| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/0059/Э |
| Дугаар | 96 |
| Огноо | 2018-01-15 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ш.Алтанцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 96
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Ш.Алтанцэцэг,
хохирогч Л.Сэргэлэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч У.Сайнбилэг ҮД:15-54,
шүүгдэгч Б.Цасчихэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн Өмнөговь аймгийн Даланзадгад хотод 1987 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ Солонго ресторанд зохион байгууллагчаар ажиллаж байсан ам бүл-4, нөхөр, 4-6 насны 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 06 дугаар хороо, Тоосгоны 22-р дугаар гудамжны 06 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн Боржигон овогт Баярхүүгийн Цасчихэрт /РД:КН87090302/
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Шүүгдэгч Б.Цасчихэр 2017 оны 04 дүгээр сарын 01-нээс 2017 оны 07 дугаар сарын 23-ны хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Солонго” ресторанд зохион байгуулагчаар ажиллаж байхдаа бараа материалын мөнгө 6.336.382 төгрөгийг хувьдаа авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн /105/2017/0559/ индекстэй 1706020830312 хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Цасчихэр мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд хэргийн талаар ярьсан тул ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Сэргэлэн мэдүүлэхдээ: Цасчихэр манай ресторанд эхлээд зөөгчөөр ажилд ороод, дараа нь зохион байгуулагчаар ажиллаж байгаад дутагдал гарсан юм. Манайд учруулсан хохирлоосоо 5.600.000 төгрөгийг төлсөн. Үлдэж байгаа 736.382 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Талуудын хүсэлтээр хавтас хэргээс:
Мөрдөн байцаалтанд хохирогч Л.Сэргэлэнгийн:.. Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Солонго” зоогийн газрыг ажиллуулдаг юм. 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс манай зоогийн газарт Б.Цасчихэр гэх эмэгтэй зөөгчөөр ажилд орсон юм. Б.Цасчихэр 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс манай зоогийн газрын зохион байгуулагчаар тушаал дэвшин ажиллаж эхэлсэн бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр манай зоогийн газартай хамтарч ажилладаг байгууллагууд бараа бүтээгдэхүүн авсан мөнгө төгрөгөө нэхэмжилсэн. Тэгээд би гайхаад хаанаас ямар өр тооцоо гараад ирэв гэж менежер Б.Халиунаас асуухад бараа бүтээгдэхүүн хүлээн авч тооцоо хийх ажлыг зохион байгуулагч Б.Цасчихэр хариуцаж байгаа гэж хэлэхээр нь зохион байгуулагч Б.Цасчихэрийг дуудаж энэ талаар асуухад надад мөнгө төгрөгний хэрэг гараад бараа бүтээгдэхүүн худалдан авах мөнгийг хувьдаа хэрэглэсэн юм. Би зоогийн газарт учирсан хохирлыг 2017 оны 07 дугаар сарын 31-ний дотор бүрэн төлж барагдуулна гэж хэлээд амлалт бичиг нотариатаар баталгаажуулсан байгаа. Тэгээд 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн хугацаа дууссан учир цагдаад өргөдөл гаргасан юм. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Б.Цасчихэртэй утсаар ярихад би Өмнөговь аймагт байна. Манай өвөө нас барсан би энэ долоо хоногт хот орно би Өмнөговь аймагт байна. Би маргааш таны данс руу 5.000.000 төгрөгийг шилжүүлнэ гэж утсаар ярьсан. Тэгээд энэ талаар таньд мэдэгдэнэ гэж байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 31-р тал/
Мөрдөн байцаалтанд гэрч Б.Халиунгэрэлийн:..Би Шинэ хөдөлгөөн ХХК-н Солонго ресторанд 2009 оноос хойш ажиллаж байна. Одоогоор “Солонго” ресторанд ерөнхий менежер ажил эрхэлж байгаа бөгөөд мөн хажуугаар нь байгууллагын данс тооцоо гарахад тусалдаг юм. 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс манай “Солонго” рестораны Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах салбарт Цасчихэр гэх нэртэй эмэгтэй зөөгчөөр ажилд орсон бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс рестораны зохион байгуулагч болсон юм. “Солонго” рестораны зохион байгуулагч нь кассчины ажил давхар хийдэг бөгөөд өдөр бүрийн бараа материалын захиалга барааны мөнгийг урд өдрийн орой нь орлогын мөнгөнөөс тусд нь авч үлддэг байсан. Тэгээд 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Цасчихэрийн амралттын өдөр таарсан бөгөөд тухайн өдөр манай ажилчин одоо нэрийг нь мэдэхгүй байна” эмэгтэй оронд нь ажилласан юм. Тухайн өдөр манай ресторанд өдөр болгон үхэрийн хавирга нийлүүлдэг Азаа гэх харилцагч тухайн өдөр кассан дээр сууж байсан эмэгтэйд хандан танай ресторан манайхаас 2 сар гаран мах зээлээр авсан байна. Өрөө төл гэж хэлсэний дагуу манай “Солонго” рестораны захиргаа энэ талаар мэдсэн. Тэгээд маргааш өдөр нь Цасчихэрээс энэ талаар асуухад өөрөө энэ үйлдэлээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд мөн бусад харилцагч нараас зээлээр бараа материал авах ёстой байсан нийт 6.336.382 төгрөгийг хувьдаа хэрэглэсэн байсан. Тэгээд Цасчихэртэй 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хувьдаа хэрэглэсэн 6.336.382 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулна гэсэн амлалтыг өөрийн гараар бичүүлэн нотариатчаар баталгаажуулсан юм. Түүнээс хойш Цасчихэр гэх эмэгтэй ямар нэгэн байдлаар өр төлбөрөө барагдуулаагүй байна.гэх мэдүүлэг /хх-ийн 39-р тал/
Мөрдөн байцаалтанд гэрч Э.Алтанцомтын:..Би Цасчихэр гэх хүнийг танина манай эхнэр байгаа юм. Албан ёсоор гэрлэлтийн баталгаа байхгүй байгаа. Яг хэдэн төгрөг хувьдаа завшсан талаар сайн мэдэхгүй байна. Тухайн үед эхнэр бид хоёр 4 сая гаран төгрөгний өрөнд орсон байсан. Тэгээд энэ өрөө төлөх гэж байгаад ийм асуудалд орсон байсан. Би өөрийн эхнэр Цасчихэрийг өөрийн ажиллаж байгаа газрын мөнгө төгрөгнөөс авсан талаар тухайн үед мэдээгүй харин 2017 оны 07 дугаар сарын сүүлээр мэдсэн. Энэ мөнгийг эхнэр бид 2 төлж барагдуулах болно. гэх мэдүүлэг /хх-ийн 41-р тал/
- Хохирол төлсөн баримтууд /хх-ийн 87-88-р тал/
- Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45-р тал/
зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд: Б.Цасчихэр нь 2017 оны 04 дүгээр сарын 01-нээс 2017 оны 07 дугаар сарын 23-ны хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Солонго” ресторанд зохион байгуулагчаар ажиллаж байхдаа бараа материалын мөнгө 6.336.382 төгрөгийг хувьдаа авч хэрэглэсэн үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Б.Цасчихэр 2017 оны 04 дүгээр сарын 01-нээс 2017 оны 07 дугаар сарын 23-ны хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Солонго” ресторанд зохион байгуулагчаар ажиллаж байхдаа бараа материалын мөнгө 6.336.382 төгрөгийг хувьдаа авч завшсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бараа материалын тооцоо хийсэн баримтууд, “Төрийн ”банкны хуулга зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Б.Цасчихэрт гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Шүүгдэгч Б.Цасчихэр нь “ Солонго” рестораны удирдлагаас бараа материал худалдан авах эрх олгосныг урвуугаар ашиглаж бусдын өмч хөрөнгийг өөрийн хэрэгцээнд захиран зарцуулж буй гэм буруугийн шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Цасчихэрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Б.Цасчихэр хохирогч Л.Сэргэлэнд учруулсан 6.336.382 төгрөгнөөс хохирлоос 5.000.000+400.000+200.000=5.600.000 төгрөгийг төлсөн байх ба үлдэгдэл 736.382 төгрөгийг төлөөгүй болох нь төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдож байх тул хохирогч Л.Сэргэлэнд үлдэх төлбөрийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна. /хх-н 87-88-р тал/
Шүүгдэгч Б.Цасчихэр урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 45-р тал/
Шүүгдэгч Б.Цасчихэрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх болон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Баярхүүгийн Цасчихэрийг итгэмжлэн хариуцуулсан бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баярхүүгийн Цасчихэрийг 270 /хоёр зуун далан/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Цасчихэрт оногдуулсан 270 / хоёр зуун далан/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Цасчихэр нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Цасчихэрээс 736.382 /долоон зуун гучин зургаан мянга гурван зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулж, хохирогч Лувсанбалдангийн Сэргэлэнд /РД:ХЙ52010798/ олгосугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Цасчихэрт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ