| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/03380/И |
| Дугаар | 181/ШШ2024/04199 |
| Огноо | 2024-10-31 |
| Маргааны төрөл | Зуучлал, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 181/ШШ2024/04199
| 2024 10 31 | 181/ШШ2024/04199 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ****дүгээр хороо, ******* хотхон ********б байр, *** тоот хаягт оршин суух, Б******* овогт Б******ны Б /РД:**********/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ********дүгээр хороо, Мэру тауэр 3 давхарт, *********тоот хаягт оршин байрладаг бөгөөд улсын бүртгэлийн гэрчилгээнд Хан-Уул дүүрэг, ****** дүгээр хороо, ******** дугаар хэсэг, Маршал таун ********, ******* тоот гэх хаягтай, Г.Э.Э.Д ХХК /РД:*********/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 6,880,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсайхан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.
/Хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг нэхэмжлэгчийн төлөөлөгч гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Бхариуцагч Г.Э.Э,Д ХХК-д холбогдуулан 6,880,500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Б.Бминий бие Бүгд Найрамдах Итали улсад суралцахаар Г.Э.Э,Д ХХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Итали улсад их дээд сургуульд суралцах зуучлах 1117 тоот гэрээ байгуулж, уг гэрээний төлбөрт Худалдаа хөгжлийн банкны өөрийн *********** дугаарын харилцах данснаас Г.Э.Э,Д ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны ************ тоот дансанд 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 5,175,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1,705,500 төгрөг тус тус шилжүүлсэн.
Гэвч гэрээгээр хүлээсэн үүргээ Г.Э.Э,Д ХХК биелүүлээгүй эхний төлбөр шилжүүлэхэд бүртгэлээ гэсэн мэйл ирүүлсэн.
Үүнээс хойш Итали улсын сургуульд хүсэлт илгээсэн талаар, түүнчлэн уг хүсэлтийн хариу ирсэн талаар тэтгэлгийн талаарх мэдээлэл, тэтгэлэгт хамруулах хүсэлт, түүний хариу зэрэг зуучлагчийн үүргээ гүйцэтгэж байгаа тухай, гэрээнд заасан миний эрх ашгийг хэрхэн гүйцэлдүүлж ямар сургуультай хэрхэн холбон өгөх гэж байгаа талаар ямар ч мэдээлэл өгөөгүй, ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй гэрээ байгуулсан төлбөр авснаас өөр ажил бодитой хийгдээгүй.
Итали улсын их дээд сургуультай холбон сургах ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байж дараагийн төлбөрийг төлнө үү гэсэн мейл ирүүлсэн ба тухайн үед нь гэрээний дагуу төлсөн. Гэвч энэнээс хойш ямар ч мэдээлэлгүй болсон тул гэрээнд заасан Итали улсад Их дээд сургуульд зуучлах тэтгэлэгт хамруулах үүргээ гүйцэтгээгүй, энэ талаар ямар ч мэдээлэл өгөөгүй, асууж лавлахад хүлээж бай гэхээ өөр тайлбар өгөөгүй. Гэрээний дагуу үйл ажиллагаа явуулсан талаарх баримт байгаагүй тул гэрээг зуучлагч тал үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж энэ талаар Г.Э.Э,Д ХХК-д мэдэгдсэн.
Г.Э.Э,Д ХХК ч гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй тул гэрээнээс татгалзаж байгаа саналыг хүлээн авч, гэрээний төлбөрт шилжүүлсэн 6,880,500 төгрөгийг буцаан олгоно гэж мэдэгдсэн.
Гэвч төлбөрийн буцаан төлөлт хийгдээгүй ба шаардахад удахгүй буцааж өгнө. Санхүүгийн боломж эргэн төлөх мөнгөгүй байна гэсэн тайлбарыг хийсээр өнөөдрийг хүрсэн.
Г.Э.Э,Д ХХК-тай миний байгуулсан Итали улсад их дээд сургуульд суралцахад зуучлах гэрээ байгууладсан боловч зуучлагч тал болох А тал үүргээ гүйцэтгээгүйгээс Б тал болох миний бие уг гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож татгалзсан байхад Г.Э.Э,Д ХХК нь надаас төлөгдсөн төлбөрийг биет байдлаар нь буцааж өгөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
2.Хариуцагч Г.Э.Э,Д ХХК-ийн төлөөлөгч Ө.Мөнгөнцацрал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Бнь 2023.11.29-ний өдөр Г.Э.Э,Д ХХК-тай Итали улсын их сургуульд суралцах гэрээ хоёр тал тохиролцож байгуулсан.
Манай байгууллага гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байтал 2024.04.17-ны өдөр өөрийн хүсэлтээр гэрээ цуцлах тухай хүсэлт тавьсан. 1/17 дугаартай гэрээний 3.2-д заасны дагуу гэрээ байгуулсан өдрөөс гэрээ цуцлах санал гаргасан өдөр хүртэлх ажлын хөлсийг тооцон үлдэгдэл төлбөрийг буцаах заалтын дагуу нийт 96 өдрийн ажлын хөлс 768 ам.долларын суутгал хийж, 732 ам.доллар буцаах хүсэлтэй байгаа тул хүсэлтийг хүлээн авна уу. Тус оюутны гэрээ цуцлах тухай өргөдлийг хавсаргав гэжээ.
3.Хэрэгт цугларсан нотлох баримтууд:
3.1.Нэхэмжлэгч талаас: Улсын тэмдэгтийн хураамжид 125,038 төгрөг төлсөн баримт, Б.Бат-д олгосон итгэмжлэл, Б.Б-ы иргэний үнэмлэхний хуулбар, Г.Э.Э,Д ХХК, Б.Бнарын хооронд байгуулсан 2023.11.29-ний өдрийн Итали улсын их дээд сургуульд суралцахад зуучлах гэрээ, Худалдаа хөгжлийн банкны депозит дансны хуулгууд зэргийг гаргаж өгсөн.
3.2.Харуицагчаас: Г.Э.Э,Д ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар зэргийг өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч Б.Бнь Г.Э.Э,Д ХХК-д холбогдуулан зуучлалын гэрээний үүрэгт төлсөн 6,880,500 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
2.1.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: Бүгд Найрамдах Итали улсын их, дээд сургуулиудад суралцуулахад зуучлалын үүрэг гүйцэтгэхээр тохиролцож, 6,880,500 төгрөг шилжүүлсэн. Гэтэл Г.Э.Э,Д ХХК-иас ямар сургуультай хэрхэн холбож өгөх талаар ямар ч мэдээлэл өгөөгүй, гэрээний дагуу ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй тул төлсөн төлбөрөө буцаан гаргуулахаар шаардаж эрхтэй гэжээ.
Цагдаагийн байгуулагаас шүүгчийн захирамжийн дагуу холбогдох ажиллагааг хийсэн боловч Г.Э.Э,Д ХХК, төлөөлөгч Ө.Мөнгөнцацрал-ыг Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Мэру тауэр 3 давхарт, 304 тоот хаягт үйл ажиллагаа явуулахгүй цоожтой байгаа, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Маршал таун 113, 3 тоот хаягт үйл ажиллагаа явуулахгүй байгаа талаар цагдаагийн ахлах ахлагч Ц.Ганбаатар, дэд ахлагч Ө.Бямбаренчин нар илтгэх хуудас, хорооны Засаг даргын тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт зэргийг ирүүлсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:
4.1.Нэг талаас Г.Э.Э,Д ХХК, нөгөө талаас Б.Бнар 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр харилцан тохиролцож, Бүгд Найрамдах Итали улсын их, дээд сургуулиудад Б.Батсарааныг суралцуулахад зуучлалын үүрэг гүйцэтгэхээр, зуучлалын төлбөрт 3500 ам.долларын төлбөр төлөхөөр тохирч Итали улсын их дээд сургуульд суралцахад зуучлах гэрээ-г байгуулжээ. /хх 6-8/
4.2.Нэхэмжлэгч гэрээг байгуулсан 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр EB-nak утгаар 5,175,000 төгрөг, 2024.01.08-ны өдөр EB-BATSARAANA BATSAIHAN globally $500 fee утгаар 1,705,600 төгрөг нийт 6,880,500 төгрөгийг гэрээний 3.1-д заасан Худалдаа хөгжлийн банкны ************ тоот дансанд шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. /хх-9-10/
4.3.Хариуцагч Г.Э.Э,Д ХХК нь нэхэмжлэгч Б.Батсараанатай 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Бүгд Найрамдах Итал улсын Их, дээд сургуулиудад суралцуулахад зуучлалын үүрэг гүйцэтгэх, хариуцагч нь нэхэмжлэгчийг үнэн зөв мэдээллээр хангах, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, зуучлах үүргийг хүлээж, Итали улсад их дээд сургуульд суралцахад зуучлах гэрээ-г байгуулж, гэрээний 3.1-т Энэхүү гэрээний дагуу зуучлалын үйлчилгээ үзүүлсний нийт төлбөр 3500 ам.доллар үүнээс урьдчилгаа 1500 ам.долларыг гэрээ байгуулах үед, материал бүрдүүлэхтэй холбоотой материалын орчуулга, нотариат, апостиль, шуудан, виз цаг авах зардал болох 500 ам.долларыг 2024.01.15-ны дотор, сургуулийн урилга ирсэн үед үлдэгдэл 1500 ам.долларыг ************ тоот (Дансны нэр: Г.Э.Э,Д ХХК Худалдаа хөгжлийн банк) дансанд тушаасан байна. Төлбөр тус бүрийг тухайн өдрийн Монгол банкны ханшаар тооцон төлнө. гэж заасны дагуу Г.Э.Э,Д ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 499380717 тоот дансанд Б.Бнь өөрийн *********** тоот данснаас 2023.11.29-ний өдрийн 01:18:33 цагт 5,175,000 төгрөгийг, мөн ************ тоот дансанд Б.Бөөрийн *********** тоот данснаас 2024.01.08-ны өдрийн 03:07:34 цагт 1,705,500 төгрөгийг буюу нийт 6,880,500 төгрөгийг төлсөн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна./хх 6-8, 9-10/
5.Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зуучлалын гэрээний харилцаа үүсжээ.
5.1.Дээрх гэрээг байгуулсан болон мөнгө төлсөн үйл баримттай зохигч талууд маргаагүй, хариуцагчийн төлөөлөгч хариу тайлбартаа ...Манай байгууллага гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байтал 2024.04.17-ны өдөр өөрийн хүсэлтээр гэрээ цуцлах тухай хүсэлт тавьсан. 1/17 дугаартай гэрээний 3.2-д заасны дагуу гэрээ байгуулсан өдрөөс гэрээ цуцлах санал гаргасан өдөр хүртэлх ажлын хөлсийг тооцон үлдэгдэл төлбөрийг буцаах заалтын дагуу нийт 96 өдрийн ажлын хөлс 768 ам.долларыг суутгал хийж, 732 ам.доллар буцаах хүсэлтэй гэж татгалзан маргасан.
5.2.Хариуцагчийн дээрх татгалзан маргаж буй үйл баримт нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын хооронд байгуулсан гэрээний 2.4-т А тал нь зуучлалын үүргээ биелүүлээгүй (их сургуулийн бүртгэл, халамжийн тэтгэлэгт хүсэлт явуулаагүй, виз-ны материал бүрдүүлэлтэд хамтарч ажиллаагүй) тохиолдолд Б талд бүртгэлийн хураамж болох 500 ам.доллар болон өөрсдийн ажилласан хөлсийг өдрөөр нь бодож суутган үлдэгдэл төлбөрийг буцаан олгоно., мөн гэрээний 3.2-т Суралцах урилга ирээгүй гэрээ хэрэгжээгүй тохиолдолд энэхүү зүйлийн 3.1-т зааснаар гэрээ байгуулсан өдрөөс хойш тоолон гэрээ цуцлах санал гаргасан өдөр хүртэлх ажлын хөлс болох /материал бүрдүүлэлт, сургууль руу материал илгээх, шуудангийн үйлчилгээ/ хүн/цаг суутган үлдэгдэл төлбөрийг буцаан олгоно. гэж зааснаар үгүйсгэгдэн няцаагдаж байна.
5.3.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ Хариуцагч тал гэрээний дагуу манай охинд ямар сургуульд бүртгүүлж байгаа, ямар сургууль элсэлт авч байгаа, ямар сургууль хүлээн авах боломжтой талаар мэдээлэл ирүүлэх ёстой байсан. Гэтэл ямар ч мэдээллийг 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд ирүүлээгүй. Энэ хугацаанд суралцахад заавал өгөх ёстой шалгалт болох Talk шалгалтын мэдээллийг тус компани явуулаагүйн улмаас манай охин тухайн шалгалтыг өгч амжаагүй. Англи хэл дээр бүх сургалтанд хамрагдах боломжтой гэж зуучлалын гэрээг байгуулсан. Гэтэл манай охины IELT-ын онооны хүчинтэй хугацаа 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр дуусаж Итали улсад суралцах ямар ч боломжгүй болсон, энэ хугацаа дуусгавар болж байгаа тул цаашид Итали улсад суралцах боломжгүй боллоо, танайх ямар ч үйл ажиллагаа хийсэнгүй, гэрээгээ цуцлах боллоо гэж гэрээнд заасны дагуу өргөдөл гаргаж хариуцагч руу явуулсан гэж тодорхойлж буй тайлбар, үндэслэлтэй холбоотой татгалзлаа нотолсон баримтыг хариуцагчаас шүүхэд гаргаж өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж шүүх дүгнэлээ.
5.4.Гэрээний 2.4-т А тал нь зуучлалын үүргээ биелүүлээгүй (их сургуулийн бүртгэл, халамжийн тэтгэлэгт хүсэлт явуулаагүй, виз-ны материал бүрдүүлэлтэд хамтарч ажиллаагүй) тохиолдолд Б талд бүртгэлийн хураамж болох 500 ам.доллар болон өөрсдийн ажилласан хөлсийг өдрөөр нь бодож суутган үлдэгдэл төлбөрийг буцаан олгоно., мөн гэрээний 3.2-т Суралцах урилга ирээгүй гэрээ хэрэгжээгүй тохиолдолд энэхүү зүйлийн 3.1-т зааснаар гэрээ байгуулсан өдрөөс хойш тоолон гэрээ цуцлах санал гаргасан өдөр хүртэлх ажлын хөлс болох /материал бүрдүүлэлт, сургууль руу материал илгээх, шуудангийн үйлчилгээ/ хүн/цаг суутган үлдэгдэл төлбөрийг буцаан олгоно. гэж заасан нь хариуцагч компани нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний дагуу ямар сургуульд хэзээ, хэрхэн бүртгүүлсэн, ямар сургуульд элсүүлэхээр хэрхэн ямар материалуудыг бүрдүүлж, хэзээ явуулсан талаар холбогдуулан хийсэн ажиллагааны баримтуудыг гаргаж шүүхэд нотлох үүргээ биелүүлээгүй тул Зуучлалын гэрээний дагуу хүлээсэн үүргээ хариуцагчийг огт биелүүлээгүй байна гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.
6.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. гэж хуульд үүрэг гүйцэтгэх зарчмыг тодорхойлсон байтал хариуцагч компани нэхэмжлэгчтэй байгуулсан зуучлалын гэрээний үүргийг огт биелүүлээгүй үйл баримт тогтоогдсон гэж үзлээ.
6.1.Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн гаргаж өгсөн Б.Батсараанагийн IELT-ийн шалгалтын тайлангийн маягтад бичигдсэнээр нэр дэвшигчийн хэлний чадварыг шалгалт өгсөн өдрөөс хойш хоёр жилийн дараа дахин шалгахыг зөвлөж байна, огноо 2022/05/28 гэснээс үзэхэд нэхэмжлэгч Б.Батсараанагийн IELT-ийн онооны хүчинтэй хугацаа 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр дуусахаар байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлэх үндэслэл болно.
6.2.Ийнхүү хариуцагч компани гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж заасан журмын дагуу Б.Батсараанагийн IELT-ын онооны хүчинтэй хугацаа 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр дуусаж Итали улсад суралцах боломжгүй болсон, энэ хугацаа дуусгавар болж байгаа тул цаашид Итали улсад суралцах боломжгүй боллоо, танайх ямар ч үйл ажиллагаа хийсэнгүй, гэрээгээ цуцлах боллоо гэж 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гэрээг цуцалж, тушаасан төлбөрийг буцаан авах хүсэлтийг хариуцагч руу явуулсан үйл баримт нээхмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр им эйл үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон, энэ нь хуульд нийцсэн байна.
7.Иймээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж зааснаар нэхэмжлэгч Б.Бзуучлалын гэрээний дагуу төлсөн нийт 6,880,500 төгрөгийг хариуцагч Г.Э.Э,Д ХХК-иас гаргуулахаар шаардах эрхтэй байх тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
8.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 125,038 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан журмын дагуу улсын орлого болгож, хариуцагчаас 125,038 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Э.Э,Д ХХК-иас 6,880,500/зургаан сая найман зуун наян мянга таван зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Батсараанад олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 125,038 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.Э.Э,Д ХХК-иас 125,038 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Батсараанад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ