Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2023/ДШМ/231

 

 

 

 

 

 

  2023           02            28                                          2023/ДШМ/231

 

 

                    Д.Б-д холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Бат-Орших,

шүүгдэгч Д.Б,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/842 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ч.Түмэн-Өлзийгийн бичсэн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар эсэргүүцлийг үндэслэн Д.Б-д холбогдох эрүүгийн 2210000000873 дугаар хэргийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

................. овгийн Д-ийн Б, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ........................... төрсөн, .. настай, э..эгтэй, .. боловсролтой, .................. мэргэжилтэй, “.................” ХХК-д ............. ажилтай, ам бүл .., ...............-ийн хамт .................. дүүргийн .. дүгээр хороо, .... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ................ дүүргийн .. дугаар хороо, .. дүгээр байрны .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ...................../.

Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 6 дугаар сарын 19-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар сувиллын авто зам дээр иргэн Н.Б-тай автомашинаараа сигналдсан гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний эзэмшлийн 31-06 УНА улсын дугаартай “Волксвоган Таурэг” маркийн автомашины урд салхины шилийг гараараа цохин хагалж, 670.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Н.Б-т төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/156 дугаар “Залруулга хийх тухай” шүүгчийн захирамжаар дээрх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...” гэж залруулжээ.

Прокурор Ч.Түмэн-Өлзий бичсэн эсэргүүцэлдээ: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/842 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах эсэргүүцлийг гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч 2 дахь заалтад хариуцлага оногдуулахдаа түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хариуцлага оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг хангаагүй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “Шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлага хангаагүй” бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ гэж заасан тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/842 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

 

Прокурор С.Бат-Орших тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хан-Уул дүүргийн прокурор Ч.Түмэн-Өлзийгийн бичсэн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар залруулга гаргасан боловч прокурорын эсэргүүцэл түүнээс өмнө буюу 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар эсэргүүцэл гарсан. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар залруулга гаргасан бол мөн хуулийн 36.13 дугаар зүйлд зааснаар гардуулж өгнө  гэж хуульчилсан. Үүний дагуу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь залруулга гаргасан боловч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулаад хэргийн оролцогч нарт гардуулж өгөөгүй. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/842 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх зүйл байхгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан үүргийн дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Д.Б нь 2022 оны 6 дугаар сарын 19-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Улаанбаатар сувиллын авто зам дээр иргэн Н.Б-тай автомашинаараа сигналдсан гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний эзэмшлийн 31-06 УНА улсын бүртгэлийн дугаартай “Волксвоган таурэг” маркийн автомашины урд салхины шилийг гараараа цохин хагалж, 670.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлага бүртгэгдсэн лавлагаа /хх 3/,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 37/,

хохирогч Н.Б-ын “...Би 2022 оны 6 дугаар сарын 19-ний орой 22 цаг 20 минутын үед Налайхын Хонхороос наадмын бэлтгэлээ тараад Улаанбаатар сувиллын голын зам дагуу Зуун наст эмнэлгийн урд талд явж байхад машины урдуур нэг хүн ороод ирэхээр нь сигнал дараад тоормос гишгиж зогсоход, эргэж хараад машины урд талын салхины шилийг хагалсан. Тэр хагалсан хүн урьд өмнө нь найзалдаг байсан Б гэдэг залуу байсан, дунд зэргийн согтолттой байсан. Манай эхнэрийг янхан гичийгээр нь доромжлоод нүүрэн дээр нь салаавч өгөөд үр хүүхдүүдийг минь янханы хүүхдүүд гэж доромжилж, эцэг, эхээр минь бүгдийг нь доромжилсон. Над руу дайраад байхаар нь би биеэ хамгаалж зүгээр доороо хийгээд байж байсан. Надаар өөрийгөө цохиулах гээд байсан. Цагдаагаа дууд, би аргалаад гарна гэж байсан. Миний машины салхины шилийг хагалаад, миний чих рүү цохисон, толгойн тус газарт 4 удаа гараараа цохисон. Машины шилээ 650.000 төгрөгөөр үнэлж байна. Гомдолтой байна, хохирлоо барагдуулмаар байна. ...” /хх 16/,

хохирогч Н.Б-ын дахин өгсөн “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Миний тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг төлж барагдуулаагүй. Би гомдолтой, Боор учирсан хохирлоо гаргуулж авмаар байна. ...” /хх 20/,

гэрч Ч.А-гийн “...Б манай нөхөр Бтай бага ангидаа цуг нэг анги байсан. Манай нөхрийг машинтайгаа явж байхад нь Б явган хүний гарцгүй газраас гэнэт машин зам дээр гарч ирэхээр нь манай нөхөр зогссон чинь Б манай машины салхины шилийг нь гараараа цохиод хагалсан байсан. Бийг зугтах гээд байхаар нь Б Б-ийг барьж авсан, цохиж зодоогүй. Б Бын зүүн чих хэсэг рүү нэг удаа гараараа цохиод цамцыг нь урсан. Намайг хэл амаар доромжилсон. Н.Б-ын өөрийнх нь эзэмшлийн 31-06 УНА улсын дугаартай “Волксвоган Таурэг” 2004 оны тээврийн хэрэгслийн урд салхины шил нь олон хэсэг газар цуурсан урд зам харахад хүндрэлтэй болсон. Би, манай нөхөр Б, Б бид гурав байсан. ...” /хх 25/ гэсэн мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ХУ-22-ЗЗс хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 30-33/, шүүгдэгч Д.Б-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Б-ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Д.Б нь хохирогч Н.Б-ын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байх боловч ял оногдуулахдаа хэргийн зүйлчлэлийг буруу бичиж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэж техникийн шинжтэй бичиглэлийн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөн өөрчлөх замаар прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.   

Хэдийгээр анхан шатны шүүх дээр дурьдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл хэсгийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт буруу бичсэн нь техникийн шинжтэй алдаа гэж үзэж, шүүгчийн захирамж гарган залруулга хийсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хангаагүй тул уг захирамж хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, уг хуулийн зохицуулалтаас үзэхэд залруулга хийх шаардлага үүссэн бол шүүх хуралдаан хийж, зохих оролцогчдыг оролцуулах эсэхийг шийдвэрлэж, шүүх хуралдааны тэмдэглэл үйлдэх байтал шүүгч дангаар шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Давж заалдах шатны шүүх хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж байгаа учраас хуульд нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл бий болсон болно.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/156 дугаар “залруулга хийх тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Ч.Түмэн-Өлзийгийн бичсэн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/842 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж  өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/156 дугаар “залруулга хийх тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.  

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                              ШҮҮГЧ                                               Б.АРИУНХИШИГ

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Б.ЗОРИГ