Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/011

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Д.Адаргалж, 

улсын яллагч М.Ф
нарийн бичгийн дарга Б.Ж
шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э овогт Б.М-д холбогдох 1813000000003 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “Баян-Аршаан” ХХК-ны хүнд машин механизмын операторчин ажилтай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дүгээр багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Э овогт Б.М

Шүүгдэгч Б.Мэ-т холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ***дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Т.Б-гийн эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.М нь 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, бусадтай хардсаны улмаас эхнэр Т.Б-гийн толгой, нуруу, гэдэс, хөл тус газар нь гар болон хөлөөрөө хэд хэдэн удаа цохиж, толгойгоор нь хана мөргүүлэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох
- Шүүгдэгч Б.М-ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би эхнэрээсээ уучлалт гуйсан. Эхнэр маань намайг уучилсан...”гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,
            - Хохирогч Т.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 12 дугаар сарын 24-ний шөнийн 23 цагийн үед Цамбагарав ресторанд байгууллагын шинэ жилд бүжиглэж байсан чинь хүмүүс над руу зааж нөхөр чинь ирсэн байна гэхээр нь хажууд очсон чинь үхсэнээ хийгээд яваад байгаа юм бэ, гэртээ хариач гээд нуруу болон бөгс рүү нэг нэг удаа өшиглөсөн...намайг чирээд байхаар нь би түүнд “чи шал согтуу байна шүү дээ болилдоо” гэсэн чинь үснээс зулгааж байгаад босгож аваад зүүн хацар руу 3-4 удаа алагдаад авсан...харанхуй газар аваачиж нуруу, гэдэс, хөл рүү хөл гараар ээлжлэн цохиж, толгойгоор хана мөргүүлсэн.....ухаан ороход нөхөр маань хөмсөг чинь задарсан байна гээд малгайгаараа миний духыг дараад сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/
-Хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-07 дугаар хуудас/
- Гэрч М.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Миний охин Т.Б 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ёлктой байсан тул орой 19.00 ёлконд явлаа гээд явсан юм. Тэгээд 01.00 цаг өнгөрч байхад охин маань зодуулж хувцас хунар нь урагдсан, нүүр ам нь цус болсон байдалтай орж ирэхээр юу болсныг асуусан чинь Б.М намайг харанхуй газар аваачиж зодлоо гээд охин маань өөрөө цагдаад дуудлага өгсөн юм..” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/
-Эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Т.Б-гийн толгойн ясны зургийг авсан рентген зураг, амбулаториор эмчлүүлэгчдийн карт,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №33 дугаартай дүгнэлтэд: “...Иргэн Т.Б-гийн биед тархины доргилттой, тархины даралттай, хамрын ясны шинэ хугаралттай, хамрын нурууны мурийлттай, баруун нүдэнд хавдартай, шархтай, баруун талын  хөмсөгний дээд талд урагдсан шархтай, 2 ширхэг оёдол тавьсан, баруун дээд ба доод зовхинд цус хуралттай, хамрын нуруунд хавдартай, зулайн ар талд хавдартай, баруун хацарт хавдартай, зулайн урд хэсэгт хавдартай, зулайн ар талд 2 газарт хавдартай, дээд уруулд хавдартай, баруун гуяд цус хуралттай, зүүн шилбэнд цус хуралттай, баруун өвдгөнд цус хуралттай, нуруунд 3 ширхэг цус хуралттай. ....Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” /хх-ийн 18 дугаар хуудас/ зэргээр болон хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Б.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Энэ хэргийн учир хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан, мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул уг тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, ял хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Б.М-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил эрхлэлт зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хөнгөн ял болох торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 5 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж дуусган, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 төгрөгтэй тэнцэх юм.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан рентген зураг 2 ширхэг, амбулаторийн карт 1 ширхэг зэргийг хохирогчид буцаан олгохоор шийдвэрлэв.  
Шүүгдэгч Б.М-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                     ТОГТООХ нь :
1.Шүүгдэгч Э овогт Б.М-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т оногдуулсан торгох ялыг 5 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч Б.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.М-ын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийг өөрт нь буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг амбулаторийн карт, 2 ширхэг рентген зураг зэргийг хохирогчид буцаан олгосугай. 
8.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.А