| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/01303/И |
| Дугаар | 155/ШШ2024/01189 |
| Огноо | 2024-12-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 155/ШШ2024/01189
| 2024 оны 12 сарын 05 өдөр | Дугаар 155/ШШ2024/01189 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын,
Хариуцагч: Оын Ч-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 3,000,000 төгрөг, зээлийн хүү 1,694,708.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 86,419.12 төгрөг, нийт 4,781,127.3 (дөрвөн сая долоон зуун наян нэгэн мянга нэг зуун хорин долоо) төгрөг (гурав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 155/2024/01303/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирал Л.Батмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гэрээ байгуулсан огноо: 2018 оны 3 дугаар сарын 07. Гэрээ дуусгавар болох огноо: 2023 оны 3 дугаар сарын 07. Зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн: 0 төгрөг, Зээлийн гэрээний үүрэг анх зөрчигдөж эхэлсэн огноо: 2023 оны 7 дугаар сарын 02.
Зээлдэгч О.Ч- нь нэхэмжлэгч ХААН банк ХК-тай 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр №201843438417 тоот кредит картын гэрээ байгуулан, 3,000,000 төгрөгийг, жилийн 24 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай кредит карт авсан. Дээр дурьдсан цалингийн зээлийн гэрээнд зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж, нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцохоор харилцан тохиролцсон байна. Харин кредит картын төлбөрийн эргэн төлөлтийн хуваарийг 1235 хоног хугацаа хэтрүүлэн төлөлт хийгээгүй байх бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 3,000,000 төгрөг, зээлийн хүү 1,694,708.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 86,419.12 төгрөг нийт 4,781,127.3 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчиж, дээрх зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Тус үүргийн зөрчлөөс үүдэн талуудын хооронд байгуулагдсан цалингийн зээлийн гэрээний 6.1.1-т Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд банкны санаачлагаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардах урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэхээр байна гэжээ. (хавтаст хэргийн 1-5 дахь)
2. Хариуцагч О.Ч- шүүхэд гаргасан тайлбартаа: Би ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцлаа. 2018 онд зах дээр ажиллаж байхдаа 3,000,000 төгрөгийн зээлийн карт авсан. Тухайн картыг ашиглаад зээлийн төлбөр гэж төлөөд явж байсан боловч эрүүл мэндийн шалтгаанаар ажилгүй болж, зээлийн төлбөрийг төлж чадахгүйд хүрсэн. Тэгээд ХААН банк дээр очиж нөхцөл байдлаа хэлээд, өөр ямар боломж байна вэ гэхэд таны картыг хаалаа гэж хэлсэн. Түүнээс хойш ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан учраас орлогогүй болсон. Ээжийнхээ тэтгэврийн мөнгөөр эмчилгээний зардлаа болгож, бие маань одоо дээрдэж байна.
Одоо нэхэмжилж байгаа үндсэн зээл 3,000,000 төгрөг, зээлийн хүү 1,694,708.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 86,419.12 төгрөг, нийт 4,781,127.3 төгрөгийг төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 23-24 дэхь)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч О.Ч-д холбогдуулан үндсэн зээл 3,000,000 төгрөг, зээлийн хүү 1,694,708.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 86,419.12 төгрөг, нийт 4,781,127.3 (дөрвөн сая долоон зуун наян нэгэн мянга нэг зуун хорин долоо) төгрөг (гурав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Ч- нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ...одоо нэхэмжилж байгаа үндсэн зээл 3,000,000 төгрөг, зээлийн хүү 1,694,708.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 86,419.12 төгрөг, нийт 4,781,127.3 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбарыг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,448 төгрөгийн тал хувь болох 45,724 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч О.Ч-гээс улсын тэмдэгтийн хураамж 45,724 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжилсэн үндсэн зээл 3,000,000 төгрөг, зээлийн хүү 1,694,708.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 86,419.12 төгрөг, нийт 4,781,127.3 (дөрвөн сая долоон зуун наян нэгэн мянга нэг зуун хорин долоо) төгрөг (гурав) мөнгийг төлж барагдуулахаар хариуцагч О.Ч- хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,448 төгрөгөөс 45,724 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч О.Ч-гээс улсын тэмдэгтийн хураамж 45,724 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА