| Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгэдоржийн Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 2230000000237 |
| Дугаар | 2023/ДШМ/03 |
| Огноо | 2023-02-10 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Батнасан |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2023/ДШМ/03
Э.Х-т холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч О.Баатарсүх, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Батнасан,
шүүгдэгч Э.Хосбаяр, түүний өмгөөлөгч Т.Хүдэр, Б.Дашдорж
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхжин, түүний өмгөөлөгч Х.Ургаа, С.Нарангэрэл,
нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нарыг оролцуулан Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 225 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Э.Х, түүний өмгөөлөгч Б.Д, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч Х.У нарын давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Х-т холбогдох .......... дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ....... иргэн, 19 онд аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ............ хамт аймгийн сумын дугаар баг, тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт Э.Х
2. Э.Х нь согтуурсан үедээ буюу 20 оны дугаар сарын -нд шилжих шөнийн цагийн орчим аймгийн сумын дугаар баг.........тоот байшингийн ертөнцийн зүгээр урд талд иргэн У.П-ийн цээжин тус газарт 1 удаа хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.
3. Орлогч прокурор Б.Б нь шүүгдэгч Э.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
4. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Э.Х-ыг хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон нийт ..... хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү нэг хүүхдэд оногдох буюу ...хүүхдэд сар бүр нийт төгрөгийг хохирогчийн гурван хүүхдийг ..... хүртэл шүүгдэгчээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч .....төгрөг нэхэмжилснээс оршуулгын зардалд .............өгрөг, цалингийн зээлийн төлөлт ..... төгрөг, өмгөөлөгчийн хөлс .....төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү төгрөг, нийт .......төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдаж, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү .... төгрөгийг шүүгдэгч Э.Х-аас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-д олгож, үлдэх .............төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч Э.Х давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь эхнэр, 7 настай, 1 нас 7 сартай хоёр хүүхдийн хамт амьдардаг. Талийгаачтай хар багын найзууд. Хамгийн үнэнч, дотнын найз минь байсан. сарын -ний өдөр болсон үйл явдалд би одоог хүртэл итгэж чадахгүй байгаа. Найз минь энэ хорвоод байхгүй, уулзаж учирч чадахгүй гэж бодохоос өр өвдөж, хоолой зангирч байна. Найзынхаа гэр бүлээс дахин дахин уучлалт гуйж байна. Мөн өөрийн эцэг, эх, эгч, хань, үр хүүхдүүдээсээ уучлалт гуйя. Тэд минь намайг хайр халамжаар дутаагаагүй хүний зэрэгт хүргэсэн ч би тэр их итгэлийг нь дааж чадсангүй, насан туршийн уй гашуу, харамсалд хүргэсэндээ уучлалт гуймаар байна. Хоёр хүүхдийнхээ инээхийг, юм ярихыг, дуулахыг, бүжиглэхийг, том болохыг нь харж чадахгүй болж, ханьдаа ийм их ачааг үүрүүлэх болсондоо гэмшээд харамсаад барахгүй өр өвдөж сууна. Аав минь өндөр настай, зүрхний өвчтэй, группэд байдаг, ээж минь өндөр насны тэтгэвэртээ гарсан, би аав, ээждээ тусалж сум, хөдөө хоёрын дунд явж, хэдэн малаа малладаг байсан. Би урьд өмнө нь ямар ч гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй.Талийгаачтай өмнө нь ямар нэгэн хувийн таарамжгүй харьцаа огт байгаагүй. Иймд ар гэрийн минь амьдрал ахуйг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг багасгаж өгөхийг хүсье гэжээ.
6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: 20 оны дугаар сарын нд шилжих шөнө ...... сумын ..... дугаар багт хүний амь хохирсон харамсалтай хэрэг гарсан. Хэрэг гарах үед сумын наадам болж, гэр бүл, найз нөхдийн хүрээнд баяраа тэмдэглэн архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн нь уг хэрэг гарах гол шалтгаан нөхцөл болжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.6-д “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл”-ийг тогтоохоор хуульчлан заасан байхад “уг хэргийг ямар нэгэн шалтгаангүйгээр гарсан” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд хэрэг гарсан шалтгаан нөхцөл байдлыг бүрэн тогтоох учиртай, сэжигтэн, яллагдагчийн зүгээс хэргийн болсон үйл явдлыг мэдэхгүй, санахгүй байгаа нь уг дүгнэлтийг хийх үндэслэл болсон байх. Хэргийн 122-123 дугаар талд авагдсан шинжээчийн дүгнэлтэд: “Э.Х-ын биед зүүн бугалга, хоёр хөлийн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учирчээ. Энэ гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн.” гэсэн байх бөгөөд уг гэмтлүүд ямар хүчин зүйлийн улмаас, хэн учруулсан болохыг зайлшгүй тогтоох шаардлагатай байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар дээрх баримтад дүгнэлт хийгээгүй байна. Мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх 3 зүйл байна. Шүүгдэгч үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, өөрийгөө сайн дураараа илчилсэн. Урьдчилан төсөөлөөгүй, гэнэт хүчин зүйлд автаж тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хэдийгээр уг хэргийн онцлогоос хамаарч эрдэнэт хүний амь насны хохирлыг төлөх боломжгүй боловч учирсан хор уршгийг Э.Хосбаярын зүгээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд төлж барагдуулсан. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан гэжээ..... жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.
7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Бид анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн мөнгөн дүнг төлж барагдуулах санаа, зорилготой орсон. Гэтэл анхан шатны шүүхээс танайд төлөх төлбөр байхгүй, үлдэгдэл төлбөрийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл шийтгэх тогтоол дээр ...... төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн гэв.
8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Х-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр хэт хөнгөн ял оногдуулж, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд гомдолтой байна. Э.Х нь миний хань У.П-ийг ямар ч шалтгаангүйгээр хутгалж алчхаад, нойр муутай, согтсон байсан, юу ч санахгүй байна гэх мэтээр өөрийгөө хаацайлж байгаа төдийгүй, ар гэрийнх нь хүмүүс суманд У.П-ийг Э.Х алаагүй мэтээр яриа гаргасанд харамсаж байна. Манай ар гэрт учирсан уй гашуу юугаар ч нөхөгдөхгүй, хүний алтан амийг мөнгөөр хэмжиж биднийг илүү мөнгө нэхэж байгаа мэтээр буруутгаж байгаад гомдолтой байна. Миний хань ажил төрөлтэй, хамт олонтой явсныг аймгийн эрүүл мэндийн салбар, ард түмэн гэрчилнэ, амьд мэнд байсан бол ажил төрлөө хийгээд цалингаа авч, гэр бүл, үр хүүхдээ тэжээгээд, цалингийн зээлээ төлөөд явж байх байсан. Гэтэл балмад хүний гайгаар амь насаа алдаж, гурван жаахан хүүхэдтэй өнчирч үлдсэн бидэнд ямар их уй гашуу учирсныг ойлгохгүй, хоёр жаахан хүүхэдтэйг харгалзан үзнэ үү гэж байна. Хосбаяр нь хоригдож байхдаа эхнэр, хүүхэдтэйгээ уулзаж байсан гэсэн. Ялаа эдэлж дуусаад ирнэ, эхнэр, хүүхэдтэйгээ байна. Харин миний хүүхдүүд хэзээ ч эцэгтэйгээ уулзахгүй. Бидэнд учирсан сэтгэл санааны зовлон шаналлыг юугаар ч нөхөж барагдуулахгүй, оршуулгын зардлыг төлчихвөл болох мэтээр үзэж байна. Хохирлыг сайн дураараа биш, шүүхээс хөнгөн ял авахын тулд төлсөн. Анхан шатны шүүхээс Х-т оногдуулсан ял нь хэргийн байдалд тохироогүй хөнгөн ял, хүнд гэмт хэрэг хийсэн хүнд жирийн дэглэмтэй хорих ангид ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус тул шийтгэх тогтоолыг өөрчилж, тохирох ялыг оногдуулж, ялыг нь чанга дэглэмтэй хориход эдлүүлэхээр шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.У давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхээс амь хохирогчийн насанд хүрээгүй гурван хүүхдэд олгогдох тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг амь хохирогчийн сүүлийн 6 сарын цалин хөлсний дунджаар тооцох үндэслэлгүй гэж байгаа бол ямар хуулийн нарийвчилсан зохицуулалтаар ....... төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаараа ямар нэгэн тайлбар, дүгнэлт хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн. Амь хохирогч У.П-ийн сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг ...... төгрөгийг тооцон гаргасан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Тэжээгчээ алдсаны тэтгэврийг өнөөдөр мөрдөж байгаа хуулиар 7 жилийн цалингийн дунджаар бодож гаргаж байгаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 20 оны дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.1.1-д зааснаар “нэг сарын дундаж хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн цаг хугацаанд ажилласан нийт сарын тоонд хуваана” гэж зохицуулсан бөгөөд тэжээгчээ алдсаны тэтгэврийг өндөр насны тэтгэвэр бодох аргачлалаар гаргана гэсэн зохицуулалт биш юм. Иймээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг амь хохирогчийн сүүлийн 6 сард төлсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг үндэслэн нэхэмжилсэн. Хэрвээ эцэг нь бусдын гарт амь насаа алдаагүй бол насанд хүрээгүй 3 хүүхдийн сар бүрийн амьдралын чанар дордох байсан уу. Иргэний хуулийн 229.2-т заасан хохирогчийн хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдөж байгаад дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаа гэж үзэж байна. Амь хохирогчийн 2022 онд авч байсан цалин хөлсний дунджаар тооцох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй, харин ч ашиг сонирхолд нь нийцэх юм. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болох ............төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
10.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хэргийн материалд хүндрүүлэх биш хөнгөрүүлэх талын нотлох баримт илүү авагдсан байна. Улсын яллагч шүүхийн шатанд “.... жилийн ял” гэж хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон. Анхан шатны шүүхээс шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн зорилтод нийцүүлэн 11 жилийн ял оногдуулж шийдвэрлэсэн. Шүүгдэгч Э.Х-ын согтолт 1.3 хувьтай байсан. Амь хохирогч биеэ хамгаалах чадвартай байсан эсэх, согтолтын хэмжээ хэр байсан талаар шалгасан ажиллагаа байхгүй байна. Амь хохирогчийн согтолтын зэргийг шалгаж биеэ хамгаалах чадвараа алдсан байсныг тогтоосон бол хэрэг хүндрэх ёстой байсан. Амь хохирогчийн согтолтын зэрэг 1.8 хувь байгаа. Амь хохирогч нь бие бялдрын хувьд 1.80 метр өндөр, бөхөөр хичээллэдэг, баргийн хүнд дийлдэхээргүй биетэй байхад бие хамгаалах чадвар хэр зэрэг байсныг шалгаагүй. Хуульд гэмт хэргийн сэдэлт шалтгааныг заавал тогтооно гэж заасан. Гэтэл шалтгаангүйгээр хүний амь насыг хохироосон гэсэн дүгнэлт хийсэн. Э.Х хэрэг болдог орой эхнэрээ зодсон. Гэртээ ирсний дараа эхнэрийгээ ганцаараа хүрээд ир гэдэг. Эхнэр О нь айгаад байна гэж ярьсан байдаг. Амь хохирогч П нь О-ын өмнөөс очоод хэсэг хугацааны дараа хутгалуулж нас барсан. Тэгэхээр хэргийн сэдэлт зорилго нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлаас болж үүссэн байх магадлалтай. Хэргийг тал бүрээс нь шалгаж, хүндрүүлэх болон хөнгөрүүлэх талын нотлох баримтыг бэхжүүлэх ёстой байсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа Э.Х-ын талд байгаа юм биш үү гэсэн эргэлзээ төрж байна. Үйлчлүүлэгчийнхээ давж заалдсан гомдлыг дэмжиж байна. Хэрэгсэхгүй болгосон .....төгрөгийг өдийд аав нь байсан бол хүүхдүүд хүртэх ёстой байсан. Х.У өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна гэв.
11.Орлогч прокурор Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч Э.Х нь согтуурсан үедээ буюу 20 оны сарын нд шилжих шөнийн цагийн орчим ...... сумын .....дугаар баг .......тоотын урд талд иргэн У.П ийн цээжин тус газарт 1 удаа хутгалж алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгч Э.Х үйлдсэн хэргээ илчилсэн нь эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. Өмгөөлөгчийн зүгээс тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл гэж гомдолдоо дурдсан. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж субъект урьдчилан мэдэхгүй, тооцоолох боломжгүй гэнэт үүссэн гаднын объектив хүчин зүйлүүдийн нөлөөнд автаж гэмт хэрэг үйлдсэн байхыг ойлгох тул энэ хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж үзэж байна. Талийгаачийг оршуулсан зардал, хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж зэрэг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг юм. Шинжээчийн 20 оны сарын -ны өдрийн дугаартай дүгнэлтээр талийгаач 1.8 хувийн согтолтын зэрэгтэй байсан нь тогтоогдсон. Талийгаачийн согтолтын зэрэг дунд зэрэг байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон учир талийгаачийг бие хамгаалах чадваргүй байсан гэж хүндрүүлэх нөхцөл байхгүй. Шүүгдэгч Э.Х-ын эхнэр О нь зодуулсан талаар цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдол гаргаагүй. Гэмт хэргийн хор хохирлыг төлсөн, өөрийгөө илчилсэн, хувийн байдалд нь хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж үзсэн учраас прокурор ялын саналаа хэлсэн. Хавтаст хэргийн ..... дүгээр хуудсанд тэжээгчээ алдсан тэтгэвэр тогтоосон хуудас байдаг. Энэ хуудсанд талийгаачийн дундаж цалинг ...... төгрөг гэж тогтоосон. Мөн тэжээгчээ алдсаны тэтгэвэрт талийгаачийн .. хүүхдэд сар болгон ... төгрөг өгөхөөр тогтоосон. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт зааснаар түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээд гэдэгт талийгаачийн эхнэр хамаарахгүй дундаж цалин хөлс тогтоогдсон ..... төгрөгийг ... хүнд биш .... хүнд хуваахаар ... хүүхдэд оногдох мөнгө нь ....төгрөг байна. ..... төгрөгөөс тэжээгчээ алдсаны тэтгэвэр ..... төгрөгийг хасаж, нэг хүүхдэд оногдох мөнгө нь ...... төгрөг байна. ..... төгрөгийг талийгаачийн ..... хүүхдэд 18 нас хүртэл тооцохоор шүүгдэгч Э.Х аас...... төгрөг болно. Үүнээс урьдчилан төлсөн ...... төгрөгийг хасаад ........... төгрөгийг шүүгдэгч Э.Х-аас гаргуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс ....жилийн хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон учраас шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахаас татгалзаж, хохирогчийн хуулийн ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчөөс гаргасан тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй холбоотой гомдлыг хэсэгчлэн хангах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь өнөөдрийн байдлаар нийт ....хоног цагдан хорьсон байгаа. Энэ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
12.Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.Х, түүний өмгөөлөгч Б.Д, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч Х.У нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Э.Х-т холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
13.Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарлах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
14.Шүүгдэгч Э.Х нь согтуурсан үедээ буюу 20 оны дугаар сарын -нд шилжих шөнийн цагийн орчим аймгийн сумын дугаар баг тоотын ертөнцийн зүгээр урд талд иргэн У.П-ийн цээжин тус газарт 1 удаа хутгалж алсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцжээ. Тодруулбал:
14.1.Яллагдагч Э.Х-ын “Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Тухайн үед найзынхаа амь насыг хохироох санаа байгаагүй. Өөрийгөө хүн хутгалсан, цагдаад хэлэх ёстой гэж бодоод хадам ээжид хэлээд түүнтэй хамт цагдаа руу очиж хэлсэн.” гэх /1 хх 167-172 /
14.2.Гэрч Д.С-ийн “20 оны сарын -өөс -нд шилжих шөнийн цагийн орчимд Э.Х уйлаад “Би хүн хутгалчихлаа” гээд байсан. Баруун гартаа хул шар өнгөтэй хутга барьсан байсан. Хутганы үзүүр хэсэгт цус болсон байсан. Цагдаа руу явах замдаа хутгийг хаяулсан.” гэх /1 хх 45-46, 2 хх 73-76/,
14.3.Гэрч С.Н “20 оны сарын шилжих шөнө цагийн үед цагдаагийн хэсэгт Э.Х гэгч нь хадам ээж Д.Сийн хамт ирж, гомдол гаргахдаа: “Би найзыгаа хутгалаад алчихлаа” гэж хэлсэн.” гэх /1 хх 33-34/,
14.4.Гэрч З.Б-ийн “ өөс -нд шилжих шөнө цагийн үед Х нь “би хүн алчихлаа” гээд орилж хашхираад байхаар нь хэсгийн мөрдөгч С.Н-т мэдэгдсэн.” /1 хх 36-37/,
14.5.Гэрч Э.О-ын “20 оны сарын -ний орой цагийн үед манай сумын наадмын сүүлийн өдөр байсан учраас манай нөхөр Х бид хоёр найз У.П, Э.М, Д.А, Л.Н, Н.Мл, Ч.У нартай уулзаад “.........” зоогийн газарт хоолонд орсон. Бид хоол идэнгээ .......граммын архи уусан. Гарахдаа ...... граммын архи аваад М-ын гэр рүү очиж, уусан. Би хадам аав, ээжийнх рүүгээ хүүхдээ авахаар М-ийн хамт явсан. Очоод хүүхдээ өлгийдөж байхад манай ээж Д.С над руу залгаад “Э.Х: -Би найзыгаа хутгалаад алчихлаа хоёулаа цагдаад очиж хэлье” гээд орж ирлээ, чи хурдан ир” гэсэн.” гэх /1 хх 39-43/,
14.6.Гэрч Л.М-ийн “А миний утас руу залгаад “танай нөхөр Н сая надад хэлэхдээ “Х нь П-г хутгалсан гэж байна, энэ үнэн юм уу” гээд надаас асуухаар нь “би мэдэхгүй, бид хоёр очиж байна” гээд энэ талаар О-д хэлсэн.” гэх /1 хх 48-50/,
14.7.Гэрч Л.Н-ын “Э.Х-ын гэрийн урд талд У.П хэвтэж байсан. Намайг очиход У.П “Э.Х миний зүрх рүү хутгалчихлаа” гэхээр нь харахад цээжнээс нь цус гарсан байдалтай дээшээ хараад хэвтэж байсан. Би айж сандарсандаа Л-ийн гэр лүү гүйж очоод А, У нарт хэлсэн.” гэх /1 хх 52-54, 2 хх 77-81/,
14.8.Гэрч Ч.У-ын “Д.А-аар гэрийнхээ гадаа хүргүүлээд юм яриад сууж байхад Н нь манайх руу гүйгээд ирсэн. Н нь А, бид хоёрт “Х-ын гэрийнх нь гадаа П үхчихлээ, Х хутгалчихлаа” гэхээр нь бид очиход П дээшээ харсан байдалтай, хөдөлгөөнгүй хэвтэж байсан.” гэх /1 хх 56-57/,
14.9.Гэрч Д.А-ийн “Би У-г гэрийнх нь гадаа хүргэж өгөөд хоорондоо юм яриад байж байхад Н “Х П-ийн зүрх рүү хутгалчихлаа” гээд маш их айж сандарсан байдалтай ирсэн.” гэх /1 хх 59-61/,
14.10.Гэрч Б.М-ын “20 оны сарын ны үүрээр цаг минутад тоотын гадаа иргэн У.П ухаангүй байна” гэсэн мэдээллийн дагуу очиход иргэн У.П нь шороон зам дээр дээш харан хэвтсэн байдалтай, бүх бие хөрсөн, судсанд лугшилт байхгүй, цээжин хэсэг нэлэнхийдээ цус болсон, нас барсан байсан.” гэх /1 хх 64-65/,
14.11.Гэрч Л.Ц “Шөнө ...... цагийн үед Х-ын бага хүүхэд нь уйлаад байхаар нь О-ыг дуудахад ирээд хүүхдээ аваад явсан. Удаагүй байхад найз нь над руу залгаад “Х-ынд яаралтай хүрээд ирээч” гэхээр нь нөхрийн хамт очиход эхнэр нь хүүхдээ тэврээд уйлаад сууж байсан. Гэрийнх нь нэлээн урд нэг хүн хэвтэж байсан. Х цагдаатай хамт ирсэн.” гэх /1 хх 67-68/,
14.12.Гэрч Я.Э “Э.Х“ нь яг юу болсныг мэдэхгүй байна. Би хүн алчихлаа” гээд уйлаад байсан. Эрэгтэй хүн дээшээ хараад хэвтэж байхыг хараад хүн амины хэрэг гарсан байна гэдгийг мэдсэн.” гэх /1 хх 73-74/,
14.13.Гэрч Э.А-ын “Дүү минь хар багийн найзаа хутгалж, амь насыг хохироосон асуудлынхаа талаар эхлээд хадам ээж, дараа нь цагдаагийн байгууллагад өөрийн биеэр очиж үйлдсэн хэргээ илчилсэн гэдгийг би сүүлд мэдсэн. Дүү минь архинаас болоод уг гэмт хэргийг үйлдсэн” гэх /1 хх 70-71/,
14.14.Гэрч Э.М-ын “..... цагийн үед манай эхнэр над руу утасдаж Х нь П-г хутгалсан байна” гэхээр нь ээж С.Г-ыг дагуулж очсон. У.П нь урд талын шороон зам дээр хутгалуулсан байдалтай, хөдөлгөөнгүй хэвтэж байсан.” гэх /1 хх 77-78/ мэдүүлгүүд,
14.15.Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-ийн “Би У.П-ийн эхнэр, бид 1-6 насны 3 хүүхэдтэй. 20 оны сарын ны өдөр Улаанбаатар хотоос орой 18 цагийн орчим аймагт ирээд талийгаачийг нас барсныг мэдсэн...” гэх /1 хх 29-31, 2 хх 70-72/,
14.16.Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20 оны сарын ны өдрийн дугаартай “Талийгаач У.П-ийн биед цээжний хөндийг өвчүүтэй нийлэх хэсгээр 2 дугаар хавирганы завсраар урдаас арагш, баруунаас зүүн, доороос дээш чиглэж үнхэлцгийн хөндийн зүүн дээд хэсэг, зүрхний зүүн чихэнцэр, зүрхний зүүн хөндийгөөс гарч буй гол судсыг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдэж гүн нэвтэрсэн шарх, баруун гарын бугалга, тохойд хуучин зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдийн цээж, үнхэлцэг, зүрхний зүүн хөндийгөөс гарч буй гол судсыг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдэж гүн нэвтэрсэн шарх нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба баруун гарын бугалга, тохойн хуучин зулгарал бүхий гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үрэлцэх, мэдрэгдэх, чирэгдэх үйлчлэлээр үүсгэгдсэн. Цээж, үнхэлцэг, зүрхний зүүн хөндийгөөс гарч буй гол судсыг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдэж гүн нэвтэрсэн шарх бүхий гэмтэл нь амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэл, баруун гарын бугалга, тохойд хуучин зулгарал гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач У.П нь цээж, үнхэлцэг, гол судас руу нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас хурц цус алдаж үнхэлцгийн хөндийд цус хуралдсанаас зүрх чихэлдэж нас баржээ.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 81-91/,
14.17........ аймгийн Нэгдсэн эмнэлгийн 20 оны сарын -ны өдрийн “Э.Х нь сэтгэцийн ямар нэг өвчингүй, болсон асуудлыг бодитоор тусган үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай” гэх шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1 хх 194-196/,
14.18.У.П-ийн нас барсны тухай эмнэлгийн гэрчилгээ /1 хх 178/,
14.19.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 2-6/,
14.20.Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 7/,
14.21.Амь хохирогч У.П-ийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 14-16/,
14.22.Гэрч Д.С-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /1 хх 17-19/,
14.23.Хутгыг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1 хх 20/,
14.24.“11 см урттай шар өнгийн бариултай, 15 см урт ажлын хэсэгтэй, нийт 26 см урттай, нэр талд нь “HONG LI” гэсэн бичигтэй, хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 1 ширхэг хутгыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1 хх 24/ зэрэг болно.
15.Хэрэгт авагдсан Э.Х-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Э.Х-ын хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, ...... аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20 оны дугаар сарын -ны өдрийн ........ дугааруудтай, 20 оны дугаар сарын -ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтууд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, давхар нотолж байгаа болно. /1 хх 8-13, 95-97, 101-132/,
16.Прокуророос шүүгдэгч Э.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, анхан шатны шүүх хэргийн бодитын байдалтай нийцсэн дүгнэлт хийж, түүнийг “хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Шүүгдэгч Э.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ У.П-ийн цээжин тус газар хутгалан амь насыг хохироохдоо Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхийн эсрэг, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.
17.Шүүгдэгч Э.Х-ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ илчлэн цагдаагийн байгууллагад мэдэгдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардалд төгрөг, цалингийн зээлийн үлдэгдэлд төгрөг, өмгөөлөгчийн хөлс төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү төгрөг, нийт төгрөгийн хохирол, хор уршгийг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жил хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирч байх тул шүүгдэгч Э.Х, түүний өмгөөлөгч Б.Д нарын “ял хөнгөрүүлэх”-ийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
18.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, давж заалдах шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэх эрх хэмжээгүй тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-ийн энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй юм.
19.Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудаснаас өөр амь хохирогчийн сарын дундаж цалин, орлогыг тодорхойлсон баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй, хэрэгт авагдаагүй байх тул анхан шатны шүүх энэ баримтыг үндэслэн тэжээгчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг ....... төгрөгөөр тооцсоныг буруутгах үндэслэлгүй. /1 хх 221/ Өөрөөр хэлбэл: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8, 9 дэх хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлаагүй баримт болох давж заалдах гомдолд хавсаргасан “нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”-ыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож болохгүй учраас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.У-ийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
20.Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн амь хохирогчийн гурван хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, шүүгдэгчийн эхнэр Э.О-с ....... төгрөг шилжүүлсэн баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохирол төлбөр гаргуулах тухай хүсэлт, баримтууд, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас, хохирогчийн цалингийн зээлийн гэрээний хуулбар, шүүгдэгчийн хохирол нөхөн төлсөн баримтууд зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Э.Х нь амь хохирогчийн гурван хүүхдийн 18 нас хүртэлх тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү ...... төгрөгийг урьдчилан төлсөн болох нь тогтоогдож байхаас гадна, анхан шатны шүүх энэ талаар шийтгэх тогтоолын 8 дахь заалтдаа дурдсан атлаа шүүгдэгчээс дахин гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн нь буруу тул шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг хүчингүй болгов. / 1 хх 180-183, 202-221, 226-230, 2 хх 36-39 /
21.Иймд шүүгдэгч Э.Х, түүний өмгөөлөгч Б.Д, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч Х.У нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. ....... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны дүгээр сарын -ний өдрийн дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “Иргэний хуулийн дугаар зүйлийн дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү нэг хүүхдэд оногдох буюу хүүхдэд сар бүр нийт төгрөгийг шүүгдэгч Э.Х-аас гаргуулан 20 оны дүгээр сарын -нд төрсөн , 20 оны дүгээр сарын -нд төрсөн П.Д, 20 оны дүгээр сарын -нд төрсөн П.А нарыг 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-д олгосугай.” гэснийг хүчингүй болгосугай.
Хоёр. Шийтгэх тогтоолын бусад хэсэг, заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
Гурав. Шүүгдэгч Э.Х, түүний өмгөөлөгч Б.Д, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч Х.У нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
Дөрөв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-ын цагдан хоригдсон нийт 81 /наян нэг/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
Тав. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ
З.ЭНХЦЭЦЭГ