүлсэн.

Үүнд Манай сум нь Монгол улсын баруун хилийн 400 гаруй километр газрыг хамгаалж ирсэн. Мөн алтайн уулс, говь цөлөрхөг, бартаа ихтэй өргөн уудам нутагтай, хил орчимдоо нэн ховор ан амьтан, ургамал ойтой тул хамгаалахад хүндрэлтэй байдаг.  Энд зөвхөн мотоцикль морь, явганаар голдуу хамгаалалтыг байгаль хамгаалагч нар гүйцэтгэдэг. Гэтэл газар нутаг, хил хязгаарын тухай ямар ч ойлголтгүй, хүн танихгүй эмэгтэй хүн энд ажиллана гэдэг үнэхээр хүнд юм. Эдгээр хүндрэл, төрийн албаны эрх ашгийг харгалзан А.А-г орон нутагт ажил үүрэг гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн юм гэжээ.

 

Хариуцагч Ховд аймгийн Булган сумын Засаг дарга Д.Б  шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс 2 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ар гэрийн гачигдлын улмаас Улаанбаатар хотод байсан. Энэ хугацаанд А.А-г Булган сумын байгаль хамгаалагчаар томилуулахаар бичиг ирснийг манай орлогч дарга Н.Б  утсаар надад хэлсэн. Хариуд нь би ажлын байрны шаардлага хангасан хүмүүсийг авч ажиллуулж гэсэн хариу өгсөн. Уг ажлын байранд тавигдах шаардлагад “...Байгаль орчны тухай хууль тогтоомжийг бүрэн судалж ойлгосон, түүнийг сайн биелүүлэх ёс зүйтэй, хүнтэй харьцах ур чадвар эзэмшсэн, биеэ хамгаалах зохих бэлтгэл эзэмшсэн байх, нутаг орондоо нэр хүндтэй, оршин суугаа газар нутгийнхаа онцлогийг сайн мэддэг, тухайн орон нутагт оршин суудаг байх” гэсэн байдаг. Энэ шаардлагын дагуу Булган сумын засаг даргын орлогч Н.Б  2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 25 тоот албан бичгээр А.А-г ажиллуулах боломжгүй гэсэн хариу хүргүүлсэн байдаг.

Ховд аймгийн Булган сумын байгаль хамгаалагчаар Байгаль хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.4-д заалтыг үндэслэн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн А/105 дугаар захирамжаар Э.М-ыг байгаль хамгаалагчаар томилсон. Томилохдоо Ховд аймгийн Булган сумын Байгаль орчны байцаагч Ш.Гансүхийн саналыг авч шаардлага хангасан Э.М-ыг авч ажиллуулсан болно.

 

Хариуцагч, Ховд аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын дарга З.Л  шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие амралттай байх хугацаанд Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс А.А-г Байгаль орчин аялал жуучлалын газрын Булган сум хариуцсан байгаль хамгаалагчаар томилуулахаар материалыг ирүүлсэн байсан. Үүнийг дагуу би хурдан шуурхай байдлаар холбогдох материалыг Булган сумын Засаг даргад хүргүүлсэн. Булган сумын Засаг даргаас А.А-г томилохгүй гэсэн хариу ирүүлсэн. Үүнийг А.А-д танилцуулахад намайг хэл амаар доромжилж, нөхөр нь албан ажил дээр ирж айлган сүрдүүлж, интернет, телевизээр намайг гүтгэж доромжилсон. Ийм учраас би нэр төр сэргээлгэхээр Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан.

А.А нь Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн байгууллагад өргөдөл гаргах ёстой. Гэвч А.А нь Байгаль орчин, аялал жуучлалын газарт болон Булган сумын Засаг даргад өргөдөл гаргаагүй болно.

            Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийг 26.4-ийн 4-т “ ...байгаль хамгаалагчийг энэ хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан нормативын дагуу сум, дүүргийн улсын байцаагчийн саналыг харгалзан сум, дүүргийн Засаг дарга...” томилохоор заасан байдаг. Үүний дагуу Булган сумын Засаг дарга чамайг томилох ёстой гэж тайлбарлахаар тийм зүйл байхгүй гэж маргадаг. Хуулийн дээрх заалтыг өмгөөлөгч нь өөрийнхөөрөө буруу тайлбарлаж байна. Бид хуулиа дагаж мөрдөх ёстой. Байгаль орчин аялал жуучлалын газар байгуулагдсан цагаас хойш бүс сумын үе үеийн Засаг дарга нар байгаль хамгаалагчийг өөрсдөө томилдог. Үүний дараа Байгаль орчин аялал жуучлалын газрын дарга тушаал гаргаж цалинг нь тогтоодог Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Гуравдагч этгээд Э.М  шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2014 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг ойн аж ахуйн инженер мэргэжлээр төгссөн. 2014 оноос Ховд аймгийн Булган сум хариуцсан байгаль хамгаалагчаар ажиллахаар Булган сумын Засаг даргын тамгын газарт удаа дараа өргөдөл өгч Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн А/105 тоот захирамжаар Булган сумын хариуцсан байгаль хамгаалагчийн ажилд томилогдсон. Миний бие төрийн албаны мэргэшлийн шалгалтанд орж чадаагүй учир нь цэргийн алба хаагаагүй гэх шалтгаанаар одоо болтол төрийн албаны мэргэшлийн шалгалтанд орж чадахгүй байгаа гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа  нэхэмжлэлийн 5 шаардлага гаргасан. Түүнийг бүрэн дэмжиж байна. Ховд аймгийн Булган сумын Засаг даргын орлогч Н.Б-ны 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаар албан бичиг, Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга З.Л-ийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаар, 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 29 дүгээр албан бичгүүдийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлагын тухайд гэвэл уг албан бичигт ямар ч хууль хэрэглээ гэж байхгүй. Төрийн жинхэнэ албан хаагчийг томилох чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийг баримталдаг. Иймд Төрийн албаны тухай хуулийг баримтлах ёстой байтал Төрийн албаны тухай хуулийг хэрэглээгүй учраас эрх зүйн үндэслэл байхгүй эрх зүйн акт гэж үзэж уг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ харилцааг зохицуулсан гол хууль бол Төрийн албаны тухай хууль болохоос Байгаль орчныг хамгаалах тухай хууль биш юм.

            Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Булган сум хариуцсан байгаль хамгаалагчийн орон тоонд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Булган сум хариуцсан байгаль хамгаалагчийн албан тушаалд томилон ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шаардлагын тухайд гэвэл уг нэхэмжлэлийн шаардлагыг зөвхөн Ховд аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын даргад холбогдуулан гаргасан. Ховд аймгийн Булган сумын Засаг дарга, орлогч дарга нар төрийн жинхэнэ албан хаагчийг томилох субъект биш. Харин Байгаль орчин, аялал жуучлалын газрын дарга нь төрийн жинхэнэ албан хаагчийг томилох субъект юм.  Яагаад гэхээр хаанаас цалин хөлс олгож байгаа вэ гэхээр байгаль хамгаалагчийн цалинг Байгаль орчин, аялал жуучлалын газраас олгож байгаа, байгаль хамгаалагч нь Булган сумын Засаг даргын Тамгын газрын бүтцэд хамаарахгүй харин Байгаль орчин, аялал жуучлалын газрын бүтцэд багтаж байгаа. Мөн үр дүнгийн гэрээг байгуулах, үнэлэх дүгнэх асуудал нь Булган сумын Засаг даргад биш Байгаль орчин аялал жуучлалын газрын дарга үр дүнгийн гэрээ байгуулж дүгнэж байгаа. Тэгэхээр Байгаль хамгаалагчийг Байгаль орчин аялал жуучлалын газрын дарга томилох ёстой гэж үзэхээс өөр аргагүй. Төсвийн тухай хуульд зааснаар төсвийн шууд захирагч нь тухайн албан хаагчаа томилж чөлөөлж, үр дүнгийн гэрээ байгуулах эрхийг зааж өгсөн байдаг. Үүнээс гадна төрийн албаны зөвлөлд захиалга өгсөн этгээд нь Байгаль орчин аялал жуучлалын газар болохоос биш Булган сумын Засаг дарга захиалга өгөөгүй байдаг.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4-ийн 4 дэх заалт нь байгаль орчны байцаагчид хамааралтай зохицуулалт байгаа юм. Үүнийг техникийн үүднээс тайлбарлавал Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4-д “Улсын  байцаагчийг дараах байдлаар томилж, чөлөөлнө” гэж заасан ба үүн доторх 4-ийн 1-нээс 4-ийн 4 дэх заалт нь зөвхөн улсын байцаагчийг томилох чөлөөлөхтэй холбоотой харилцааг зохицуулсан. Байгаль хамгаалагчтай хамааралгүй асуудал юм.

Энэ байдлаар хариуцагч Ховд аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын дарга одоо болтол уг албан тушаалд А.А-г томилоогүй эс үйлдэхүй гаргасаар ирлээ. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг заавал биелүүлэх үүргээ хэрэгжүүлэхгүй байна. Үндсэн хуульд заасан хүйсээр ялгаварлахгүй гэсэн зарим алдагдаж байна. Эрэгтэй байвал сайн байна гээд л Засаг дарга нь яриад зогсож байна. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар Төрийн албаны зөвлөлөөс томилуулахаар ирүүлсэн төрийн албан хаагчийг томилох ёстой болохоос биш заавал өргөдөл өгөхийг шаардаагүй байгаа. Төрийн албаны тухай хуульд заасан зарчим алдагдаж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин олгогдох ёстой, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх ёстой.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Даваасүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Булган сум хариуцсан байгаль хамгаалагчийн сул орон тооны захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлд захиалга хүргүүлж, улмаар Төрийн албаны салбар зөвлөлөөс А.А-г томилуулахаар санал ирүүлснийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4-ийн 4-д заасны дагуу Булган сумын Засаг даргад хүргүүлсэн байдаг. Тухайн үед Булган сумын Засаг дарга Улаанбаатар хотод байсан тул Засаг даргын орлогч нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд хариу өгсөн.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь Булган сумын Засаг даргад өргөдөл гаргаагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Хуульд заасны дагуу санал солилцож асуудлыг хэлэлцэж байгаа албан бичиг яахаараа хууль бус захиргааны акт болдог юм бэ. Сумын Засаг даргын эрх хэмжээг Байгаль орчин аялал жуучлалын газрын дарга эдлэх эрхгүй, өөрөөр хэлбэл А.А-г Булган сумын Засаг дарга томилох эрхтэй болохоос биш Байгаль орчин аялал жуучлалын газрын дарга томилох эрхгүй юм. Төрийн албаны зарчмыг зөрчиж бусдын хууль бус шаардлагыг биелүүлэх үүргийг хариуцагч З.Л  хүлээх ёсгүй. Хуульд заасны үүргээ хэрэгжүүлсний төлөө буруутгагдах үндэслэл байхгүй юм. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хар дээр цагаанаар бичсэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4-ийн 4 дэх заалтыг өөрийнхөөрөө тайлбарлаад зогсож байна. Өмгөөлөгч хууль тайлбарладаг би Улсын дээд шүүх л хууль тайлбарладаг юм. Байгаль хамгаалагчийг томилох асуудлыг хамгийн нарийвчлан заасан хууль бол Байгаль орчныг хамгаалах тухай хууль юм. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг хариуцагч биелүүлж ажилласан

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.А нь Ховд аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын дарга, Ховд аймгийн Булган сумын Засаг дарга, Булган сумын Засаг даргын орлогч нарт  холбогдуулан Ховд аймгийн Булган сумын Засаг даргын орлогч Н.Б-ы 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаар албан бичиг, Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга З.Л-ийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаар, 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 29 дүгээр албан бичгүүдийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Булган сум хариуцсан байгаль хамгаалагчийн орон тоонд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох,  Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Булган сум хариуцсан байгаль хамгаалагчийн албан тушаалд томилон ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-аар нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь дээрх асуудлаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй учир шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэстэй байна.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хуралдаанд оролцогчдоос гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.   

1. Ховд аймгийн Булган сумын Засаг даргын орлогч Н.Б-ы 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаар албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газраас 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 167 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлд тус аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын Булган сум хариуцсан байгаль хамгаалагчийн ажлын байрны сул орон тооны захиалгыг уг ажлын байранд тавигдах шаардлагын хамт хүргүүлсний дагуу

 

Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрийн албаны мэргэшлийн шалгалт зарлаж, Ховд аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын Булган сум хариуцсан байгаль хамгаалагчийн ажлын байрны сул орон тоонд нэхэмжлэгч А.А өрсөлдөн хамгийн өндөр буюу 65 оноо авч тэнцсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар “Дүгнэлт хүргүүлэх тухай” тогтоолоор  А.А-г Ховд аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын Булган сум хариуцсан байгаль хамгаалагчийн ажлын байрны сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлэн Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр дүгнэлтийг холбогдох материалын хамт Ховд аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газарт хүргүүлжээ.

Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас Ховд аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын Булган сум хариуцсан байгаль хамгаалагчийн ажлын байрны сул орон тоонд нэр дэвшүүлэн А.А-г томилуулахаар 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаар албан бичгийг холбогдох баримтын хамт Ховд аймгийн Булган сумын Засаг даргад хүргүүлсэн болох нь  хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.  

Тухайн үед Ховд аймгийн  Булган сумын Засаг дарга эзгүй /чөлөөтэй / байсан тул Ховд аймгийн Булган сумын Засаг даргын орлогч  Ховд аймгийн Булган сум хариуцсан байгаль хамгаалагчийн ажлын байранд нэр дэвшүүлсэн этгээдийг томилохоос татгалзсан шийдвэр гаргасан  нь хуулинд нийцэхгүй байна.

Учир нь Булган сумын Засаг даргын орлогч 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаар албан бичгээр хариу өгөхдөө Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан шийдвэрлэх ёстой байсан ба Булган сум хариуцсан байгаль хамгаалагчаар “газар орноо сайн мэддэг, морь мотоциклиор байгаль хамгаалах ажил гүйцэтгэдэг” гэсэн үндэслэлээр төрийн албан хаагчийг томилохоос татгалзах нь буруу байна.

Мөн Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний  удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д “... Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг Засаг даргын орлогч хэрэгжүүлж, хариуцлагыг нь бүрэн хүлээнэ” гэж заажээ.

Гэтэл Д.Б  нь 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Булган сумын Засаг даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй, огцроогүй ар гэрийн чөлөөтэй байсан болох нь тогтоогдож байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийг 26.4-ийн 4-т “ ...байгаль хамгаалагчийг энэ хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан нормативын дагуу сум, дүүргийн улсын байцаагчийн саналыг харгалзан сум, дүүргийн Засаг дарга...” томилохоор заажээ. Хариуцагч Ховд аймгийн Булган сумын Засаг даргын орлогч Н.Б  нь А.А-г Байгаль орчин аялал жуучлалын газрын Булган сум хариуцсан байцаагчаар томилохоос татгалзсан нь захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан  гэж илт хууль бус захиргааны акт гэж үзэж нэхэмжлэлийн  шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2. “...Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын дарга З.Л-ийн 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаар, 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 29 дүгээр албан бичгүүдийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх...” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Ховд аймгийн Булган сумын Засаг даргын орлогч 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаар албан бичгийн хариу болох Ховд аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаар албан бичиг, 2016 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 20 дугаар албан бичгийн тус тус гаргахдаа хууль зөрчөөгүй болох нь  хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.  

Учир нь хариуцагч Байгаль орчин аялал жуучлалын газрын дарга нь дээрх албан бичгээрээ Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-ийн 4-д заасны дагуу Байгаль орчин, аялал жуучлалын газрын Булган сум хариуцсан байцаагчаар А.А-г томилуулахаар Булган сумын Засаг даргад холбогдох материалыг хүргүүлсэн, улмаар Булган сумын Засаг даргын орлогч Н.Б-аас ирүүлсэн хариуг Төрийн албаны салбар зөвлөл болон нэхэмжлэгч А.А-д хүргүүлсэн зэрэг нь А.А-н эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэж Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын дарга З.Л-ийн 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаар, 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 29 дүгээр албан бичгүүдийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай  нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

3. Нэхэмжлэгчээс хариуцагч Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын даргад холбогдуулан гаргасан “...Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Булган сум хариуцсан байгаль хамгаалагчийн орон тоонд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох,  Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Булган сум хариуцсан байгаль хамгаалагчийн албан тушаалд томилон ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах...” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...улсын байцаагчийг томилох тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4 дэх зохицуулалт нь байгаль хамгаалагчийг томилоход хамаарахгүй юм. Харин хуулийн 26 дугаар зүйлийн 4-ийн 4- дэх заалтад “байгаль хамгаалагч” гэсэн нь техникийн алдаа гэж үзэхээр байна” гэж тайлбарлажээ.

Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1-д “...Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүрэгтэй гэж заажээ. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг хүн бүр дагаж мөрдөх үүрэгтэй.

Ховд аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын дарга З.Л-г А.А-г Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын Булган сум хариуцсан байцаагчаар томилохгүй байгаа эс үйлдэхүйд буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийг 26.4-ийн 4-т “ ...байгаль хамгаалагчийг энэ хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан нормативын дагуу сум, дүүргийн улсын байцаагчийн саналыг харгалзан сум, дүүргийн Засаг дарга...” томилохоор сумын засаг даргад хуулиар эрх нь олгогдсон байна.  Ховд аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын даргад Ховд аймгийн Булган сум хариуцсан байгаль хамгаалагчийг томилох эрх хуулиар олгогдоогүй томилох эрхгүй этгээд  юм. Иймд Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын даргад холбогдуулан гаргасан “...Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Булган сум хариуцсан байгаль хамгаалагчийн орон тоонд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох,  Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Булган сум хариуцсан байгаль хамгаалагчийн албан тушаалд томилон ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах...” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2, 106.3.13-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

  1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дахь хэсэгт заасныг баримтлан Ховд аймгийн Булган сумын Засаг даргын орлогч Н.Б-ны 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаар албан бичгийн илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөсүгэй.
  2. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4-ийн 4 дэх заалтыг баримтлан Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга З.Л-гийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаар, 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 29 дүгээр албан бичгүүдийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Булган сум хариуцсан байгаль хамгаалагчийн орон тоонд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох,  Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Булган сум хариуцсан байгаль хамгаалагчийн албан тушаалд томилон ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ховд аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газраас 35100 төгрөг, Ховд аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газраас 31500 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Г.СОНИНБОЛОР