Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 129/ШШ2024/00525

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 129/ШШ2024/00525

Архангай аймаг

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: А аймгийн Ө сумын Б багийн Б хорооллын 17-3 тоотод оршин суух Б овогт Т.Б

 

Нэхэмжлэлийн шаардлага: Өмчлөгч мөн болохоо тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Т.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн

                                                                                                                                                                                                                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

1. Хүсэлт гаргагч Т.Б өмчлөгч мөн болохоо тогтоолгох тухай хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

- А аймгийн Ө сумын Б багийн Б хороололд байрлалтай мал эмнэлгийн байрыг 1999 онд дуудлага худалдаагаар хувьчлан авч одоог хүртэл эзэмшиж ашиглаж байна. 1980 оны эхээр ашиглалтад орсон гэсэн, ашиглалтын хугацаа дууссан ч энэ ашиглах хугацаанд өөрийн хувь хөрөнгөөр 3 удаагийн томоохон хөрөнгө гаргаж засварлаж жил бүр хөнгөн засвар хийж, ашиглах боломжоор хангаж, аж ахуйн нэгжийнхээ үйл ажиллагааг тасралтгүй явуулж ирснээс хойш 25 жил өөрийн эзэмшилд ашиглаж ирсэн. Энэ хугацаанд миний бие Б-аас өөр эзэмшигч байхгүй гэдгийг сум орон нутгийн удирдлага, сумын иргэд малчид, хөрш айлууд батална. Иймд өөрийн эзэмшиж байгаа хуучин энэ байрыг өөрийн нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулж авахаар сүүлийн 2 жил холбогдох бүх байгууллагаар хөөцөлдөж явахдаа шуурхай үйлчилж байгаа болон хойрго учрыг нь тайлбарлаж зөвлөхгүй, хүнд суртал гаргагч төрийн албаны үйлчилгээний ажилтнууд байсан нь цаг хугацаа алдагдуулж удаашруулж байгаа нь хэцүү байсан. Иймд А аймгийн Ө сумын Б багийн Б хорооллын 17-3 тоотод байрлалтай мал эмнэлгийн зориулалтаар ашиглаж байгаа миний хувийн эзэмшилд байгаа байрыг миний өмч мөн болохыг тогтоож өгнө үү  гэжээ.

 

- Хүсэлт гаргагч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би А аймгийн Ө сумын мал эмнэлгийн тасагт 1994 оноос эхлэн ажиллаж байсан. Тухайн мал эмнэлгийн барилгын өмчлөх эрхийн гэрчилгээ гэж байгаагүй. Сүүлд хувьчлалаар Т гэдэг хүн давуу эрхээр авч байсан. Т О аймаг руу шилжихээр болсон. Тэгээд Ч бид хоёр 2002 оноос хойш хувааж аваад одоог хүртэл эзэмшиж ажиллаж байна. Би өөрөө мал эмнэлгийн барилгаа  эзэмшиж ашиглаж байсан тул гэрчилгээг нь хайхрахгүй, надтай маргах зүйл байхгүй байсан тул энэ талаар мэдэхгүй явж байсан. Би эндээ 32 жил ажиллаж амьдарсан. Энэ хугацаандаа өөрийн гэсэн хашаа, орон байрыг барьсан. Тэгээд саяхан хүнд зарах гэтэл үндсэн хөрөнгийн эзэмшигч байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Ингээд 2 жил гаруй хөөцөлдөж байгаад шүүхэд хүсэлт гаргасан. Би өмч хувьчлалын дарга, Улсын бүртгэлийн дарга, А аймгийн Архив, Улсын Архивтай өөрийн биеэр очиж материалаа хөөцөлдсөн. А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс анхны бүртгэл нь байхгүй байгаа тул шүүхээр шийдвэрлүүл гэж хэлсэн. “О” ХХК нь манай мал эмнэлгийн байгууллага. Би захирал нь байгаа юм. Одоо шинэ боловсон хүчин ирээд ажиллаж байгаа. Би барилгаа шилжүүлээд өгчихье гэсэн чинь ийм асуудал үүссэн. Би өөрийн хувийн хөрөнгө гэж тогтоолгох хүсэлттэй байна. Одоо энэ барилгыг надаас худалдаж авсан хүн байгаа. Намайг гэрчилгээгээ гаргаж өг гээд нэхээд байгаа. Тухайн үедээ тохиролцоод худалдчихсан юм. Одоо худалдаж авсан хүн маань зээл авах гэж байгаа юм. Тийм учраас би эхлээд өөрийн нэр дээр шилжүүлж авчхаад нөгөө хүндээ шилжүүлнэ. Дуудлага худалдаагаар Т давуу эрхтэйгээр барилгаа авч байсан. Харин би мал эмнэлгээ байргүй авч байсан. Үүнээс хойш үйл ажиллагаагаа явуулсан. Энэ талаараа бичсэн юм. Мал эмнэлгийн барилгыг нь хувьчилсан. Би эм эмнэлгийн үйл ажиллагаа явуулах асуудлыг нь  хувьчилж авсан юм. Тухайн барилга буюу объектод бид хамт байдаг байсан. Тухайн үед Ч бид хоёр 300,000 төгрөг тус бүрээсээ өгөөд хувааж авч байсан. 32 жил энд ажиллаж амьдрахад надтай маргаж байсан хүн байхгүй гэв.

 

2.1. Хүсэлт гаргагчаас:

          - А аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 236 тоот тодорхойлолтод: Тус аймгийн Ө сумын Мал эмнэлгийг Төрийн Өмчийн хорооны 1999 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 817 дугаар тогтоолын дагуу хязгаарласан дуудлагын худалдаагаар худалдаж, иргэн М.Т 650,000 төгрөгөөр худалдан авчээ, Төрийн Өмчийн хорооны 1999 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1144 дүгээр тогтоолоор М.Т-д Өмчлөгчийн эрхийн гэрчилгээ-г олгосон байна. А аймгийн Орон нутгийн өмчийн газар нь аймгийн Засаг даргын захирамжаар 2000 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Иймд Ө сумын Мал эмнэлгийн хувьчлалтай холбоотой баримт материал манай байгууллагад байхгүй болно гэсэн,

          - А аймгийн Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 704 тоот тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Өмч хувьчлалын комиссын 1999 оны баримтыг шүүн үзэхэд Ө сумын мал эмнэлгийн хувьчлалтай холбоотой баримт гараагүй тул Т.Б-т холбогдох лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн,

          - Үндэсний төв архивын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1356 тоот тодорхойлолтод: Үндэсний төв архивын сан хөмрөгт А аймгийн Ө сумын Мал эмнэлгийн хувьчлалтай холбоотой байгууллагын бүгд /он/-ы баримт шилжиж ирээгүй тул Т овогтой Б-т холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн,

          - А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 367 тоот тодорхойлолтод: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т заасны дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу гэсэн үндэслэлээр таны мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж байна. Иймээс та орон нутгийн өмчийн харилцааны газарт хандан хувьчлалтай холбогдолтой баримт гаргуулж авах мөн аймгийн архивын газраас орон сууц хувьчилсан тухай тогтоолд нэрийн жагсаалт болон холбогдох нотлох баримтын хуулбар гаргуулах орон нутгийн архивт нотлох баримт байхгүй бол улсын архиваас шүүлгүүлж нотлох баримтын хуулбар гаргуулахыг зөвлөж байна. Дээрх газруудаас нотлох баримт гарахгүй бол та шүүхэд хандуулан асуудлаа шийдүүлнэ үү гэсэн,

          - Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл,

          - 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг,

          - А аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 121 дугаартай албан бичигт: Ө сумын Б багт байрлалтай тус сумын иргэн Т.Б-ын эзэмшиж буй мал эмнэлгийн байр /хуучнаар/ нь төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэлд бүртгэлгүй болно гэсэн,

          - О .............. дугаартай аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ,

          - О хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм,

          - Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл,

          - О ХХК-ийн 01 дугаартай үйл ажиллагааны чиглэл нэмэх тухай шийдвэр,

          - О ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ,

          - О мал эмнэлгийн эзэмшиж байгаа газрын кадастрын зураг,

          - Танилцуулга, 2 хуудас гэрэл зураг,

          - Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 129/ШЗ2023/01244 дугаартай захирамж,

          - М.Т-ын өмчлөгчийн эрхийн гэрчилгээ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

2.2.  Хүсэлт гаргагч Т.Б-ын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

           - Гэрч М.Т-ын шүүхэд өгсөн “А аймгийн Ө сумын мал эмнэлгийн хувьчлал 1998-1999 оны үед явагдсан санагдаж байна. Гэрчилгээ дээрээ он сар нь тодорхой байгаа. Тэр үед хэн хэн дуудлага худалдаанд орсныг санахгүй байна. Би өөрөө хувьчлалд ороод тухайн үед ялагч болж миний нэр дээр хувьчилж байсан. Ч ор луу яалаа сайн санахгүй байна. Мал эмнэлгийг би хувьчилж аваад 2002 он хүртэл өмчилсөн. Өөрийн өмчлөлд байхад нь Ч-д шилжүүлж өгч байсан. Тамга гэрчилгээ нь Ч гэдэг хүнд байгаа. Ч нь тухайн үед манай ерөнхий зоо техникч байсан. Надад бол маргаан байхгүй. Тухайн үед Ч-д бүх тамга тэмдэг гэрчилгээг хүлээлгэж өгсөн учраас маргаан байхгүй. О ХХК-г сайн мэдэхгүй байна. Б өөрөө байгуулсан байх тухайн үед Б хувиараа мал эмнэлэг байгуулаад ажиллаж байсан. Тэгэхдээ л О ХХК-г байгуулсан байх компанийх нь талаар бол сайн мэдэхгүй байна. Б болон О ХХК хоёрын алинд нь ч шилжүүлээгүй Ч-д шилжүүлж өгсөн. Б, Ч 2 хоорондоо маргаан байхгүй бол надад бол асуудал байхгүй” гэх мэдүүлэг,

            - Гэрч Д.Ч-гийн шүүхэд өгсөн А аймгийн Ө сумын мал эмнэлэг 1999 онд хувьчлагдсан. Тухайн үед дуудлага худалдаанд н.Т орсон байх. Дуудлага худалдаанд Т ялаад өөрийнхөө өмчлөлд тухайн барилгыг шилжүүлж авсан. Хэдэн онд Т-аас худалдаж авсанаа санахгүй байна. 2000 оны эхээр л санагдаж байна. Тухайн үед Т-аас Б бид хоёр хоёулаа тухайн барилгыг хувааж авч байсан. Т нь надад гэрчилгээгээ үлдээж байсан. Тамга тэмдгийг надад үлдээгээгүй. А аймгийн Ө сумын мал эмнэлгийн барилгыг би 310,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Б-ын хэдэн төгрөгөөр худалдаж авсныг мэдэхгүй байна. А аймгийн Ө сумын мал эмнэлгийн барилгын Б-ын худалдаж авсан хэсгийг Б-ын өмч мөн болохыг тогтооход надад ямар нэгэн маргаан байхгүй. Б бид хоёр хоёулаа тухайн үед Т-аас уг барилгыг худалдаж авч байсан. Тухайн үед Т-аас худалдаж авсан талаар баримт бол байхгүй. Би А аймгийн Ө сумын мал эмнэлгийн барилгын Т-аас худалдаж авсан хэсэг дээрээ өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулж аваагүй. Одоо л хөөцөлдөнө. Би Ж.Т-ын гэрчийн мэдүүлэгтэй танилцлаа. Тухайн үед Т-аас Б бид хоёр хоёулаа худалдаж авч байсан. Манайх 84 мкв. Б-ынх хэдэн мкв-ыг мэдэхгүй. Т.Б-тай өмчлөл эзэмшлийн талбайн талаар маргаан байхгүй. Б-ын хэрэгт хавсаргаж өгсөн план зурагт манайх хамаарахгүй. Б-ын өөрийн өмчлөлийн барилгын план зураг байна гэх мэдүүлэг,

 

 2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

- Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А-1/1645 дугаартай албан бичигт: ... Засгийн газрын 2015 оны 501 дүгээр тогтоолоор Төрийн өмчийн хороо татан буугдаж, түүний архивын баримтыг Архивын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт ... төрийн байгууллага, төрийн өмчийн үйлдвэрийн газар татан буугдах, өөрчлөн байгуулагдах, хувьчлагдах тохиолдолд тэдгээрийн баримтыг холбогдох төрийн архивд шилжүүлж хадгална хэмээн заасны дагуу 2016 оноос өмнөх Төрийн өмчийн хорооны бүх архивын баримтыг Үндэсний төв архивд шилжүүлсэн тул дээрх албан бичигт дурдсан лавлагааг гаргах өгөх боломжгүй байна. Иймд Үндэсний төв архивд хандана уу гэсэн,

- Үндэсний төв архивын 2024 оны 10 сарын 15-ны өдрийн 02/962 тоот албан бичгээр ирүүлсэн А аймгийн Ө сумын мал эмнэлгийн хувьчлалтай холбоотой баримтууд зэргийг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасан.

 

Хүсэлт гаргагч Т.Б нь мал эмнэлгийн барилгын өөрийн худалдаж авсан хэсгийн өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлт Улсын бүртгэлийн байгууллагад гаргасан боловч уг барилгын хэсгийг худалдаж авсан тухайн үеийн гэрээ, төлбөр төлсөн баримт үлдээгүй, Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т зааснаар шүүх уг хүсэлтийг шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагч Т.Б нь А аймгийн Ө сумын Б багийн Б хорооллын 17-3 тоот байрлалтай мал эмнэлгийн зориулалттай барилгын 6 цонхтой нийт 5 өрөө хэсгийн өмчлөгч мөн болохыг хангах үндэслэлтэй байна.

 

            2. Хүсэлт гаргагч Т.Б нь А аймгийн Ө сумын Б багийн Б хорооллын 17-3 тоот байрлалтай мал эмнэлгийн зориулалттай барилгын 6 цонхтой нийт 5 өрөө хэсгийн өмчлөгч мөн болохоо тогтоолгох тухай хүсэлт шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

           

          - А аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 236 тоот тодорхойлолт,

          - А аймгийн Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 704 тоот тодорхойлолт,

          - Үндэсний төв архивын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1356 тоот тодорхойлолт,

          - А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 367 тоот тодорхойлолт,

          - Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл,

          - 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг,

          - А аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 121 дугаартай албан бичиг,

          - О дугаартай аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ,

          - О хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм,

          - Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл,

          - О ХХК-ийн 01 дугаартай үйл ажиллагааны чиглэл нэмэх тухай шийдвэр,

          - О ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ,

          - О мал эмнэлгийн эзэмшиж байгаа газрын кадастрын зураг,

          - Танилцуулга, 2 хуудас гэрэл зураг,

          - Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 129/ШЗ2023/01244 дугаартай захирамж,

          - М.Т-ын өмчлөгчийн эрхийн гэрчилгээ,

         - Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А-1/1645 дугаартай албан бичиг,

          - Үндэсний төв архивын 2024 оны 10 сарын 15-ны өдрийн 02/962 тоот албан бичгээр ирүүлсэн А аймгийн Ө сумын мал эмнэлгийн хувьчлалтай холбоотой баримтууд зэрэг болно.

 

          Иймд хүсэлт гаргагч Т.Б-ыг А аймгийн Ө сумын Б багийн Б хорооллын 17-3 тоот байрлалтай мал эмнэлгийн зориулалттай барилгын 6 цонхтой нийт 5 өрөө хэсгийн өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй байна.

         

            3. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Т.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.       

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4-т заасныг удирдлага болгон

                                                                                                     

                                                                        ТОГТООХ нь:                                   

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Б овогт Т.Б-ыг А аймгийн Ө сумын Б багийн Б хорооллын 17-3 тоот байрлалтай мал эмнэлгийн зориулалттай барилгын 6 цонхтой нийт 5 өрөө хэсгийн өмчлөгч мөн болохыг тогтоосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Т.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ч.ЖАРГАЛАН