Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2023/ДШМ/227

 

 

 

 

      2023           02            28                                       2023/ДШМ/227

 

Д.Ут холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Баясгалан,  

шүүгдэгч Д.У, түүний өмгөөлөгч Б.Буянжаргал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж хийсэн 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 2023/ШЗ/12 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Баясгалангийн бичсэн 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаартай эсэргүүцлээр Д.Ут холбогдох 2207000000262 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Сартуул овгийн Дашравдангийн Ууганбаяр, 1990 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, График дизайн мэргэжилтэй, Таван богд ХХК-д харилцагч хөгжүүлэх ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 95-05 тоотод оршин суух хаягтай, /РД:ТИ90021370/;

Д.У нь 2022 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Уу булан” нэртэй амралтын газрын авто зогсоолд байрлуулсан иргэн Б.Бямбасүрэнгийн эзэмшлийн 60-28 УАК улсын дугаартай Хонда Фит загварын автомашины баруун урд хаалга, түүний шил, гурвалжин шил, бариул, босоо хавтас зэргийг,

мөн иргэн Г.Мөнхбаярын эзэмшлийн 75-70 УАВ улсын дугаартай Тоёота Камри автомашины урд салхины шил, 4 талын хаалга, урд буфер, крыло, баруун толины гадар гэр, хаалганы шил өргөгч зэргийг тус тус чулуугаар цохин хагалж, санаатайгаар гэмтээж эвдсэний улмаас бусдад нийт 2.905.000 төгрөгийн хохирол, шууд бус зардал бүхий 710.200 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх дүүргийн прокурорын газраас: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчийн мэдүүлэг зэргийг хянан үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “...эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал...”, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэрэг байдлуудыг бүрэн тогтоогоогүй, хуулийн шаардлага хангаагүй байх тул хэргийг прокурорт буцааж дараахь мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагатай гэж үзлээ. Үүнд:

Гэмт хэрэг үйлдэгдэхийн өмнө шүүгдэгч Д.У болон гэрч П.Отгоншагай нар нь зодолдож байсан талаар мэдүүлсэн гэрч П.Мөнхзул, И.Энхнаран, Б.Тэмүүжин, П.Отгоншагай нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн №15323 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаас үнэлэхэд шүүгдэгчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байдалд гэрч П.Отгоншагай, шүүгдэгч Д.У нарын зодолдсон үйлдэлд хамаатай эсэхийг тогтоох,

Шүүгдэгч Д.Уын зогсоол дээр байгаа автомашинуудыг авч явах зорилгоор гэмтээсэн үйлдлийн сэдэлт санаа зорилгыг бүрэн тогтоох, хоёр автомашиныг гэмтээсэн үйлдлийн шинжид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлд заасан үргэлжилсэн үйлдэл байгаа эсэх зэргийг тус тус тогтоох зэрэг мөрдөн шалгах ажиллагааг явуулах шаардлагатай байна гэж шүүх үзэв.

Мөн шүүгдэгчийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх байдлаар тохиролцсон байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй бөгөөд шүүгдэгчийн гадаад улсад суралцдаг хувийн байдал нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл гэж дүгнэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Сартуул овогт Дашравдангийн Ууганбаярт холбогдох эрүүгийн 2207000000262 дугаартай хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж үзэж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Баясгалан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжийг дараахь үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэг “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, мөн зүйлийн 5 дахь хэсэгт хорих ялын доод хэмжээг 8 жилээс дээш хугацаагаар оногдуулах гэмт хэрэг үйлдээгүй тохиолдолд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.

Яллагдагч Б.Ууганбаярын хувьд, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдсон, өөрөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасныг хүлээн авч хянаад, прокуророос түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болон хувийн байдлыг харгалзан эрх хэмжээний хүрээнд хүсэлтийг ханган шийдвэрлэж, ялаас чөлөөлөх саналыг гаргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэн, хууль эрх зүйн ухамсрыг удирдлага болгон прокуророос яллах дүгнэлт үйлдсэн.

Гэтэл шүүх яллагдагч Б.Ууганбаярт холбогдох хэргийг хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэж нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэхдээ, Д.Ут холбогдох хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-ээс 4.6 дахь заалтад заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэж байгаа үндэслэлээ шийдвэрт тусгаагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг хэрэгжүүлж ажиллаагүй гэж үзэх үндэслэл болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд болох Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 15323 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Д.Уын биед “баруун бугалга, тохой, шуунд цус хуралт, зүүн зулай, баруун хацар, тохой, шуунд зулгаралт гэмтэл” тогтоогдсон, энэ талаар яллагдагч Д.У нь мэдүүлэхдээ “...баруун бугалган дээрх гэмтлийг бол фит загварын тээврийн хэрэгслийн шилийг хагалах гээд цохих үед учирсан...” гэжээ.

Тухайн үед Д.У нь Т.Отгоншагайтай маргалдаж, ноцолдох явцад дээрх гэмтүүдийг авсан гэж мэдүүлээгүй, шинжээч эмчийн мэдүүлэгт түүнд учирсан бэртэл гэмтлийг ялган, аль гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарах эсэхийг дурдсан мэдүүлэг зэргээр нөхцөл байдлыг тогтоосон байхад уг асуудлыг дахин шалгуулахаар шийдвэртээ тусгаж, үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг зөрчсөн байна.

Тодруулбал, яллагдагч Д.Уын биедээ гэмтэл авсан гэх үйлдэл нь түүнд холбогдох бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй ба эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд Д.Уын үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг шийдвэрлэх бүрэн боломжтой юм.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад, худал мэдүүлбэл эрүүгийн хариуцлага хүлээх хууль сануулагдсан хохирогч Г.Мөнхбаяр, Б.Бямбасүрэн, гэрч Б.Хөвсгөлдалай, И.Энхнаран, Б.Тэмүүжин, П.Отгоншагай, П.Мөнхзул болон яллагдагч Д.У нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт, Д.Уын үйлдсэн эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийн шинж бүхий сэдэлт санаа зорилго тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлд заасан үргэлжилсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл бий эсэхийг тус тус тогтоох мөрдөн шалгах ажиллагааг явуулах шаардлагагүй байна.

Шүүх үргэлжилсэн гэмт хэргийн ямар шинж байгаа, энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримт авагдсан эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж дурдаагүй нь таамагласан шинжтэй гэж үзнэ.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан ба яллагдагч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх санал гаргасан нь хууль зөрчөөгүй, гагцхүү хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимтай нийцнэ.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж прокурорын ялын саналын хүрээнд шийдвэр гаргахаар зохицуулсныг дурдах нь зүйтэй.

Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 2023/ШЗ/12 дугаар шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгож, хүчин төгөлдөр эрх зүйн хэлбэр болох прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.  

Шүүгдэгч Д.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Намайг ийм болчимгүй үйлдэл гаргасан болохыг ойр тойрны хүмүүс маш их гайхаж байгаа. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хоёр хүүхэдтэй минь холбоотой зүйл ярьсан болохоор би биеэ барьж чадаагүй. Хохирогч нарын хохирлыг барагдуулсан. ...” гэв.

Шүүгдэгч Д.Уын өмгөөлөгч Б.Буянжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Яллагдагч Д.У нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч нар гомдолгүй гэх бичгийг өгсөн. Яллагдагч Д.У нь “гадаад улс руу явах гэж байгаа гэх үндэслэлээр ялаас чөлөөлж өгнө үү” гэх хүсэлт гаргаагүй. Иймд нэг талыг барьсан шийдвэр гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 6 үндэслэлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл байхгүй байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.Ут холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан, шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэхэд хүрэлцэхүйц нотлох баримт хангалттай цугларсан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд үндэслэн Д.Уын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

 

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн бодит байдлыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Хэргийг мөрдөн байцаалтад буцааж, дахин шалгуулах шаардлагагүй талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

 

Давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцсэн шүүхийн гаргах шийдвэрийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд зохицуулсан бөгөөд уг зүйлийн 1.3 дахь заалт буюу “энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.7 дугаар зүйлийн 6.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах” гэснийг Улсын Их Хурлаас баталсан 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон ба энэ хууль мөн оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүчин төгөлдөр болсон байна.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн тогтоох хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 2023/ШЗ/12 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Хэрэг прокурорт очтол Д.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                  ШҮҮГЧ                                                              М.АЛДАР

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ