Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2023/ДШМ/232

 

 

 

 

 

 

     2023          02            28                                         2023/ДШМ/232                                              

                                                               

     Э.Б-д холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Нарангуа,

шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Г.Ганцэцэг, Б.Тэнгис,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х, түүний өмгөөлөгч Ч.Мөнх-Ачит,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/989 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Э.Б-д холбогдох эрүүгийн 2111000000955 дугаар хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

....... овгийн ................... Б, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ................. төрсөн, эрэгтэй, .. настай, .................. боловсролтой, ............... мэргэжилтэй, .................... ажил.., ам бүл .., эхийн хамт ............. дүүргийн .. дугаар хороо, .......... дугаар гудамжны .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:..................../.

Шүүгдэгч Э.Б нь  2021 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хувьсгалчдын Г-291в тоотын гадна “Ниссан теана” маркийн 60-81 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслээр Н.С-ийг 2 удаагийн үйлдлээр мөргөж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Э.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ын цагдан хоригдсон 67 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Б-аас 14.094.155 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х-т олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Г.Ганцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/989 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийг бүрэн шалгаж тогтоогоогүй. Балжиням нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ ямар санаа зорилготой байсан, яагаад Н.С-ийн амь насыг хохироох болсон, амь насыг нь хохироосноор ямар ашигтай үр дагавар Б-д үүсэх байсан эсэхийг тал бүрээс нь бүрэн шалгаж тогтоогоогүй. Ямар учраас гэм буруугийн санаатай үилдэл гэж дүгнэж байгаа талаараа нотлох баримтаар тодорхойлж дүгнэлт хийгээгүй.

Тухайн гэмт хэргийн газар дээр хийсэн хэргийн газрын үзлэгээр санаатайгаар талийгчийг 2 удаа мөргөсөн болох нь тогтоогдоогүй, ухрах үйлдэл хийгээд дахин мөргөсөн гэж дүгнэхдээ ямар нотлох баримтыг үндэслэсэн нь тодорхойгүй, хэргийн газрын үзлэгээр дугуйны мөр, тормосны мөр, машины хурд зэргийг шалгаж тодорхойлоогүй, яг тухайн цаг хугацаанд ухрах үйлдэл хийхдээ анхны урагш хөдлөхөд гарсан дугуйны мөр дээгүүрээ ямар ч зөрөөгүй ухрах үйлдэл хийгээд дахин урагш хөдөлж явахдаа, өөрөөр хэлбэл 3 удаа хойш, урагшаа үйлдэл хийхдээ өмнөх мөрнөөсөө зөрөхгүйгээр, дахин зэрэгцэж мөр гаргахгүйгээр машинаа жолоодож явах боломжтой байсан эсэх, ямар нэг хэмжээгээр дугуйны мөр нь зөрсөн эсэх, дахин дугуйны мөр зэрэгцэж гарсан байсан эсэхийг тухайн үед хэргийн газрын үзлэгээр мөрийг нь бэхжүүлж аваагүй, хэргийн газрын үзлэгийг бүрэн биш хиисэнээс шалгаалан гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл бүрэн тогтоогдохгүй байгаа.

Э.Б нь стандарт шаардлага хангахгүй бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо санамсар болгоомжгүй байдлаасаа болж зам тээврийн осол гаргаж Сийг мөргөж амь насыг нь хохироосон, амь хохирогчийг санатайгаар дайрч алах шалтгаан байхгүй талаар мэдүүлэгээ тогтвортой өгсөн. Тухайлбал, Н.С тухайн үед халамцуу байхдаа чи намайг гэрт хүргээд өгөөрэй гэж хэлэхэд Б таныг хүргээд өгч болно гэж хэлсэн. Тэгээд тэд нарыг хүлээж байгаад мөд явахааргүй болохоор нь маргааш ажилтай учир явахаар гарч машинаа асаагаад хөдлөхөд талийгаач гэнэт хажуунаас машины урдуур орж ирсэнийг машины шил нь битүү цантсан байсан учир харахгүйгээр хөдөлсөн байдаг. Гэтэл санаатайгаар дайрч алсан гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ нөхцөл байдалтай нийцэхгүй байна.

2. Анх гомдол мэдээлэл хүлээн аваад хувийн таарамжгүй харьцаа байсан эсэхийг шалгаж тогтоохгүйгээр Э.Б-ыг амь хохирогч С-ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас санаатайгаар 2 удаа мөргөж амь насыг нь хохироосон гэж үндэслэлгүй дүгнэлт хийж хэрэг нээсэн боловч мөрдөн шалгах ажиллагаагаар амь хохирогч С, Э.Б нарын хооронд ямар нэгэн хувийн таарамжгүй харьцаа тухайн цаг үед үүсээгүй, өмнө нь ч байгаагүй, урьдын өр авлага, өш хонзонгийн асуудал байгаагүй болох нь гэрч Б.О, гэрч П.А, гэрч И.Э, гэрч О.О, гэрч С.О нарын болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүдээр нотлогдсон.

Хяналтын прокуророос “Б нь хохирогчийг эхлээд 1 удаа мөргөж, дахин ухарч байгаад мөргөж санаатайгаар амь насыг нь хохироосон болох нь насанд хүүрээгүй гэрч С.Н-ийн мэдүүлгээр нотлогддог гэж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт тайлбарладаг.

Гэтэл насанд хүрээгүй гэрч Б.Н нь мөрдөн байцаалтын шатанд гэрчийн мэдүүлгийг 2 янзаар өгсөн “...Э.Б ах машинаа асаагаад урагшлаад С эгчийг мөргөсөн. С эгч машины өөдөөс хараад өвдөглөөд суух шиг болсон. ... би том хүн дуудах гээд гэр рүү гүйгээд орсон...” гэх эргэлзээ бүхий 2 дахь удаагаа гэрчээр өгсөн мэдүүлэг хх 44 хуудаст авагдсан, мөн илэрсэн нөхцөл байдлыг шалгах, явсан замыг тогтоох, урьд өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан тогтоох зорилгоор мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулсан байдаг. Энэ ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Б.Н “...Б нь Сийг 1 удаа мөргөсөн ухарч байгаад дахин мөргөөгүй...” гэж хэлснийг тэмдэглэлд тусгасан байдаг.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х, түүний өмгөөлөгчөөс мэдүүлгийн зөрүүг арилгуулахын тулд насанд хүрээгүй гэрч Б.Н, гэрч С.О нарыг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүсэлтийг нь ханган шийдвэрлэж, шүүх хуралдаанд насанд хүрээгүй гэрч С.Н-ийг гэрчээр оролцуулсан бөгөөд насанд хүрээгүй гэрч С.Н нь шүүх хуралдаанд “...Э.Б нь Н.С-ийг 1 удаа мөргөсөн, ухрах үйлдэл хийгээгүй...” гэж ямар ч эргэлзээгүйгээр мэдүүлсэн мэдүүлэг шүүхийн шийдвэрт тусгагдаагүй байх тул дурьдах нь зүйтэй байна. Дээрх мэдүүлгийг гэрчид хууль сануулж авсан.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 8 дугаар талд “...хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг ямар шалтгааны улмаас автомашинаар дайрч амь насыг нь хохироосныг гэрч нарын хэн, аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг нотлох баримтуудыг өөрсдийн дотоод итгэлээр үнэлж үнэн зөв гэж үзсэн болно...” гэсэн шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Яагаад гэвэл, амь хохирогч Н.С-ийг дайрсан болохыг харсан ганцхан гэрч болох насанд хүрээгүй гэрч Б.Н-ийн мэдүүлэг зөрүүтэй байхад шүүх гэрчийг зөрүүгүй мэдүүлсэн, санаатайгаар мөргөсөн гэж дотоод итгэлээрээ үнэлж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэхээр байна.

Мөн Баянгол дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч нарын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт, МехТС-ийн техникийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 22/06 тоот дүгнэлт, Дотоодын их сургуулийн 202214 тоот шинжээчийн дүгнэлтийг улсын яллагч яллах талын нотлох баримтын үндэслэл болгосон, мөн анхан шатны шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шийдвэрийнхээ үндэслэл болгосон.

Гэтэл Дотоодын их сургуулийн 202214 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Э.Б-ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатай эсхүл болгоомжгүйгээр зөрчсөн эсэхийг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт нь хэргийг шийдвэрлэхэд учир дутагдалтай. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тогтооход эргэлзээтэй, бүрэн биш дүгнэлт. Дахин 5 бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах ёстой. Хэргийг Нийслэлийн прокуророос болон анхан шатны шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаахад энэ ажилагааг хийх бүрэн боломжтой байхад гүйцэтгэхгүй байсан.

Мөн Баянгол дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч нарын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтээр “...авто тээврийн хэрэгслийн тэнхлэг хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан, зогсоолын тормос ажиллахгүй, баруун талын их гэрэл хол дээрээ стандарт шаардлага хангахгүй, баруун гар талын ойрын гэрэл асахгүй, зүүн гар талын их гэрэл хол, ойр дээрээ асахгүй урд салхины шил хагарсан, урд болон хойд оврын гэрлийн чийдэн асахгүй, рулийн гидрь ажиллахгүй, урд болон хойд оврын гэрлийн чийдэн асахгүй... жолооч талын хаалганы цонх буухгүй ...гидрийн насосны ремин байхгүй зэрэг гэмтэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Баруун гар талын их гэрэл хол, ойр дээрээ стандарт шаардлага хангахгүй, баруун гар талын ойрын гэрлийн чийдэн асахгүй, зүүн гар талын их гэрлийн чийдэн хол, ойр дээрээ асахгүй байгаа нь жолоочийн үзэгдэх орчныг хязгаарлах байдлаар нөлөөлөх боломжтой. Рулийн гидрь насос ажиллахгүй байгаа нь жолоодлого хийхэд хүндрэлтэй учир зам тээврийн осолд нөлөөлөх боломжтой гэсэн техникийн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг.

Мөн гэмт хэрэг гарахад техникийн бүрэн бус байдал нөлөөлсөн талаар МехТС-ийн техникийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 22/06 тоот “...Уг осол, зөрчил үйлдэгдэхэд Э.Б-ын жолоодож явсан тээврийн хэрэгслийн стандарт шаардлага хангахгүй байдал, уг тээврийн хэрэгслийн урд салхины шил нь хагарсан, шил нь цантсан учир үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан, баруун, зүүн гар талын их болон ойрын гэрэл нь асдаггүй стандарт шаардлага хангахгүй, тэнхлэг хажуу гулсалтын хэмжээ алдагдсан, рулийн гидрь насос ажилладаггүй байсан нь жолоодлого хийхэд хүндрэлтэй зэрэг техникийн бүрэн бус байдал нь уг зам тээврийн осол гаргахад нөлөөлөх боломжтой ... Э.Б нь замын хөдөлгөөнд оролцсон, жолооч мөн...” гэж гарсан тусгай мэдлэг бүхий дээрх шинжээчийн дүгнэлтүүд болон шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох дээрх нөхцөл байдлуудад хийсвэр, өрөөсгөл дүгнэлт хийж, шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан тул шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Дээрх дүгнэлтээр Б нь замын хөдөлгөөнд оролцсон оролцогч мөн, жолооч мөн юм бол Замын хөдөлгөөний дүрмийн хэддүгээр зүйлийн хэд дэх, ямар заалтуудыг зөрчсөн, техникийн бүрэн бус байдал, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсон нь ямар заалт зөрчсөнийг зайлшгүй тогтоох нь хэрэгт чухал ач холбогдолтой байхад энэ талаар дүгнэлт гаргуулж тогтоогоогүй.

Анхан шатны шүүх дүгнэхдээ: Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх боломжтой байсан ч тормос гишгээгүй, мөн осол хэргийн газарт ямар нэгэн тормосны мөр байгаагүй тухайн ослыг зам тээврийн осол гэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байна. Яагаад гэвэл тухайн осол хэрэг гарах үед жолооч Э.Б-ын туулсан зам нь богино, хурд авах боломжгүй, машинаа асаагаад дөнгөж хөдлөх үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Н.С гэнэт хажуу талаас орж ирсэнийг шил нь цантсан, баруун зүүн хол ойрын их болон бага оврын гэрлүүд асахгүй үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан учир жолооч Э.Б хараагүй байдаг.

Хичнээн гаднах орчин гэрэлтэй гудамжны гэрэлтүүлэгтэй байсан ч гэсэн тухайн тээврийн хэрэгслийн урд салхины шил нь хагарсан, шил нь цантсан үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан үед хүн, мал амьтныг бүрэн харах боломжгүй байдаг. Амьдрал практикт ч гэсэн бид цантсан шилнийхээ цаныг ямар нэгэн байдлаар арилгасны дараа хөдөлгөөнд оролцохгүй бол юу ч харагддаггүй.

Ер нь “хүнийг алах” гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан, гэмт үйлдэл амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Гэм буруутай этгээд өөрийн үйлдэл эс үйлдэхүйг нийгэмд аюултай болохыг урьдчилан мэдсээр байж бусдын амь нас хохирооход чиглэсэн, хохирогчийн үхлийг өөрөө хүссэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг.

Гэтэл хэргийн үйл баримтаас харахад, Э.Б нь хохирогчийг машинаар дайрч үхэлд хүргэхийг хүсээгүй, машины шил нь цантсан, баруун зүүн гэрлийн чийдэнгүүд асахгүй байсны улмаас Н.С машины урдуур гэнэт орж ирсэнийг харахгүйгээр дайрч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас амь насыг нь хохироосон. Гэмт үйлдэл амь хохирогчийн үхэл хоёрын хооронд ямар нэгэн шалтгаант холбоо байсан эсэхийг мөрдөн байцаалтын ажиллагааны явцад нотлох баримтаар нотлон тогтоогоогүй.

Хяналтын прокурор Ц.Майбаяр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...үзэгдэх харагдах орчин хязгаарлагдсан бол яагаад цангаа арилтал зогсоогүй бэ, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэйгээр хөдөлгөөнд оролцохыг хориглох талаар замын хөдөлгөөний дүрэмд заасан байдаг. Тээврйин хэрэгсэл бүрэн бүтэн байсан эсэх талаар ажиллагаа ханалттай хийгдсэн...” гэсэн тайлбар гаргасан. Бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох заалт байдагийг хяналтын прокурор өөрөө тодорхойлсон атлаа жолооч Э.Б-ын бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл Замын хөдөлгөөний дүрмийн ямар зүйл хэсгийг зөрчсөн, Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дүгээр зүйл “...Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө, зам орчны байдлыг шалгаж хөдөлгөөн эхлэх...’’, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байхад энэ талаар тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт яагаад гаргуулахгүй байгаа нь эргэлзээ төрүүлэхүйц байна. Дахин 5 бүрэлдэхүүнтэй шижээчийн дүгнэлт гаргуулж мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт хийх боломжтой байсан. Хэрэг олон удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцсан.

Замын хөдөлгөөний дүрмийн яг хэддүгээр зүйл, заалтыг зөрчсөн, хэргийн бодит байдлыг тогтоолгохоор мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр Нийслэлийн прокурорын газраас хяналтын прокурорын яллах дүгнэлтийг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаасан, мөн анхан шатны шүүхээс гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг бүрэн бодитой тогтоолгохоор хэргийг прокурорт буцаасан. Мөн прокурорын давж заалдах журмаар гаргасан эсэргүүцлийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн.

Гэтэл нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааснаас хойш шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаануудыг бүрэн гүйцэт явуулаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд “гэмт хэргийн шинжийг бүрэн нотолсон эсэх”, энэ хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “шаардлагыг хангасан эсэх, “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тодруулж чадсан эсэх”, “яллагдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг бүрэн нотолсон эсэх”-ийг мөрдөгчөөс шилжүүлсэн хэргийн хүрээнд прокурор хянаагүй, шинжээч нь мөн өмнөх дүгнэлтээ дахин давтан тодорхойгүй, эргэлзээтэй дүгнэлт гаргасан, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн ямар ч хөдөлбөргүй тогтоохгүйгээр хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэнийг анхан шатны шүүх хүлээн аваад шийдвэр гаргахдаа хэрэгт хууль журмын дагуу бэхжүүлэгдэн авагдсан нотлох баримтуудад тал бүрээс нь бодитой дүгнэлт хийж чадаагүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох дээрх нөхцөл байдлуудыгг анхаарч үзэлгүй орхигдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Миний үйлчлүүлэгч Э.Б нь стандарт шаардлага хангахгүй, шил нь цантсаны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдмал үед бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож явах нь хууль бус болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож, урд салхины шилний цаныг арилгахгүйгээр хөдөлгөөн хийсний улмаас хажуу талаас гэнэт гарч ирсэн хүнийг харахгүйгээр мөргөж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж бусдын амь насыг нь хохироосон үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй гэж дүгнэхээр байна.

Шүүхээс гэмт үйлдэл амь хохирогчийн үхэл хоёрын хооронд ямар шалтгаант холбоо байсан эсэхийг нотлох баримттайгаар бодитойгоор тогтоож чадаагүй. Тухайлбал, гэмт хэрэг гарсан гэх тухайн цаг үед Быг Н.С-ийг автомашинаар дайрч байхыг харсан гэх насанд хүрээгүй гарч С.Нандин-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зөрүүтэй байхад гэрчийн мэдүүлэг зөрүүгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй. Ямар нотлох баримтыг ач холбогдолтой гэж авсан, бусад ямар нотлох баримтыг нь яагаад үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй.

Н.С-ийг дайрахыг харсан гэх гэрч С.Н-ийн мэдүүлэг зөрүүтэй, эргэлзээтэй мэдүүлсэн байх ба өөр бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй тул дангаар шүүгдэгчийг яллах үндэслэлгүй гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 989 дугаар шийтгэх тогтоол нь үндэслэлгүй, Б-ыг машинаараа дайрч алахыг хүсэж байсан гэсэн хийсвэр дүгнэлт хийснээс гадна шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох дээрх нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт авагдсан зөрүүтэй нотлох баримтын аль нэгийг нь ач холбогдолтой гэж авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой заагаагүй нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл болно гэж дүгнэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалтыг баримтлан хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгосон үйлдлийг нотлогдон тогтоогдохгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, зүйлчлэлийг нь зөвтгөн өөрчилж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлагыг оногдуулж өгнө үү.

Бүрэн бүтэн бус тээврийн хэрэгсэл гэдгийг мэдсээр байж жолоодож, өөрийн санамсар болгоомжгүй, хэнэггүй байдлаасаа болж хүний амь насыг бологоомжгүйгээр хохироосон гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч маш их харамсаж байгаа. Тухайн тээврйин хэрэгсэл нь стандарт шаардлага хангасан бүрэн, машины шил нь цантаагүй, үзэгдэх орчин чөлөөтэй харагдаж байсан бол энэ зам тээврийн осол гарахгүй, хүний амь хохирохгүй байх бүрэн боломжтой байсан нөхцөл байдлыг харж үзэж, хэргийг тал бүрээс нь хянаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/989 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож өөрийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хохирогч талийгаач С-ийн амь насанд хохирол учруулсан үйлдэлдээ маш их гэмшиж, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна.

Хэрэг болох үед машины маань урд салхины шил хагарч цуурсан, мөн их хэмжээний цан үүссэн байсан. Шил цантаагүй, бүрэн бүтэн тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний амь нас хохироосон бол надад гомдох эрх байхгүй.

Авто тээврийн шинжээчдийн дүгнэлтээр машины маань рулийн гидр буюу жолооны хүрд хатууралтай гэсэн дүгнэлт гарсан. Мөн жолооч талын их гэрэл шатсан гэсэн дүгнэлт гарсан. Намайг Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтууд зөрчсөн болохыг шинжээчдийн дүгнэлтээр тогтоогоогүй.

Хохирогчийг санаатайгаар 2 удаа мөргөж амь насыг нь хохироосон гэдэг нь хэтэрхий 1 талыг барьсан шийдвэр юм. Анхан шатны шүүх хуралдаанд насанд хүрээгүй гэрч өөрийн биеэр хүрэлцэн ирж хэргийн талаар намайг “нэг удаа мөргөсөн” гэж үнэн зөвөөр мэдүүлсэн боловч энэ нөхцөл байдлыг төдийлөн авч хэлэлцэж, ойшоогоогүй.

Мөн мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч уг мэдүүлгээ удаа дараа мэдүүлсээр ирсэн. Миний хувьд хохирогчтой уулзаж байгаагүй, танихгүй, нэгээс хоёр удаа зүс харсан төдий. Бид хоёрын хооронд ямар нэгэн өш хонзон, өр авлага, хэрүүл маргаан үүссэн асуудал байхгүй.

Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг санаатайгаар алах гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчилсэн бөгөөд энэ зүйлчлэл нь буруу зүйлчлэл юм.

Тухайн үед цас, бороо холилдож ороод салхины шилний цонх хагархай байсан учраас харагдах байдал хомс байсан. Хөдлөхдөө ойр орчмынхоо байдлыг хараад хөдөлсөн боловч гэнэтхэн ийм зүйл болсон. Санамсар, болгоомжгүйгээр хүний амь нас хохироосондоо маш их гэмшиж байна.

Иймд эдгээр нөхцөл байдлыг үндэслэн надад холбогдох уг хэргийг бүх талаас нь нягтлан шалгаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн хүсэлтийн дагуу оролцож байна. Анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шийтгэх тогтоолд бие даасан гомдол гаргаагүй. Хэргийн үйл баримт, нөхцөл байдал, гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэл мөн үү, эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ослын улмаас хүний амь нас хохироосон шинжтэй үйлдэл үү гэдэгт хууль зүйн дүгнэлт хэлэх нь зүйтэй. Анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийхдээ гэрчүүдийн мэдүүлэг, мөн талийгаачийн цогцост хийсэн үзлэг, автомашины эвдрэл, гэмтэл зэрэг үйл баримтуудаас насанд хүрээгүй гэрч Н-ийн мэдүүлэг нь 2 удаагийн үйлдлээр мөргөсөн үйлдэл нь санаатай хүнийг алах гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэж ял оногдуулсан. Хэдийгээр Н-ийн 2 удаагийн мэдүүлгээр мөргөсөн гэж үзвэл гэмтлийн дүгнэлт гаргасан шинжээч эмч нарын гэмтлийн зэрэгтэй холбоотой баримтуудыг харахаар Н-ийн мэдүүлгийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх юм бол сөгдөөд суусан хүн дээгүүр ямар тохиолдлоор автомашин гарах вэ, логик, практикийн хувьд эргэлзээтэй байгаа. Автомашиныг ухарч ирэхэд сөгдөж суусан байсан хүн хэзээ нь автомашиныг дээгүүрээ гаргах байдалтайгаар хэвтсэн болж таарах уу. Талийгаачийн хувцсанд наалдсан шавар, шавхай зэрэг нөхцөл байдлуудаас нь тухайн цаг хугацаанд цаг агаарын ямар шинжтэй нөхцөл байдал байсныг хавтаст хэрэгт тогтоогдоогүй. Шавар, шавхай ямар нэгэн хотгор газар тогтдог. Шинжээч нарын дүгнэлтэд ямар нэгэн биетийг дайрсан бол түүнийг мэдэх шаардлагатай байсан гэсэн дүгнэлт хийсэн нь шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэх үйл баримт эргэлзээтэй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх эрүүгийн хариуцлагын зохицуулалт байдаг. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн сэдэлт, шалтгаан нь юу байсан юм. Э.Б-ын хувьд талийгаачийг таньж, мэдэхгүй. Урьд нь 1, 2 удаа уулзаж нүүр, нүүрээ харж танилын хэмжээнд л мэднэ. Хүнийг алах гэмт хэргийн шинж байгаа эсэхэд анхан шатны шүүх хууль зүйн бүрэн дүгнэлт хийж чадаагүй. Насанд хүрээгүй гэрч Н-ийн мэдүүлэг, утсанд хураагдсан бичлэг зэргийг хууль зүйн үндэслэл болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ хууль зүйн дүгнэлт хийсэн нь нэг талдаа өрөөсгөл юм. Иймд эргэлзээ бүхий үйл баримт байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хууль зүйн зохицуулалттай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ослын улмаас хүний амь нас хохирсон гэж үзэх хууль зүйн үндэслэл байна. 2 удаагийн мөргөлтөөс хүний амь нас хохирсон гэх юм бол тухайн тээврийн хэрэгсэл тодорхой хурдтай явж байж талийгаачид гэмтэл учруулсан байхыг шаардана. Давж заалдах шатны шүүхээс мөргөсөн асуудалд үндэслэлтэй шийдвэрлэж, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд ямар нэгэн саналгүй. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х-ын өмгөөлөгч Ч.Мөнх-Ачит тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.Б мэдүүлэгтээ амь хохирогч С-ийг дайрснаа 2 янзаар тайлбарладаг. “Автомашины толиороо хүн шүргэчихлээ гэж бодоод тэр чигтээ явсан. Хааз, тоормосоо андуурч гишгээд мөргөсөн” гэдэг. Ямар нэгэн байдлаар хүн мөргөсөн гэдгээ мэдсэн атлаа тээврийн хэрэгслээс бууж анхан шатны тусламж болон эмнэлэгт хүргэж өгдөггүй. Энэ үйлдэл нь талийгаачийг алах сэдэл, санаа зорилгыг агуулсан гэж ойлгож байгаа. Энгийн харилцаатай хүмүүс нэг айлаас гараад нэгийгээ мөргөсөн бол санамсар, болгоомжгүйгээс бүрэн бус тээврийн хэрэгслийн улмаас нэгийгээ мөргөсөн бол орхиж явахгүй, туслах байсан. 1 дүгээр хавтаст хэргийн 33 дугаар талд авагдсан баримтаар Н-ийн утсанд үзлэг хийсэн байдаг. Шүүгдэгч хэрэг хүлээх чадвартай, очиж байгаад хэргээ хүлээнэ, хэдэн жилээр ч хамаагүй гэх насанд хүрээгүй гэрч Н-ийн шүүгдэгч Э.Б-ыг амь хохирогч Сийг 2 удаагийн үйлдлээр автомашинаар мөргөж амь насыг нь хохироосон гэдэг. Үүнийг маш тодорхой мэдүүлдэг. Яагаад гэхээр насанд хүрээгүй гэрч тухайн үеийн процессыг харсан учраас тэр үедээ мэдүүлэхдээ маш зөв мэдүүлж байсан. Шүүгдэгч Э.Б ээжийнх нь найз залуу. Шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ гэдгийг тогтоосон. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл байдаг. 2 дахь удаагаа мөргүүлсэн гэх газарт үзлэг хийсэн болох нь харагддаг. Мөн Дотоод хэргийн их сургуулийн шинжээчийн дүгнэлтээр гэрэлтүүлэгтэй байсан нь талийгаачийг харах боломжтойг харуулсан. Зам тээврийн ослын улмаас урьдчилан сэргийлэх зорилгоор  тоормос гишгэх бүрэн боломжтой байсан ч тоормос гишгээгүй. Тухайн ослыг зам тээврийн осол гэж үзэх үндэслэлгүй байна гэж тодорхой дүгнэсэн. Дээрх баримтуудаар гэмт хэргийн сэдэл, санаа зорилго нь туйлын ойлгомжтой харагдаж байгаа. Тийм учраас тээврийн хэрэгслээр хүнийг 2 удаагийн үйлдлээр мөргөж, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Иймд Э.Б-д холбогдох эрүүгийн хэргийн нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хангахгүй орхиж өгнө үү. ...” гэв.

Прокурор Х.Нарангуа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас шүүгдэгчийг хүнийг алах гэмт хэрэг үйлдээгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохирооход чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй. Шүүгдэгч Э.Б өөрийг нь Оюунтогтохтой дотно харилцаатай байхад тохирохгүй талаар Оюунтогтохын найз нарын ярьсан ярианд уурлаж гэрээс гараад хохирогчийг тээврийн хэрэгслээр мөргөж амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогддог. Анхан шатны шүүх насанд хүрээгүй гэрч Нандин-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалж Э.Б-ын гэм бурууг санаатай үйлдлээр амь хохирогч Сийн амь насыг хохироосон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн. Прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарын давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, прокуророос шүүгдэгч Э.Б-ыг 2021 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хувьсгалчдын Г-291в тоотын гадна “Ниссан теана” маркийн 60-81 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслээр Н.С-ийг 2 удаагийн үйлдлээр мөргөж амь насыг хохироосон гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх уг үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийхдээ, Э.Б-ын үйлдлийг хүнийг санаатай алах гэмт хэрэг гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.Б-ын хүнийг санаатай алах гэмт хэргийн сэдэл санааг тогтоогоогүй атлаа түүний хувийн байдал болон амь хохирогчтой ямар харилцаатай, хэрхэн яаж харилцдаг байсан талаар мэдүүлсэн гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлгүүдийг үндэслэн Э.Б-ыг хүнийг санаатай алсан гэж үзэхэд учир дутагдалтай байх бөгөөд хэргээс үзэхэд, тухайн цаг хугацаанд Э.Б-ын хэт болгоомжгүй үйлдлийн улмаас амь хохирогч Н.С-ийн амь нас хохирсон нөхцөл байдал тогтоогдож байна.

Аливаа үйлдэл, эс үйлдэхүй нь эхлээд оюун ухаандаа төсөөлсний үр дүнд үйл ажиллагааны илрэл болж улмаар өөрийн хүсэл зоригийн чиглэлтэй буюу тодорхой зорилго, сэдэлттэй байдаг.

Шүүгдэгч Э.Б нь техникийн бүрэн бүтэн байдал хангагдаагүй тээврийн хэрэгслийг жолоодсон үйлдлийг бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийж, уг хор уршгийг хүсэж үйлдсэн хэмээн дүгнэх боломжгүй юм.

Харин тэрээр тухайн цаг хугацаанд техникийн бүрэн бүтэн байдал хангагдаагүй тээврийн хэрэгслийг жолоодсон үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн гэх ойлголтод хамаарч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн нөхцлийг тодорхойлон заажээ.

Иймээс давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан зарчмыг баримтлан гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийн талаар гарсан дээрх эргэлзээтэй байдлыг шүүгдэгчид ашигтайгаар буюу Э.Б-ыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэнд тооцон, холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүний гэм буруу, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан тухайн зүйлд зааснаар 5 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Э.Б-ын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 71 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авсан болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/989 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Э.Б-ыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

-2 дахь заалтыг “Шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 71 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                               ШҮҮГЧ                                          Б.АРИУНХИШИГ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.ЗОРИГ