Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2023/ДШМ/247 

 

           

 

 

   

Ш.Хд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энх-Амгалан,

цагаатгагдсан этгээд Ш.Х-гийн өмгөөлөгч Н.Болормаа, Д.Пүрэвбаатар,          нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/14 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Энх-Амгалангийн бичсэн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дүгээр эсэргүүцлээр Ш.Хд холбогдох 2102004280687 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

............ овгийн Ш.Х, .............................................. төрсөн, ..... настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, ......................... ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт ............................ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ..................../;

Ш.Х нь “Төрийн банкнаас 500.000.000 төгрөгийн зээл авахад тухайн банкны эдийн засагч, бусад албан тушаалтанд 7 хувь буюу 35.000.000 төгрөгийг өгөх хэрэгтэй байна” гэж зохиомол байдлыг зориуд бий болгон М.М-ыг хуурч, “500.000.000 төгрөгийн зээл гарсны дараа тухайн мөнгөнөөс буцаагаад төлнө” гэж төөрөгдөлд оруулснаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 8-5 тоот дахь гэрээсээ 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 33.000.000 төгрөг, мөн сарын 18-ны өдөр 2.000.000 төгрөгийг тус тус Ш.Х-д шилжүүлсэн буюу урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн М.М-д нийт 35.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ш.Х-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Хд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр түүнийг цагаатгаж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Ш.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт ирсэн 1 ширхэг сиди, флашийг хэрэгт хавсарган үлдээж, цагаатгагдсан этгээд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгчийн хууль зөрчиж учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Энх-Амгалан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн бодит байдалтэй нийцээгүй, 39.7 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул хүлээн авах боломжгүй байна. Тухайлбал, цагаатгах тогтоолд “...шүүгдэгч Ш.Х нь Төрийн банкнаас зээл авахаар хөөцөлдөж байх хугацаандаа М.М-д банкнаас зээл авахаар хөөцөлдөж байгаа тухайгаа хэлж, банкны зээл бүтэхээр буцааж төлнө гэж тухайн үед болж буй үйл явдлыг бодитойгоор хэлж, 35.000.000 төгрөг зээлсэн, түүнчлэн зээлсэн мөнгөнөөс хүү төлж байсан үйл баримт нь хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгосон, бодит байдлыг нууж хохирогчийг төөрөгдөлд оруулсан гэх шинж үгүйсгэгдэж байна. Шүүгдэгч Ш.Х нь М.М-аас 3.000.000 төгрөг зээлж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 2.000.000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 6.500.000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 26.000.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 400.000 төгрөг төлсөн байгаа нь иргэд хоорондын зээлийн гэрээнээс үүдэлтэй иргэний эрх зүйн харилцаа болохыг харуулж байна. Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай бөгөөд дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог. Өөрөөр хэлбэл, дээрх хэлцлийн хүрээнд Ш.Хгийн хийсэн үйлдлийг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх субъектив санаа зорилгын хүрээнд эд хөрөнгийг хариу төлбөр хийх бодолгүйгээр, залилан мэхэлж авсан гэж үзэхгүй. Хохирогч М.Маас мөнгө зээлснээс хойш түүний нөхөр Ж.Батжаргалд зээлсэн мөнгийг Төрийн банкны ажилтан Д.Жд авлига болгож өгсөн гэж худал хэлсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэхээр байна...” гэж дүгнэжээ.

Шүүхийн цагаатгах тогтоолд дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

1. Прокуророос Ш.Х-г Төрийн банкнаас 500.000.000 төгрөгийн зээл авахад тухайн банкны эдийн засагч, бусад албан тушаалтанд 7 хувь буюу 35.000.000 төгрөгийг өгөх хэрэгтэй байна гэж зохиомол байдлыг зориуд бий болгосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татсан ба Ш.Х хохирогч М.М-аас мөнгө шилжүүлэн авахын тулд “...10 хоногийн хугацаатай 500 сая төгрөгийн зээлийн 7 хувь болох 35 сая төгрөг хэрэгтэй байна, энэ мөнгийг шилжүүлчихвэл 500.000.000 төгрөгийн зээл манай “Б” ХХК-ийн дансанд мөнгө нь орно, тэгээд хугацаа нь яг өнөөдөр л юм байна, уг мөнгийг өгөхгүй бол зээл цуцлагдах гээд байна...” гэж итгүүлэн 35.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь тогтоогдсон. Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгосноор хохирогч төөрөгдөлд орж, эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг сайн дураараа шилжүүлдэг онцлогтой ба Ш.Х бодит байдал дээр Төрийн банкнаас зээл авахаар материал бүрдүүлэн өгсөн боловч тухайн зээлийн судалгаа, материалд 35.000.000 төгрөг огт шаардаагүй, дээрх хэмжээний мөнгийг банкинд байршуулах, албан тушаалтанд авлига хэлбэрээр өгөх гэх мэт байдал үүсээгүй байхад хохирогчийг дээрх байдлаар шавдуулан төөрөгдөлд оруулж, хохирогч сайн дураараа 35.000.000 төгрөгийг шилжүүлсэн байхад шүүхийн тогтоолд Төрийн банкнаас зээл авах гэж байсан тухайгаа анхнаасаа хэлж байсан нь гэмт хэргийн шинжийг үгүйсгэж байна гэж хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн.

2. Мөн Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай бөгөөд дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах ажиллагааг эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог. Тухайлбал, дээрх хэлцлийн хүрээнд Ш.Х-гийн хийсэн үйлдлийг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх субъектив санаа зорилгын хүрээнд эд хөрөнгийг хариу төлбөр хийх бодолгүйгээр, залилан мэхэлж авсан гэж үзэхгүй гэж дүгнэсэн байх боловч Ш.Х хохирогч М.М-аас шилжүүлэн авсан 35.000.000 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулаад дуусгасан болох нь хэрэгт авагдсан үндэслэл бүхий баримтууд буюу банкны дансны гүйлгээний хуулга, гэрч нарын мэдүүлэг зэрэг бусад эх сурвалжаар хангалттай нотлогдсон байна. Өөрөөр хэлбэл, анх мөнгө шилжүүлэн авахдаа өөрийн хэрэгцээ шаардлагыг огт хэлэлгүй, банкнаас зээл авахад эдийн засагчид мөнгө өгөх шаардлагатай гэж зохиомол байдлыг бий болгосон нь түүний гэмт субъектив санаа баримтаар нотлогдсон байхад бодит байдал дээрээ “зээл авахаар хөөцөлдөж байсныг бодитойгоор хэлсэн нь гэмт хэргийн шинжийг үгүйсгэж байна” гэх үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдаагүй баримтыг иш үндэс болгож, дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна гэж үзнэ. Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу хэрэглэсэн буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Ш.Х яллагдагчаар татагдсанаас хойш нөхөн төлсөн байдлыг иргэд хоорондын зээлийн гэрээнээс үүдэлтэй иргэний эрх зүйн харилцаа болохыг харуулж байна гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэв.

Цагаатгагдсан этгээд Ш.Хгийн өмгөөлөгч Н.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Миний үйлчлүүлэгч зохиомол байдал бий болгоогүй, зээл авахаар хөөцөлдөж байсан нь үнэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон зээл авахаар хөөцөлдөж байсан баримтуудаар тогтоогддог. Ш.Х хохирогчоос зээл авах хүртлээ аж ахуйн болон хувийн хэрэгцээндээ 35.000.000 төгрөгийг буцааж төлөхөөр авсан байдаг. Хохирогчтой амаар тохиролцсон хугацааныхаа дараа хүү төлж эхэлсэн. 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 7.000.000 төгрөг, 07 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 08 дугаар сарын 13-ны өдөр 6.500.000 төгрөг, 08 дугаар сарын 11-ний өдөр 5.000.000 төгрөг гэх мэтээр төлж явсан. Гэвч Ш.Хгийн хөөцөлдөж байсан зээл бүтээгүй учир М.Маас авсан мөнгөө тохирсон хугацаанд төлж чадаагүй. Зээлийн мэргэжилтний мэдүүлэг хэрэгт авагдсан байгаа. Тухайн мөнгийг зориулалтын бусаар буюу хувийн хэрэгцээндээ ашигласан гэж үзэх үндэслэлгүй. Прокурор хэргийг шүүхэд шилжүүлэхдээ гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тодорхойлоогүй бөгөөд давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Цагаатгагдсан этгээд Ш.Хгийн өмгөөлөгч Д.Пүрэвбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгчийн элэгний хорт хавдар 4 дүгээр шатандаа орсон, ухаангүй байгаа тул үйлчлүүлэгчээ төлөөлж өмгөөлөгч Н.Болормаагийн хамт шүүх хуралдаанд оролцож байна. Ш.Х зээл олгохоор бүх материалыг бүрдүүлж өгөхөд 278.000.000 төгрөгийг өгөх боломжтой, үлдэх мөнгийг өгөхөд хэцүү, бид танай ойн аж ахуйг очиж үзье гэхэд нь бороотой хэцүү байсан тул явж чадахгүй байна гэдгээ банкны зээлийн хорооныхонд мэдэгдсэн байдаг. Прокурор субъектив санаа зорилгыг буруу тайлбарласан гэж үзэж байна. Ш.Х, М.М нар нь хоорондоо олон удаа мөнгө өгч, авсан байдаг бөгөөд гэмт хэргийн санаа зорилгоор мөнгө авсан гэдэг нь тогтоогдоогүй. Түүнчлэн, авсан зээлдээ хүү төлж байсан ба “хүүгээ одоо төлөх үү, нэг мөсөн төлөх үү” зэргээр хоорондоо харилцаж байсан баримт хэрэгт авагдсан бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд үүнийг нотолж мэдүүлсэн байдаг. Иймд эрүүгийн гэмт хэрэг гэж үзэхэд субъектив үндэслэл үгүйсгэгдэж байгаа тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Прокуророос Ш.Хг “Төрийн банкнаас 500.000.000 төгрөгийн зээл авахад тухайн банкны эдийн засагч, бусад албан тушаалтанд 7 хувь буюу 35.000.000 төгрөгийг өгөх хэрэгтэй байна” гэж зохиомол байдлыг зориуд бий болгон М.Мыг хуурч, “500.000.000 төгрөгийн зээл гарсны дараа тухайн мөнгөнөөс буцаагаад төлнө” гэж төөрөгдөлд оруулснаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 8-5 тоот дахь гэрээсээ 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 33.000.000 төгрөг, мөн сарын 18-ны өдөр 2.000.000 төгрөгийг тус тус Ш.Хд шилжүүлсэн буюу урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн М.Мд нийт 35.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хуурч мэхлэх нь бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсэн байдаг.

Бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субъектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдгаараа залилан мэхлэх гэмт хэрэг нь гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгагддаг.

Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл, гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй.

Харин гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Залилан мэхлэж авах гэмт хэргийн халхавч болсон гэрээ хэлцэл нь хуурч мэхлэх, итгэл эвдэх арга дээр үндэслэгдсэн, шунахай сэдэлтээр, дан ганцаар ашиг олох, гэрээнд оролцогч нөгөө талаа хохироох зорилгоор хийгдсэн байдаг бол иргэний эрх зүйн гэрээний харилцаа нь талуудын чөлөөт байдал, тэгш эрх, харилцан тодорхой үр дүнд хүрэхийн тулд хийгддэг учир гэрээ анхнаасаа биелэгдэх бодит боломжгүй байсан нь тогтоогдсон, үүнийгээ гэрээний нэг тал урьдчилан мэдсээр байж байгуулсан, нөгөө тал /хохирогч/ нь мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан бол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үздэг.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Ш.Х нь М.Маас 35.000.000 төгрөг зээлж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “huunii mongo” гэсэн утгатайгаар 2.000.000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр “91118806” гэсэн утгатайгаар 6.500.000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “mashin” гэсэн утгатайгаар 26.000.000 төгрөгийг тус тус буцаан шилжүүлсэн болох нь дансны хуулга, хохирогч, шүүгдэгч нарын бичсэн тодорхойлолт /3хх 106/ зэргээс харагдаж байх бөгөөд зээл авахаар холбогдох материалыг бүрдүүлэн банкинд өгч байсан нь зээлийн мэргэжилтэн Н.С-ийн гэрчээр өгсөн “....2021 оны 05 дугаар сард анх хүсэлт нь ирж байсан байх, ... тэгээд материалууд нь дутуу байсан учир судалгааг нь 07 дугаар сарын үеэс хийж эхлээд барьцаа хөрөнгийн үнэлгээ зэргийг судлаад манай банкнаас гарах зээлийн дээд хэмжээ нь 270 сая төгрөг байна гэхэд “зөвшөөрөөгүй. Тэгээд зээлийн батлан даалтын сангаас гаргуулъя гээд албан тоотоо шинэчилж ирсэн, ... барьцаа хөрөнгөтэй нь очиж танилцаад эрсдэлийн дүгнэлт гаргуулахаар төв банк руу хүргүүлсэн боловч өмнөх онуудын борлуулалтын орлого, мөнгөн урсгал зэрэг нь шаардлага хангаагүй гэж гараад холбогдох баримт бичиг дутуу, дээрх хөтөлбөрийн хугацаа дуусаж байгаа учир зээл олгох боломжгүй болчихсон байгаа ба Ш.Хтай 2021 оны 11 сарын сүүлээр холбогдож хэлэхэд “материалаа ирж авна” гэж хэлж байсан...” /2хх 208-211/, Д.Ж-ын гэрчээр өгсөн “...Ш.Х нэг удаа над руу утсаар залган харилцааны менежер Н.С утсаа авахгүй байна, манай зээл ямар шатандаа явж байгаа бол гэж асууж байсан. ...” /3хх 22-23/ гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Ш.Хг Төрийн банкнаас зээл авахаар материал өгсөн, уг зээлийн асуудал банкны мэргэжилтнээр судлагдаж байгааг болон  зээл олгох эсэх нь банкны эрх хэмжээний асуудал болохыг хохирогч М.М мэдэж байжээ.

Түүнчлэн, хохирогч М.М нь зээл гаргуулах зорилгоор Ш.Хгийн банкны ажилтанд авлигын шинжтэй үйлдэл хийхэд дэмжлэг үзүүлэх санаа  зорилгоор мөнгө өгсөн, банкнаас зээл олгоогүй тохиолдолд уг өгсөн мөнгө нь буцаан төлөгдөх эсэх нь эрсдэл бүхий нөхцөлд орохыг мэдсэн байх бөгөөд банкнаас зээл олгоогүйгээс Ш.Х нь мөнгийг хохирогч  М.Мд буцаан өгөх асуудалд хүндрэлтэй байдал үүссэн байна.

Анхан шатны шүүхээс “шүүгдэгч Ш.Х нь хохирогч М.Мд банкнаас зээл авахаар хөөцөлдөж байгаа тухайгаа хэлж, банкны зээл бүтэхээр буцааж төлнө гэж тухайн үед болж буй үйл явдлыг бодитойгоор хэлж, 35.000.000 төгрөг зээлсэн, түүнчлэн зээлсэн мөнгөнөөс хүү төлж байсан үйл баримт нь хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгосон, бодит байдлыг нууж хохирогчийг төөрөгдөлд оруулсан гэх шинж үгүйсгэгдэж байна” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Харин анхан шатны шүүх “Төрийн банкны ажилтан Д.Жд авлига болгож өгсөн гэж худал хэлсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэхээр байна...” гэж дүгнэсэн нь цагаатгах тогтоолын агуулгатай нийцээгүй дүгнэлт болсныг тэмдэглэж, энэ талаарх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй болсон байх тул давж заалдах шатны шүүхээс залруулж байна.

Дээрх үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

                 1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/14 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Энх-Амгалангийн бичсэн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

                 2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР