Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2018/ШЦТ/002

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж, 

Улсын яллагч Б.Б

Нарийн бичгийн дарга Б.Ж

Шүүгдэгч М.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Совогт М.С-д холбогдох 1713000000110 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: С овогт М.С, Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, 

Шүүгдэгч М.С-гийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч М.С нь 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг  дэвсгэрт байрлах Залуучуудын ордон баарны гадна 23 цаг 51 минутын үед хохирогч Ү.М-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.С нь 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 23 цаг 51 минутын үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Залуучуудын ордон” баарны гадна хохирогч Ү.М-н хамар тус газар нь 1 удаа толгойгоороо мөргөж, түүний дагзан тус газар нь хөлөөрөө 1 удаа өшиглөж зодон эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

- Шүүгдэгч М.С-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна, би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...“ гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/, 

- Хохирогч Ү.М-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би тухайн өдөр 22 цагийн үед Н, М, Аын хамт Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Залуучуудын ордон” нэртэй бааранд орж "Касс" нэртэй пиво нэг нэгийг уугаад шөнийн 23 цаг 50 минутын үед байх найз нарын хамт гэр лүүгээ явах гээд баарнаас гараад үүдэнд зогсож байтал хар хувцастай, бордуу царайтай, 24-27 орчим насны залуу гарч ирээд намайг нааш ир гэж хэлээд гараараа миний хүзүү хэсгээр барьж аваад би хойшоо эргэх үед намайг толгойгоороо нэг удаа мөргөхөд би хагас байдалтай суух үед хөлөөр нэг удаа өшиглөсөн ба дахиад намайг өшиглөх гэтэл түүний хажууд явж байсан үл таних залуучууд болон миний хажууд хамт явж байсан залуучууд бид хоёрыг салгаж авсан юм...“ гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас /, 

- Гэрч Т.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...үл таних залуу М-д “чи манай найзын нүд рүү нь цохисон байна, нүд нь хөхөрчихсөн байна, та нарыг ална, гадаа гараад зодолдъё” гэж хэлэхэд нь бид нар салгаад доошоо буугаад пиво ууж дуусгаад гарсан юм. Гартал гадаа нөгөө залуучууд биднийг хүлээж байсан ба М-д нөгөө залуу та нарыг ална шүү гэж хэлж байсан...нөгөө залуу М-гийн хамар руу мөргөөд..тэгтэл М-гийн хамраас цус гарсан ба түүнийг 00-д анх хэрүүл үүсгэсэн залуу мөргөсөн юм…” гэх  мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/

-Гэрч Р.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...хэсэг бүжиглээд байж байтал С болон Ж нар түрүүлээд баарнаас гарсан бөгөөд би Е-ийн өмнө баарнаас гартал А-гийн нүд рүү нь нэг залуу цохисон гэж А надад хэлсэн. Би тухайн үед нэлээн согтуу байсан тул орчноо хянаж юу болж байгааг сайн мэдэх чадваргүй байсан юм...” гэх мэдүүлэг / хх-ийн 18 дугаар хуудас/

-Гэрч Б.Е-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайн өдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 22 цагийн үед А, Ж, С, Б нарын хамт Залуучуудын ордон ороод бүжиглэнгээ 2 шил пиво уусан юм. Би өөрөө 2 шил пиво уусан ба бусад нь хэдэн шил пиво уусныг мэдээгүй юм. Бид нар бүжиглэж байгаад уусан пивоо дуусгаад С болон А нар биднээс түрүүлээд гарч явсан ба би танил Ж-тэй тааралдчихаад түүнтэй   юм  яриад  зогсож байгаад..гараад  очтол  нэг залуугийн хамраас нь цус гарчихсан байсан ба уг залууг С толгойгоороо мөргөчихлөө гэж А надад хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/

-Гэрч С.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайн өдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр..5-уулаа Залуучуудын ордон бааранд 22 цагийн үед очсон юм. ... Е, Ж, С, Б бид нар пиво уусан..баарнаас гартал эмийн сангийн наана С хүнтэй ярилцаад зогсож байнгуутаа шууд тэр хүнийг нэг удаа мөргөхөд С-ний мөргөсөн хүний найзууд болон бид нар хоорондоо харилцан зодолдсон юм. Миний баруун талын нүдний тус газарт надтай цуг эрүүлжүүлэхэд орсон Нгэх залуу нэг удаа гараараа цохисон ба би түүнийг эргүүлээд хацарт нь нэг удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/

-Гэрч С.Н-тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...бид нар анх М-г мөргөсөн гэх залууг барьж авсан ба  бусад  нь  зугтаачихсан юм…” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/, бичлэг бүхий СД

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №451 дугаартай дүгнэлтэд: “... Иргэн Ү.М-гийн биед тархины доргилттой, зүүн нүдэнд хавдартай, дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун нүдэнд хөх ягаан туяатай цус хуралттай, хамрын нуруунд хавдартай, дээд уруулд хавдартай, дотор талд хэгзэрсэн шархтай, ар дагзад төвгөр орчим хавдартай гэмтэл тогтоогдлоо.... Иргэн Ү.М-гийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” /хх-ийн 32 дугаар хуудас/ зэргээр болон хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч М.С-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна. 

Уг гэмт хэргийн улмаас Ү.М-гийн биед хөнгөн гэмтэл учирсан, түүний хувцас урагдсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 200000 төгрөг бэлнээр өгч, урагдсан хувцсыг 30000 төгрөгөөр оёулсан, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэл болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.С-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байна. 

Иймд шүүгдэгч М.С-гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хөнгөн ял болох торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 төгрөгтэй тэнцэх юм.

Шүүх шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг болон түүний хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Торгуулийн ялыг биелүүлж эхлэх 3 сарын хугацаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэхийг дурдах нь зүйтэй байна. 

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

Торгох ялын биелэлтийг хангах зорилгоор шүүгдэгчийн өмчлөлийн I phone-6 маркийн 1 ширхэг гар утсыг битүүмжилсэн  прокурорын  тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Сд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүхийн тухай хуулийн 31  дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5,  36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

ТОГТООХ нь :

1.Шүүгдэгч С овогт М.С-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С-д 450 “дөрвөн зуун тавин” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан СД-г хэргийн хамт хадгалсугай. 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц М.С-гийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийг өөрт нь буцаан олгож, түүний өмчлөлийн “I phone-6” маркийн гар утас битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэлд шилжүүлсүгэй.

8.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.А