Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2023/ДШМ/230

 

 

 

 

 

 

   2023            02           28                                          2023/ДШМ/230

 

 

         Б.У-д холбогдох эрүүгийн

          хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Нарангуа,

яллагдагч Б.У-ын өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЗ/1896 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч Б.У-ын өмгөөлөгч З.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.У-д холбогдох эрүүгийн 2211000001851 дугаар хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

................... овгийн Б-ийн Уянга, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ......................... төрсөн, .. настай, э..эгтэй, ........... боловсролтой, .......... мэргэжилтэй, .............. ажил.., ам бүл .., ...........-ийн хамт ..................... дүүргийн .. дугаар хороо, .......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .........................../;

Яллагдагч Б.У нь 2022 оны 9 дүгээр сарын 29-ний орой 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Талст” караокед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч С.О-ийг хэл амаар доромжлон шатнаас түлхэн унагаж, улмаар үснээс зулгаан баруун хөл рүү нь өшиглөж, үснээс чирэн хаалгаар гадагш гаргаж шатнаас түлхэж, бөгс рүү нь өшиглөж биед нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, бүсэлхийн 2 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.У нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэх хүсэлтийг гаргаж, 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрч, прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаж, тус зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэж хуульчилсан байна.

Хавтаст хэргээс үзэхэд, хохирогч С.О нь 12 ширхэг баримтаар нийт 2.246.900 төгрөгийн хохирол нэхэмжилснийг шүүгдэгч Б.У нь баримтаар 1.800.000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан байх бөгөөд шүүгдэгч Б.У нь хохирогчийн эрүүл мэндийн тусламж эмчилгээ авсны зардал болох 1.444.800 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлөөгүй байна. Мөн шүүгдэгч Б.У нь одоогоор ажил, хөдөлмөр эрхэлдэггүй болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Дээрх нөхцөл байдлын улмаас уг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцааж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн Б.У-д холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч Б.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Яллагдагч Б.У-ын өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЗ/1896 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Б.У нь өөрийн үйлдсэн хэргийн гэм буруу дээр маргаагүй бөгөөд хохирогч С.О-ийн нэхэмжилсэн 1.800.000 төгрөгийг төлж барагдуулж, харин хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсны зардал болох 1.444.800 төгрөгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлж хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг хяналтын прокурорт гаргаж, хяналтын прокурор хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Б.У-ыгхохирогчийн эрүүл мэндийн тусламж эмчилгээ авсны зардал болох 1.444.800 төгрөгийг бодиттой илэрхийлж чадаагүй. Эрхэлсэн тодорхой ажилгүй байна гэсэн үндэслэлээр ердийн журмаар хэргийг шийдвэрлэнэ үү гэж буцаасан. Шүүгдэгч Б.У нь хохирогчтой хамт ажил, хөдөлмөр эрхэлж байсан. Энэ хэрэг  гарсны дараа хохирогчийн талаас гомдол гаргаж ажлаас Б.У-ыг ажлаас нь халуулсан байдаг. Хэрэг бүртгэлтийн хэрэг эхлэхэд нь Б.У-д ажлын санал ирсэн талаар хэрэг бүртгэгчид “1 сарын хугацаанд хөдөө явж ажиллах юм байна. Хөдөө ажиллах хугацааны цалин нь хохирогчийн эрүүл мэндийн зардал болон эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлөгдөх зардлуудыг бүгдийг нь төлөхөөр байна. Чөлөө өгнө үү” гэдэг хүсэлт тавьсан. Хэрэг бүртгэгчээс тухайн үед “тодорхой хэрэг учраас өнөө маргаашгүй шийдэгдэнэ” гээд чөлөө өгөөгүй. Гэвч тухайн хэрэг мөрдөгч дээр 2 сар орчим шалгагдсан. Б.У шинээр ажил эрхлэх боломжгүй болсон. Учир нь, мөрдөгч, прокурор, шүүхийн шатанд үе, үе дуудах учраас шинээр ажилд орчихоод байнга чөлөө авах боломжгүй учраас хэргээ шийдвэрлэсний дараа ажилд оръё гэсэн бодолтой байсан. Тэгээд энэ байдлаа улсын яллагчид танилцуулаад хохирлыг нөхөн төлөх өөрийнхөө бололцоотой хугацааг хэлсэн. Үүнийг прокурор хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр шүүхэд шилжүүлсэн.

Шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэж прокурорт хэргийг буцаасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн” байхаар хуульчилсан байна.

Б.У-ын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангасан байхад хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Х.Нарангуа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.У-д холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд томилолтоор оролцож дүгнэлт гаргаж байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж үзэн яллагдагчийн хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч баримтад үндэслэсэн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Харин  төрд учирсан хохирол буюу эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байхад анхан шатны шүүхээс бодитоор илэрхийлээгүй гэж дүгнэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэж байгаа тул анхан шатны шүүхийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос яллагдагч Б.У-ыг2022 оны 9 дүгээр сарын 29-ний орой 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Талст” караокед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч С.О-ийг хэл амаар доромжлон шатнаас түлхэн унагаж, улмаар үснээс зулгаан баруун хөл рүү нь өшиглөж, үснаас чирэн хаалгаар гадагш гаргаж шатнаас түлхэж, бөгс рүү нь өшиглөж биед нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, бүсэлхийн 2 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй “...хохирогч С.О нь 12 ширхэг баримтаар нийт 2.246.900 төгрөгийн хохирол нэхэмжилснийг шүүгдэгч Б.У нь баримтаар 1.800.000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан байх бөгөөд шүүгдэгч Б.У нь хохирогчийн эрүүл мэндийн тусламж эмчилгээ авсны зардал болох 1.444.800 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлөөгүй байна. Мөн шүүгдэгч Б.У нь одоогоор ажил, хөдөлмөр эрхэлдэггүй болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй...” байна гэж дүгнэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй байх тул ердийн журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж прокурорт буцаасныг эс зөвшөөрч яллагдагчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасны дагуу яллагдагч Б.У-д холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцлээ.

Уг шүүх хуралдаанаас яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хуралдаанаар дараахь нөхцөл байдлыг хянана”, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх”, 4.2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх”, 4.3 дахь заалтад “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх”, 4.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх”, 4.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэж тус тус хуульчилжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх бөгөөд яллагдагч Б.У нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн /хх 13-14, 58/ мэдүүлгүүд, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, нийгмийн даатгалын санд төлөх төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх талаар гаргасан хүсэлт /хх 85/, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 853 дугаар прокурорын санал /хх 94/-ыг хүлээн зөвшөөрсөн зэрэг баримтуудаас үзэхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрдсэн, яллагдагч Б.У нь эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчийн эмчилгээнд зориулан зарцуулсан төлбөрийг төлөхөө илэрхийлсэн байгаа тул анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийг прокурорт буцаах үндэслэлд хамаарахгүй байгаа тул шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзэв.

Яллагдагч Б.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЗ/1896 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                            ШҮҮГЧ                                          Б.АРИУНХИШИГ

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ