Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 01855

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Н гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2020/02254 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Н гийн хариуцагч Д.Г, Г.Ү нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 74 400 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр зээлдүүлэгч Ц.Г болон Д.Г нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай  Д.Г ын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Х,

Хариуцагч: Д.Г,

Хариуцагч  Д.Г ын өмгөөлөгч: Н.С,

Хариуцагч Г.Ү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Г нь 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 40 000 000 төгрөгийн зээлийг 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай миний аав Ц.Г-аас зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх баталгаа болгож Баянзүрх дүүргийн 15-р хороо, 13-р хороолол, 6-р байрны   тоотод байрлах 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа нь 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дууссан. Зээлдэгч нь өнөөдрийг хүртэл үндсэн зээл, зээлийн хүүгийн үлдэгдлийг төлөхгүй байсаар өдий хүрсэн бөгөөд шалтгаанаа зээлийг Ү.Г -т авч өгсөн тэр хүн төлнө гэсэн тайлбар өгдөг. Г.Ү мөн адил өөрөө төлнө гэдэг боловч төлөөгүй байна. Зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн гэсэн баримт байхгүй боловч Ү.Г-ийн өмнөх зээлийг хааж гэрээ байгуулсан гэдэг нь талуудын тайлбар, Ү.Г-ийн өөрийнх нь бичсэн тодорхойлолтоор нотлогдоно. Ү.Г-ийн 2013 оны сүүлчээр ББСБ-аас авсан зээлийнх нь үлдэгдэл 40 000 000 төгрөг байсан гэж сонссон, тэрээр Голден Паркад байрлалтай байрыг барьцаанд тавьсан гэж байсан. Д.Г болон Ц.Г нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсанаар Ү.Г-ийн дээрх зээл хаагдсан гэж байсан. Хэрэв Г.Ү зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлсөн бол  Д.Г ын зээлээс хасагдах учиртай боловч энэ талаар сайн мэдэхгүй байна. Иймд иргэн Д.Г, Г.Ү нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 40 000 000 төгрөг, зээлийн үндсэн хүү 9 600 000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 24 800 000 төгрөг /үндсэн үүргийн 50 хувиас хэтрэхгүй гэдэг үндэслэлээр тооцсон/, нийт 74 400 000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг гэрээний үүрэгт барьцаалсан Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6 дугаар байрны   тоот хаягт орших үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн №000288207 тоот гэрчилгээтэй, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204004103 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг албадан борлуулсан үнийн дүнгээс хангуулж өгнө үү. Мөн Д.Г нь зээлийн гэрээний үүргийг хангах арга болгож Баянзүрх дүүрэг 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6 дугаар байр,   тоот хаягт орших 2 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээ байгуулаагүй бол түүнд 40 000 000 төгрөгийн зээл өгөхгүй байсан. Талууд хуульд заасан шаардлага хангасан гэрээг байгуулсан, хууль зөрчсөн ямар нэгэн үйлдэл хийгээгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Г.Ү нь  Д.Г ын нэр дээр зээл авснаар өөрийнхөө өмнө авсан зээлээ хааж, үүнийхээ хариуд  Д.Г д 10 000 000 төгрөгийг хүүгүй зээлдүүлэхээр хоорондоо тохирсон талаар тайлбарлаж байна. Д.Г нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөр хэлцлийг халхавчлах болон хууран мэхлэгдэж хийсэн гэж тайлбарлаж байна гэж ойлгосон. Тиймээс өөр хэлцлийг халхавчлах болон хууран мэхлэгдсэний улмаас хэлцэл хийсэн болох нь тогтоогдохгүй байна. Ц.Г болон Д.Г нарын хооронд байгуулагдсан гэрээ нь хууль зөрчөөгүй бөгөөд хүчингүй гэж үзэх үндэслэлгүй байна. Д.Г нь тухайн байрыг барьцаалах эрхтэй байсан эсэх, тэдгээр хүмүүсийн хооронд ямар тохиролцоо, харилцаа үүссэн байсан эсэхийг зээл олгож байгаа Ц.Г мэдэх үүрэггүй юм. Барьцааны гэрээг хуульд заасан шаардлагын дагуу бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн учир барьцааны гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ. Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн прокурорын тогтоолын дагуу хэргийн материалд авагдсан баримтуудтай танилцахад гомдол гаргасан иргэн Л.Нинагаас тайлбар авсан, хариуцагч Г.Ү ийг байцаасан зүйл байхгүй, өөр ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй байдаг. Тиймээс прокурорын тогтоолын дагуу  Д.Г ыг бусдад хууран мэхлэгдсэн гэдэг нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй. Хариуцагч Д.Г, Г.Ү нар хоорондоо тохиролцоод зээл авахаар ирээгүй байсан бол энэ зээлийг өгөхгүй байсан. Д.Г нь насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадвартай хүн учраас өөрийн гарын үсэг зурж байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой гэж үзэж байна. Иймд  Д.Г ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Г нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлд түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Н болон зээлийн гэрээ байгуулсан Ц.Г нартай нэг ч удаа уулзаж байгаагүй, нэг ч удаа харж байгаагүй. Танил болох Гомбодорж овогт Гомбо-Ичингийн Үнэнцэцэг нь Д.Г намайг болон миний аав С.Дондогдоржийг хуурч худал хэлж, 6 сарын хугацаанд гэрчилгээг чөлөөлж өгнө, би мөнгө зээлээд урьд нь хүний байрны гэрчилгээ барьцаанд тавьсан чинь нэхээд байна, чи аавынхаа байрны гэрчилгээг надад түр өгчих, би эргүүлээд буцаагаад өгнө гээд 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Цэрэндоржийн гудамж, 12 дугаар байр, Мөнхийн эзэн ББСБ-ын захирал Ц.Г гэгчид барьцаалан, 40 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан юм. Зээлийн гэрээний дагуу 40 000 000 төгрөгийг би бэлнээр болон дансаар огт хүлээж аваагүй. Энэ нь уг мөнгийг Ү.Г-ийн авсан, төлнө гэдэг талаараа бичиж өгсөн тодорхойлолтоор батлагдана. Г.Ү нь биднийг хуурч миний өмчлөлийн орон сууцыг барьцаанд тавьж, бусдаас 40 000 000 төгрөг авч залилсан үйлдлийн талаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасаг хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан бөгөөд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Г.Ү нь С.Дондогдорж, Д.Г нарыг залилсан болохыг тогтоож тогтоол гаргасан. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хаасан. Тухайн үед гэрчилгээг чинь гэрчилгээгээр солиод, маргааш нь буцаагаад аваад өгнө гэж Г.Ү хэлсэн учраас дүр үзүүлсэн хэлбэр төдий зүйл гэж ойлгоод зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Ингээд өөрийн эцэг С.Дондогдоржийн хамт өмчилдөг Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6 дугаар байр,   тоот хаягт байрлах байрныхаа гэрчилгээг Ү.Г -т өгсөн. Миний бие тэр үед Ү.Г-ийн гурилын үйлдвэрт ажилладаг байсан бөгөөд тэрээр ЖДҮ болон Чингис бондоос 270 000 000 төгрөгийн зээл авахад өөрийн нэр дээр ямар нэгэн зээлгүй байх ёстой учир байрны гэрчилгээг чинь ашиглаад, зээл аваад буцаагаад гэрчилгээг чинь аваад өгье, банкнаас авсан зээлнээс 10 000 000 төгрөгийг хүүгүй зээлдүүлье гэхээр нь барьцаа хөрөнгийг нөгөө хөрөнгөөр солих юм гэж ойлгоод улсын бүртгэлд бүртгэгдсэн зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл Д.Г өөрөө зээл авах хүсэл сонирхлоо илэрхийлээд Ц.Г тай биечлэн уулзаж, зээлийн гэрээг бодитойгоор, хуульд нийцсэнээр байгуулаагүй, зөвхөн Ү.Г-ийн Мөнхийн эзэн ББСБ-тай өмнө байгуулсан зээлийг халхавчилж хийсэн гэрээ юм. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлд мөнгийг бодитоор шилжүүлснээр гэрээг байгуулсан гэж үзэхээр заасан байхад уг мөнгөө өгсөн талаарх баримт байхгүй. Түүнчлэн зээлийн болон барьцааны гэрээний талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон. Мөн барьцааны гэрээг шаардах эрхийг талийгаач Ц.Г ийн өв залгамжлагч Г.Н д олгоогүй учир тэрээр шаардах эрхгүй. Учир нь зээлдүүлэгч Ц.Г нь 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нас барсан, өв хүлээн авагч Г.Н нь 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр буюу Ц.Ганхуягийг нас барснаас хойш 1 жил 5 сарын дараа өвлөх эрхийн гэрчилгээг авсан, тэрээр өвийг хүлээж авснаас хойш 1 жил 5 сарын дараа 2020 оны 01 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнээс үзэхэд Г.Н нь өвийг хүлээж авснаас хойш 5 сар 16 хоногийн дараа нэхэмжлэл гаргасан байгаа нь шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Иймд хариуцагч  Д.Г д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 74 400 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Г.Н гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү,

Мөн Ц.Г ийн өв залгамжлагч Ганхуягийн Нарангоо нь иргэн  Д.Г д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 74 400 000 төгрөг гаргуулах, гэрээний үүрэгт барьцаалсан Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6 дугаар байр,   тоот хаягт орших орон сууцыг албадан борлуулсан үнийн дүнгээс хангуулах шаардлага гаргасан. Д.Г миний бие иргэн Г.Хэрлэнбаяр, Г.Ү нарт мэхлэгдэн өөрийн эцгийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6 дугаар байрны   тоот хаягт байрлалтай, 30 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмэгдэж, эцэг А.Дондогдоржоос итгэмжлэл аваад 40 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт дээрх уг орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээ-г иргэн Ц.Г тай 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан. Ц.Г тай байгуулсан зээлийн гэрээний дагуу Д.Г нь 40 000 000 төгрөг хүлээн аваагүй бөгөөд Ү.Г-ийн :Банкнаас их хэмжээний зээл авах гэж байгаа тул өөрийн нэр дээрх барьцаа хөрөнгийг солиод удахгүй буцааж чөлөөлж өгнө гэсэн үгэнд хууран мэхлэгдэж зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурсан. Зээлийн гэрээ байгуулсан зээлдүүлэгч Ц.Г гэдэг хүнийг огт хараагүй. Нотариатын газарт талийгаач Ц.Г ийн эхнэртэй нь хамт очсон. Энэ үйлдлийн талаар Цагдаагийн байгууллагад хандахад Г.Ү ийг бусдын үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй болохыг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2497 тоот тогтоолоор тогтоосон. Иймд Д.Г нь бусдад хууран мэхлэгдэж барьцааны гэрээнд гарын үсэг зурсан тул түүний зээлдүүлэгч Ц.Г тай 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Барьцааны гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Ү шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед Д.Г манай гурилын үйлдвэрт борлуулагчаар ажилладаг байсан юм. Миний бие  Д.Г ын байрны гэрчилгээг Мөнхийн эзэн ББСБ-д барьцаанд тавьсан нь үнэн. Ингэхдээ уг ББСБ-ын захирал н.Энхтуяад 9 000 000 гаруй төгрөгийн зээлийг төлж байсан. Ер нь нийтдээ 39 000 000 төгрөг төлсөн гэж үзэж байна. Миний хувьд Ц.Г тай зээлийн гэрээ байгуулсан Ц.Г гэдэг хүнийг мэдэхгүй, танихгүй бөгөөд түүнтэй зээлийн гэрээ байгуулаагүй, зөвхөн Мөнхийн эзэн ББСБ-тай зээлийн гэрээ байгуулж байсан. Нэхэмжлэгч Г.Н нь тухайн үед тэр ББСБ-ын эдийн засагчаар ажиллаж байсан. Миний бие одоо хорих ангид хоригдож байгаа бөгөөд ялын хугацаа дууссаны дараа, эсхүл өөрт үлдсэн ганц үйлдвэрийг бусдад худалдаж байж уг ББСБ-ын зээлийг төлж дуусгах бодолтой байгаа учир  Д.Г ын байрыг барьцаанаас чөлөөлж өгөхийг гуйж байна.  Д.Г ын байрыг барьцаалсан зээлийн төлбөрт миний зүгээс хэдэн төгрөг төлж байсныг энэ Мөнхийн эзэн ББСБ мэдэх учиртай. Хас банкнаас жижиг дунд үйлдвэрийн зээл авах гэтэл та ямар нэгэн банк болон банк бус байгууллагад зээлгүй байх ёстой гэхээр нь н.Энхтуяа захиралтай уулзаад энэ талаар хэлэхэд чи барьцаагаа солиод авчих гэж хэлсэн. Ингээд Ц.Г тай тохиролцож барьцаа хөрөнгийг сольсон юм. Хас банкнаас 275 000 000 төгрөгийн зээл авахын тулд Мөнхийн эзэн ББСБ-д барьцаалсан байраа  Д.Г ын байраар солиод, Хас банкны барьцаанд өөрийнхөө байрыг тавьсан, банкны зүгээс 14 хоногийн дотор зээл олгоно гэсэн боловч 54 хоногийн дараа олгосон. Энэ хугацаанд  Д.Г ын байрыг барьцаалсан гэрээний төлбөрийг Мөнхийн эзэн ББСБ-д миний бие төлөөд явж байсан юм. Иймд Мөнхийн эзэн ББСБ-д зээлийн гэрээний үүрэг 40 000 000 төгрөгийн 39 000 000 төгрөгийг буцаагаад төлчихсөн учир үлдэх 1 000 000 төгрөгийг, 3 сарын хүү 4 800 000 төгрөг, нийт 44 800 000 төгрөгийг уг ББСБ-д төлөхийг зөвшөөрч байна. Ц.Г болон Д.Г нарын хооронд байгуулагдсан 40 000 000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу Д.Г болон миний бие уг мөнгийг бэлнээр хүлээж аваагүй, мөн хувь хүн Ц.Г-аас зээл авч байгаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Д.Г намайг Хас банкнаас төслийн зээл авч байгааг бүгдийг нь мэдэж байсан бөгөөд банкны зүгээс 14 хоногт зээлийг шийдвэрлэнэ гэсэн боловч 54 хоног болсон. Гэхдээ банк хүссэн 275 000 000 төгрөгийн биш харин 205 000 000 төгрөгийн зээл олгосон. Банкнаас зээл олгогдох хүртэлх хугацаанд  Д.Г ын байрыг барьцаалсан зээлийн гэрээний хүүг би төлж байсан.  Д.Г ын байрны гэрчилгээг хуурч мэхэлж барьцаанд тавиагүй, түүнтэй итгэлцлээр тохиролцсон. Гэхдээ хувь хүн буюу Ц.Г-аас зээл аваагүй бөгөөд Мөнхийн эзэн ББСБ-ын захирал н.Энхтуяатай зээлийн гэрээг өмнө нь байгуулсан байсан.  Д.Г д өөрт нь ч гэсэн байрны урьдчилгаанд төлөх 10.000.000 төгрөг шаардлагатай байсан учир Хас банкны олгосон зээлээс уг мөнгийг түүнд хүүгүй зээлдүүлнэ гэж тохиролцсон болохоос түүнийг хууран мэхлээгүй юм. Иймд  Д.Г ын орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгнө үү, би өөрийн ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээний төлбөрийг өөрөө хариуцан төлж барагдуулах болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.Г, Г.Ү нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 40.000.000 төгрөг, хүү 9.600.000 төгрөг, алданги 24.800.000 төгрөг, нийт 74.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Н гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д. Ганбат, Г.Ү нарт холбогдох 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зээлдүүлэгч Ц.Г болон Д.Г нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээгээр барьцаалсан Эрхийн улсын бүртгэлийн Y-2204004103 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6 дугаар байр,   тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч Г.Н гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Г.Н д холбогдох 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Д.Г болон зээлдүүлэгч Ц.Г нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч  Д.Г ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тус тус нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.101.400 төгрөг, хариуцагч Ц.Г аас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357.950 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх иргэн Д.Г нь 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 40 000 000 төгрөгийн зээлийг 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаагаар иргэн Ц.Г-аас авч гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Баянзүрх дүүргийн 15-р хороо, 13-р хороолол, 6-р байрны   тоотод орших, ҮХЭХБГэрчилгээний №000288207, Улсын бүртгэлийн Ү-2204004103 дугаарт бүртгэгдсэн хоёр өрөө орон сууц барьцаалсан гэрээ нь хуулийн дагуу хүчин төгөлдөр байна гэж үзсэн боловч зээлийн мөнгийг бодитойгоор олгоогүй талаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хэрэгт байгаа Ү.Г-ийн тодорхойлолт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Г.Ү нь Хас банкнаас төслийн зээл авахаар хөөцөлдөж байсан. Энэ талаар Д.Г мэдэж байсан бөгөөд Ү.Г-ийн нэр дээр зээл байж болохгүй талаар Хас банкнаас хэлсний дагуу Ү.Г-ийн өмнө авсан зээлийг хаах шаарлагтай болсон. Тийм учраас Г.Ү өөрийн нэр дээр биш  Д.Г ын нэр дээр зээл авч өөрийн өмнөх зээлийг хаасан байхад бодит бус гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Мөн хэргийн 61 дүгээр хуудсанд авагдсан Ү.Г-ийн тодорхойлолтыг дүгнэхдээ Иргэн Ц.Г ийн өмнө үүрэг хүлээгээгүй хэн нэгний өмнө мөнгө төлж  Д.Г ын байрыг чөлөөлж өгөхөөр агуулагатай байна гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Учир нь  Д.Г ын байр хэн нэгэнд биш Ц.Ганхуягт барьцаалагдаж улсын бүртгэлд бүртүүлсэн гэрээ нь хүчин төгөлдөр байгаа болно. Тэгэхээр өөр хэн нэгэн этгээд гэх ойлголт байхгүй. Шүүх хуралдааны явцад хариуцагч Г.Ү нь 44 800 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байтал хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр шийдвэрт тусгах боломжтой байхад шууд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр боллоо. Г.Ү болон Д.Г нарын хооронд тохиролцоо байсан энэ тохиролцооны үндсэн дээр Д.Г байраа барьцаалуулж Ү.Г-ийн өмнөх зээлийг хаасан гэдэг нь шүүх хуралдааны явцад тодорхой болсон байхад шүүх үүнийг зөвхөн сөрөг нэхэмжлэлийн хүрээнд дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь бодит байдлаас зөрүүтэй, асуудлыг бүрэн дүүрэн шийдвэрлэж чадаагүй, дараа дараагийн сунжирсан маргааныг үүсэгхээр байх тул тус шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах эсхүл анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчид маргааны зүйлийн талаар эвлэрлийн гэрээ байгуулсан тул талуудын эвлэрлийг баталж, хариуцагч нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч Д.Г, Г.Ү нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 74 400 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр зээлдүүлэгч Ц.Г болон Д.Г нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай Д.Г сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.Г, Г.Ү нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 40 000 000 төгрөг, хүү 9 600 000 төгрөг, алданги 24 800 000 төгрөг нийт 74 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Н гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Дээрх шийдвэрт нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргасныг үндэслэн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад талууд маргаж буй зүйлийн талаар харилцан тохиролцож “Эвлэрлийн гэрээ” байгуулсан байна. Уг гэрээнд “Г.Ү нь Г.Н д 44 800 000 төгрөг төлж барагдуулна. Г.Н нь нэхэмжлэлийн үлдэх хэсгийг нэхэмжлэхгүй,  Д.Г ын барьцаа болох Улсын бүртгэлийн Ү-2204004103 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 15-р хороо, 13-р хороолол, 6- байрны   тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлөх. Хариуцагч Д.Г нь нэхэмжлэгч Г.Н д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болно” гэж харилцан тохиролцож, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. 

 

Талууд дээрх нөхцлөөр эвлэрэн хэлэлцэж “Эвлэрлийн гэрээ” байгуулсан нь Иргэний хууль болон бусад хууль тогтоомж зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар маргаж буй зүйлийн талаар эвлэрэх эрхээ зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд хэрэгжүүлэх боломжтой байдаг.

 

Иймд давж заалдах шатны шүүх хуралдаанаас талуудын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хариуцагч Д.Г, Г.Н нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2020/02254 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Г.Ү нь 44 800 000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Н д төлөх, Г.Н нь Улсын бүртгэлийн Ү-2204004103 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 15-р хороо, 13-р хороолол, 6- байрны   тоот орон сууцыг чөлөөлөх, хариуцагч Д.Г нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж зохигчид эвлэрснийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 529 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ