Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2016/00850

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: *** чөлөө С плазад байрлах, С хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х аймгийн Ш сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох

Гар утасны төлбөрийн үлдэгдэл 247.200 төгрөг, нотариатын зардал 6.000 төгрөг, нийт 253.200 /хоёр зуун тавин гурван мянга хоёр зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч155/2016/00797/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Д.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш Ерөнхий боловсролын сургууль нь 2013 оны 09 сарын 22-ны өдөр манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч Худалдах, худалдан авах болон Төлбөрийн батлан даалт-ын гэрээ байгуулж нийт 12 ажилтан, албан хаагч хамруулан 2.900.000 төгрөгний худалдан авалт хийж төлбөрийг 6 сар хуваан төлөхөөр тохирч зээлээр авсан. Ш Ерөнхий боловсролын сургууль нь хүлээсэн үүргээ үл биелүүлэн төлбөрийн үлдэгдэл 247.200 төгрөгийг төлөөгүй байна. Ш Ерөнхий боловсролын сургуульд төлбөрөө төлөхийг сануулж байсан ч төлнө гээд өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Ш Ерөнхий боловсролын сургуулиас төлбөрийн үлдэгдэл 247.200 төгрөг, нотариатын зардал 6.000 төгрөг, нийт 253.200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х аймгийн Ш сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч З.О  шүүхэд гаргасан тайлбартаа: Манай сургуулийн захиргаа 2013 онд С компанитай хийсэн гар утасны лизингийн төлбөрийн 261.446 төгрөгнөөс 124.300 төгрөгийг 6 дугаар сарын 28-ны өдөр тус байгууллагын дансанд хийлгэсэн бөгөөд үлдэгдэл 137.146 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Ш Ерөнхий боловсролын сургуулиас 2016 оны 06 сарын 23-ны өдөр 80.000 төгрөг, 2016 оны 06 сарын 28-ны өдөр 44.300 төгрөг манай дансанд тус тус орж ирсэн байна. Үлдэгдэл 128.900 төгрөгийг хариуцагч төлж барагдуулна гэснийг зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Х аймгийн Ш сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан гар утасны төлбөрийн үлдэгдэл 247.200 төгрөг, нотариатын зардал 6.000 төгрөг, нийт 253.200 /хоёр зуун тавин гурван мянга хоёр зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 124.300 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл 137.146 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8.246 төгрөгийн тал хувь болох 4.123 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х аймгийн Ш сумын Ерөнхий боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамж 4.123 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч С хязгаарлагдмал хариуцлагатай компаниас гар утасны төлбөрийн үлдэгдэл 247.200 төгрөг, нотариатын зардал 6.000 төгрөг, нийт 253.200 /хоёр зуун тавин гурван мянга хоёр зуутөгрөг нэхэмжилснийг хариуцагч Х аймгийн Ш сумын Ерөнхий боловсролын сургууль 124.300 төгрөг төлж барагдуулсан, үлдэгдэл 137.146 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4*** тоот дансанд 201оны 6 дугаар сарын 13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8.246 төгрөгөөс 4.123 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 4.123 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА