Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2016/00985

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би Хас банкны Хөвсгл салбарын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дүгээр баг 00 дүгээр гудамж 00 тоотд оршин суух, 00 дугаарын гар утастай Лхагвацэрэн овогтой ******* /РЮ-00/,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дүгээр баг 00 дүгээр гудамж 00 тоотд оршин суух 000 дугаарын гар утастай Жигжидсүрэн овогтой******* / РЭ-000/ нарт холбогдох

Үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нийт 22,129,515.7 /хорин хоёр сая нэг зуун хорин есөн мянга таван зуун арван таван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дүгээр сарын 24ы өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Хасбанкны Хөвсгөл салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Л. *******, Ж.Цэцэгмаа нар нь тус банкнаас 2014 оны 03 дугар сарын 27-гы өдөр 5001110686 тоот зээлийн шугамын гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг зээлийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 24 сарын хугацаатай буюу 2016 оны 03 дугаар сарын 04 нй өдөр дуусгавар болох 365 хоногт 28.2 хувийн хүүтэй, ашиглаагүй зээлийн эрхийн үлдэгдэл 0,2 хувийн үүрэг хүлээсний шимтгэлтэйгээр авсан. Зээлийн гэрээний нөхцөл нь зээлийн үндсэн хүү, үүрэг хүлээсний шимтгэлийг дараа сарын ажлын эхний 2 өдрийн дотор төлөх, үндсэн зээлийн төлбөрийг хугацааны эцэст төлөх үүрэгтэй боловч зээл авсны дараа энэхүү хуваарийн дагуу төлөхгүй хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг огт төлөөгүй. Энэ хугацаанд Банкны зүгээс зээлдэгч Л.*******, Ж.Цэцэгмаа нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа утсаар болон биечлэн уулзаж мэдэгдэж, шаардсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж тодорхой арга хэмэжээ авалгүй өнөөдрийг хүрч 4 сар буюу 109 хоног хугацаа хэтрүүлж гэрээг зөрчсөөр байна. Цаашид зээлийн шугамын 5001110686 дугаар гэрээг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал хүргэж зээлдэгч Л.*******, Ж.Цэцэгмаа нар нь зээлийн шугамын 5001110686 дугаар гэрээний үндсэн төлбөр 19,993,597.98 төгрөг, хүү 1,785,080.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 350,837.11 төгрөг, нийт 22,129,515.7 төгрөг болоод байна. Иймээс тус гэрээг цуцалж, шүүхийн шийдвэр гаргах өдрийн байдлаар хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож гаргуулах, . үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах хүсэлтэй байна. гэжээ.

Хариуцагч Л.*******, Ж.Цэцэгмаа нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зээлдэгч Л.*******, Ж.Цэцэгмаа бид хоёр гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг зээлж авч наймаа хийж байгаад зах зээлийн хямралд шатсан тул Хас банкинд 22,129,515 төгрөгийг өөрийн хөрөнгө хашаа газар байшингаараа өгч өр барагдуулна. Хашаа байшингаа барих үед барилгын материалын палк дүнз банзны үнэ өндөр байсан болохоор газар хашаа байшингаа 25,000,000 төгрөгөөр үнэлж байна гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хас банкны Хөвсгөл салбар, хариуцагч Л.*******, Ж.Цэцэгмаа нарт холбогдох Үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нийт 22,129,515.7 /хорин хоёр сая нэг зуун хорин есөн мянга таван зуун арван таван/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Л.*******, Ж.Цэцэгмаа нар нь ....22,129,515 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.... гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгч нь хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбартай танилцсан, хариуцагч нарын зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Хасбанк нь улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 268,655 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******, Ж.Цэцэгмаа нараас 134.328 төгрөгийг гаргуулж, улсын орлогоос 134.328 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Хасбанкинд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

1. Нэхэмжлэгч Хас банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлийн шаардлага 22,129,515 /хорин хоёр сая нэг зуун хорин есөн мянга таван зуун арван таван/ төгрөгийг хариуцагч Л.*******, Ж.Цэцэгмаа нар төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хас банкны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 268,655 /хоёр зуун жаран найман мянга зургаан зуун тавин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******, Ж.Цэцэгмаа нараас 134.328 /нэг зуун гучин дөрвөн мянга гурван зуун хорин найм/ төгрөг, Голомт банкны Хөвсгөл салбарын Татварын хэлтсийн 4901000149 тоотод данснаас буцаан 134.328 /нэг зуун гучин дөрвөн мянга гурван зуун хорин найм/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Хөвсгөл салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ