| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 161/2018/0007/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/013 |
| Огноо | 2018-01-13 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2018/ШЦТ/013
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж
улсын яллагч Б.Б
нарийн бичгийн дарга Б.Ж
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К
шүүгдэгч Х.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Х.Э-д холбогдох 1713001240111 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1992 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Н овогт Х.Э,
Шүүгдэгч Х.Э-ны холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Э нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 07 цаг 03 минутаас 07 цаг 08 минутын хооронд Өлгий сумын **дугаар багийн нутагт орших А зах дотор байрлах иргэн П.А-ын алт мөнгөний дархны газрын хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж мөнгөн эдлэл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.Э нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 07 цаг 03 минутаас 07 цаг 08 минутын хооронд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутагт орших “А” зах дотор байрлах иргэн П.А-ын алт мөнгөний дархны газрын хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж 1653020 төгрөгийн мөнгөн эдлэл хулгайлсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох
- Шүүгдэгч Х.Эр-ны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2017 оны 10 дугаар сарын 23-ны өглөө П.А гэдэг хүний дэлгүүрийн цоожийг эвдэж дотор нь байгаа мөнгөн эдлэлүүдийг авч гэртээ аваачиж тавьсан. Маргааш орой өөрт хүргэж өгсөн. ....Тухайн үед согтуу явж байгаад хулгай хийсэн... Би хийсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,
- Хохирогч П.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...өглөө 08 цаг 10 минутын үед над руу А захын манаач залгаад танай алт мөнгөний дархны хаалга онгорхой байна. Би цагдаад мэдэгдсэн та хүрээд ир гэж хэлсэн. Би өглөө очиж алт мөнгө хийдэг материалуудаа шалгахад дээр үеийн мөнгөн зоос 2 ш, хагас мөнгөн зоос 1 ш, мөнгөн бугуйвчийн хугархай 1 ш, хуучин мөнгөн гинж 4 ш, шинэ эрэгтэй мөнгөн гинж 2 ш, эмэгтэй 7 хос мөнгөн ээмэг, эрэгтэй бөгж 1 ширхэг, электрон хил 1 ширхэг, цулгай хийсэн 1 ш мөнгөн бугуйвч, мөнгөн хугархай бөгж, ээмэг, тасархай гинжүүд алга болсон байна...Миний хохирлыг барагдуулж өгсөн, манай алт мөнгөний дархны газраас алдагдсан мөнгөн эдлэлүүдийг бүгдийг нь буцааж өгсөн. Одоо надад гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-31 дүгээр хуудас/
-Гэрч А.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 10 дугаар сарын 23-ны өглөө 07 цагийн үед манай нөхөр болох П.А над руу залгаад манай алт мөнгөний дарханд хулгай орж мөнгөн эдлэл алдагдсан байна гэж хэлсэн. Тухайн үед нөхөр бид хоёр Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байсан ба цагдаад шалгагдаж байсан Х.Э гэх залуу 2017 оны 10 дугаар сарын 23-ны орой манай гэрт ирж манай "А" зах дотор байрлах алт мөнгөний дархны газраас хулгайлан авсан мөнгөн эдлэл авчирч өгсөн. Тэгээд удалгүй манай нөхөр П.А утсаар Цагдаагийн байгууллагад Х.Э гэх залуу манай гэрт алт мөнгөний дархны газраас хулгайлан авсан мөнгөн эдлэл авчирч өгсөн гэж хэлсэн. Тухайн үед Х.Эркебулан гэх залуу болон манай нөхөр бид нар Х.Э-ны авчирч өгсөн мөнгөн эдлэлийг цахилгаан хилээр хиллэж үзэхэд нийт 775 гр болж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/
-Гэрч О.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 10 дугаар сарын 23-ны өглөө 08 цагийн үед А захад манаач ажилтай Б манай гэрт ирж надад захын алт мөнгөний дарханд хулгай орсон байна гэж хэлэхээр нь эхлээд Цагдаагийн байгууллагад мэдэгдээд дараа нь эзнийг нь дуудах арга хэмжээ авсан. Би очоод камер шүүж үзнэ гэж хэлсэн. Тэгээд би 08 цаг 30 минутын үед зах дээр ирж, 09 цаг 15 минутын үед цагдаагийн алба хаагчидтай камер шүүж, үзлэгт оролцож байхад камерын бичлэгт 07 цагийн 03 минутын үед хар өнгийн жинсэн өмд, хөх цэнхэр өнгийн өвлийн хүрэм, хүрэм нь зах хэсгээрээ улаан хүрээтэй, цэнхэр өнгийн малгайтай цамцтай, цамцныхаа малгайг өмссөн нэг үл таних залуу хулгай орсон гэх алт мөнгөний дархны газар луу ороод 07 цаг 00 минутад гарч явсан ба уг бичлэгийг 09 цаг 45 минутад хуулбарлан авах үед тог тасарсан болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/
-Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-12 дугаар хуудас/
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/
-Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 17 дугаар хуудас/
-Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-22 дугаар хуудас/
-Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 25 дугаар хуудас/
-Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Гэмт хэрэг гарахад хохирогчийн эд хөрөнгөө хамгаалах хамгаалалт сул, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтны ажлын хариуцлагагүй байдал нөлөөлж, амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор шунахайн сэдэлттэйгээр уг гэмт хэргийг санаатай хийж бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх аргаар бусдын өмчлөх эрхэд халдсан байна.
Шүүгдэгч Х.Э үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч П.А-т 1653020 төгрөгийн хохирол учруулсан /хх-55-х, 75-х/ ба шүүгдэгч хулгайлсан эд зүйлүүдийг хохирогчид бүрэн бүтэн хүлээлгэж өгснөөр хохирлоо бүрэн арилгасан тул Х.Э-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг харгалзан түүнд хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа ухамсарлан гэмшсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн зүйлийн 1.1, 1.2, 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай байна гэж үзлээ.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. Хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ аваагүй тул түүний өмчлөлийн Iphone 5 маркийн 1 ширхэг гар утас битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн эвдэрхий цоож 1 ширхгийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Х.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Шүүгдэгч Н овогт Х-Эыг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э-ыг 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болох тус тус дурдаж, шүүгдэгчийн өмчлөлийн Айфон-5 маркийн гар утас битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эвдэрхий цоож 1 ширхгийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.А