Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2024/01193

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2024/01193

Хөвсгөл аймаг

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П.-гийн Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д-,

Хариуцагч:  Д-гийн Н-,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 40,000,000 төгрөг, алданги 20,000,000 төгрөг, нийт 60,000,000 (жаран сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 155/2024/01108/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д-, түүний өмгөөлөгч Э.Ууганбаяр (цахимаар), хариуцагч Д.Н-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч П.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Б нь нутгийн эгч Д.Н-г мөнгө зээлээч, том оврын машины зээлийн урьдчилгаанд өгөөд зээл гаргуулж авах гэсэн юм. Зээлээ аваад машинаа авахаараа төлнө гэж гуйхад нь зөвшөөрч, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 40,000,000 төгрөг надаас Төрийн банкны 310000087939 тоот дансаараа дамжуулан зээлэн авсан. Зээлийн гэрээгээр 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл байхаар тогтоож, 3 сарын хугацаатайгаар нийт 40,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, сар бүрийн 12-ны дотор хүүг төлж байхаар, 2024 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн дотор үндсэн зээлийн төлбөрийг төлж барагдуулж дуусахаар харилцан тохиролцсон байна. Д.Н- нь зээлийн хүүд 12,000,000 төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээлээс огт төлөхгүй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байсаар өдийг хүрлээ. Худал үнэн хэлж, аргацаалсаар сүүлдээ хэл амаар доромжилж, удам угсаагаар чинь хараасан гэх мэт үг хэлж, сүрдүүлэх явдал хэрээс хэтэрч, мөнгө төлөх үүргээ биелүүлэхгүй байх тул шүүхээр шийдвэрлүүлэхээс өөр аргагүй боллоо. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн нөхцөл зөрчсөн бол зээлийн гэрээний 5.1 дүгээр зүйлд зааснаар алданги, торгууль, төлөгдөөгүй үлдсэн зээлийг төлүүлэхээр шаардах эрхийг тусгаж, хариуцагч үүнийг зөвшөөрөн гэрээг байгуулсан байна. 2024 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш алданги тооцож, Иргэний хуулийн 132.4 дэх хэсэгт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн хуулийн заалтад нийцүүлэн тооцоход 20,000,000 төгрөгийн алданги болж байна.

Иймд Д.Н-гаас үндсэн зээл 40,000,000 төгрөг, алданги 20,000,000 төгрөгийг, нийт 60,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)

2.  Хариуцагч Д.Н- шүүхэд гаргасан тайлбартаа: Би П.Бгээс 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 40,000,000 төгрөг 10 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн. Мөнгөний хүүг 2023 оны 12 дугаар сард 4,000,000 төгрөг, 2024 оны 1 дүгээр сард 4,000,000 төгрөг, 2024 оны 2 дугаар сард 4,000,000 тус тус 12,000,000 төгрөг төлсөн. Бгийн эгч Д-тай хамтран цайны газар ажиллуулж байсан. Д- 2024 оны 3 дугаар сард 2 хүн энэ цайны газар ажиллуулах ашиггүй байна. Эсвэл та манай дүүгийн 40,000,000 төгрөгийг өг, эсвэл 40,000,000 төгрөгийнхөө 20,000,000 төгрөг төлнө гээд та гар гэсэн шаардлага тавьсан. Цайны газарт зарцуулсан мөнгө, Д- хүүтэй өгнө гээд авсан мөнгөө хасаад илүү дутууг нь би өөрөө зохицуулж, дүүдээ 20,000,000 төгрөгийг нь өгнө гэсэн болохоор би өөрийн ажлын байраа Д-д хүлээлгэж өгөөд гарсан. 20,000,000 төгрөгийг 4,5 хувийн хүүгээр бодож 3,800,000 төгрөгийг Д-гийн дансанд хийж байсан.

Нэхэмжилсэн 60,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. (хавтаст хэргийн 20 дахь тал)

3.  Нэхэмжлэгч П.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би Д.Н-тай эгч дүүс шиг харилцаатай байсан бөгөөд хамтарч цайны газар ажиллуулахаар болоод миний зүгээс 4,800,000 төгрөг, Д.Н- нь 7,000,000 төгрөг оруулж, байраа тохижуулаад ашгийн 60 хувийг Д.Н-, 40 хувийг би авахаар тохиролцсон. Үүний дараа Д.Н- нь миний дүү П.Бгээс 40,000,000 төгрөг зээлж авахад нь би зуучилж өгсөн. Зээлийн хүүнд 12,000,000 төгрөг, хугацаа хэтэрсэн хүүнд 3,800,000 төгрөг өгсөн. Цайны газар хамтран ажиллахад оруулсан төгрөг нь 40,000,000 төгрөг зээлсэн асуудалтай ямар ч хамаагүй. Д.Н-тай ярилцаад 23,800,000 төгрөг гаргуулахаас татгалзаж, үндсэн зээл, хүү, нийт 36,200,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна.

Иймд бид эвлэрсэн тул хариуцагч Д.Н-гаас зээл, зээлийн хүү, нийт 36,200,000 төгрөг гаргуулж авна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.

4. Хариуцагч Д.Н- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би П.Бгээс 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй 40,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн. Зээлийн хүүнд 10 хувиар тооцож 2023 оны 12, 2024 оны 1, 2 сарын хүүнд 12,000,000 төгрөг төлсөн. Тэгээд А.Д-тай хамтран ажиллуулж байсан цайны газраа ажиллуулахаа болиод 20,000,000 төгрөгийг төлөх, хүүг нь сарын 4,5 хувийн хүүгээр тооцно гэж ярилцаад хүүнд нь 3,800,000 төгрөг төлсөн. Миний П.Бгээс зээлсэн мөнгө нь А.Д-тай хамтран ажиллаж байсан цайны газрын мөнгөний асуудалтай хамаагүй гэдгийг ойлголоо. Би А.Д-тай ярилцаад П.Бгээс мөнгө зээлсэн тул түүнд зээл, хүү, нийт 36,200,000 төгрөг өгөхийг зөвшөөрч, эвлэрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д- нь хариуцагч Д.Н-д холбогдуулан үндсэн зээл 40,000,000 төгрөг, алданги 20,000,000 төгрөг, нийт 60,000,000 (жаран сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д- Д.Н-тай ярилцаад 23,800,000 төгрөг гаргуулахаас татгалзаж, үндсэн зээл, хүү, нийт 36,200,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Иймд бид эвлэрсэн тул хариуцагч Д.Н-гаас зээл, зээлийн хүү, нийт 36,200,000 төгрөг гаргуулж авна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэх тайлбар, хариуцагч Д.Н- А.Д-тай ярилцаад П.Бгээс мөнгө зээлсэн тул түүнд зээл, хүү, нийт 36,200,000 төгрөг өгөхийг зөвшөөрч, эвлэрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэх тайлбарыг тус тус гаргасан.

Зохигч хоорондоо эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д- нэхэмжлэлийн шаардлагаас нийт 23,800,000 (хорин гурван сая найман зуун мянга) төгрөг гаргуулахаас татгалзаж, зээл, хүү, нийт 36,200,000 (гучин зургаан сая хоёр зуун мянга) төгрөгийг нэхэмжлэгч П.Бд төлж барагдуулахаар хариуцагч Д.Н- хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож, эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Н-гаас 36,200,000 төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 338,950 төгрөгийн тал хувь 169,475 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч П.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д-гийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Н-д холбогдох үндсэн зээл 40,000,000 төгрөг, алданги 20,000,000 төгрөг, нийт 60,000,000 (жаран сая) төгрөг гаргуулах тухай хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д- нэхэмжлэлийн шаардлагыг 23,800,000 (хорин гурван сая найман зуун мянга) төгрөгөөөр багасган, хариуцагч Д.Н- 36,200,000 (гучин зургаан сая хоёр зуун мянга) төгрөгийг нэхэмжлэгч П.Бд төлж барагдуулахаар эвлэрсэн, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн бүгд 457,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Н-гаас улсын тэмдэгтийн хураамж 169,475 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Бд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА