Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2016/00984

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дүгээр багийн 00 тоотод оршин суух Д овогт Бын Г /РЭ-0/-ын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дүгээр багийн 000 тоотод оршин суух Дийн Б /РР-000/-т холбогдох

Машины үнэ 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Бтай зээлийн гэрээ байгуулан улсын бүртгэлийн дугаар ХӨВ-0000 Тоёота Спринтер автомашиныг 3.500.000 төгрөг 2016 оны 4 дүгээр сарын 05-наас өмнө өгөхөөр зээлдүүлсэн юм. Удаа дараа ярихад Д.Б нь 5 дугаар сард буу, хөөрөг өгөөд мөнгөө өгч буу, хөөргөө буцааж авна гэсэн.

Гэтэл зээлийн гэрээ байгуулан машинаа зарснаас хойш 3 сарын хугацаа өнгөрч Д.Баас мөнгөө авъя гэхэд өгөх боломжгүй, утсаар ярихаар холбогдохгүй болсон.

Иймд миний зээлдүүлсэн 3.500.000 төгрөгийг Д.Баас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Гын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилсэн 3.500.000 төгрөгийг 8-н сар дотор төлж барагдуулна гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Д.Баас машины үнэ 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Д.Б нь ....3.500.000 төгрөгийг 8-н сар дотор төлж барагдуулна.... гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгч нь хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбартай танилцсан, хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Гын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86.930 төгрөгнөөс улсын орлогоос буцаан 43.465 төгрөг, хариуцагч Д.Баас 43.465 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Год олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

1. Нэхэмжлэгч Б.Гын нэхэмжлэлийн шаардлага машины үнэ 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг хариуцагч Д.Б төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Гын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86.930 /наян зургаан мянга есөн зуун гуч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баас 43.465 /дөчин гурван мянга дөрвөн зуун жаран тав/ төгрөг, Голомт банкны Хөвсгөл салбар Татварын хэлтсийн 4901000149 тоотод данснаас буцаан 43.465 /дөчин гурван мянга дөрвөн зуун жаран тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Год олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ