| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 133/2016/00409/И |
| Дугаар | 133/ШШ2016/00392 |
| Огноо | 2016-11-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 133/ШШ2016/00392
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- *************** нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ****** гэрч *********, ***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ************ өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн. Би 1980 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Говь-Алтай аймаг дахь нисэх онгоцны буудалд АН-2 онгоцны моторчиноор ажилд орсон. 1988 онд Алтай суманд онгоцны холбоочиноор очиж 1992 он хүртэл ажилласан. Үүнээс хойш АН-2 онгоц явахаа больж, Ю-2 гэдэг онгоц ирэхэд нь аймагт ирж ажиллаж байхад гэр бүлийн хүн маань Алтай суманд ажилладаг байсан учраас ажлаасаа гарсан. Намайг ажлаасаа гарахад зах зээлд орчихсон дарга нар солигдож, тэр үед *********** дарга байсан. Намайг ажлаас гарахад миний ажлыг одоо гэрчээр оролцох ********* авч байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл Нийгмийн даатгалын газар 1980 оны 8 дугаар сарын 01-нд ажилд орсон бол таны хөдөлмөрийн дэвтэр 1983 оных байна, ажилд авсан тушаалд миний нэрийг *********** гэж хамт олны дууддаг нэрээр бичсэн, ажлаас халсан тушаал архивын газраас олдохгүй байгаа тул шүүхэд ханд гэж хэлсэн. Иймд миний бүрдүүлж өгсөн баримтуудыг үндэслэн намайг 1980 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймаг дахь нисэх онгоцны буудалд онгоцны моторчин, харуул, холбоочиноор ажилласан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************ нь 1980 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймаг дахь Нисэх онгоцны буудалд онгоцны моторчин, харуул, холбоочиноор ажилласан байдлаа тогтоолгох нэхэмжлэл гаргажээ /хх-1/.
************ нь Иргэний агаарын тээврийн удирдах ерөнхий газрын Говь-Алтай аймаг дахь Нисэх онгоцны буудалд онгоцны моторчиноор 1980 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажилд орж, АН-2 онгоцны моторчин, нисэх онгоцны буудлын харуул, Алтай суманд холбоочин, билет шалгагч, мөнгө хураагчаар тус тус ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох Хөдөлмөрийн дэвтэр, Иргэний агаарын тээврийн удирдах ерөнхий газрын Говь-Алтай аймаг дахь нисэх онгоцны буудлын даргын 1980 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 35, 1981 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 37, 1982 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 28, 1984 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 19, 1985 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 06, Иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газрын Говь-Алтай аймаг дахь агаарын тээврийн газрын даргын 1989 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03, Монголын иргэний агаарын тээврийн МИАТ нэгтгэлийн Говь-Алтай аймаг дахь агаарын тээврийн газрын даргын 1993 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 29, 1994 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаартай тушаалуудын хуулбар, фото зурагууд, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна /хх-4, 15-29, 5-7, 40-43/.
Мөн ********** хөдөлмөрийн дэвтрийн нүүрэнд 1983 он гэсэн байх боловч 4-5 дугаар хуудсанд Иргэний агаарын тээврийн удирдах ерөнхий газрын Говь-Алтай аймаг дахь нисэх онгоцны буудлын даргын тушаалаар 1980 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нисэх буудлын АН-2 онгоцны моторчиноор ажилд авсан болон МИАТ-ын компанийн Говь-Алтай аймаг дахь нисэх буудлын даргын 40 тоот тушаалаар 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр орон тооны цомхотголоор нисэх буудлын АН-2 онгоцны моторчин, холбоочны ажлаас чөлөөлсөн тухай бичилт хийгдэж байгууллагын тамга дарагдсан байх бөгөөд уг дэвтрийн 8-9 дүгээр хуудсанд 216 дугаартай нийгэм хангамжийн улсын байцаагч 1995 оны 06 дугаар сарын 20-ны өдөр, 10-11 дүгээр хуудсанд 014 дугаартай нийгмийн хамгаалалын хяналтын улсын байцаагч 2002 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тус тус баталгаажуулалт хийж тамга дарсан байна /хх-16-17, 20-22/.
Иймд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон гэрчүдийн мэдүүлэг зэргийг үндэслэн ******** нь 1980 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Иргэний агаарын тээврийн удирдах ерөнхий газрын Говь-Алтай аймаг дахь нисэх онгоцны буудал, Монголын иргэний агаарын тээврийн МИАТ нэгтгэлийн Говь-Алтай аймаг дахь агаарын тээврийн газарт 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд холбоочин, харуул, АН-2 онгоцны моторчиноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгийг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ************** нь 1980 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Иргэний агаарын тээврийн удирдах ерөнхий газрын Говь-Алтай аймаг дахь нисэх онгоцны буудал, Монголын иргэний агаарын тээврийн МИАТ нэгтгэлийн Говь-Алтай аймаг дахь агаарын тээврийн газарт холбоочин, харуул, АН-2 онгоцны моторчиноор 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд ажилласан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай, Завхан аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ