Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 01891

 

 

 

 

 

 

 

 

 

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/01814 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э ХХК хариуцагч М ХХК, Н.Н т холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 14 730 900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК-тай 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 18 тоот түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318-326 дугаар зүйл болон холбогдох бусад хууль, тогтоомжийг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан. Түрээсийн гэрээгээр М ХХК нь 10x20 дотор булан нийт 150 ширхэг барилгын туслах материалыг 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл түрээсэлсэн. Нийт түрээсийн төлбөр 7 380 000 төгрөг, зарсан материалын дүн 2 265 600 төгрөг, дутсан бараа материалын дүн 2 940 000 /гэрээний 1.6-д заасны дагуу бараа материалыг гэмтээсэн, устгасан, алдсан тохиолдолд үнийн дүнгийн 100%-иар бодож тооцно/ эвдрэл гэмтлийн дүн 135 000 төгрөг, нийт төлбөр 12 720 600 төгрөгөөс барьцаа 2 000 000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 900 000 төгрөг төлснийг тус тус хасаж үлдэгдэл түрээсийн төлбөр 9 820 600 төгрөг байна. Түрээсийн гэрээний 4.2 дахь хэсэгт алданги тооцно гэж заасны дагуу алдангийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 о ны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл нийт 38 хоногт тооцож 1 865 914 төгрөгөөр тооцов. Иймд хариуцагч М ХХК-аас түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 9 820 600 төгрөг, алданги 1 865 914 төгрөг нийт 11 686 514 төгрөгийг хариуцагчаас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээнд заасны дагуу алдангийг 3 044 386 төгрөгөөр нэмэгдүүлж, нийтдээ хариуцагчаас түрээсийн гэрээний төлбөр 9 820 600 төгрөг, алдангийг төлөөгүй үнийн дүнгийн 50 хувиар тооцож 4 910 300 төгрөг, нийт 14 730 900 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Манайх анх хоёр хариуцагчид холбогдуулан нэхэмжлэлээ гаргасан боловч хамтран хариуцагч Н.Н нь М ХХК-д одоогийн байдлаар ажил эрхэлдэггүй байгаа тул түүнээс татгалзсан. Хариуцагч татгалзсан татгалзлаа нотлох баримт гаргаж нотлоогүй, өөрөөр хэлбэл, манайхаас гэрээний дагуу авсан 150 ширхэг 10х20 дотор булангаас 80 ширхэгийг өгсөн түүнээс 27 ширхэг нь эвдэрхий гагнуур гэж тэмдэглэгдэж баримтаар хүлээн авснаа манайх нотолж байхад өөрсдөө үлдэх 80 ширхэг буланг хүлээлгэн өгснөө нотолж холбогдох баримтыг гаргаж өгөөгүй байна. Гэрээний дагуу хариуцагч компани манай компаниас хөөс худалдаж авсан баримт үйлдсэн, түүнийгээ шүүхэд баримтыг нь гаргаж өгсөн. Алдангийг хууль болон гэрээнд зааснаар манайх 50 хувиар тооцож нэхэмжилсэн учир манай нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд Э ХХК нь М ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн гэрээний үүргийн төлбөр болох 9 820 600 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Алданги 1 865 914 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба нэхэмжлэлээс хүлээн зөвшөөрсөн үнийн дүнд эвлэрэх хүсэлтэй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагаас бол манай компани нийт түрээсийн төлбөр 7 380 000 төгрөгийг л хүлээн зөвшөөрч байгаа, энэ түрээсийн гэрээний дагуу бид нар цаг хугацаанд нь тодорхой шалтгаанаас болоод төлөөгүй юм. Энэ 7 380 000 төгрөг нь түрээсийн гэрээтэй холбоотой түрээсийн төлбөр бусад нь түрээсийн гэрээнд хамааралгүй. Нэхэмжилж байгаа, зарсан материалын дүн гэсэн 2 265 600 төгрөг, дутсан бараа материалын дүн 2 940 000 төгрөг зэрэг нь ямар баримтын үндсэн дээр хөөсийг зарсан, 10х20-той дотор булан 80 ширхэгийг дутаасан, 27 ширхэг буланг 135 000 төгрөгөөр гагнасан гэж нэхэмжилж байгаа талаар нотлох баримт байхгүй, гэрээгээр дутаасан тохиолдолд төлбөрийг төлнө, зарсан тохиолдолд төлбөрийг түрээсийн төлбөртэй адилтгаж төлнө гэсэн зохицуулалт гэрээнд байхгүй. Хавтаст хэрэгт н.Нямдондогийн 2 000 000 төгрөгийн түрээс, 3 904 000 төгрөгийн түрээс нийт 5 904 000 төгрөгийн баримт байна, 30 ширхэг булан гээд байгаа, 10*20 булангийн нийт түрээс нь 1 476 000 төгрөгийн баримт гэсэн юм байхгүй, гэтэл манайх өөрөө нотлох баримтаа өгөөд, үнэхээр бид нар 7 380 000 төгрөгийн түрээс төлнө, манайх үлдэгдэлтэй байна. Гэтэл үндэслэлгүйгээр гаргуулахаар нэхэмжилсэн 9 820 600 төгрөг нь огт үндэслэлгүй үнийн дүн, зарсан, дутсан гээд байгаа бараа материал нь энэ гэрээтэй холбоотой биш учир шийдвэрлэгдэх асуудал биш, энэ гэрээтэй холбоотой шийдвэрлэгдэх асуудал бол зөвхөн түрээсэлсэн булангийн түрээсийн асуудлаа шийдвэрлэх ёстой. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтууд нь 5 904 000 төгрөгийн баримт байгаа учраас шүүх бүрэлдэхүүн баримтын хүрээнд л хэргээ шийдвэрлэнэ. Мөн алданги тооцохдоо гэрээгээр төлбөр төлөх хугацааг заагаагүй, гэтэл гэрээ хийсэн огнооноос хойш алданги тооцох нь хууль зүйн үндэслэлгүй. Манайх түрээсийн төлбөрөө төлөөд, төлөөгүй хоногоос алданги тооцох ёстой байтал энэ гэрээнд тийм зохицуулалт байхгүй байтал огт үндэслэлгүй, алдангийн асуудал яригдаад байна. Мөн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш алданги бол зогсож байгаа гэтэл үүнээс хойш хугацааны алдангийг нэмэгдүүлж шаардаж байгаа нь үндэслэлгүй. Тийм учраас үндсэн түрээсийн төлбөр болох хавтаст хэргийн хүрээнд байгаа, 5 904 000 төгрөгийн түрээсийн төлбөрийн асуудал яригдана. Иймд нэхэмжлэлийн шаардлагын алдангийн асуудлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн түрээсийн төлбөрөөс манай бол 7 380 000 төгрөгийг зөвшөөрч байгаа, гэтэл хавтаст хэргийн баримтын хүрээнд шийдвэрлэх юм бол шүүх бүрэлдэхүүн сайн тооцож дүгнэлтээ гаргах нь зүйтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг манайх ийм байдлаар хүлээн зөвшөөрөх боломжтой гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч Н.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би М ХХК-ийн хангамжийн менежер хийдэг тул М ХХК-ийн ажлыг хийсэн тул Э ХХК-ийн надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ асуудлыг манай “Марч консрокшн” ХХК төлж барагдуулах учиртай гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 381 дүгээр зүйлийн 381.1, 289 дүгээр зүйлийн 289.1.5, 289.2.2, 292 дугаар зүйлийн 292.3, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 14 730 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЭСУ ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хамтран хариуцагчаар татан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан, Н.Нямдондогоос татгалзсан татгалзлыг баталж, түүнд холбогдуулан үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /201 935 + 63670/ 265 605 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч М ХХК-иас 231 604 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Марч констракшн ХХК-аас 14 730 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэгдүгээрт талууд барилгын хэв хашмал түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч түрээсийн гэрээний уүргийн биелэлтэнд 9 820 600 төгрөг, алдангид 1 865 914 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэвч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 9 820 600 төгрөгөөс 2 940 000 төгрөгийн бараа материал /хөөс/ худалдаж, худалдан авсан гэрээний харилцаа байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд /түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хүрээнд бус/ талуудын хооронд үүссэн худалдах худалдан авах гэрээний харилцааг хамруулан, өөр төрлийн харилцаатай хамтад нь шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан “хуулийг буруу хэрэглэсэн алдаа гаргаж” алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн М ХХК-аас 14 730 900 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 231 604 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК олгох шийдвэрийг 7 380 000 төгрөг олгохоор болгож өөрчилж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч М ХХК, Н.Н нарт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 14 730 900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Н-с татгалзсан ба хариуцагч М ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Э ХХК нь М ХХК нарын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр түрээслэгч нь 10х20 хэмжээтэй дотор булан нийт 150 ширхэг барилгын туслах материалыг 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаагаар ашиглуулахаар түрээслэгчид шилжүүлэн өгөх, түрээслүүлэгч нь 30 хоногийн хугацаатай, нэг хоногийн 30 000 төгрөгөөр тооцон нийт 900 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-6-7, 13/

 

Хэргийн 12-13 дугаар тал дах баримт болон талуудын тайлбараар нэхэмжлэгч нь хариуцагчид түрээслэх зорилгоор 10х20 хэмжээтэй дотор булан болох 150 ширхэг барилгын туслах материал хүлээлгэн өгсөн, 80 ширхэг хөөсийг худалдсан байх ба хариуцагч нь нэхэмжлэгчид түрээслэсэн 150 ширхэг барилгын туслах материалаас 70 ширхэгийг буцаан өгөөгүй, 80 ширхэг хөөсний үнийг төлөөгүй болох нь тогтоогдсон байна.

 

Талуудын хооронд түрээсийн гэрээ болон худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дутуу дүгнэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж нэмж дүгнэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч М ХХК-иас түрээсийн төлбөр 7 380 000 төгрөг, дутуу бараа материалын тооцоо 2 940 000 төгрөг, худалдан авсан бараа материалын тооцоо 2 265 600 төгрөг, эвдрэл гэмтлийн тооцоо 135 000 төгрөг нийт 12 720 600 төгрөг болсноос түрээсийн төлбөрт төлсөн 900 000 төгрөг болон барьцааны 2 000 000 төгрөгийг хасч тооцон 9 820 600 төгрөг төлөх үүрэгтэй гэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алдангийн хэмжээг ихэсгэж 4 910 300 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч нь нэхэмжлэгчид 9 820 600 төлөхийг зөвшөөрсөн харин 4 910 300 төгрөгний алданги төлөхгүй гэх тайлбар шүүхэд гаргасан байна.

 

 Дээрх хариуцагчийн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэж нэхэмжлэгчид хариуцагчаас түрээсийн болон худалдах худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр, эвдрэл гэмтлийг засахад гарсан зардлыг тооцож 9 820 600 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Гэрээний 4.2-т “түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувиар бодож алданги тооцно” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байх бөгөөд нэхэмжлэгч алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 50 хувиар хязгаарлан тооцож 4 910 300 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Нэхэмжлэгч нь зөрчигдсөн эрхээ сэргээн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх 38 хоногийн алдангийг түрээсийн төлбөрийн үлдэгдэл 7 380 000 төгрөгөөс тооцох байтал дутуу хүлээн авсан барилгын туслах материал, худалдсан хөөсний үнэ, барилгын туслах материл гэмтээснийг зассан зардал оруулсан дүн болох 9 820 600 төгрөгөөс тооцсон алдаа гаргасныг залруулж 38 хоногийн алдангид 1 402 200 төгрөг төлүүлэхээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч М ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1.2, 2.2.4, 2.2.6, 2.2.7-д заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үүргээ зөрчсөн буруутай байх тул Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.3-т хөлслүүлсэн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийх үүргийг хөлслүүлэгч нь хөлслөгчөөс шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн барилгын туслах материалыг гэмтээснээс 135 000 төгрөгний хохирол учруулсныг хангаж шүүх шийдвэрлэсэн тул хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/01814 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтын “Иргэний хуулийн” гэсний дараа “219 дүгээр зүйлийн 219.1” гэж нэмж, мөн заалтын “14 730 900 төгрөг” гэснийг “11 222 800 төгрөг” гэж, “231 604 төгрөг” гэснийг “194 514 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 605 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ                                                                                                

                             ШҮҮГЧИД                                         Д.НЯМБАЗАР

 

                                                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ