Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2017/01131

 

                                                                      Д.Ганбаатарын нэхэмжлэлтэй                                                                                                                                                                                                                                                               иргэний хэргийн тухай

  Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

            2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2016/02811 дүгээр шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1478 дугаар магадлалтай,

            Д.Ганбаатарын нэхэмжлэлтэй,

            Б.Сувдад холбогдох     

            Гэм хорын хохиролд 9.197.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            Зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн        

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганчимэг, хариуцагч Б.Сувд, хариуцагчийн өмгөөлөгч Н.Сосорбарам, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганчимэгийн тайлбарт: “Миний бие Б.Сувдтай 2012 онд танилцаж, 2013 оны 06 дугаар сараас 2014 оны 08 дугаар сар хүртэл хамт амьдарсан. Хариуцагч Б.Сувд нь нэхэмжлэгчтэй хамт амьдарна гэж нэхэмжлэгчийн итгэлийг олж, эд хөрөнгөнд хохирол учруулсан. Хариуцагч 2013 оны 04 дүгээр сард нэхэмжлэгчийн өмчлөлийн “Приус-20” маркийн 97-50 УНА улсын дугаартай автомашиныг жолоодож, найз нөхдийн хамт Сэлэнгэ аймаг дахь “Ээж” модонд мөргөхөөр явах үедээ Төв аймгийн Баянчандмань сумын 52-ын даваа дээр замын хажуу руу онхолдож осол гаргасан. Хариуцагчийн буруутай үйлдэл нь Замын цагдаагийн газраас хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Автомашины хохиролд үнэлгээ хийлгэхэд 11 915 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Цагдаагийн байгууллагаас Б.Сувдад холбогдуулж Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Нэхэмжлэгч машинаа 13 000 000 төгрөгөөр худалдаж аваад 1 жил ч болоогүй байсан. Машиныг анх авсан үнэтэй бараг адил хэмжээний хохирол учирсан бөгөөд машиныг засаж, сэлбэх ямар ч боломжгүй болсон. Хариуцагчийн хамт машинд сууж явсан хүмүүс хөнгөн болон хүнд гэмтэж, Б.Сувд өөрөө хүндэвтэр гэмтэж, эмчилгээний зардлаа нэхэмжлэгчээр төлүүлж байсан. Б Сувдын эмчилгээний зардал болон бусад хохирсон хүмүүсийн эмчилгээний зардалд 642 000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн. Хариуцагч Төв аймгийн Замын цагдаагийн газарт эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа "эрүүгийн хэрэг үүсгээд, шүүхэд шилжих гээд байна. Чи манай эхнэр учир гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гээд бичээд өгөөч" гэж гуйсан учир нэхэмжлэгч ямар нэгэн гомдол саналгүй гэсэн тодорхойлолт бичиж өгч, Б.Сувдад холбогдох эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон. Үүнээс үүдэн автомашины хохиролд 12 807 100 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч 2013 оны 04 дүгээр сараас 2014 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд нэхэмжлэгчээс Хаан банк дахь өөрийн данс руу байнга мөнгө шилжүүлэн авдаг байсан. Хариуцагчийн гуйснаар өдөр тутмын хэрэглээний мөнгө, гар утасны төлбөр, оффиссын түрээсийн төлбөр, шинжилгээний төлбөр, эмчилгээний төлбөрт нийт 7 506 100 төгрөгийг хариуцагчийн данс руу шилжүүлсэн. Гэтэл хариуцагч 2014 оны 07 дугаар сард нэхэмжлэгчээс салж явахдаа 21 000 000 төгрөгийн хуримтлал үүсгэсэн байдаг. Нэхэмжлэгч мөнгөн хохиролд 7 506 100 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан байгаа. Б.Сувдын дансанд даатгалын нөхөн төлбөрт 666 050 төгрөг орсон байсан. Энэ нь бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлын даатгалын төлбөр. Мөн Б Сувдын дансанд Д.Ганбаатарын ажиллаж байсан "Эрдэнэ зам" ХХК-иас түрээсийн төлбөрт 792 000 төгрөг орсон байсныг нэхэмжилсэн. Энэ нь Д.Ганбаатар ажиллаж байхдаа өөрийн нэрээр тоног төхөөрөмжөө түрээслэх боломжгүй байсан бөгөөд түрээсийн төлбөрөө Б.Сувдын дансаар дамжуулан авдаг байсан. Одоо автомашины хохиролд 4 705 000 төгрөг, мөнгөн хохиролд 3 850 000 төгрөг, эмчилгээний зардалд төлсөн 642 100 төгрөгийг нэхэмжилж, нийт 9 197 100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Үлдсэн нэхэмжлэлийн шаардлагаа татан авч байна.” гэжээ.

            Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Би нэхэмжлэгч Д.Ганбаатартай 2013 оны 06 дугаар сараас 2014 оны 07 дугаар сарын сүүл хүртэл хамт амьдарсан. Хамт амьдарч байх явцад Д.Ганбаатар олон эмэгтэйчүүдтэй холбоотой байсан учир би салах шийдвэр гаргасан. Салах гэтэл намайг байнга дарамталдаг байсан бөгөөд намайг мөнгө өгөх юм бол тайван орхино гэдэг байсан. 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр машиныг авсан бөгөөд машиныг надад бэлэг гэж авч өгөөд Номин даатгалд даатгуулсан. Гэхдээ машиныг Д.Ганбаатар өөрийнхөө нэр дээр авсан Машин авсны дараа оношилгоонд оруулахад техникийн шаардлага хангахгүй байна гэдэг дүгнэлт гарсан. Машиныг унаад явж байх явцад гэнэт руль нь ажиллахаа больсноос замын хажуу руу онхолдож осол гарсан. Гэтэл Д.Ганбаатар даатгалаас мөнгө аваагүй гээд нэхэмжлэл гаргасан байна. Осол гарсны дараа “Итгэлт эстимэйт" ХХК-иар үнэлгээ хийлгэхэд үнэлгээ нь 9 325 000 төгрөг гарсан. Д.Ганбаатар даатгалаас 7 460 000 төгрөг авсан гэдгээ нэхэмжлэлдээ дурдаагүй байсан бөгөөд даатгал нь миний нэрээр гарсан. Нийт хохирлын 80 хувийг жолоо барьж байсан этгээд авах эрхтэй гэсэн учир даатгал миний нэр дээр гарсан юм. Гэхдээ Д.Ганбаатарын дансанд даатгалын мөнгө орсон. Гэтэл дараа нь 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Вьетнам засвар ажиллуулдаг н.Төгсбат гэдэг хүн 2015 оны 08 дугаар сард 2 800 000 төгрөгөөр машиныг Д.Ганбаатараас худалдаж авсан гэдэг тодорхойлолт өгсөн. Д.Ганбаатар анх машины хохирол гэж 12 807 100 төгрөг нэхэмжилсэн боловч даатгалаас 7 460 000 төгрөг, н.Төгсбатаас 2 800 000 төгрөг нийт 10 260 000 төгрөгийг авсан учир нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Ганбаатартай анх танилцахад байрны зээлтэй байсан бөгөөд тухайн байр нь хоосон, хөнжил гудас, нэг телевизортой байсан. Бид хамт амьдарч байхдаа байраа тохижуулж, гэр ахуйн зүйлээ авсан. Надад гар утас өгсөн гэж байгаа боловч надад өгсөн утсаа буцаагаад өөрөө авсан байгаа. Гранд мед эмнэлэгт шинжилгээ хийлгэсэн мөнгийг өгсөн боловч эмчилгээний мөнгийг би өөрөө гаргаж байсан. ЭМЖЖ эмнэлэгт 100 000 төгрөгөөр үзүүлсэн мөнгө нэхэмжилсэн байна. Гэхдээ тухайн үед бид хүүхэдтэй болъё гэж бодож байсан боловч бүтээгүй. Ийм учир 100 000 төгрөгөөр нь хоол хүнсний зүйл аваад зарцуулсан байгаа. Гоо сайхны косметик аваарай гэж мөнгө шилжүүлсэн дээр нь би өөрөө 250 000 төгрөг нэмээд өөртөө гоо сайхны косметик авсан. Бид бие биедээ харилцан бэлэг өгөх асуудал байдаг байсан учир мөнгийг төлөх ёсгүй гэж үзэж байна. Намайг Сэлэнгэ аймаг руу явах үед бензин хийгээрэй гээд 50 000 төгрөг миний данс руу шилжүүлсэн. 2014 оны 09 дүгээр сард би Д.Ганбаатартай муудалцсан байсан бөгөөд намайг Хятад руу явах үед сайн яваад ирээрэй гээд миний данс руу 100 000 төгрөг шилжүүлсэн байсан. Нэхэмжлээд байгаа 7 506 100 төгрөгөөр нь байраа тохижуулаад, ахуйн хэрэгцээндээ зарцуулаад дууссан. 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 80 000 төгрөгийн гортиг тэгшлэгч гэсэн баримтыг Д.Ганбаатар өөрөө гараар бичсэн байна. Миний нуруу хугарсан байсан учир тэгшлэгчийг миний ээж, ах хоёр надад авч өгсөн. 60 000 төгрөгийн зүү, боолт гэсэн баримтыг хэрэгт өгсөн байсан нь миний баримт биш, н.Жүгдэрдуламын баримт. 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 52 100 төгрөгийн баримт байдаг. Энэ баримт нь эмэгтэйчүүдийн витамин авч байсан тухай баримт бөгөөд би ажлынхаа газрын хажуугийн эмийн сангаас өөрөө авч байсан юм. 2014 оны 04 дүгээр сард осол болсны дараа эмнэлэгт хэвтэж байхад томографикийн зураг авахуулахад төлсөн 200 000 төгрөгийн баримтыг өөрөө төлсөн мэтээр гаргаж өгсөн байна. Намайг осолд орсны дараа л манай ээж, ах хоёр намайг өргөж авч явж томографикийн зураг авахуулж байсан. Мөн 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн баримтууд байдаг бөгөөд эдгээр баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, Б.Сувд гэж бичсэн л баримт байдаг. ММ үнэлгээ 150 000 төгрөг машины эвдрэлийн үнэлгээний баримт гэсэн баримт байдаг. Хавсаргаж өгсөн баримтууд нь миний эмчилгээнд зарцуулсан өөр хүмүүсийн баримтуудыг хэрэгт өөрийн баримт мэтээр гаргаж өгсөн байна. Даатгалаас орж ирсэн 666 050 төгрөгийн даатгал нь миний өөртөө хийлгэсэн даатгал бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай даатгасан. Даатгалаас жолоо барьж байсан хүнд даатгал гаргаж өгсөн бөгөөд Д.Ганбаатар хамт явж байсан хүмүүсийн эмчилгээний төлбөрт сайн дураар зарцуулсан мөнгөө надаас нэхсэн байсан учир хүлээн зөвшөөрөхгүй байна. н.Бадамсүрэнд Д.Ганбаатар мөнгө өгөөгүй байж өгсөн гэж бичсэн байсан. Би өөрөө тодорхой хэмжээний мөнгийг Д.Ганбаатарт шилжүүлдэг байсан. Д.Ганбаатарын нэхэмжлээд байгаа мөнгөнүүд ямар ч үндэслэлгүй. Эд хөрөнгөнүүд нь нэхэмжлэгчид өөрт нь үлдсэн учир би мөнгө төлөхгүй.” гэжээ.

         Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2016/02811 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.Сувдаас 2 745 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ганбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19 126 150 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 346 346 төгрөгөөс 267 306 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 79 040 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 58 870 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1478 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2016/02811 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 ...” гэсний дараа “499 дүгээр зүйлийн 499.1” гэж нэмж, “ ...2.745.000 төгрөг ...” гэснийг “1.865.000 төгрөг” гэж , “ ... 19.126.150 төгрөгийг ...” гэснийг “7.332.100 төгрөгт холбогдох хэсгийг” гэж, 2 дахь заалтын “ ... 58.87 төгрөг ...” гэснийг “44.790 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Нэхэмжлэгч Д.Ганбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганчимэг миний бие Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 сарын 24-ний өдрийн 1478 дугаар магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан байсан “Мега марз” ХХК-ийн үнэлгээг үндэслэлгүй гэж, харин даатгалын компанийн санал болгосон үнэлгээг үндэслэлтэй гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлгүй юм. Учир нь “Номин даатгал” ХХК-ий барьсан үнэлгээ нь автомашины эвдрэлийн үнэлгээнд огт нийцэхгүй бөгөөд даатгал нь аль болох бага үнэлгээг барьж даатгалын төлбөрийг гаргуулдаг болно. “Мега марз” ХХК-ийн гаргасан үнэлгээ нь Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад гарсан үнэлгээ бөгөөд осол гарах үед хийсэн бодит үнэлгээ болно. Гэтэл давж заалдах шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлаж, нотлох баримтыг хууль ёсны талаас нь үнэлэхгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөнд гомдолтой байна. Гэм буруутай этгээд нь өөрийн үйлдлийн улмаас бусдад учирсан хохирлыг арилгах нь хуульд нийцэх асуудал бөгөөд хариуцагч Б.Сувд нэхэмжлэгч Д.Ганбаатарын автомашинд 11 915 000 төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоосон байдаг. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 сарын 24-ний өдрийн 1478 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

          Хариуцагч Б.Сувдын хяналтын журмаар гаргасан гомдолд: “Анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна. Нэгдүгээрт: Д.Ганбаатар нь надтай 2013 оны 06 дугаар сараас 2014 оны 08 дугаар сар хүртэл гэр бүл болон хамтран нэг гэрт амьдарч байсан. Хамт амьдарч байх хугацаандаа Приус 20 маркийн автомашиныг 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Гааль дээрээс худалдан авч, миний эхнэр болж байгаа гээд надад машинаа бэлэг гэж авч өгч бид машинаа хамтын амьдралдаа хамтдаа хэрэглэж байсан. Миний бие 2014 оны 04 дүгээр сард Д.Ганбаатартай ярилцаж түүний санал болгосноор Сэлэнгэ аймгийн нутаг дахь “Ээж мод”-д мөргөж хоёр биенийхээ амьдрал ахуй, үр хүүхдийн заяа гуйхаар явах замдаа осол болсон. Би машиныг түүний зөвшөөрөлгүйгээр унаж яваагүй. Хоёрдугаарт: Даатгалын үнэлгээг би хүлээн зөвшөөрөөгүй гэдгээ шүүхэд хэлсэн боловч шүүх авч хэлэлцээгүй. Шинэ машинаас илүү үнэлгээтэй болчихлоо, дундаа хэрэглэж байх үеийн 9 сарын элэгдэл хорогдлыг яагаад тооцохгүй байгааг асууж, гомдолтой байгаагаа хэлсэн. Гуравдугаарт: Нэхэмжлэгч Д.Ганбаатар эвдэрсэн машинаа н.Төгсбат гэдэг хүнд зарсан. Зарахдаа 2.800.000 төгрөгөөр зарсан. Нэгэнт би 9.325.000 төгрөг төлөх ёстой юм бол зарсан үнийн дүнг хасч тооцуулах ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь намайг аваарт ороод хүнд гэмтсэн өвчтэй байхад надаас асуугаагүй эвдэрсэн машинаа зарсан. Одоогийн үнэлгээгээр Приус 20 маркийн машин 7.000.000 төгрөгөөс 8.000.000 төгрөгний үнэтэй байгаа. Д.Ганбаатар нь даатгалаас авсан 7.400.000 төгрөг, эвдэрсэн машинаа зарсан 2.800.000 төгрөгөөр шинэ машин аваад цаана нь ахиад ч илүү мөнгөтэй үлдэж байна. Дөрөвдүгээрт: Хамт амьдарч байхдаа мөрдөн байцаалтанд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байсан Д.Ганбаатар нь энэ машиныг замд гарахын өмнө хоёр хоног авч явж үйлчилгээ засвар хийлгэхээр унаж байсан, тэгээд гэнэт хамт явахааргүй болж 50 000 төгрөг өгч бензин хийгээрэй гэснээр би барьж явсан. Хамт амьдарч байхдаа бэлэг хэмээн өгсөн машиныг өндөр үнээр үнэлүүлж надаас мөнгө олж авах гэж байгаад гомдолтой байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Д.Ганбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

                                                                    ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж,  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсныг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Д.Ганбаатар нь хариуцагч Б.Сувдад холбогдуулан гэм хорын хохиролд 21.871.250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 9.197.100 төгрөг болгон багасгаж нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч хохиролгүй болсон гэж маргажээ.

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Б.Сувд нь нэхэмжлэгч Д.Ганбаатарын эзэмшлийн 97-50 УНА улсын дугаартай, “Тоёото приус" маркийн автомашиныг Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт жолоодон явахдаа зам тээврийн осол гаргасан болох нь эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 5-12/

            Хариуцагч Б.Сувдад холбогдох эрүүгийн хэргийг шалгах явцад автомашинд учирсан хохирлын үнэлгээг “Мега Марз" ХХК нь 11 915 000 төгрөгөөр тогтоосон боловч “Номин даатгал" ХХК нь “Итгэлт эстимэйт" ХХК-ийн үнэлсэн 9 325 000 төгрөгөөс тооцож даатгалын нөхөн төлбөрт 7 460 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Ганбаатарт олгосон байна./хх- 14-15, 53-55, 64/     

Нэхэмжлэгч Д.Ганбаатар нь хариуцагч Б.Сувдаас мөнгөн  хохирол гэх 3 850 000 төгрөгийг “зээл” гэж тодорхойлж, харин 642 000 төгрөгийг хариуцагчийн гаргасан ослын улмаас хариуцагч болон зорчигчийн эмчилгээний зардалд зарцуулсан гэсэн бол машины хохирол гэсэн 4 705 000 төгрөгийг даатгалын компаниас олгосон тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрийг хасч тооцон нийт 9 197 100 төгрөгийг нэхэмжилсэн байна. 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Ганбаатарыг  эмчилгээний төлбөрт 642 100 төгрөг төлсөн, 3 850 000 төгрөгийг зээлдүүлсэн  шаардлагаа баримтаар нотлоогүй, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар мэтгэлцээгүй байх тул шүүх дээрх шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон  талаар давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т нийцсэн гэж үзнэ.

Харин хариуцагч Б.Сувд нь “Мега Марз” ХХК-иас гаргасан үнэлгээг эс зөвшөөрч маргасан байхад уг үнэлгээнд талууд маргаагүй гэж анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж, хохирлыг энэ үнэлгээгээр тооцож, хариуцагчаас 2 745 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцээгүй байна.

          Иймээс “Номин даатгал” ХХК нь автомашинд учирсан хохирлын үнэлгээг “Итгэлт эстимэйт” ХХК-иас гаргасан үнэлгээ болох 9 325 000 төгрөгөөс тооцож даатгалын нөхөн төлбөр олгосон байх тул зөрүү 1 865 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцэх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ зөрчөөгүй гэж үзнэ.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1478 дугаар магадлалыг хэвээр үлдээж, зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.          

 2. Нэхэмжлэгч Д.Ганбаатарын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 25.670 /хорин таван мянга зургаан зуун далан/ төгрөг, хариуцагч Б.Сувдын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 44.790 /дөчин дөрвөн мянга долоон зуун ерэн/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                              ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН