Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2016/00957

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би Хөвсгөл аймгийн Ш сумын Н 4-р багт оршин суух Ач хариад овогт Бгийн Э /РУ-000/-ын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Шсумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Э нь 2017 оны 02 дугаар сараас 2016 оны 02 дугаар сар хүртэл Хөвсгөл амгийн Ш сумын Ерөнхий боловсролын сургуулийн няравын ажил эрхэлж байсан. Гэтэл 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр тус сургуулийн захирал Л.Э Б/04 тоот тушаал гарган намайг ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтыг тус тус баримталсан нь үндэслэлгүй юм. Учир нь би ажлаас чөлөөлөгдөх тухай амаар болон бичгээр сургуулийн захирал Л.Эад хүсэлт гаргаагүй. Намайг ажлаас чөлөөлсөн тушаалаа намайг Мөрөн суманд орж ирсэн явахад 2016 оны 03 дугаар сард миний хүргэн ах Г.Зт аваачиж өгсөн байсан. Би урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгэхээр Аймгийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд хүсэлт гаргаж хариу өгөхгүй байхаар нь шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүгч Г.Даваахүү нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу гэх үндэслэлээр буцаасан. Ингээд 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан. 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шүүгч Б. Отгонбямба шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд заавал байлцуулах зайлшгүй шаардлагатай гэх үндэслэлээр нэхэмжлэл буцаагдсан тул дахин нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Хөвсгөл аймгийн Шинэ Идэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиралын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/04 тоот тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нөхөн олговор гаргуулна гэжээ.

Хариуцагч Шсумын Ерөнхий боловсролын сургуулийн захиралын үүрэг гүйцэтгэгч З.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Шсумын Ерөнхий боловсролын сургуулийн нярав ажилтай Б овогтой Эыг тус сургуулийн захирлаар тэр үед ажиллаж байсан Л.Э хугацаандаа няравын тайлан тооцоог өгөөгүй, ажил орхиж чөлөөгүй явсан, ажилдаа хариуцлагагүй хандсан гэсэн шалтгаанаар удаа дараа ажлаас халж маргаан үүсгэсэн билээ. Энэ хугацаанд аймгийн санхүүгийн хяналт аудитын албанаас санхүү, аж ахуйд хяналт шалгалт хийгдэж тайлан тооцоог тулган илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулсан ба нярав хийж Б.Э нь өөрийн дутагдлаа ойлгож зөвшилцөх хүсэлт гаргасныг хүлээн авч ажилд нь эргүүлэн томилж , харин ажилгүй байсан хугацааны хөлсийг Б.Эт олгохгүй байхаар тохиролцоонд хүрсэн болно гэжээ.

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хөвсгөл аймгийн Ш сумын иргэн Б.Эын нэхэмжлэлтэй тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиралд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.Э миний бие хариуцагчтай тохиролцоход ажилгүй байсан хугцааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргахгүйгээр ажилд эгүүлэн авахаар болсон. Үүнийгээ хариуцагч бичгээр шүүхэд ирүүлсэн байна.

Иймд нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Х аймгийн Шсумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох ажилд эгүүлэнг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хариуцагчийн шүүхэд ирүүлсэн ....нярав хийж Б.Э нь өөрийн дутагдлаа ойлгож зөвшилцөх хүсэлт гаргасныг хүлээн авч ажилд нь эргүүлэн томилж , харин ажилгүй байсан хугацааны хөлсийг Б.Эт олгохгүй байхаар тохиролцоонд хүрсэн болно.... гэх хариуцагчийн хариу тайлбартай нэхэмжлэгч нь танилцаад ....ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулахгүйгээр ажилд эгүүлэн авахаар болсон...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.... гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд нэхэмжлэгч Б.Эын цалин гаргуулахгүй ажилдаа буцаж орох гэх, хариуцагч З.Оийн цалин олгохгүй, ажилд нь буцааж авах гэж харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаач чөлөөлөгдсөн болохыг дурьдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Хөвсгөл аймгийн Шсумын Ерөнхий боловсролын сургуулийн захиралын үүрэг гүйцэтгэгч З.О нарын Хөвсгөл аймгийн Шсумын Ерөнхий боловсролын сургуулийн няравын ажилд буцааж авах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах хэсгээсээ татгалзсан зохигчдийн эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5- зааснаар нэхэмжлэгч Б.Э нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ