Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2018/ШЦТ/006

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж, 

нарийн бичгийн дарга Б.Ж

улсын яллагч Б.Б

шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Ц.Э-д холбогдох 1713000000115 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс урианхай, 1989 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Буянт сумын 5 дугаар багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, З овогт Ц.Э 

Шүүгдэгч Ц.Э-ын холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Ц.Э нь 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 15 цагийн үед Баян-Өлгий аймгийн Б сумын ** дугаар багт оршин суух хадам ээж Н.Б-ш гэртээ байхад хүүхэд харж өгсөнгүй гэх хэрүүл маргааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Энь 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 15 цагийн үед Баян-Өлгий аймгийн Б сумын *** дугаар багт оршин суух хадам ээж Н.Б-г гэртээ байхад нь хүүхэд харж өгсөнгүй гэх хэрүүл маргааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох 

- Шүүгдэгч Ц.Э-ын шүүх хуралдааны хэлэлцүүлэг өгсөн “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

- Хохирогч Н.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 12 дугаар сарын эхээр хүргэн болох Ц.Энь 2 настай, 3 настай 2 хүүхдүүдээ надад үлдээж цэцэрлэгт 7 хоног явуулсан. Тэгээд би Х.Э-д “би бага насны хүүхдүүдийг харж чадахгүй, хүйтэн болсон, цэцэрлэгээс авч чадахгүй өөрсдөө аваад яваарай” гэхэд 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүргэн Ц.Э намайг гэрт байхад 15 цагаас эхлэн “миний хүүхдүүдийг харж чадахгүй гэлээ” хэмээн гараараа миний толгой тус газар нэг удаа цохиж, зүүн талын гар хэсэгт хэд хэдэн удаа цохиж хөхрүүлсэн. Мөн хөлөөрөө баруун талын хөлийн өвдөг хэсэг рүү өшиглөж хөхрүүлсэн. Тэр үед миний охин, Х.Э-ын эхнэр салгаж авсан ба би зугтаагаад хөрш айлын гэрт очсон. Тэр үед араас хөөж ирээд барьж аваад гэрт дагуулж очоод дахиж толгой, гар хэсэгт цохиж миний гарт байсан модон таягаар толгой хэсэгт цохиход хугарчихсан. Хугарсан таяг одоо Буянт суманд гэрт үлдсэн. Намайг тэр өдөр 15 цагаас 17 цаг хүртэл зодсон... Энэ бүх үйлдлийг миний охин Х.Э-ын эхнэр М л харж байсан...Б.Э намайг 2017 оны 07 дугаар сард мотоциклын маргаанаас болоод бас зодож гэмтэл учруулж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/

- Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэр үед би хөдөө явсны дараа Э ээж хоёр хоорондоо хэрэлдэж улмаар Э нь ээжийг зодсон талаар би дараа нь ээжээс сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/

- Насанд хүрээгүй гэрч Б.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тус өдөр хүргэн ах болох Э нь эмээтэй маань “та миний хүүхдүүдийг харж өгсөнгүй” гээд хэрэлдээд тэгээд эмээг загнаж хашхирч эмээгийн толгой руу нь таягаараа цохиод тэгээд орноос нь татаж газар унагааж өшиглөж зодсон. Тэгээд бас өөрийнхөө хоёр охиноо алгадаж зодсон. Тэр үед М эгч түүнийг барьж авч болиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/

- Гэрч Б.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Нөхөр бид 2 ээжид том 2 охиныг маань он гартал хараад өгөөч бид хоёр мотоциклтой явж байна, бүгдээрээ нэг мотоциклд багтахгүй. Бид нар 5 сартай охиноо аваад явчихъя гэж хэлэхэд ээж “би одоо та нарын хүүхдүүдийг харж чадахгүй, толгой өвддөг болсон, одоо хүүхдүүдээ аваад яв” гэж хэлсэн..., нөхөр уурлаж 2 охиноо нэг нэг алгадаад “та 2 одоо хаана явсан ч багтахгүй” гээд загнаж, дараа нь ээжийг барьж авч нэг удаа гарын булчин хэсэгт нь чичээд орноос нь татахад ээж газар унасан. Тэр үед Ц.Э ээжийг нэг удаа хөл рүү нь өшиглөхөд би нөхрөө болиулсан. ...Ээж гэрээс гараад гүйгээд явж байхад нь Э гүйж очоод гэрт дагуулж ирсэн. Ээж дахин уурласан ба “та нар яв, хүүхдүүдээ аваад явцгаа” гэж хэлсэн. Энэ үед Ц.Э уурлаад гэрт  байсан ээжийн таягийг аваад газар цохиход таяг нь хугарсан. ...улмаар гараараа чичиж байхад нь би болиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №13 дугаартай дүгнэлтэд: “...Иргэн Н.Б-гийн  биед тархины доргилттой, зүүн бугалганд хавдартай, 6*5 см цус хуралттай, баруун бугалганд гадна хэсэгт цус хуралттай, хавантай, зулайнд хавдартай цус хуралттай, зүүн шилбэнд цус хуралттай, давсаг орчим хөндүүр, гадна талд хавантай зэрэг зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдлоо…Иргэн Н.Б-гийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” /хх-ийн 19 дүгээр хуудас/ зэргээр болон хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Ц.Э-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 Мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул уг тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, ял хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан үзлээ.

Иймд шүүгдэгч Ц.Э-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил эрхлэлт зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хөнгөн ял болох торгох ялыг сонгон, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 6 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж дуусган, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 600 нэгж нь 600000 төгрөгтэй тэнцэх юм.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.

Шүүгдэгч Ц.Э-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

ТОГТООХ нь :

1.Шүүгдэгч З овогт Ц.Э-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-д 600 “зургаан зуун” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-д оногдуулсан 600000 төгрөгийн торгох ялыг 6 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Э-ын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийг өөрт нь буцаан олгосугай. 

8.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.А