| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 101/2024/04965/И |
| Дугаар | 181/ШШ2024/04198 |
| Огноо | 2024-10-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 181/ШШ2024/04198
2024 10 31 181/ШШ2024/04198
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, **** дүгээр хороо, **** хороолол, **** дугаар байр, ****тоот хаягт оршин суух, М овогт Н-ын Б /РД:************/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, **** дүгээр хороо, *** дугаар хороолол, *** дугаар байр, *** тоот хаягт оршин суух, О-ууд овогт Г-ийн Б /РД:************/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 26,925,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган оролцов.
/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мядагмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номуу нар шүүх хуралдааныг эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлжээ./
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1.Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Г.Бтэй 2022 оны 12 сарын 6-ны өдөр 3066 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 16,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Хариуцагч Г.Б нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 2023 оны 12 сарын 6-ны өдөр үндсэн зээл, зээлийн хүүг бүрэн төлж барагдуулах байсан ч өнөөдрийн байдлаар үүргээ гүйцэтгээгүй байна. Хариуцагч нь энэ хугацаанд 10 удаагийн гүйлгээгээр зээлийн хүүд нийт 7,650,000 төгрөгийг төлөөд байна. Хариуцагч Г.Б нь Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1-т заасны дагуу 16,000,000 төгрөгийн үндсэн зээл, түүний хүү болох 1,950,000 төгрөг, зээл, зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй алданги 8,975,000 (гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцоход) төгрөг, нийт 26,925,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Б-д төлөх үүрэгтэй. 2.Нэхэмжлэгч Н.Б болон хариуцагч Г.Б нар нь 2022 оны 12 сарын 6-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 3066 дугаартай Барьцааны гэрээ байгуулсан. Тус барьцааны гэрээгээр хариуцагч Г.Б нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, ***р хороо, ***-р хороолол, ***-р байрны *** тоот 68.1 м.кв орон сууцыг барьцаалсан болно. Тиймээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулж өгнө үү.
Иймд хариуцагч Г.Бээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 26,925,000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Г.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26,925,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мядагмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч С.Номуун нар байгуулсан эвлэрлийн гэрээгээ шүүхээр батлуулахыг хүссэн бөгөөд шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй тул эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг бичгээр ирүүлсэн байна.
Иймд зохигч талуудын эзгүйд, хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд талууд дараах байдлаар тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ. Үүнд:
Хоёр. Харилцан тохиролцсон нөхцөл
2.1.Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 26,925,000 /хорин зургаан сая есөн зуун хорин таван мянган/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд талууд дараах нөхцөлөөр харилцан тохиролцож эвлэрч байна. Үүнд:
2.1.1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 4,925,000 төгрөгөөс татгалзаж байгаа болно.
2.1.2.Хариуцагч нь 22,000,000 /хорин хоёр сая/ төгрөгийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулна. Үүнд:
-2024 оны 11 сарын 05-ны өдөр 10 сая төгрөг,
-2024 оны 12 сарын 05-ны өдөр 2 сая төгрөг, ,
-2025 оны 01 сарын 05-ны өдөр 2 сая төгрөг,
-2025 оны 01 сарын 20-ны өдөр 8 сая төгрөгийг тус тус төлнө.
2.2.Хариуцагч нь энэхүү гэрээгээр тохиролцсон төлбөр төлөх хугацаагаа хэтрүүлсэн тохиолдолд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандах эрхтэй болно.
2.3.Талууд шүүхийн тэмдэгтийн хураамжийг 50х50 хувиар тооцож хариуцна.
2.4.Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна.
2.5.Талуудын зүгээс энэхүү гэрээг байгуулсан зорилго нь хоорондын бүхий л маргааныг дуусгавар болгох бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.4-т заасны дагуу тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргахгүй.
Гурав. Бусад
3.1.Талууд энэхүү гэрээний агуулга, зорилго болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлийн агуулга, үр дагаврыг бүрэн ойлгож ухамсарласан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүдэн гарах аливаа үр дүн, ач холбогдлыг хүлээн зөвшөөрөв.
3.2.Талууд энэхүү гэрээгээр тохиролцсон нөхцөлүүдээ шүүгчийн захирамжид бүрэн тусгуулахаар тохиролцов гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. гэж заасан.
Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мядагмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номуун нарын шүүхэд ирүүлсэн тайлбар, хүсэлт, эвлэрлээс дүгнэхэд, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 26,925,000 төгрөгийн 4,925,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 22,000,000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөгөөр төлөхийг хүлээн зөвшөөрч зохигч эвлэрсэн гэж үзэх бөгөөд зохигчдын ийнхүү эвлэрсэн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Г.Бт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д заасантай нийцнэ гэж шүүх үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасан журмын дагуу хувиарилах бөгөөд зохигчид эвлэрлийн гэрээндээ ...50х50 хувиар тооцож хариуцна гэж заасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Н.Бгийн нэхэмжлэлтэй, Г.Бт холбогдох 26,925,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 4,925,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 22,000,000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөгөөр 4 хувааж төлөх бөгөөд хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /292,575+70,200/ нийт 362,775 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.Бээс 181,387.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Б-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч Г.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ