Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2024/01184

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2024/01184

Хөвсгөл аймаг

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч:  Хас банк ХХК-ийн Хөвсгөл салбарын,

Хариуцагч: овогт О*ийн У-

Хариуцагч:  овогт Мгийн Н нарт холбогдох,

Үндсэн зээлийн төлбөр 50,443,414 төгрөг, хүү 3,738,803 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,859 төгрөг, нийт 54,240,076 (тавин дөрвөн сая хоёр зуун дөчин мянга далан зургаа) төгрөг гаргуулах, сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээс хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 155/2024/01244/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн Хөвсгөл салбарын захирал Т.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн М.Н, О.У- нар нь Хас банктай 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдөр ************ дугаартай зээлийн гэрээ байгуулан 59,600,000 (тавин есөн сая зургаан зуун мянга) төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдөр зээлдэгч М.Нийн Хас банк дахь ****** дугаартай дансанд 59,600,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан ************ дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш зээлийг огт төлөхгүй, нэхэмжпэл гаргах өдрийн байдлаар 95 хоног хугацаа хэтрүүлээд байна. Хас банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Зээлдэгч М.Н, О.У- нарын ************ дугаартай зээлийн үлдэгдэл 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 50,443,414 төгрөг, хүү 3,738,803 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,859 төгрөг, нийт 54,240,076 төгрөг болоод байна. ************ дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн ************/01 дугаартай ипотекийн гэрээгээр дараах хөрөнгүүдийг тус тус барьцаалсан.

1. М.Н өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*********** дугаар, үл хөдлөх эд хөрөнгийн ************ дугаар гэрчилгээтэй *********** 23-р гудамж 11а тоот хаягт байрлах, 69кв.м талбайтай хувийн сууц,

2. М.Н өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г------ дугаар, үл хөдлөх эд хөрөнгийн ************ дугаар гэрчилгээтэй *********** 23-р гудамж 11а тоот хаягт байрлах, 653 в.м талбайтай өмчлөх эрхтэй газар.

Нэхэмжлэлийн шаардлага: 1. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон ************ дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 50,443,414 төгрөг, хүү 3,738,803 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,859 төгрөг, нийт 54,240,076 төгрөгийг зээлдэгч М.Н, О.У- нараас гаргуулах. 2. Хариуцагч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг дээр дурдсан барьцаа хөрөнгүүдээс хангуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-3 дахь тал)

 

2.   Хариуцагч, хариуцагч М.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У- шүүхэд гаргасан тайлбартаа: М.Н үндсэн зээлдэгчээр, О.У- хамтран үүрэг гүйцэтгэгчээр Хас банк 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 59,600,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар авсан. 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зээлийн гэрээ зөрчигдөж эхэлсэн. Учир нь М.Нийн ажиллаж байсан компани зогсож, цалингийн орлогогүй болсон. О.У- нь бага насны хүүхэд асарч байгаа юм.

Одоо нэхэмжилж байгаа зээлийн төлбөр нийт 54,240,076 төгрөгийг төлж барагдуулна. Хэрэв энэхүү төлбөрийг төлж барагдуулахгүй бол барьцаа хөрөнгөөс хангуулахыг зөвшөөрч байгаа болно гэжээ. (хавтаст хэргийн 34 дэхь тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч М.Н, О.У- нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 50,443,414 төгрөг, хүү 3,738,803 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,859 төгрөг, нийт 54,240,076 (тавин дөрвөн сая хоёр зуун дөчин мянга далан зургаа) төгрөг гаргуулах, сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч, хариуцагч М.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У- нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ...Одоо нэхэмжилж байгаа зээлийн төлбөр нийт 54,240,076 төгрөгийг төлж барагдуулна. Хэрэв энэхүү төлбөрийг төлж барагдуулахгүй бол барьцаа хөрөнгөөс хангуулахыг зөвшөөрч байгаа болно гэх тайлбарыг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 499,350 төгрөгийн тал хувь болох 249,675 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Н, О.У- нараас улсын тэмдэгтийн хураамж 249,675 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 50,443,414 төгрөг, хүү 3,738,803 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,859 төгрөг, нийт 54,240,076 (тавин дөрвөн сая хоёр зуун дөчин мянга далан зургаа) төгрөг гаргуулах, сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Н, О.У- нар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн Татварын ерөнхий газрын 5002620116 тоот дансанд 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 499,350 төгрөгөөс 249,675 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Н, О.У- нараас улсын тэмдэгтийн хураамж 249,675 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн Хөвсгөл салбарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА