Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2016/00981

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би Хас банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дугаар баг 00тоотод оршин суух, 00 дугаарын гар утастай Пийн Ж /РБ-00/, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг 00тоотд оршин суух 00 дугаарын гар утастай Дгийн Ж /РГ-00/ нарт холбогдох

Үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн зээлийн төлбөрт нийт 17.717.763 /арван долоон сая долоон зуун арван долоон мянга долоон зуун жаран гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Хас банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч П. Ж, Д.Ж нар нь тус банкнаас 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 1170013039 тоот барьцаат гэрээ байгуулж 30,000,000 / гучин сая/ төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 365 хоногт 25.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Зээлийн гэрээний гол нөхцөл нь гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг буцаан төлөх үүрэгтэй боловч зээл авсны дараа энэхүү хуваарийн дагуу төлөхгүй хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш зээлийн төлыбөрийг огт төлөөгүй. Энэ хугацаанд банкны зүгээс зээлдэгч П.Ж, Д.Ж нар гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрч 10 сар буюу 308 хоног хугацаа хэтрүүлж, гэрээг зөрчсөөр байна. Цаашид зээлийн 1170013039 дугаар гэрээг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал хүргэж зээлдэгч П. Ж, Д.Ж нар нар нь зээлийн 1170013039 дугаар гэрээний 4 дугаар зүйлийн 4.2 дэх заалад заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж зээлээ тохирсны дагуу төлөхгүй байна. Зээлдэгч П.Ж, Д.Ж нарын зээлийн гэрээний дагуу төлбөл зохих зээлийн үлдэгдэл 2016.06.23-ны байдлаар зээлийн 1170013039 дугаар гэрээний үндсэн төлбөр 14,166,666.73 төгрөг, хүү 3,355,330 төгрөг, нэмэгдсэн хүү 195,767 төгрөг. Нийт 17,717,763.73 төгрөг болоод байна. Иймээс дээрх зээлийн нийт хүүг тооцож хариуцагч нараар төлүүлэх, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч П. Ж, Д.Ж нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бид хоёр Хас банкнаа нэхэмжилсэн 17.717.763 төгрөгийг өөрсдийн боломжоороо төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хас банкны Хөвсгөл салбар, хариуцагч хариуцагч П.Ж, Д.Ж нарт холбогдох Үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нийт 17.717.763 /арван долоон сая долоон зуун арван долоон мянга долоон зуун жаран гурав/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч П.Ж, Д.Ж нар нь ....Хас банкнаа нэхэмжилсэн 17.717.763 төгрөгийг өөрсдийн боломжоороо төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна.... гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгч нь хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбартай танилцсан, хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Хасбанкны Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжид 270.289 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Ж, Д.Ж нараас 135.144 төгрөгийг гаргуулж, улсын орлогоос 135.144 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Хасбанкнд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

1. Нэхэмжлэгч Хасбанкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлийн шаардлага 17.717.763 /арван долоон сая долоон зуун арван долоон мянга долоон зуун жаран гурав/ төгрөгийг хариуцагч П.Ж, Д.Ж нар төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хас банкны Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270.289 /хоёр зуун далан мянга хоёр зуун наян ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П. Ж, Д.Ж нараас 135.144 /нэг зуун гучин таван мянга нэг зуун дөчин дөрөв/ төгрөг, Голомт банкны Хөвсгөл салбар Татварын хэлтсийн 4901000149 тоотод данснаас буцаан 135.144 /нэг зуун гучин таван мянга нэг зуун дөчин дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хасбанкны Хөвсгөл салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ