| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/00854/И |
| Дугаар | 155/ШШ2016/00960 |
| Огноо | 2016-08-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 155/ШШ2016/00960
| 2016 оны 08 сарын 11 өдөр | Дугаар 155/ШШ2016/00960 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 00 онд төрсөн 0 настай, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 00тоотод оршин суух, Начингууд овогт Аын Ц/РЭ00/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 00 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, 00 настай, эмэгтэй, ам бүл 0, нөхөр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар баг 00 тоотод оршин суух, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Борог овогт Бн Э /РП-73122329/-д холбогдох,
Зээлийн төлбөр, хүү 8 510 000 /найман сая таван зуун арван мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Ц, хариуцагч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Амаржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Цшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Э нь анх 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр анх 1.500.000 төгрөг зээлсэн. Ямар нэгэн барьцаагүй 3 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй зээлсэн. Түүнээс хойш 2 удаа 2.000.000, нэг удаа 600.000 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд зээлсэн. Хүүнд нийт 742 000 төгрөг өгсөн. 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэхэд төлөх ёстой хүү нь нийтдээ 2.238.000 төгрөг болсон байсан. Б.Э нь зээлсэн мөнгө болон хүүгээ хугацаанд нь төлөөгүй тул 2015 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр зээлийн гэрээг бичгээр нөхөн байгуулж үндсэн мөнгө 6 100 000 төгрөг, хүү 2 238 000 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 04-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатай зээлж, хүүг үндсэн мөнгө 6 100 000 төгрөгнөөс тооцохоор харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ байгуулласнаас хойш хүүнд 550 000 төгрөг өгсөн. Гэрээ байгуулснаас хойш төлөх нийт хүү 1 496 000 төгрөг болсон. Иймд хариуцагчийн гэрээ байгууллахаас өмнө хүүнд төлсөн 742 000 төгрөг, гэрээ байгуулснаас хойш хүүнд төлсөн 550 000 төгрөгийг гэрээг бичгээр байгуулснаас хойш гарсан хүү 1 496 000 төгрөгнөөс хасаж тооцон үлдэгдэл 172 000 төгрөгийн хүү, зээлийн гэрээнд заасан 8 338 000 төгрөг, нийт 8 510 000 /найман сая таван зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 6 100 000 төгрөг авсан. Энэ мөнгөө цувуулж авсан учир тус тусад нь хүү төлж байсан.5 сая гаруй төгрөгний хүү төлсөн тул нэхэмжилж байгаа хүүг зөвшөөрөхгүй байна. Харин үндсэн мөнгө 6 100 000 төгрөгөө төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хүү төлсөн талаар гаргаж өгөх баримт надад байхгүй. Эдгээр хүү төлсөн баримт нэхэмжлэгчид байгаа бөгөөд намайг үзье гэхээр үзүүлэхгүй байгаа юм. Би тухайн үед мөнгө төлж байсан талаарх баримтаа авч байгаагүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Цнь хариуцагч Б.Эөд холбогдуулан зээл, зээлийн хүү нийт 10 754 000 /арван сая долоон зуун тавин дөрвөн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч 8 510 000 /найман сая таван зуун арван мянга/ төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийн зохигч 6 100 000 /зургаан сая нэг зуун мянга/ төгрөгийн зээлийн гэрээг амаар байгуулж нэхэмжлэгч А.Цнь 6 100 000 төгрөгийг хариуцагч Б.Эд өгсөн байх бөгөөд талууд 2015 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр зээлийн гэрээг бичгээр нөхөн байгуулсан болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр бичгээр нөхөн байгуулсан зээлийн гэрээ зэргээр тогтоогдлоо.
Хариуцагч Б.Э нь гэрээгээр тохирсон хугацаанд үүргээ биелүүлээгүйгээс зохигч нь 2015 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр зээлийн гэрээг бичгээр нөхөн байгуулж үндсэн мөнгө 6 100 000 /зургаан сая нэг зуун мянга/ төгрөг, хүү 2 238 000 / хоёр сая хоёр зуун гучин найман мянга/ төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 04-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, үндсэн төлбөр 6 100 000 төгрөгнөөс 8 хувийн хүү тооцохоор харилцан тохиролцож хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсгээ зурж, гэрээг нотариатаар гэрчлүүлжээ.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй юм.
Нэхэмжлэгч нь А.Цнь зээлсэн үндсэн мөнгө болон хүүгээ хугацаанд нь төлөөгүй тул 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээг бичгээр нөхөн байгуулж үндсэн мөнгө 6 100 000 /зургаан сая нэг зуун мянга/ төгрөг, хүү 2 238 000 / хоёр сая хоёр зуун гучин найман мянга/ төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай зээлж, хүүг үндсэн мөнгө 6 100 000 төгрөгнөөс тооцохоор бид харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ байгуулахаас өмнө хүүнд 742 000 төгрөг, зээлийн гэрээ байгуулснаас хойш хүүнд 550 000 төгрөг өгсөн. Гэрээ байгуулснаас хойш төлөх нийт хүү 1 496 000 төгрөг болсон. Иймд хариуцагчийн гэрээ байгуулахаас өмнө хүүнд төлсөн 742 000 төгрөг, гэрээ байгуулснаас хойш хүүнд төлсөн 550 000 төгрөгийг гэрээг бичгээр байгуулснаас хойш хүүнд төлөх ёстой 1 496 000 төгрөгнөөс хасаж тооцон үлдэгдэл 172 000 төгрөг, зээлийн гэрээнд заасан 8 338 000 төгрөг, нийт 8 510 000 /найман сая таван зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж авна гэж тайлбарлаж байх боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь хуулинд заасан дээрх шаардлагыг хангаагүй тул 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс гэрээг бичгээр байгуулах хүртэл хүү, алданги авах эрхээ алдсан байна.
Иймд зээлийн гэрээг бичгээр байгуулахаас өмнө хүүнд хариуцагчаас өгсөн, нэхэмжлэгчийн авсан гэх 742 000/ долоон зуун дөчин хоёр мянга/ төгрөгийг зээлийн үндсэн төлбөр болох 6 100 000 /зургаан сая нэг зуун мянга/ төгрөгнөөс хасаж тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэжээ.
Талууд амаар байгуулсан зээлийн гэрээг хүсэл зоригоо илэрхийлэн сүүлд бичгийн хэлбэрт оруулж нөхөн байгуулж хариуцагч Б.Э нь зээлийн хүүнд 550 000 төгрөг төлсөн байх бөгөөд гэрээнээс татгалзах санал гаргаагүй болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж заасан байх тул зохигч талуудын хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 04-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 04-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, үндсэн төлбөрөөс 8 хувийн хүү тооцохоор байгуулсан зээлийн гэрээ ёсоор зээлийн үлдэгдэл төлбөр 5 358 00 төгрөг, 3 сарын хүүний үлдэгдэл төлбөр 735 920 төгрөгийг хариуцагч Б.Э төлөх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд хариуцагч Б.Эөөс зээлийн үлдэгдэл төлбөр 5 358 000 төгрөг, хүү 735 90 төгрөг, нийт 6 093 920 /зургаан сая ерэн гурван мянга есөн зуун хорь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Цид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2 416 080 / хоёр сая дөрвөн зуун арван зургаан мянга наян/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагч Б.Э нь шүүх хуралдаанд 8 510 000 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй харин үндсэн төлбөр 6 100 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Учир нь би хүүнд 5 сая гаруй төгрөг төлсөн гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй ба нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187.014 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 6 093 920 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 112 453 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.Эөөс 6 093 920 /зургаан сая ерэн гурван мянга есөн зуун хорь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Цид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 416 080 /хоёр сая дөрвөн зуун арван зургаан мянга наян/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187 014 /нэг зуун наян долоон мянга арван дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эөөс 112 453 / нэг зуун арван хоёр мянга дөрвөн зуун тавин гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Цид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ