| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2024/00543/И |
| Дугаар | 129/ШШ2024/00534 |
| Огноо | 2024-12-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 129/ШШ2024/00534
| 2024 оны 12 сарын 03 өдөр | Дугаар 129/ШШ2024/00534 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймгийн Ө сумын З багийн О хорооллын 2-4 тоотод оршин суух Х овогт Ё.Д-гийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ё.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Ё.Д нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.
1.1 Хүсэлт гаргагч Ё.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ё.Д миний бие 1970 онд төрсөн, одоо өндөр насныхаа тэтгэврийг тогтоолгон авах нас болоод байна. Би А аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийг 1985 онд 8 дугаар ангиа дүүргэж улмаар У хотын Худалдааны техникумын бараа мэргэжилтэн ангид 3 жил суралцаж 1988 онд төгссөн. Төгсөөд А аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын даргын 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 63 тоот тушаалаар барааны мэргэжилтнээр томилогдон Ө сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1994 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд ажилласан ба энэ байдлаа бичсэн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, аймгийн Архивын тасгаас ажиллаж байх хугацааны лавлагаа гарахгүй байгаа тул ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Миний өндөр насны тэтгэвэрт гарах нас хүрсэн. Тэтгэвэр тогтоолгох гэтэл ажилласан жилийн баримт гарч ирэхгүй байгаа учир өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Архивын лавлагаа, Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын тушаал болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний А аймгийн Ө сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл барааны мэргэжилтнээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
1.2. Хүсэлт гаргагч Ё.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1970 онд төрсөн. 1988 онд Худалдааны техникум төгссөн бөгөөд А аймгийн Ө суманд томилогдон очиж байсан. Улмаар 2 жил Ө сумандаа ажиллаад нөхөртэйгөө гэр бүл болж тэндээ амьдарсан. 1994 оноос Засаг даргын тамгын газарт нягтлан бодогчоор ажилд орж ажилласан. Тэрнээс хойш хөдөлмөрийн дэвтэр гэж хөөцөлдөж мэдэхгүй явсаар байгаад одоо тэтгэврийн нас болмогц тэтгэврийн материалаа хөөцөлдөхөд Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байна. Тийм учраас шүүхэд ажилласан жил тогтоолгохоор хүсэлтээ гаргасан. 1994 оны 03 сарын 15-ны өдөр Засаг даргын тамгын газарт даатгалын байцаагчаар ажилд орсон. Энэ хугацаанаас өмнө Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байгаад даатгалын байцаагчаар ажилд орж байсан. Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байгаад Засаг даргын тамгын газарт ажлын байр гарахаар нь чөлөөлөгдсөн. Худалдаа бэлтгэлийн анги гэж байж байгаад Эд хэрэглэгчдийн хоршоо болсны дараа гарсан. Намайг анх томилогдон очиход Худалдаа бэлтгэлийн ангийн даргаар н.П гэж хүн байсан. Жилийн дараа н.Д гэж хүн орж байсан. Мөн н.А, н.О гэх 2 няравтай, эдийн засагч нь н.Ө гэх хүмүүстэй ажилладаг байсан. Худалдагч нар нь н.Н, н.Ү гэх хүмүүс байсан. Эд хэрэглээний хоршоо болоход даргаар нь н.Д гэж хүн байсан гэв.
2. Хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан. Үүнд:
2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд
- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 743 тоот тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт Ө сумын Худалдаа бэлтгэлийн ангийн материал шилжиж ирээгүй тул Ё.Д-д холбогдох лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн,
- А аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Сургууль төгсөгчдийг ажилд томилох тухай” 63 тоот тушаалд 1. 1988 онд их дээд, тусгай мэргэжлийн дунд сургууль, техник мэргэжлийн сургууль төгсөж, мэргэжил эзэмшсэн боловсон хүчнүүдийг ажилд томилох зорилгоор, ... Ё.Д-г Ө сумын Худалдаа бэлтгэлийн ангид барааны мэргэжилтнээр ... гэсэн,
2.2. Хүсэлт гаргагч Ё.Д-гийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Гэрч Д.О-ийн шүүхэд өгсөн “Би 1978 оноос 1993 оныг хүртэл А аймгийн Ө сумын Худалдаа бэлтгэлийн ангид барааны няраваар ажиллаж байсан. Ё.Д нь 1988 онд Худалдааны техник мэргэжлийн сургууль төгсөж ирээд А аймгийн Ө сумын Худалдаа бэлтгэлийн ангид барааны мэргэжилтнээр ажилд орсон. Ё.Д нь 1988 оноос 1994 оныг хүртэл А аймгийн Ө сумын Худалдаа бэлтгэлийн ангид барааны мэргэжилтнээр ажиллаж байсан. Ё.Д нь 1994 онд А аймгийн Ө сумын захиргааны нягтлан бодогч болсон, одоог хүртэл тэндээ ажиллаж байгаа. А аймгийн Ө сумын Худалдаа бэлтгэлийн анги 1994 онд хувьчлагдсан. А аймгийн Ө сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргаар Д.Д гэдэг хүн ажиллаж байсан. Ё.Д нь ажиллаж байх хугацаандаа А аймгийн Ө сумын Худалдаа бэлтгэлийн ангиас өөр тийшээ шилжиж ажиллаж байгаагүй. Би Ё.Д-тай хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,
- Гэрч Т.Ө-ын шүүхэд өгсөн “Би 1973 оноос 1994 оныг хүртэл А аймгийн Ө сумын Худалдаа бэлтгэлийн ангид эдийн засагчаар ажиллаж байсан. Ё.Д нь 1988 онд Худалдааны техник мэргэжлийн сургууль төгсөж ирээд А аймгийн Ө сумын Худалдаа бэлтгэлийн ангид барааны мэргэжилтнээр ажилд орсон. Ё.Д нь 1988 оноос 1994 оныг хүртэл А аймгийн Ө сумын Худалдаа бэлтгэлийн ангид барааны мэргэжилтнээр ажиллаж байсан. А аймгийн Ө сумын Худалдаа бэлтгэлийн анги 1994 онд хувьчлагдаад хоршоо болсон. Ямар хоршоо болсныг сайн санахгүй байна. Ё.Д нь А аймгийн Ө сумын Худалдаа бэлтгэлийн анги хувьчлагдсаны дараа А аймгийн Ө сумын захиргаанд нягтлан бодогчоор ажилласан. А аймгийн Ө сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргаар н.П, н.Д нар ажиллаж байсан. Ё.Д нь ажиллаж байх хугацаандаа А аймгийн Ө сумын Худалдаа бэлтгэлийн ангиас өөр тийшээ шилжиж ажиллаж байгаагүй. Би Ё.Д-тай хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,
2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 09 сарын 23-ны өдрийн 03-01/5155 тоот лавлагаанд: А аймгийн Ө суманд оршин суух, дүү Ё.Д, 18 настай, эмэгтэй ... гэсэн,
- Үндэсний төв архивын 1989 оны хүн амын тооллогын дэлгэрэнгүй лавлагаанд “А аймгийн Ө суманд оршин суух, дүү Ё.Д, 18 настай, эмэгтэй, эрхэлдэг ажил-барааны мэргэжилтэн... ” гэсэн,
- Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 09 сарын 23-ны өдрийн 03-01/5154 тоот лавлагаанд: А аймгийн Х сумын Х багт оршин суух, Ё.Д, охин, 18 настай, эмэгтэй ... гэсэн,
- Үндэсний төв архивын 1989 оны хүн амын тооллогын дэлгэрэнгүй лавлагаанд “А аймгийн Х сумын Х багт оршин суух, Ё.Д, охин, 18 настай, эмэгтэй, эрхэлдэг ажил-Ө-д... ” гэсэн,
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01/701 тоот тодорхойлолтод: Тус газрын архивт Ё.Д нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх мэдээлэл байхгүй болно. А аймгийн Ө сумын Худалдаа бэлтгэлийн анги нь 1990-1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй болно гэсэн,
- Ё.Д-гийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР маягтад “Х Худалдаа бэлтгэлийн анги, барааны мэргэжилтэн, ажилд орсон он-1988, эрхэлж эхэлсэн он-1988, оршдог Х сум, 1988.11.16” гэсэн,
- Ё.Д-гийн ХААТР-21 /А/ маягтад “Х овогт Ё.Д, А аймгийн Ө сум, 1970 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн” гэсэн,
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Ё.Дгийн А аймгийн Ө сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл барааны мэргэжилтнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан
- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 743 тоот тодорхойлолт,
- А аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Сургууль төгсөгчдийг ажилд томилох тухай” 63 тоот тушаал,
- Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 09 сарын 23-ны өдрийн 03-01/5155 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,
- Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 09 сарын 23-ны өдрийн 03-01/5154 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01/701 тоот тодорхойлолт,
- Ё.Д-гийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР маягт,
- Ё.Д-гийн ХААТР-21 /А/ маягт,
- худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Д.О, Т.Ө нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Ё.Д нь А аймгийн Ө сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл барааны мэргэжилтнээр ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Ё.Д-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан Х овогт Ё.Д-гийн А аймгийн Ө сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Ё.Д-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН