Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2018/ШЦТ/005

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж, 

улсын яллагч М.Ф

нарийн бичгийн дарга Б.Ж

шүүгдэгч М.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт М.Х-д холбогдох 1713000000117 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1974 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Д сумын*** дүгээр багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй,

М овогт М.Х.

 

Шүүгдэгч М.Х-ны холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч М.Хнь 2017 оны 12 дугаар сарын 12-ний өдөр 16 цагийн үед Баян-Өлгий аймгийн Д сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах  иргэн Бын бллярдны газарт иргэн Х.Т-ийг хэрүүл маргааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Х нь 2017 оны 12 дугаар сарын 12-ний өдөр 16 цагийн үед Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах  Б.Жарханатын бллярдны газарт хэрүүл маргааны улмаас иргэн Х.Т-ийн нүүрэн тус газар нь гараараа 3 удаа санаатай цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох 

- Шүүгдэгч М.Х-ны шүүх хуралдааны хэлэлцүүлэг өгсөн “... Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна...”гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

- Хохирогч Х.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би бллярд тоглоод 60000 төгрөг авч гэр лүүгээ харих гээд явах гэсэн боловч хамт тоглосон М.Х нь “чи бид нарыг хоёр удаа хожиж мөнгө авч явахгүй шүү чамайг явуулахгүй” гэж хэлсэн. Би тэр үед  М.Х-д “чи намайг мэдэхгүй би явна” гэж хэлсэн. Тэр үед М.Х  гүйж ирж намайг гараар нэг цохисон байсан ба би ухаан алдаж доошоо хагас сууж байхад намайг  хэд хэдэн удаа гараараа миний нүүр хэсэг рүү цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/

- Гэрч А.Е-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Биллярд тоглож байхад М.Х, Х.Т нар хэрэлдэж байсан ба нэг мэдэхэд М.Х Х.Т-кт хандаж “чи одоо болно, нэг биш хоёр удаа боллоо” гээд түүнийг зодсон. Тэр үед Х.Т-ийн нүүр цус болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/

- Гэрч Б.Ж-тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Бллярд тоглож байхад М.Х нь Х.Т-т хандаж “чи одоо боль, 2 удаа намайг өдлөө” гэж хэлсэн. Тэр үед Х.Т нь “чи намайг мэдэхгүй” гэж хэлсэн. Улмаар М.Х нь Х.Т-ийг зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/

-Хохирогч Х.Т-ийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 16-18 дугаар хуудас/

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн №19 дугаартай дүгнэлтэд: “... Иргэн Х.Т-ийн биед тархины доргилт, баруун ба зүүн нүдэнд хөх ягаан туяатай цус хуралттай, нүдний салстад цус харвасан, тархины бага зэргийн хавантай, зүүн нүдний ухархайн дотор хана самалдаг яс руу цөмөрч хугарсан, 2-р талын гайморын хөндийд хана дагасан шингэнтэй, хамрын таславч баруун тийш мурийсан гэмтэл тогтоогдлоо. ...Иргэн Х.Т-ийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” /хх-ийн 19 дүгээр хуудас/ зэргээр болон хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч М.Х-ны үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Тус гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд харилцан тохиролцож, 100000 төгрөг бэлнээр өгөлцсөн байх тул уг тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, ял хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзлээ.

Иймд шүүгдэгч М.Х-ны үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хөнгөн ял болох торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 3 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 төгрөгтэй тэнцэх юм.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.

Шүүгдэгч М.Х-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5,  36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                ТОГТООХ нь :

1.Шүүгдэгч М овогт М.Х-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-д  450 “дөрвөн зуун тавин” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-д оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг 3 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж дуусгахаар тогтоосугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Х-ны эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийг өөрт нь буцаан олгосугай. 

8.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.А