Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2016/00853

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Х аймгийн Ч суманд 1966 онд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, Х аймгийн Ч сумын 3 дугаар багт оршин суух, Р*** дугаар регистртэй, Б.Э гийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 15-нs өдөр хүлээн авч, 155/2016/00846/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч Б.Э нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Э  шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Х аймгийн Ч сумын Л нэгдэлд 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд үхэрчин, адуучнаар ажиллаж байсан буюу нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан. Тэгээд А  бүрэн бус хариуцлагатай компанид 1993 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд адуучнаар ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл улсад ажиллаж байсан жил маань тооцогдохгүй, шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Миний ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр гээгдэж үрэгдсэн, сумын архиваас авсан цалингийн түүвэрт миний нэрийг Б болон Э , миний овгийг эцэг Ц болон эх Б нараар тэмдэглэж өөр өөр бичигдсэн байна. Надад эцэг, эхээс Б гэдэг нэр өгсөн боловч би 2000 онд нэрээ өөрчилж Э болгосон юм. Манай нутгийн хүмүүс намайг Б гэдэг нэрээр минь ч сайн мэднэ. Мөн эцэг, эхийн маань гэрлэлтийн бүртгэл иргэний бүртгэлээс гарах боломжгүй байгаа юм. Иймд Б.Э миний Х аймгийн Ч сумын Л нэгдэлд 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд үхэрчин, адуучин, А  бүрэн бус хариуцлагатай компанид 1993 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд адуучнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Э  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Б.Э гийн нэр төрсний гэрчилгээнд Б гэсэн бүртгэлтэй, түүний эцэг Ц , эх Б нарын гэрлэлт бүртгэлгүй, 1987 оноос 1994 оны хооронд ажиллаж байх хугацаанд олгож байсан цалин хөлсний баримтад Ц.Б , Б.Б , Ц.Э  гэсэн нэрээр бүртгэж байсан болох нь Х аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Иргэн Б овогтой Э /Р***/ нь Ч сумын төрөлтийн бүртгэлд 1966 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн №33-д Б овогтой Б нэрээр бүртгэгдсэн байгаа бөгөөд овог нэр өөрчилсний бүртгэлийг 2000 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хийлгэж Б овогтой Э болгон Ч сумын овог нэр өөрчилсний бүртгэлийн №3-д бүртгэлтэй байна. Одоо ХААТР-21, ХААТР-15, ИУБ-31 бүртгэлүүд Б овогтой Э гэсэн нэрээр онлайн санд бүртгэлтэй байна гэх бичилттэй 1/933 дугаартай тодорхойлолт, гэрч Д.Э ийн ...Б ийн Э гэдэг, ээжийн нь нэр байгаа юм. Ц гэхээр аавын нь нэр орсон байх... эхээсээ 4-үүлээ. Ах Бат-Эрдэнэ, Бибиш нар нь өнгөрчихсөн, одоо нэг ах Лхагвасүрэн нь байдаг...Э нэртэй ижил нэртэй хүн байгаагүй... гэх мэдүүлэг, гэрч Р.Ганболдын ...Ээж Б ээр овоглодог юм. Аав нь бага байхад нь өнгөрсөн гэсэн гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Х аймгийн Ч сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б.Э гийн 1987 оны 10 дугаар сараас 1994 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин, хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбаруудыг нотлох баримтад үнэлсэн болно.

Хүсэлт гаргагч Б.Э Х аймгийн Ч сумын Л нэгдэлд 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд үхэрчин, адуучин, Х аймгийн Ч сумын А  бүрэн бус хариуцлагатай компанид 1993 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд адуучнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Х аймгийн Чандмань-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б.Э гийн 1987 оны 10 дугаар сараас 1994 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин, хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, 1989 оны 3 дугаар сард сайн ажилчин болж Улаанбаатар хотод Аржанчивланд амрах эрхийн бичгээр шагнуулж амралтад амрахдаа Улаанбаатарт авахуулсан зураг, Х аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1993 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Л нэгдлийг хувьчлах тухай 14 дугаартай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Д.Э ийн ...Би 1990 онд Х аймгийн Ч сумын Л  нэгдэлд очиж малчин, саальчнаар ажилласан. Энэ үед Б.Э нь тус нэгдэлд адуучнаар ажиллаж байсан. 1990 оны 01 сараас эхлэн 1993 оны 8 сард нэгдэл тартал хамт ажилласан. Тэгээд нэгдэл тараад А  бүрэн бус хариуцлагатай компани болоход тэнд мөн адуучин хийж байсан. А  бүрэн бус хариуцлагатай компанид 1995 он хүртэл ажилласан... Тасралтгүй ажиллаж байсан... Би Ч сумын Л  нэгдэлд 1990 оноос 1993 онд нэгдэл тарах хүртэл малчин саальчин, мөн А  бүрэн бус хариуцлагатай компанид малчин, саальчнаар 1995 он хүртэл ажилласан... гэх мэдүүлэг, гэрч Р.Ганболдын ...Б.Э нь 1987 оны 9 сард цэргээс ирээд Х аймгийн Ч сумын Л  нэгдэлд 1987 оны 10 сараас 1993 оны 9 сар хүртэл буюу нэгдэл тарах хүртэл адуу маллаж байсан. Л  нэгдэл тараад А  бүрэн бус хариуцлагатай компани болоход тэнд мөн адуучнаар 1993 оны 9 сараас 1994 оныг дуустал 1995 он хүртэл ажилласан... Би Ч сумын Л  нэгдэлд 1984 оноос эхлэн 1993 онд нэгдэл тартал ажиллаад, А  бүрэн бус хариуцлагатай компанид мөн үргэлжлүүлэн ажиллаж 1995 он хүртэл ажилласан. Аж ахуй, фермийн эрхлэгч, малчин зэрэг ажил хийж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Б.Э гийн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Х аймгийн Архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Тус аймгийн Чандмань-Өндөр сумын Л  нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул Б.Э д холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/383 тоот тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хянан шийдвэрлэсэн ба хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигин гаанжуур овогт Б ийн Э гийн Х аймгийн Ч сумын Л нэгдэлд 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд үхэрчин, адуучин, Х аймгийн Ч сумын А  бүрэн бус хариуцлагатай компани 1993 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд адуучнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА