Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 00168

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн Д.Одончимэг,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

хохирогч П.Жаргалсайхан, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэчимэг,                                      

шүүгдэгч И.Б, түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3  дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өлзийт овогт Ишжамцын Бэд холбогдох хэргийг 132/2017/0149/Э индекстэй,1715001080040 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Булган аймгийн Орхон суманд оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Өлзийт овогт И.Б

Холбогдсон хэргийн талаар:

И.Б нь /яллах дүгнэлтэнд бичснээр/ 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн нутагт оршин суух иргэн П.Жаргалсайхан руу болгоомжгүйгээр мод шидэж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Бийн өгсөн: 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Нямдорж ахтай таараад айлд очсон. Тэр айл ганц шил архи өгсөн. Тэгээд Нямдорж ахынд очоод архиа уусан. Тамираа нэг хүнтэй орж ирсэн. Тэгээд тамхи байна уу гэтэл Тамираа янхан цагаан байна гэж хэлсэн. Би юу яриад байгаа юм гэхэд шоронд нарийн тамхийг янхан цагаан гэдэг гэсэн. Тэрнээс болж маргалдаад Тамираа  намайг газар унагаад цохиж авахад Жагаа эгч намайг салгасан. Тэгээд гараад явж байхад манай дүү найзтайгаа Ууганбаярынд очиж айраг уух гэж явна гэхэд ах нь цуг явъя малгайгаа мартчихжээ гээд очиход Тамираа хойно зогссон байсан дахиж Тамираатай маргалдаад хутга гаргаж ирээд танай адуугаар би тоглонодоо гээд олон юм яриад байхаар нь гарахдаа мод аваад хөл рүү маягтай шидчихээд гараад явсан. Тэгээд араас Жагаа эгчийн хүүхэд та ээжийг оночихлоо гэсэн тэгээд би буцаж ороод Жагаа эгчээ уучлаарай гээд уучлалт гуйсан. Тэгээд дүү маань намайг аваад явсан. Жагаа эгчийг аваад нүдэнд цэвэрлээ хийлгэчихээд явсан.  Жагаа эгч хэд хоногийн дараа намайг дуудаад нүд нэг л болохгүй байна гээд уулзаад Улаанбаатар хотод луу авч яваад үзүүлсэн. Эмнэлэгт хэвтүүлээд маргааш мэс засалд оруулсан. Жагаа эгчид хэдэн төгрөг үлдээчихээд нутаг руугаа ирсэн. Хэдэн сарын дараа  болор суулгах шаардлагатай гээд болор суулгуулсан. Ойр зуурын хараатай болсон гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Жаргалсайханы өгсөн: 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Б манайд халамцуу ирсэн. Манайд байсан 2 залуутай маргалдаад байхаар нь би Б чи боль харь гээд гаргаад явуулсан. Тэгээд удалгүй 30 минутын дараа машин дугаараад 2 дүүгээ дагуулаад ирсэн. Тамиртай маргалдаад байхаар Тамирыг аргалаад яах гээд байгаа юм гээд зогсож байхад Б босч яваад мод аваад л шидсэн тэгээд л гэнэт ширээний хажуу руу унасан гэсэн. Тэгээд Улаанбаатарт очиход хүнд хагалгаа болно гээд хагалгаа хийлгэсэн. 45 хоног гам сайн барь гээд доошоо харж хэвтсэн. 2016 оны 12 сард болор тавиулсан. Уг нь бид сайн сайхан л байдаг. Сүүлдээ намайг ерөөсөө хаясан. Хараа орохгүй байгаа. Мөн эмчилгээ хийлгэх гэж найзаасаа 1.500.000 төгрөг зээлсэн үүнийг бас нэхэмжилж байна. Хохирлыг барагдуулж өгнө үү. 15.000.000 төгрөг нэхэмжилж байна. Зүгээр хохирмооргүй байна гэх мэдүүэг,

  1715001080040 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:  

Гэрч Н.Ууганбаярын өгсөн: 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн нутаг “Баруун могой” гэх газарт байдаг аавынхаа гэрт байж байсан чинь орой 19 цагийн үед шиг санаж байна. Булган аймгийн Хишиг-Өндөр сумаас Тамир, Батсайхан гэх аавын маань 2 хуурай дүү Орхон аймаг руу буцаж явна гэж хэлээд орж ирсэн. Тэгээд орж ирээд цай уугаад сууж байхад сайн санахгүй байна. Тамир, Батсайхан хоёрын нэг нь манай аавд Ерөөл нэртэй 0.5 литрийн архи гаргаж өгсөн. Тэгсэн аав тэр архийг нь задлаад байж байтал гаднаас Б гэж манай Баруун могойд хамт нутагладаг хүн согтуу орж ирсэн. Тэгсэн Б ах орж ирээд манай гэрт байсан аавын 2 хуурай дүүгээс тамхи байна уу, гэж асуусан чинь Тамир нарийхан тамхи Б ахад өгсөн чинь “ийм тамхи татдаггүй хулгайч нар минь, Хишиг-Өндөрийн хулгайч нар энд юу хийж яваа юм бэ” манай адуунаас хулгай хийвээ гэж хэлсэн. Тэгсэн аавын 2 хуурай дүү та одоо юу гээд байгаа юм бэ гээд хэрэлдээд байсан. Тэгсэн манай ээж Жаргалсайхан Б ахыг гэртээ харь гээд явуулсан. Тэгсэн 30 минутын дараа Б ах Болдоо, Нарандэлгэр гэх 2 залуу дагуулаад буцаад манай гэрт ороод ирсэн. Б нь орж ирээд аавын 2 дүү рүү заагаад энэ 2 намайг зодсон энэ хоёрыг зод гэж дагуулж орж ирсэн 2 хүндээ хэлсэн. Тэгсэн Б ахын дагуулж орж ирсэн 2 хүн нь нөгөө аавын 2 хуурай дүүг яасын юу болсон юм бэ, гэсэн чинь юу ч болоогүй гэж хэлсэн. Тэгсэн ээж “та нар яв” битгий гэр орон үймүүлээд бай гэж хэлсэн тэгсэн Б ах дагуулж ирсэн 2 хүнтэйгээ гарах гэж байхдаа ээжийг та Хишиг-Өндөрийн хүний талд ороод байна гээд гарахдаа түлээний хайрцагнаас гишүү аваад шидсэн чинь манай ээжийн баруун нүд рүү оносон. Тухайн үед ээжийн нүднээс цус гараад байсан ба маргааш нь Булган аймгийн Орхон сумын эмнэлэгт очоод үзүүлэхэд Булган аймгийн төвд очиж үзүүл гэж хэлсэн. Тэгээд Булган аймгийн төвд очоод үзүүлэхэд Улаанбаатар хот орж үзүүл гэж хэлсэн. Тухайн үед замаараа Орхон аймагт хүртэл үзүүлсэн. Улаанбаатар хотод очоод үзүүлж эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Одоо бол миний ээжийн нүдний хараа улам муудаад байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас/,

Гэрч Х.Нарандэлгэрын өгсөн: ...тухайн үед Б ах тэр Тамир гэх залуутай жаахан маргалдаад байсан тэгэхээр нь салгасан. Тэгсэн тэр Тамир гэх залуу жижиг хутга гаргаж ирээд би шийдсэн хүн шүү гээд байсан. Тэгээд л Б ахыг боль явы гээд Болдбаатар бид 2 түрүүлээд гарсан. Тэгсэн гэр дотор бужигнаад дуу чимээ гарахаар нь гүйгээд орсон тэгсэн Б ах Тамир гэх залуу рүү гишүү шидээд Жаргалсайхан эгчийг оносон байсан. Тухайн үед Жаргалсайхан эгчийн хөмсөгний хэсгийг цус гаргасан байсан. Тэгээд л Б ахыг аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуудас/,

Гэрч Х.Батсайханы өгсөн: ...Тамир бид 2 ярьж байгаад Орхон сумын Могойн гол гэх газарт нутаглаж байсан хуурай ах Нямдоржийн гэрээр орохоор болсон. Тэгээд Нямдорж ахын гэрт яваад орсон чинь Нямдорж ах Б 2 наадам болж байсан учраас тал шил архи уугаад сууж байсан. Тэгээд Тамир бид хоёр орж суугаад мэнд ус мэдээд байж байтал Тамир Бэд нарийн тамихаар тамхилсан чинь Б би янхан цагаан татдаггүй гэж хэлсэн. Тэгээд Тамир Б нар хоорондоо жаахан маргаад муудалцаад байж байхад Нямдорж ахын эхнэр Жаргалсайхан эгч Бэд хандаж манай гэрт хүн ирж болохоо байсан юм уу гэж хэлсэн.

...Б эргэж орж ирээд Тамиртай дахин хэрүүл хийж байгаад гараад явахдаа зуухны хажуу талд байсан түлээний авдарнаас гал түлдэг хугалсан гишүүнүүдээс аваад эргэж хараад шидсэн тэр гишүү нь Жаргалсайхан эгчийн нүд рүү оносон. Миний санаж байгаа зүйл энэ л байна. Тухайн хэрэг болоод 2 жил болсон байна, мөн тухайн үед би нэлээн согтсон байсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуудас/,

Гэрч Б.Булгантамирын өгсөн: ...би Б ахад нарийн эссэ гэх нэртэй тамхиар тамхилахад Б ах чи ийм янхан цагаан тамхи татдаг юм уу хулгайч минь гэж хэлсэн. Тэгээд би уурлаад та юу гээд байгаан би таныг юуг хулгай хийсэн юм бэ гэж хэлээд жаахан маргалдаад барилцаад авсан. Тэгэж байхад Б ах буцаад гараад явсан. Тэгээд эргээд ойролцоогоор 30-40 минутын дараа орж ирээд намайг гаръя гээд байхаар нь би гарахгүй гэж хэлээд Нямдорж ахын гэрийн хойморт очоод сууж байсан чинь гарах гээд үүд рүү явж байсан. Тэгсэн л Жаргалсайхан эгч ёо ёо миний нүдийг сохолчихлоо гээд орилоод байсан. Тэгээд Б ах тухайн үед шууд гараад яваад өгсөн. Эргэж ч ирээгүй. Тухайн үед Б ах надтай маргалдаж байгаад над руу мод шидээд шидсэн мод нь Жаргалсайхан эгчйиг оносон байсан. Батсайхан ах бид хоёр тэр өдрөө Нямдорж ахын гэр хоноод маргааш өглөө нь гэрлүүгээ явсан. Маргааш өглөө нь Жаргалсайхан эгчийн нүд таг болсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуудас/,

Гэрч Ц.Болдбаатарын өгсөн: ...Б ах гарах гээд боссон. Нарандэлгэр бид хоёрыг гэрээс гарсны дараа Жаргалсайхан эгч намайг оночихлоо гээд байсан. Буцаад гэрт ороход Б ах үүдэн дээр Жаргалсайхан эгч гэрийн баруун хойморьт ширээний хажууд зогсож байсан. Б ах Жаргалсайхан эгч рүү очоод Тамираа руу шидсэн чинь таныг оночихлоо уучлаарай гэж хэлэн уучлалт гуйгаагаад байсан. Гэрт байсан хүмүүс хүн оночихлоо гээд Б ах руу Жаргалсайхан эгчийн хүү Ууганбаяр дайрахаар нь тайвшруулаад санаандгүй оночихлоо гэж хэлэн гэрээс авч гарсан. Гарт байсан хүмүүсийг нарандэлгэр бид хоёр тайвшруулаад гэр гэртээ харьцгаасан. Нарандэлгэр бид хоёр архи уугаагүй эрүүл байсан гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуудас/

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны
8 дугаар сарын 31-ний өдрийн 248 тоот 1. П.Жаргалсайханы биед нүдний алимны хүнд доргилт, эвэрлэг бүрхүүлийн урагдал, торлогын ховхрол, болорын цайлт, мултрал, баруун нүдний хараа бууралт гэмтэл тогтоогдлоо.  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.31.1-д зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварийг тогтонги 35% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 33 хуудас/,  

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 хуудас/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-46 хуудас/,

Өвчтний хуудас /хх-ийн 48-56 хуудас/,  

Хохирол төлсөн баримт /хх-ийн 76-81 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч И.Б нь 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн нутагт оршин суух иргэн П.Жаргалсайхан руу болгоомжгүйгээр мод шидэж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт факт, үйл баримт тогтоогдож байна.    

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ мэдүүлсэн шүүгдэгчийн өгсөн...Тамираатай маргалдаад хутга гаргаж ирээд танай адуугаар би тоглонодоо гээд олон юм яриад байхаар нь гарахдаа мод аваад хөл рүү маягтай шидчихээд гараад явсан. Тэгээд араас Жагаа эгчийн хүүхэд та ээжийг оночихлоо гэсэн тэгээд би буцаж ороод Жагаа эгчээ уучлаарай гээд уучлалт гуйсан. Тэгээд дүү маань намайг аваад явсан. Жагаа эгчийг аваад нүдэнд цэвэрлээ хийлгэчихээд явсан.  Жагаа эгч хэд хоногийн дараа намайг дуудаад нүд нэг л болохгүй байна гээд уулзаад Улаанбаатар хотод луу авч яваад үзүүлсэн. Эмнэлэгт хэвтүүлээд маргааш мэс засалд оруулсан. Жагаа эгчид хэдэн төгрөг үлдээчихээд нутаг руугаа ирсэн. Хэдэн сарын дараа  болор суулгах шаардлагатай гээд болор суулгуулсан гэх, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн... Б босч яваад мод аваад л шидсэн тэгээд л гэнэт ширээний хажуу руу унасан гэсэн. Тэгээд Улаанбаатарт очиход хүнд хагалгаа болно гээд хагалгаа хийлгэсэн. 45 хоног гам сайн барь гээд доошоо харж хэвтсэн. 2016 оны 12 сард болор тавиулсан. Уг нь бид сайн сайхан л байдаг. Сүүлдээ намайг ерөөсөө хаясан. Хараа орохгүй байгаа гэх, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Н.Ууганбаярын...Б ах дагуулж ирсэн 2 хүнтэйгээ гарах гэж байхдаа ээжийг та Хишиг-Өндөрийн хүний талд ороод байна гээд гарахдаа түлээний хайрцагнаас гишүү аваад шидсэн чинь манай ээжийн баруун нүд рүү оносон гэх, гэрч Х.Нарандэлгэрын...Б ах Тамир гэх залуу рүү гишүү шидээд Жаргалсайхан эгчийг оносон байсан. Тухайн үед Жаргалсайхан эгчийн хөмсөгний хэсгийг цус гаргасан байсан гэх, гэрч Х.Батсайханы... түлээний авдарнаас гал түлдэг хугалсан гишүүнүүдээс аваад эргэж хараад шидсэн тэр гишүү нь Жаргалсайхан эгчийн нүд рүү оносон гэх, гэрч Б.Булгантамирын...Жаргалсайхан эгч ёо ёо миний нүдийг сохолчихлоо гээд орилоод байсан...,Б ах надтай маргалдаж байгаад над руу мод шидээд шидсэн мод нь Жаргалсайхан эгчйиг оносон байсан..., маргааш өглөө нь Жаргалсайхан эгчийн нүд таг болсон байсан гэх, гэрч Ц.Болдбаатарын...Б ах Жаргалсайхан эгч рүү очоод Тамираа руу шидсэн чинь таныг оночихлоо уучлаарай гэж хэлэн уучлалт гуйгаагаад байсан гэх мэдүүлэг, шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 248 тоот П.Жаргалсайханы биед нүдний алимны хүнд доргилт, эвэрлэг бүрхүүлийн урагдал, торлогын ховхрол, болорын цайлт, мултрал, баруун нүдний хараа бууралт гэмтэл тогтоогдлоо...гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

   Иймд шүүгдэгч И.Б хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

   Шүүгдэгч И.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан шүүх хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.

   Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь эмчилгээ хийлгэх гэж найзаасаа 1.500.000 төгрөг зээлсэн үүнийг нэхэмжилж байна гэж мэдүүлж байгаа хэдий ч шүүхэд эмчилгээ хийлгэсэн талаархи баримтаа ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Энэ хэрэгтээ шүүгдэгч И.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөрт хохирогчид 6.930.400 төгрөг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг модыг устгах, хохирогч энэ хэрэгтээ холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.    

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өлзийт овогт И.Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч И.Бэд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсугай.  

3.Эрүүгийн   хуулийн   ерөнхий   ангийн   7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч И.Б нь оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг модыг устгах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 6.930.400 төгрөг төлсөн, хохирогчийн 1.500.000 төгрөгний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.ДЭЛГЭРМӨРӨН