Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 133/ШШ2024/00495

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунбилэг даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Говь-Алтай аймгийн *** сумын 1 дүгээр баг, 0 тоот, “***” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Говь-Алтай аймаг дахь *** газарт холбогдох,

үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** , ***  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 дугаар зүйлийн 752.1-д Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ гэж заажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч “*** ” ХХК нь Говь-Алтай аймаг дахь *** газарт холбогдуулан шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх гүйцэтгэлийн ажиллагааны явцад 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шинжээч томилох тухай 10/01 тоот тогтоолын дагуу гарсан “*** ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2402258 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь “...төлбөр төлөгчийн өмчлөлийн *** улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын ***  дугаартай 10000 мкв газар, Мах боловсруулах үйлдвэрийн зориулалттай Ү-*** улсын бүртгэлийн дугаартай 600 мкв обьект бусад эд хөрөнгө, *** ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус хурааж, үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул “*** ” ХХК-ийн шинжээч ***-ыг томилж, эрх, үүргийг тайлбарлан өгч үнэлгээг тогтоолгоход 1,558,411,000 (нэг тэрбум таван зуун тавин найман сая дөрвөн зуун арван нэгэн) төгрөгөөр хөрөнгийн үнийг тогтоосон бөгөөд төлбөр төлөгчид 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр үнэлгээний талаар мэдэгдэж, тэмдэглэлээр баталгаажуулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тайлбарлаж, маргажээ.

4. Нэхэмжлэгч “*** ” ХХК нь *** тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу гомдол гаргах эрхтэй байна.

Хариуцагч Говь-Алтай аймаг дахь *** газар нь үнэлгээ тогтоосон 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гарсан шинжээчийн дүгнэлтийг төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчид 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр танилцуулсан гэж тайлбарлаж, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр танилцуулсан талаар дурдсан байх тул *** тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж зааснаар төлбөр төлөгч “***” ХХК-ийнзахирал ***-д хуулийн хугацаанд мэдэгдсэн гэж үзэхээр байна.

Мөн нэхэмжлэгч “*** ” ХХК нь дээрх үнэлгээний талаар шүүхэд 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан байх бөгөөд гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

5. Төлбөр төлөгч “*** ” ХХК нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийг сайн дураар төлөөгүй тул уг компанийн өмчлөлийн Ү-*** дугаартай Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Баяншанд, *** байрлах обьект, Сонсмол зил 30, *** ГАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэрэг эд хөрөнгийг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 19050344 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, хадгалалт хамгаалалтыг нь “***” ХХК-ийнзахирал болох ***-д хариуцуулж 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр битүүмжилсэн, барьцаалсан, хураасан эд хөрөнгийн хадгалалтын гэрээ байгуулсан байна.

Говь-Алтай аймаг дахь *** газрын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн мэдэгдэх хуудсаар төлбөр авагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мал хамгаалах сан, ***, ***, ***, ***, ***, *** болон Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга *** нарт тус тус хураагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналаа ирүүлэх тухай мэдэгдэл хүргүүлсэн байна. Мөн Говь-Алтай аймаг дахь *** газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 10 цаг 45 минутад үйлдсэн тэмдэглэлд “…Асуулт: тухайн эд хөрөнгө битүүмжлэх болон хураах ажиллагаатай холбоотой асууж тодруулах зүйл байна уу, объектыг хэдээ үнэлэх вэ?, хариулт: асууж, тодруулах болон нэмж хэлэх зүйл алга. Байгаа объект нь л энэ. Объектын үнэлгээ өгөхгүй” гэж тусгасан байх бөгөөд ярилцсан төлбөр төлөгч *** гээд гарын үсэг зуржээ.

*** тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 10/01 дугаар тогтоолоор Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Баяншанд баг үйлдвэрийн тойрог 0 тоот хаягт байрлах *** улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын ***  дугаартай 10000 мкв газар, Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Баяншанд баг үйлдвэрийн тойрог 0 тоот хаягт байрлах Мах боловсруулах үйлдвэрийн зориулалттай Ү-*** улсын бүртгэлийн дугаартай 600 мкв обьект болон бусад эд хөрөнгүүдийг, *** ГАА улсын дугаартай сонсмол Зил 30 тээврийн хэрэгсэл зэргийн үнэлгээг тогтоох шинжээчээр “*** ” ХХК-ийн шинжээч *** ыг гэж томилсон байна.  

Хэргийн үйл баримтаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар үл хөдлөх хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй гэж үзэхээр байх тул шинжээчээр үнэлүүлэх ажиллагаа хийгджээ.

6. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хөрөнгийн үнэлгээний тайлан нь үйлчлүүлэгч, захиалагч, гуравдагч этгээдэд уг үнэлгээний зүйлийн үнэ цэнийн талаар бодитой ойлголт өгөхөөр бэлтгэгдсэн байна.” гэж, 8.3-т үнэлгээчин болон үнэлгээний хуулийн этгээдийн нэр, хөрөнгийн үнэлгээ хийх эрх, зөвшөөрлийн дугаар, тусгай зөвшөөрлийн хугацаа, мэргэжлийн хариуцлагын даатгалын талаарх мэдээлэл, захиалагч болон үйлчлүүлэгчийн нэр, хаяг болон шаардлагатай бусад мэдээлэл, гуравдагч этгээдийн талаарх мэдээлэл, хөрөнгийн үнэлгээ хийсэн үндэслэл, зориулалт, үнэлгээний өдөр болон тайлан бэлтгэсэн он, сар, өдөр, хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолт, хөрөнгийн үнэлгээний зүйлийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаарх мэдээлэл, хөрөнгийн үнэлгээний тайлангийн хамрах хүрээ, хязгаарлах нөхцөл, хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдал, хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ, хөрөнгийн үнэлгээг энэ хуульд заасан стандарт, журам, аргачлалын дагуу хийсэн талаарх үнэлгээчний мэдэгдэл зэргийг тусгахаар заасан.

Шинжээч дээрх эд хөрөнгийг үнэлгээний олон улсын үнэлгээний стандартын арга аргачлал, зах зээлийн зэрэгцүүлэн тооцоолох аргуудаг ашиглан тооцоолж зах зээлийн үнэ цэнийг 1,558,410,917.71 буюу бүхэлчилбэл 1,558,411,000 төгрөг гэж дүгнэж байна гэж үнэлгээний тайланд дурджээ.

Харин нэхэмжлэгч “*** ” ХХК нь дээрх үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй, “…зах зээлийн зэрэгцүүлэн тооцоолох аргуудыг ашигласан нь нотлогдсонгүй. Үнэлгээний тайлан буюу шинжээчийн дүгнэлтэд өөр бусад үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэтэй харьцуулсан ямар ч судалгаа байхгүй байна. Газар эзэмших эрхийг үнэлэхдээ зөвхөн Засгийн газрын 182 дугаар тогтоолоор батлагдсан Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, газрын төлбөрийн хэмжээг тогтоох журмыг баримтлан үнэлсэн нь зах зээлийн бодит үнэлгээг тогтоосонгүй. Учир нь дээрх журам аргачлал нь зөвхөн газар эзэмшигчээс газрын төлбөр,татвар авахад зориулагдсан болно” гэх тайлбар, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлоогүйн зэрэгцээ үнэлгээ тогтоосон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг өөр аргаар хийлгэсэн эсэх, эрх бүхий байгууллагаар үнэлүүлсэн эсэх нь тодорхойгүй, зах зээлийн ханшаар хэдэн төгрөг болох, хэдэн төгрөгөөр худалдаалагдаж байгаа талаарх мэдээллийг болон тухайн эд хөрөнгүүдийг 1,558,410,917.71 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас доогуур гэх үндэслэл тайлбараа баримтаар нотлоогүй байхад шүүх тухайн үнэлгээг үндэслэлгүй, эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага буюу үнэлгээг хүчингүйд тооцуулах үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй болно.

Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “…шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчөөс үнийн санал аваагүй” тайлбарлажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө заажээ.

Говь-Алтай аймаг дахь *** газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 10 цаг 45 минутад үйлдсэн тэмдэглэлд “…Асуулт: тухайн эд хөрөнгө битүүмжлэх болон хураах ажиллагаатай холбоотой асууж тодруулах зүйл байна уу, объектыг хэдээ үнэлэх вэ?, хариулт: асууж, тодруулах болон нэмж хэлэх зүйл алга. Байгаа объект нь л энэ. Объектын үнэлгээ өгөхгүй” гэж тусгасан байх бөгөөд ярилцсан төлбөр төлөгч *** гээд гарын үсэг зурсан, 

Мөн Говь-Алтай аймаг дахь *** газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 12 цаг 48 минутад үйлдсэн тэмдэглэлд “…***  ХХК-д холбоотой төлбөрийн үйлдвэрийн байрыг үнэлүүлэхэд захирал Батболдыг байлцуулан ***  ХХК-ийн үнэлгээчин *** байлцан үнэлэгдэх бүх хөрөнгүүдийг үнэлүүлсэн захирал *** үнэлгээний тэмдэглэлтэй танилцсан, шинжээчтэй холбоотой татгалзал санал хүсэлт байхгүй, үйлдвэрийн хөрөнгийн үнэлгээг би сайн мэдэхгүй байна. Уг нь санхүүгийн тайланд байгаа байх ***аас асууя. Харин үйлдвэр доторх мах бэлтгэлийн зам хавтан зэргийг үнэлүүлмээр байна” гэж тусгасан байх бөгөөд ярилцсан төлбөр төлөгч *** гээд гарын үсэг зурсан,  

 

Дээрх тэмдэглэлүүдээр нэхэмжлэгч “***” ХХК-ийнзахирал ***оос үнийн санал аваагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгчөөс буюу нэхэмжлэгч “Алтай сүрлэг нуруу” ХХК-ний захирал ***оос үнийн санал асуухад санал өгөөгүй болох нь тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд үнийн санал өгөх эсэх нь төлбөр авагчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй юм.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т зааснаар үндэслэл, татгалзлаа нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул *** улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын ***  дугаартай 10000 мкв газар, Мах боловсруулах үйлдвэрийн зориулалттай Ү-*** улсын бүртгэлийн дугаартай 600 мкв обьект бусад эд хөрөнгө, *** ГАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь төлбөр төлөгч “*** ” ХХК нь шүүхийн шийдвэрээр баталгаажсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага үүргийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлбөр төлөгч нь сайн дураар төлөөгүй үндэслэлээр Говь-Алтай аймаг дахь *** газар төлбөр төлөгчийн өмчлөлд байгаа үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хурааж, эд хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон дээрх ажиллагааг хийсэн нь *** тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэлээ. 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *** тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймаг дахь *** газарт холбогдуулан гаргасан 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шинжээч томилох тухай 10/01 тоот тогтоолын дагуу гарсан “*** ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2402258 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “***” ХХК-ийннэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ