Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2023/ДШМ/226

 

 

 

 

      2023           02            28                                      2023/ДШМ/226

 

Б.Гэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Аянагүл,

хохирогч Б.Х,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Э.Намжилцэрэн,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 2022/ШЦТ/223 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Х, шүүгдэгч Б.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Гэд холбогдох 2207002540176 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Жалайр овгийн Батсүхийн Гансүх, 1985 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин, хүнд машин механизмийн оператор мэргэжилтэй, “Мишээл” салонд үсчин ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Налайх дүүргийн 7 дугаар хороо, Хийдийн 1 дүгээр гудамжны 16а тоотод оршин суудаг,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүү Г.Батжаргалыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж улмаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар прокурорын тогтоолоор 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг өршөөж хэрэгсэхгүй болгосон /РД:ДК85010218/;

Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Хтэй гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас байнга маргалдаж,

 2022 оны 5 дугаар сарын дундуур Налайх дүүргийн 7 дугаар хороо, Хийдийн 1 дүгээр гудамжны 16а тоот гэртээ нуруу руу нь гутал шидэж, үснээс нь зулгааж чирсэн,

2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо, Хийдийн 1 дүгээр гудамжинд баруун нүд рүү нь гараараа 1 удаа цохьсон,

2022 оны 6 дугаар сарын 11-нээс 12-ны шилжих шөнө Налайх дүргийн 6 дугаар хороо, Мойлтын тохой гэх амралтын газарт маргалдаж улмаар 2 удаа түлхэж унагаасан,

2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо, Хийдийн 1 дүгээр гудамжны 16а тоот хашаанд байрлах машин дотор зүүн нүд болон баруун чих рүү нь 2 удаа цохьсон,

2022 оны 8 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Налайх дүүргийн 7 дугаар хороо, Хийдийн 1 дүгээр гудамжны 16а тоот хашаанд байрлах машин дотор маргалдан улмаар хамар руу нь гараараа 1 удаа цохиж байнга зоддог,

2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо, Хийдийн 1 дүгээр гудамжны 16а тоот гэртээ охин Г.Эд догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Налайх дүүргийн прокурорын газраас: Б.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Жалайр овогт Батсүхийн Гансүхэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон”, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Жалайр овогт Батсүхийн Гансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.Гэд 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гэд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Гэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс нөхөр Б.Гэд 6 сарын хорих ял оногдуулсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна. Б.Г бид хоёр 20 жил амьдардсан, ам бүл 6, 9-19 насны 4 хүүхэдтэйгээ амьдардаг. Өсвөр насны 1 охин, 3 хүүтэй учир аав нь байхгүй хэцүү байна. Хүүхдүүд минь бүгд гэртээ байгаа боловч хоол ундандаа дургүй, идэхгүй, дуугаа хураасан, гунигтай байна. Орой болохоор “аав хаачив, хэзээ ирэх юм” гээд л чимээгүй болчихно.

Манай нөхөр архи уудаг л болохоос биш догшин авир зан байхгүй. Гэр амьтай, хүүхдүүдээсээ холдож үзээгүй хүн ял авсанд миний буруу их бий гэдгийг би ойлгосон. Би нөхрөө жаахан айлгая гэж бодсон нь ийм айхтар юм болчихлоо. Одоо ар гэр, үр хүүхдүүдээ зовоогоод, нөхрөө шоронд хориод хэцүү байна.

Манай нөхөр ажил хийж 3-4 банкны өр зээл ганцаараа төлдөг. Би хувиараа ажил хийдэг болохоор нэмэр бага байдаг. Том хүү 12 дугаар анги төгсөж байна. Тэгээд л хоол хүнс, мод түлээ, охины сургалтын төлбөр, сургууль бас өдөр бүр мөнгө нэхнэ. Энэ бүгдийг нөхөр Гансүх л зохицуулдаг байсан.

Энэ бүх зүйлд Б.Х миний буруу их байгааг ойлгож, ухаарлаа. Иймд манай гэр бүл, 4 хүүхдийн минь байдлыг харгалзан үзэж миний нөхөр Б.Гийн ялыг тэнсэж, ялаас чөлөөлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 223 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү хэмээн доорхи гомдлыг гаргаж байна.

Миний бие эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд ажил хийж, гэр орон, ахуйн амьдрал, үр хүүхдийнхээ суралцах боломжийг хангаж, банкны өр, зээлээ төлдөг билээ. Миний бие Хас банк, Оюутамир ББСБ, Bisinband, ББТ ББСБ зэрэг сард дөрвөн эргэн төлөлт хийдэг байсан. Цагдан хоригдсоноос хойш банк бус машин хураагаад явсан, гэр орны эд хогшил хураах гэж ирсэн байна.

Би өөрийн гэм буруугаа 100 хувь хүлээн зөвшөөрч байна. Энэ хэрэг болсоноос хойш олон зүйлийг ухаарч, ойлгож байна. Надаас болж гэр орон, үр хүүхдийн сэтгэл санаа, сургуульдаа явах, найз нөхдөөсөө санаа зовох, ичих гээд хүүхдүүдийн маань сурч боловсроход хүртэл хүндрэлтэй байна. Гэр бүлийнхэн болон өөрийн ах, дүү, өндөр настай ээжийн минь сэтгэл санаа хэцүүхэн байгаа. Өөрийгөө бүх зүйлд буруутгаж, өөрийн үйлдэлдээ үнэхээр харамсаж, гэмшиж, дахин ийм үйлдэл гаргахгүй гэдэгтээ итгэлтэй байна.

Иймд надад оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар багасгаж, тэнсэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Гийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Б.Гэд оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудтай танилцахад тухайн гэмт хэрэг хардалтаас болж үйлдэгдсэн харагддаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү. Мөн 4 хүүхэдтэй, том охин нь оюутан, дараагийн хүү нь 12 дугаар ангиа төгсөх гэж байгаа, Б.Г нь ганцаараа ажил хийж зээлүүдээ төлдөг. Мөн хүүхдийнхээ төлбөрийг төлдөг байсан. ...” гэв.

Прокурор Д.Аянагүл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт прокуророос шүүгдэгч Б.Гэд 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргасан. Анхан шатны шүүх түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ өмнө нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний биед халдсан болон удаа дараа гэмт хэрэгт холбогдсон, өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийгээгүй зэрэг байдлуудыг харгалзаад эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Б.Гэд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Уг шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх нь шүүгдэгч Б.Гэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон”, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Б.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Хтэй гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас байнга маргалдаж,

 2022 оны 5 дугаар сарын дундуур Налайх дүүргийн 7 дугаар хороо, Хийдийн 1 дүгээр гудамжны 16а тоот гэртээ нуруу руу нь гутал шидэж, үснээс нь зулгааж чирсэн,

2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо, Хийдийн 1 дүгээр гудамжинд баруун нүд рүү нь гараараа 1 удаа цохьсон,

2022 оны 6 дугаар сарын 11-нээс 12-ны шилжих шөнө Налайх дүргийн 6 дугаар хороо, Мойлтын тохой гэх амралтын газарт маргалдаж улмаар 2 удаа түлхэж унагаасан,

2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо, Хийдийн 1 дүгээр гудамжны 16а тоот хашаанд байрлах машин дотор зүүн нүд болон баруун чих рүү нь 2 удаа цохьсон,

2022 оны 8 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Налайх дүүргийн 7 дугаар хороо, Хийдийн 1 дүгээр гудамжны 16а тоот хашаанд байрлах машин дотор маргалдан улмаар хамар руу нь гараараа 1 удаа цохиж байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 10/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 12, 161/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх 118-120/, гэр бүл хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх 121-129/ зэрэг нотлох баримтууд болон,

хохирогч Б.Хгийн “...2022 оны 05 дугаар сард Б.Г ээжтэйгээ тэр хүүхний талаар “Солонгос явна гэсэн яваагүй юм уу, байгаа” гэж утасны спикер дээр тавьж яриад би тэрийг сонсоод бид хоёрын хэрүүл болсон. Б.Г тийм зүйл байхгүй гээд намайг зодсон. ...2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр одонгийн найранд очиж, хамт явсан хоёр залуутай “караокед оръё” гэхэд Б.Г “үгүй” гээд миний нүүр рүү цохиж, зодсон. 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр миний төрсөн өдөр болох гээд Б.Г “мөнгө олоод ирье” гээд Бугат руу дуулахаар явсан. Шөнө 02 цаг өнгөрч байхад Эрдэнээ гэх хүн над руу залгаад “Ганаа нөгөө хүүхэнтэйгээ хамт ирээд намайг зодчихлоо” гэсэн. Би “та байлгаж бай, би яваад очъё” гэсэн. Тэгээд би охинтойгоо явж очсон. Ганаа нөгөө хүүхнээ машинд суулгаад явах гээд байсан. Би явуулахгүй гэж 2-оос 3 удаа зууралдсан. Ганаа охинд “наад янханаа аваад яв, би явлаа” гээд явсан. ...2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Ганаа үүрээр согтуу ирээд “амьдралаа ярилцъя, амьдралаа цэглэе” гэж ярьдаг. Ярихаараа “чи арчаагүй амьтан, миний явдаг хүүхэн сайхан” гэдэг. ...2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Б.Г хэрэлдэж маргалдаад миний нүүр, нүд, чих рүү цохисон. 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр би хотод нэг хэсэг ажил хийдэг байсан. Шүүх хурал болох гээд Б.Г надтай “амьдралаа ярилцъя” гэсэн. Бас л нөгөө хүүхнээ ярьж муудалцаад миний нүүр рүү цохисон. Би 2018 оны өвөл Япон явахаар визэнд орж, виз гарсан. 20 хоногийн өмнө нөхөртөө явлаа гэж хэлсэн. Согтуу ирэх болгондоо “одоо манайхаас яв” гэж үсдэж чирээд, зоддог байсан. Тэрнээс болоод очоод бие өвдөж, ажил хийж чадаагүй. Дараагийн явалтаа хэлэхгүйгээр явсан. Би 05 дугаар сард зодуулчхаад салахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний нүд хүрэн эрээн болсон байсан. ...Өмнө намайг, үр хүүхдээ гэдэг байсан. Гэр бүлээс гадуурх харилцаатай болсноос хойш гэр бүлээ гэхээ больсон. Архи уусан үедээ хүүхдүүдтэйгээ муухай харилцах болсон. ...” /хх 15-16, 18/,

хохирогч Г.Эгийн “...Энэ хоёр байнга муудалцаж байдаг. Манай аав бид нарт муухай үг хэлж, гар хүрдэггүй. Маргавал ээж энэ хоёр хоорондоо маргадаг. Ээжийн нүд 05 дугаар сард хөхөрсөн байсан. “Аав чинь ингэсэн” гэж хэлсэн. 06 дугаар сард мөн адилхан. Гэхдээ тэр үед ээж юу ч хэлээгүй. Би ээжийн нурууг угааж өгөхөд нуруу нь хөхөрсөн байсан. “Яасан юм бэ “гэж асуухад “өчигдөр зодсон” гэж хэлсэн. 08 дугаар сард зодуулсан зургийг би дарж өгсөн. 2022 оны 08 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд гараатай байсан. Аавыг над руу “хаана байгаа юм бэ” гэж асуухад би “ажил дээрээ байна” гэсэн. Аав намайг гэртээ ирж хоноогүй гэдэг талаас нь буруутгаж байсан. 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр аав гэрт байгаагүй, 30-ны өдөр ирсэн. Аав согтуу ирж, ээжтэй муудалцсан. Би “болиоч” гэсэн. Аав бид хоёр юм ярьж байгаад маргасан. Ээж тухайн үед бичлэг хийсэн байсан. Би багаасаа хэрүүлтэй орчинд өссөн. Үг хэлье гэж боддоггүй. Манай аав хүүхдүүдээ хатуу үг хэлдэггүй, аав, ээж хоёр л хэрэлддэг. Бид нарыг аав хайрладаггүй. Маргаанаа больчихвол сайхан байна. 19 жил хэрүүлтэй орчинд амьдарсан. Сүүлийн нэг жил энэ хоёртой маргадаг болж байна. Миний доод талын эрэгтэй дүү одоо 8 дугаар ангиасаа хойш гадуур явдаг болсон. Надад үнэндээ гэрт байх шалтгаан байгаагүй. Би гэртээ 4 хоног байсан. Энэ хоёрын хэрүүл, маргаан хэвээрээ байсан. ...” /хх 158/,

яллагдагч Б.Гийн “...Би 2022 оны 05 дугаар сарын дундуур өглөө ажилдаа явахдаа ээжтэйгээ утсаар ярьсан. Гэтэл Б.Х намайг буруугаар ойлгож, хэрүүл болсон. Ажил дээр хэрэлдэж, гэртээ орой хэрүүл, зодоон болсон. Би энэ буруугаа хүлээж байна. 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр манай хүү Г.Батжингийн багш одонгийн цайллага хийсэн. Би хөтөлж, дуулсан. Буцах замд манай эхнэр хамт явсан хоёр залуутай “караоке, дисконд орно” гэсэн. Би маргааш юм хөтөлж дуулах учраас “эрт явж, амаръя” гээд хэрүүл, маргаан болсон. 2022 оны 06 дугаар сарын 11-ний орой 19 цагт Налайх дүүргийн Бугат ресторанд би хүний хурим хөтөлж, дуулсан. 22 цагийн үед Эрдэнээ ах Мойлтын тохой гээд өөрийнхөө амралтын газраас намайг нэг шил архи аваад хүрээд ирээч гэж дуудсан. Би хамт явсан эмэгтэйгээр машин бариулж очоод, хөзөр тоглож байгаад Эрдэнээ ах бид хоёр маргалдсан. Манай гэр бүлийн хүн охины хамт ирсэн байсан. Тэгээд эхнэртэй маргалдаж, би хаяж явсан. 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр эхнэртэйгээ муудалцаад 14 хоног гэртээ ороогүй. Очихдоо хүүхдүүдийнхээ хүнсийг дөхүүлж өгөөд гардаг байсан. Би 2022 оны 06 дугаар сарын 17-ны шөнө гэртээ очиж, Б.Хг дуудаж, ярилцаж байгаад хоорондоо маргалдсан бөгөөд тийм зүйл болсныг хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Зөрчлийн хурал болсон. 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн маргааны тухайд манай охин 05 дугаар сарын сүүлээс эхэлж өвдсөн. Б.Хтэй охиныг ажил хийлгэх, хийлгэхгүй гэж маргалдсан. Манай охин 2022 оны 08 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд гэртээ ирж хоноогүй. Гэртээ ирээд орой Б.Хтэй маргалдаж, охиноо гадуур хонолоо гэж загнасан. ...Орой 20 цаг 30 минутын үед гэртээ очиход эхнэр гэртээ байгаагүй бөгөөд дөрвөн хүүхэд байсан. Япон явахаа хэлээгүй явсан гэж ярьсан. Эхнэр надад хэлэхгүйгээр хоёр удаа Япон явсан. Энэ асуудлаас болж бид хоёрын таарамжгүй харилцаа, маргаан гарах болсон. ...Хаа явсан газраа видео колл хийж харуул гэдэг байсан. Тэгээд 2021 оны зунаас тэр хүнтэй дахин уулзах болсон. ...” /хх 70-71, 165/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шижилгээний үндэсний хүрээлэнгийн “...2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Налайх дүүргийн Эрүүл мэндийг төвийн яаралтай тусламжийн хуудсанд бичигдсэн зүүн сарвуунд зулгаралт, зүүн шагайн үенд зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүдийн хэмжээ бичигдээгүй байх тул гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй. ...” гэх 2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 12 дугаар /хх 55-59/ гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн Б.Гийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Тухайн зүйлд заасан “байнга” гэх шинжид 3 ба түүнээс дээш үйлдэл хамаарах бөгөөд шүүгдэгч Б.Гийн хувьд эхнэр Б.Хг хэл амаар доромжлох, зодох зэргээр байнгийн шинжтэй байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ.

Хохирогч Б.Х, шүүгдэгч Б.Г нар давж заалдах гомдлууддаа “...хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэжээ.

 Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.Гэд 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх боломжгүй байна.

Шүүгдэгч Б.Гийн удаа дараагийн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий этгээд Б.Хг зодсон үйлдэлд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Анхан шатны шүүх хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгч Б.Гийн урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүү Г.Батжаргалыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж улмаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар прокурорын тогтоолоор 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг өршөөж хэрэгсэхгүй болгосон шийдвэрлэгдэж байсан, мөн энэ төрлийн гэмт хэргийг дахин үйлдсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршигт тохирсон байна.

Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 2022/ШЦТ/223 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Х, шүүгдэгч Б.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 2022/ШЦТ/223 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Х, шүүгдэгч Б.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 84 хоног /наян дөрөв/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                  ШҮҮГЧ                                                              М.АЛДАР

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ