| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00642/И |
| Дугаар | 155/ШШ2016/00862 |
| Огноо | 2016-07-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 155/ШШ2016/00862
| 2016 оны 07 сарын 22 өдөр | Дугаар 155/ШШ2016/00862 | Х аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Б.Ч- ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч Б.Ч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Х аймгийн Ж сумын сургуулийн 8 дугаар ангийг 1982 онд төгсөөд аймгийн ТМС-д 2 жил суралцаж төгсөж ирээд 1986-1988 онд Худалдаа бэлтгэлийн трестэд цэвэрлэгчээр, Ж сумын Улаантуг нэгдлийн 3 дугаар бригадад 1989 оны 4 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарын дуустал буюу нэгдэл тартал тасралтгүй ажиллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт орох нас болсон тул шүүхэд ажиллаж байсан жилээ сэргээн тогтоолгохоор хандсан юм.
Иймд намайг Х аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 1986 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 07-ний өдөр хүртэл үйлчлэгчээр, Х аймгийн Ж сумын Улаан туг нэгдлийн 3 дугаар бригадад 1989 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тасралтгүй саальчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Б.Ч нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Х аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 1986 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 07-ний өдөр хүртэл үйлчлэгчээр, Х аймгийн Ж сумын Улаан туг нэгдлийн 3 дугаар бригадад 1989 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тасралтгүй саальчнаар тус тус ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Х аймгийн Жарагалант сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн цалингийн лавлагаа,
Х аймгийн М хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1986 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай ....цэвэрлэгчээрс Б.Ч .... гэх Ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Х аймгийн М хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1988 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 92 дугаартай ....4.Б.Ч үйлчлэгчээс YII/I хөдөө шилжүүлэх.... гэх Ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
Гэрч Т.Г ын: ....Б.Ч нь миний мэдэхээр 1988 оны намар Худалдаа бэлтгэлийн трестэд ажиллаж байгаад Улаантуг нэгдэлд саальчнаар 1990-ээд оны үед нэгдэл тартал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,
Гэрч Т.Л ын: ....Б.Ч нь 1986 онд Худалдаа бэлтгэлийн трестийн төв барааны дэлгүүр гэж байхад ахуйн барааны тасагт үйлчлэгчээр ажиллаж байсан. 1988 оны 6-7 дугаар сар хүртэл ажиллаж байгаад хүнтэй суугаад Ж сум руу шилжээд явсан юм.... гэх мэдүүлэг, фото гэрэл зураг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Аадай овогт Б.Ч /Р***7/-ийг Х аймгийн М Худалдаа бэлтгэлийн трестэд 1986 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 07-ний өдөр хүртэл үйлчлэгчээр, Х аймгийн Ж сумын Улаан туг нэгдлийн 3 дугаар бригадад 1989 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Ч ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ