Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2018/ШЦТ/001

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж, 

нарийн бичгийн дарга Б.Ж,

улсын яллагч М.Ф,

шүүгдэгч М.А, У.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт М.А, Х овогт У.С нарт холбогдох 1713000000076 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1987 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт оршин суудаг, 2007 оны 08 дугаар сарын 27-ний өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1.5-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, тус ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт М.А

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1990 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт У.С

Шүүгдэгч М.А, У.С нарын холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч нар 2017 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 00:00 цагийн үед Өлгий сумын 5 дугаар багт байрлах А баарны гадна хохирогч Х.Е-ыг М.А согтуугаар зодсон, хохирогч Ш.А-ыг М.А, У.С нар согтуугаар бүлэглэж зодож хохирогч Х.Е, Ш.А нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2017 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 00 цагаас 00 цаг 30 минутын үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар багт байрлах “А” нэртэй бааранд иргэн Х.Е, Ш.А нартай үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, улмаар шүүгдэгч М.А нь уг баарны үүдний өрөөний шатан дээр хохирогч  Х.Е-ын хамар тус газар нь хөлөөрөө 1 удаа санаатай өшиглөж, түүний хамрыг мурийлган гэмтээж, хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, мөн  уг баарны урд талын засмал зам дээр шүүгдэгч У.С-гийн хамт түүний нуруу болон толгойн тус газар нь хэд хэдэн удаа санаатай өшиглөж зодон биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,

Харин шүүгдэгч  У.С нь “А”  баарны гадна хохирогч  Ш.А-ыг санаатайгаар нүүрэн тус газар нь болон цээж хэсэгт нь хэд хэдэн удаа гараараа цохиж, гэдэс тус газар нь 1 удаа өшиглөн зодож, улмаар уг баарны урд талын засмал зам дээр шүүгдэгч М.А-ын хамт түүний нуруу болон толгойн тус газар нь хэд хэдэн удаа санаатай өшиглөж зодон биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох 

- Шүүгдэгч М.А-ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ болон мөрдөн байцаалтад өгсөн “...Архи ууснаас болсон. Х.Е, Ш.Х нар ч гэсэн архи уусан байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч  гэмшиж байна. Би цаашдаа  дахин ийм асуудал гаргахгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 73-75 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/  

- Шүүгдэгч У.С-гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ болон мөрдөн байцаалтад өгсөн “... Бид үл таних залуучуудтай маргалдсан. Тэдний нэрийг Е, А болохыг мэдсэн. Би А гэгч залууг зодсон. ...Би А-аас уучлалт гуйж, хохирлыг төлж өгсөн. Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би түүний толгой нүүрэн тус газар хэдэн удаа  цохиж зодсон. Би гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Би цаашид ямар нэгэн асуудал гаргахгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 76-78 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/  

  -Хохирогч Ш.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...бид хоёр Irish пабд ороод 8 орчим пиво уусан ба...С босч ирээд дахин надаас “чи утсаа өгчих” гэхээр нь би түүнд хандаж “чи яагаад хүнээс зүгээр гуйдаггүй юм бэ, зүгээр асууж болдоггүй юм уу, албатай юм уу” гэж хэлсэн. Тэр үед С “чи яасан том болсон бацаан бэ” гэхэд нь би  түүнд “чи битгий хүнийг бацаан гэж дуудаад бай, би чамаас ах хүн байна” гэж хэлсэн. Түүнээс болоод бид хоёр хоорондоо маргалдсан юм. Тэгээд бармен паб хаах цаг боллоо гэсэн ба бид нар пабаас гарах гэтэл С болон Б нар бармен руу “пизда” гэх мэтээр хэл амаар доромжлохоор нь би тэр хоёрыг эмэгтэй хүнтэй тэгж харилцаж болохгүй гээд хаалганаас түрж гаргасан юм. Пабаас гартал Сгийн хажууд явж байсан улаан өнгийн цамцтай залуу Е-ын нүүр рүү нь цохисон ба Е-ын хамраас нь цус гараад...тэр үед С намайг чи гараад ир гэж чирээд бид хоёр шатнаас буугаад гадагш гарсан юм. С гадаа гараад “чи намайг мэдэх үү, би А дүү С байна” гэхэд нь би “чиний хэн байх хамаагүй, би мэдэх албатай юм уу” гэж хэлсэн. Тэгтэл С намайг барьж аваад миний элэг рүү хөлөөрөө өшиглөөд нүүр лүү гараараа цохиод хоёр талын хавирга руу цохиход нь би түүнийг “чи ах хүн зодлоо” гэсэн ба тэр үед С “би ах хүн зодох дуртай” гээд дахин миний хавирга руу гараараа хэд хэдэн удаа цохиход нь би зугтаасан. Би зугтаагаад явж байтал А урдаас гарч ирээд намайг засмал зам дээр унагааж аваад өшиглөж А болон С нар нуруу руу болон толгой руу өшиглөж байсан ба би газар хэвтэж байсан тул толгойгоо дараад хэн нь өшиглөж байгааг хараагүй, гэтэл машин ирж байна гээд больсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/, 

-Хохирогч Х.Е-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...бид нар гадагш гарсан ба намайг гараад явж байхад тэд нарын нэг нь миний хамар руу нь өшиглөсөн бөгөөд 1-2 шат доошоо өнхрөөд хамрынхаа цусыг гоожуулаад...тэгээд бид нар гадагш гарахад тэд А-тай зодолдож байсан. Намайг гадагш гарахад А-ыг С хөөгөөд явж байсан ба А зугтаагаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

- Гэрч А.П-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэд пабнаас гарангуутаа шатан дээр бөөн зодоон болсон ба бидний хажуугийн ширээнд сууж байсан нэг залуугийн хамраас цус гарчихсан сууж байсан...гадагш гарч ирээд ... барьцалдаж, чирээд нэг нэгнийгээ цохиод өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

- Гэрч Е.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Гараад ирэхэд тэд нар хоорондоо зууралдаад чанга чанга яриад байсан ба хэн хэнтэйгээ барьцалдаж авсныг анзаараагүй...намайг гараад ирэхэд хамраас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 дүгээр хуудас/, 

- Гэрч Р.Ж-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...С, А нар нь тэдний хажуугийн ширээнд сууж байсан  миний  зүс таних  Е,  А нартай  маргалдаад зууралдаж авсан байхаар нь би очоод “больцгоо та нар яах гээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгээд зөөгч ирээд бид нар пабаа хаах гээд байна гэхэд бүгд гарцгаасан ба шатан дээр гарч ирээд Е-н нүүрэн тус газар нь А цохиход Еын хамраас маш их хэмжээтэй цус гараад доошоо хараад суучихсан юм. Гэтэл С болон А нар нэг нэгнийгээ чирээд гадагш гарсан ба бид нар араас нь дагаад гарсан юм. Тухайн үед би нэлээн согтуу байсан ба гадагш гараад намайг хэн нэгэн цохих шиг болсон бөгөөд түүнээс хойш юу болсныг би санахгүй байна. Би тэд нарын маргааныг салгах гээд ууртай байсан ба салхинд гараад нэлээн согтсон байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 58 59 дүгээр хуудас/,

-Насанд хүрээгүй гэрч А.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/ 

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №411 дугаартай дүгнэлтэд: “... Иргэн Х.Е-ын биед тархины доргилттой, хамрын нуруунд хавдартай,  мурийлттай, хавдартай, баруун дотор хажууд шархтай, хөх ягаан туяатай цус хуралттай, баруун доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун хацарт хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай зэрэг зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдлоо...Иргэн Х.Еын биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” /хх-ийн 62 дугаар хуудас/ 

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 134-135 дугаар хуудас/, бичлэг бүхий CD,

- Эмчийн магадалгаа, тодорхойлолт /хх-ийн 150-151 дүгээр хуудас/

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №412 дугаартай дүгнэлтэд: “... Иргэн Ш.Аын биед тархины доргилттой, духны зүүн хавдартай, зүүн хацар шанаанд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн талд дээд уруулд хөх ягаан туяатай цус хуралттай, дээд эрүүний 1 үүдэн шүд 2 зэргийн суларсан зэрэг зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдлоо… Иргэн Ш.Х-ын биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” /хх-ийн 68 дугаар хуудас/ зэргээр болон хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нар нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Иймд М.Аыг бүлэглэж 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч У.Сг бүлэглэж 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг “бүлэглэж, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” зэрэг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байна гэж дүгнэлээ.

 Уг гэмт хэргийн улмаас хохирогч Х.Е, Ш.А нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан, хохирогч Х.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 130000 төгрөг нэхэмжилсэн ба мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Х.А 100000 төгрөг, шүүгдэгч У.С 200000 төгрөг түүнд өгч нийт 300000 төгрөг төлж түүнийг хохирлыг барагдуулсан, харин хохирогч Х.Е нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 600000 төгрөг нэхэмжилсэн ба мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Х.А нь түүнд 700000 төгрөг өгч хохирлыг барагдуулсан байна. Уг гэмт хэргийн улмаас хохирогч нарын биед учирсан гэмтэлд хойшид эмчилгээ хийлгэхтэй холбогдон эд хөрөнгийн хохирол учирч болзошгүйг харгалзан  хохирогч нар иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж, уг тогтоолоор шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

1. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин ял хүндрүүлэх нөхцөл байдалгүйг тус тус харгалзан үзлээ. 

Шүүгдэгч нар нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу ялаас чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдэл оролцоо, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн ажил эрхлэлт, нас, хөрөнгө, орлого зэрэг хувийн байдлыг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын хөнгөн ял болох торгох ялыг сонгон, ялыг ялгамжтай оногдуулж,  шүүгдэгч М.А-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний, шүүгдэгч У.Сг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 500 нэгж нь 500000 төгрөгтэй, 450 нэгж нь 450000 төгрөгтэй  тэнцэх юм.

Шүүх шүүгдэгч нарын ажил эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд, өөрийн боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов. Уг ялыг биелүүлэх 3 сарын хугацаа нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоологдоно.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Торгох ялыг шүүгдэгч нарт ялгамжтай оногдуулсны учир нь шүүгдэгч М.А нь 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч У.С 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзлээ. Уг гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь архийг хэтрүүлэн хэрэглэснээс өөрийн биеийг эрүүл ухаанаар удирдан жолоодох чадвараа тодорхой хэмжээгээр алдсанаас үүдэлтэй байх тул тэднийг ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1, 3.3-д зааснаар шүүгдэгч М.А, У.С нарт “1 жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ. 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж ирсэн, урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээ зөрчсөний улмаас 2 хоног цагдан хоригдсон байх тул  цагдан хоригдсон 2 хоногийг  Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу 1 хоногийг 15000 төгрөгөөр буюу нийт 30000 төгрөгөөр тооцож, тэдний эдлэх торгуулийн ялаас тус бүр хасах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, хохирогч Х.Е, Ш.А нар гэмт хэргийн улмаас хойшид учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий СД-г  хэргийн хамт хадгалж,  торгуулийн ялын биелэлтийг хангах зорилгоор шүүгдэгч М.Аын гар утас, шүүгдэгч У.Сгийн гэр бүлийн дундын өмчлөлийн хөлдөөгч битүүмжилсэн тогтоолуудыг тус тус хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын  мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч нарын хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5,  36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

ТОГТООХ нь :

 1.Шүүгдэгч Ж овогт М.А-ыг бүлэглэж,  2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч Х овогт У.С-ыг  бүлэглэж 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-ыг 500 “таван зуун” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.С-г 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар  тус тус шийтгэсүгэй. 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1, 3.3-т зааснаар шүүгдэгч М.А, У.С нарт “1 жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” албадлагын арга хэмжээ авсугай. 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч М.А, У.С нарын  тус бүр цагдан хоригдсон 2 хоногийг 30000 төгрөгөөр тооцож, тэдний  эдлэх торгуулийн ялаас тус тус хассугай.

  5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А, У.С нарт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

   6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А, У.С нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

  7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд заасны дагуу энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий СД-г  хэргийн хамт хадгалж,  шүүгдэгч М.Аын гар утас, шүүгдэгч У.Сгийн  гэр бүлийн дундын өмчлөлийн хөлдөөгч битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг тус тус хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэлд шилжүүлсүгэй. 

 8. Шүүгдэгч нар нь энэ шийтгэх  тогтоолоор бусдад төлөх төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, хохирогчид гэмт хэргийн улмаас хойшид учирсан хохирлоо Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, тэдний хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгосугай. 

 9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.А