| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2016/00762/И |
| Дугаар | 155/ШШ2016/00854 |
| Огноо | 2016-07-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 155/ШШ2016/00854
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Х аймгийн Р сумын 1 дүгээр багт оршин суух, Р*** дугаар регистртэй, эмэгтэй, Х.Э гийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 155/2016/00845/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Р сумын А нэгдлийн 1 дүгээр бригадад малчин, саальчнаар ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл ажилд орсон ба гарсан тушаал архиваас олдохгүй байгаа тул 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Р сумын А нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х аймгийн Р суманд 1968 онд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, Х аймгийн Р сумын 1 дүгээр багт оршин суух, Р*** дугаар регистртэй, Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Э нь миний эхнэр бөгөөд бие муутай, ирэх боломжгүй байгаа учир итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Тэрээр айлын том хүүхэд бөгөөд ээж нь нас барсан учир 7 дугаар ангиасаа сургуулиас гарч Х аймгийн Р сумын А нэгдэлд 1981 оны 07 сараас эхлэн хонь маллаж эхэлсэн. Тэгээд 1991 он хүртэл хоньчин, саальчнаар ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. Х.Э 5 хүүхэд төрүүлж өсгөсөн, 50 нас хүрсэн тул өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл ажиллаж байсан хугацааны баримт дутуу, сумын архив шатаж зарим бичиг баримтууд нь устсан учир шүүхээр ажиллаж байсан хугацаагаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Х.Э ы Х аймгийн Р сумын А нэгдэлд 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Х.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Х.Э Х аймгийн Р сумын А нэгдэлд 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, саальчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Х аймгийн Р сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Х.Э ы 1986 оны 1 дүгээр сараас 1989 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүний 1982 оноос 1985 оныг дуустал хугацааны цалин, татварын бичилттэй №254680 дугаартай бат илэрхийлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Т.Б гийн ...Х.Э нь Х аймгийн Р суманд 1981 оны 06 сард 7 дугаар анги төгсөөд илгээлтээр тус сумын А нэгдэлд 1981 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд туслах малчин, хоньчин, саальчнаар ажиллаж байсан. Ээж нь нас бараад тэгээд сургуулиас гарч байсан юм. Айлын том хүүхэд байгаа... тасралтгүй ажиллаж байсан... 1981-1985 онуудад ажиллаж байсан, сумын контор шатсан гэсэн, тэгээд үрэгдчихсэн байж магадгүй... Би Х аймгийн Р суманд 1985 онд 10 дугаар анги төгсөөд Эрхүүд сургууль төгсөөд Эрдэнэт хотын хивсний үйлдвэрт 27 жил ажилласан... Бид 1 дүгээр ангиас 7 дугаар анги хүртэл хамт нэг ангид суралцсан. Тэгээд Э нь ар гэрийн гачигдлаар сургуулиас гарч нэгдэлд туслах малчнаар ажиллах болсон. Намайг 10 дугаар анги төгсөх хүртэл ажиллаж л байсан. Тэгээд би сургуульд явсан ч амралтаараа гэртээ харьдаг, энэ үед хүмүүс нэгдлийн ажлаас салдаггүй, хуучин ажлаа хийж л байдаг байсан. Зуны сардаа нэгдлийн ажилд тусладаг байсан юм... Энэ Э нь нэгдлээс ер гараагүй, малаас салаагүй хүн байгаа юм... нэг нутгийн хүмүүс учир сайн мэдэх юм... гэх мэдүүлэг, гэрч Н.Батхуягийн ...Х.Э нь Х аймгийн Р сумын А нэгдэлд сургуулиас гараад малчин болж байсан. 1981 оноос 1990 он хүртэл ажилласан. Нэгдлийн хонь хариуцан маллаж, саальчин хийж байсан. 1 дүгээр бригадын малчин байсан... тасралтгүй ажиллаж байсан, сургууль соёлд яваагүй, мал маллаад, ажилгүй хүн байсан биш дээ... 1981-1985 оны цалин бичигдээгүйг ёстой мэдэхгүй юм. Малчин байсан нь үнэн. Манай сумын архив байхгүй, шатчихсан учир цалин хөлсний бичилт байхгүй гээд хүмүүс хохироод байгаа юм... Би Х аймгийн Р сумын А нэгдэлд 2 дугаар анги төгсөж аав, ээжийнхээ туслах малчнаар ажилласан. Тэгээд хөдөлмөрийн нас хүрээд цалин авсан, нэгдэл тартал ажилласан... Х.Э нь зүгээр байдаггүй, ясны малчин, айхтар хүн байгаа юм... нутаг усны хүмүүс андахгүй сайн мэднэ... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Х.Э гийн ажиллаж байсан үеийн баримт, цалин хөлсний лавлагаа байхгүй болох нь Х аймгийн Р сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Тус сумын Засаг даргын тамгын газрын контор 2007 онд галд шатахад А нэгдлийн цалингийн цэсний хагас нь шатсаны улмаас Хүүхэд овогтой Э ы 1982-1985 онуудад ажиллаж байсан цалингийн цэс олдоогүй болно гэх бичилттэй 3/111 тоот тодорхойлолт, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Х аймгийн Р сумын 4 дүгээр багт байрлах Засаг даргын тамгын газрын байранд 2007 оны 2 дугаар сард гал гарч 33.345.226 төгрөгний хохирол учирч шатсан гэх бичилттэй тодорхойлолт, Х аймгийн Р сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Тус сумын архивт нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул Х.Э д холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 3/95 дугаартай тодорхойлолт, Х аймгийн архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Тус аймгийн Р сумын А нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул Х.Э д холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/385 дугаартай тодорхойлолтоор тус тус нотлогдож байх тул хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х.Э ы Х аймгийн Р сумын А нэгдэлд 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА