| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2210022731187 |
| Дугаар | 2023/ДШМ/233 |
| Огноо | 2023-03-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2023/ДШМ/233
2023 3 01 2023/ДШМ/233
С.Бид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Х.Анхцэцэг,
шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Чинбат,
нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/854 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Бийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2210022731187 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Т овгийн Сгийн Б, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засаг-математикч мэргэжилтэй, .......... ажилтай, ам бүл 2, эцгийн хамт ........... дүүргийн ... дугаар хороо, ..................... дугаар гудамжны .... тоотод оршин суух, /РД:...................../,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 313 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.
Шүүгдэгч С.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 03-ны 22:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Наадам центрийн урд замд Э.Отай такси булаацалдаж маргалдан, улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: С.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т овгийн Сгийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Бид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт С.Боос 148.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Од олгож, С.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, С.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн намайг хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэж үзсэн. Шүүх хуралдааны үеэр миний бие шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 12168 дугаар дүгнэлт нь илтэд эргэлзээтэй, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл гэж үзэн шүүх эмнэлгийн давтан дүгнэлт гаргаж өгнө үү гэж хүсэлт гаргасан юм. Гэтэл шүүх хуралдаанаас давтан шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагагүй бөгөөд дүгнэлт гаргасан шинжээч эмчийг шүүх хуралдаанд оролцуулж, ойлгомжгүй зүйлсийг тодруулж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх шийдвэр гарган шүүх хуралдааныг хойшлуулсан. Ингээд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд шинжээч эмч О.Болороог цахимаар оролцуулж, тэрээр “хүний биеийн гадаргуугийн 1 хувь хүрэхгүй ч эмнэл зүйн шинж илэрсэн бол гэмтлийн зэрэгт хамаарна. Эмнэл зүйн шинж гэдэг нь хохирогчийн хувьд толгой өвдөх, зүүн нүдээ нээж чадахгүй байсныг хэлнэ.” гэх илтэд үндэслэлгүй мэдүүлгийг нь үндэслэн уг гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл гэх үндэслэлтэй байна гэж шүүхийн шийдвэр гарсанд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, хохирогч гэх Э.Огийн зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал ямар хэмжээтэй болох нь тодорхойгүй учир гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасан хүний биеийн гадаргуугийн 1 хувьд хүрэх эсэх нь эргэлзээтэй, толгой өвдөх, зүүн нүдээ нээж чадахгүй зэрэг /эмнэл зүйн шинж/ шинж тэмдэг нь гэмтлийн зэрэг тогтоох журамд заагдаагүй бөгөөд ийм тодорхойгүй нөхцөл байдлуудыг үндэслэн шүүхээс хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна. Шинжээч эмчийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбарууд шинжээчийн дүгнэлттэй зөрж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаан, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулж, хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шалгуулах хүсэлтэй байна.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шүүгдэгч С.Б давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаас хойш хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийж, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. Үүнээс өмнөх шүүх хуралдааны талаар мэдэх зүйл байхгүй. 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр буюу өчигдөр шүүх дээр ирж хавтаст хэргийн материалтай танилцсан. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзсэн. Хавтаст хэргийн материалтай танилцахад шүүгдэгч С.Б шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд давтан шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан байдаг. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байх тул хуульд заасан үндэслэл журмын дагуу давтан шинжээч томилж өгнө үү гэж өмгөөлөгч Г.Сүхээ бичгээр хүсэлт гаргасныг шүүх хэлэлцээд хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж, шинжээч О.Болорыг шүүх хуралдаанд оролцуулсан. Энэ нь миний үйлчлүүлэгчийн хуулиар олгосон эрхийг хууль бусаар хязгаарласан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, С.Б нь 12168 дугаар дүгнэлт эргэлзээтэй байна гэж байхад тухайн эргэлзээтэй дүгнэлт гаргасан шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулж, эргэлзээтэй байгаа асуудлыг нь тухайн шинжээчээр асууж нотолж байгаа нь миний үйлчлүүлэгчийн эргэлзээтэй дүгнэлтийг дахин гаргуулах хүсэл зоригийг нь хязгаарласан. 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн байсан. /хх 101/ 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр давтан шинжээч томилох хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан байдаг. /хх 108/ Хэрэг шүүхэд шилжсэний дараа 3 ширхэг зураг хэрэгт орсон. /хх 114-116/ Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан нотлох баримтаар тооцуулах гэж байгаа бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргаж, шүүх тухайн нотлох баримтыг шинжлэн судалсны үндсэн дээр хэрэгт хавсаргах хууль зүйн үндэслэлтэй. Хэргийг харахад 3 ширхэг зургийг хэн, хэзээ авчирч хэрэгт хийсэн нь харагдахгүй байгаа. Миний үйлчлүүлэгчид 7 хуудас шийтгэх тогтоол гардуулсан. Өчигдөр хэргийн материалтай танилцахад 13 хуудас шийтгэх тогтоол хэрэгт хавсаргасан байсан. 6 хуудас дотор юу бичсэн, ямар учиртай нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж давтан дүгнэлт гаргуулах үйлчлүүлэгчийнхээ саналыг дэмжиж байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 4.18-т тухайн магадлуулагчийн биед үзлэг хийхдээ тухайн гэмтэл шархийн хэлбэр, хэмжээг заавал тодорхойлно. Энэ нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасан нийт биеийн гадаргууны 1 хувьд хүрч байна уу, үгүй юу гэдгийг тодорхойлохоор заасан. О гэдэг хүний нүдэнд учирсан гэмтэл ямар хэмжээтэй гэдэг нь байхгүй байна. 1 хувьд нь хүрч байна уу, үгүй юу гэдэг талаар миний үйлчлүүлэгч болон өмгөөлөгч Г.Сүхээ анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан байдаг. Энэ гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоогдохгүй, эргэлзээтэй байна гэдэг асуудлыг миний үйлчлүүлэгч гаргаж байхад тухайн эргэлзээтэй дүгнэлт гаргасан шинжээчийг нь оруулж байгаа нь хууль зүйн хувьд хэр зохимжтой юм. Мэдээж, өөрийнхөө дүгнэлтийг зөв л гэж тайлбарлана. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд хэсэг газрын үзлэгт жигд зүүн дээд, доод зовхинд тархмал хүрэн ягаан өнгийн гэж бичсэн талаараа шинжээч эмч шүүх хуралдаанд тайлбарласан. Шинжээч эмч юу гэж тайлбарласан гэхээр тархмал гэж биш, эмнэл зүйн шинж илэрсэн учраас гэмтлийн зэрэгт хамаарна гэж тайлбарласан.” гэв.
Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...С.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 22 цагийн орчим хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Тухайн гэмт хэргийн дараа хохирогч нь С.Бид цохиулж гэмтсэн гэж цагдаагийн байгууллагад дагуулж авч очсон. Үүний дагуу цагдаагийн байгууллагад гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл бүртгэгдэж, тухайн үед нь шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол үйлдсэний дагуу 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр шинжээч эмч Болор үзсэн байдаг. Шинжээч эмч Болор үзлэг хийхээс гадна дүрс оношлогооны дүгнэлтийг дурдаж шинжээчийн дүгнэлтийг гаргасан байдаг. Эмнэл зүйн шинжийг шүүхийн хэлэлцүүлэгт нэмж оруулж ирсэн гэдэг. Шинжээчийн дүгнэлтэд тархмал, хавдсан, овойсон гэдэг нь эмнэл зүйн шинж байгаа. Тухайн үед эмнэлгийн хэллэгээр дүгнэлтдээ дурдаж өгсөн. Шүүхийн хэлэлцүүлэгт юу яригдсан гэхээр урьдчилсан хэлэлцүүлэгт эргэлзээтэй нөхцөл байдал байна, дахин шинжээч томилж өгнө үү гэсэн. Гэтэл С.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлттэй танилцаад санал, хүсэлт огт гаргаагүй. Тухайн цаг хугацаанд “би цохиогүй, энэ хүнд гэмтэл учруулаагүй” гэж ярьж байснаа шүүхийн хэлэлцүүлэгт “миний биеийн хэлэмж ямар байсныг би мэдэхгүй байна. Гэмтэл нь эргэлзээтэй байна” гэдэг асуудлыг гаргаж ирсэн. Тухайн хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй нөхцөл байдал байна уу, үгүй юу гэдгийг шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж үзээд эргэлзээтэй нөхцөл байдал байхгүй байна. Эргэлзээ байгаа зүйлээ шинжээч эмчийг шүүх хуралдаанд оролцуулж тодруулъя гэдэг байдлаар гэм буруугийн шүүх хуралдаанд шилжүүлсэн. Шүүх эргэлзээтэй нөхцөл, байдал илэрсэн тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулах ч юм уу, дахин шинжээчийг эрх хэмжээнийхээ хүрээнд томилох боломжтой байсан. Гэтэл дүгнэлтэд эргэлзээтэй нөхцөл байдал байхгүй учраас С.Бийн гэм буруугийн асуудлыг тухайн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн. Шинжээч эмч Болор эмнэл зүйн шинжээр биеийн гадаргууны 1 хувиас хэтрэх, хэтрэхгүйгээс үл хамаараад тухайн хүнд учруулж байгаа зовуурь шаналгаа буюу эмнэл зүйн шинжээрээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа гэж тайлбарласан. Шинжээч эмч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан дүгнэлтэд эргэлзээтэй нөхцөл, байдал байхгүй учраас шүүх хуралдаанаар гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шинжээчийн 12168 дугаар дүгнэлт гарсан. Гэхдээ шинжээчийн дүгнэлтийн урд талд нь байгаа шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол нь 12168 дугаартай байгаа, нэг хувийг нь шүүх эмнэлэг хүлээж аваад шинжээчийн дүгнэлтийн дугаарыг тавьдаг. Тэгээд шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолын утга, агуулга, огноо тухайн шинжээчийн дүгнэлттэй таарна. Техникийн шинжтэй алдаа буюу 12168 гээд дугаарлагдсан байна гэдгээ шинжээч эмч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тайлбарласан. Хэрэг гарах үед 4 эмэгтэй, шүүгдэгч С.Бтой таксинаас болж маргаан үүсдэг. Хохирогч О архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, төрсөн эгчтэйгээ тоглолт үзээд явж байсан. “Надтай маргалдаад намайг доромжилж байгаад миний нүд рүү цохисон хүнийг танихгүй яадаг юм бэ, намайг цохисон учраас цохиулаад гэмтээд энэ хүнийг цагдаагийн байгууллагад авчираад явсан” талаар шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой заадаг. Хохирогч эх сурвалжаа тодорхой зааж өгч чадсан гэж үзэж байна. 3 ширхэг гэрэл зургийг хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт авчирч өгсөн. Хохирогч тухайн үед гэмтсэн /миний нүд нээгдэхээ больсон/ гэдэг зургаа шүүхийн хэлэлцүүлгийн шатанд авчирч харуулаад, эдгэрч байх үеийн зураг, шүүх эмнэлэгт үзүүлж байх үеийнх нь зураг гэж өгсөн. Гэхдээ шүүхийн хэлэлцүүлгээр нотлох баримтаар хэлэлцээгүй. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 854 дугаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. С.Бид оногдуулсан 800.000 төгрөгийн торгох ял нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон гэж үзэж байгаа учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар С.Бид холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 22:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Наадам центрийн урд замд Э.Отай такси булаацалдаж маргалдан, улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж, биед нь зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Э.Огийн “...2022 оны 9 дүгээр сарын 03-ны орой ...22 цагийн үед төрсөн эгч У болон түүний найз нарын хамтаар Наадам центрийн харалдаа төв зам дагуу такси барих гээд зогсож байхад такси ирээд зогссон чинь цагаан өнгийн цувтай үл таних залуу гүйж ирээд тухайн таксины хаалгыг татаад онгойлгоод суух гээд байхаар нь би “бид нар суух гэж байна” гэхэд тэр залуу хэл амаар доромжлоод, миний зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохиход би газар унасан. Тэр залуу зугтаагаад явсан. Би босоод зогсож байтал нөгөө залуу буцаж гүйж ирээд “манай найз чамайг цохичихоод зугтаачихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “юу яриад байгаа юм бэ, чи өөрөө цохисон шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дуудаад ирээгүй учраас өөрөө цагдаа дээр очиж гомдол гаргаж, шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол авсан...” /хх 12-13/,
гэрч Г.Цийн “...бороо орж байсан тул Наадам центрийн замын урд талд такси барих гээд зогсож байсан чин үл таних цагаан өнгийн цувтай залуу бид нарын хажууд ирээд зогсож байснаа цаашаа явсан. Тэгтэл саарал өнгийн дугаарыг нь хараагүй авто машин ирээд зогссон. Тухайн авто машинд суух гээд хаалга онгойлгосон чин хажууд зогсож байсан цагаан өнгийн цувтай залуу буцаж ирээд “би сууна, миний такси” гээд маргаан үүссэн. Бид нар маргалдаж байсан чин урд талын хаалганаас бариад зууралдаад байсан. Тэгтэл тэр залуу Ог хэл амаар доромжлоод, зүүн нүд рүү нь гараараа цохисон чинь О газар унасан. Тэгээд тэр залуу Наадам центрийн зүг руу зугтаасан. Араас нь У, У нар гүйгээд алдсан, удалгүй барьсан байхаар нь цагдаа дуудсан...” /хх 19-21/,
гэрч Э.Уын “...такси ирээд зогсоод бид нар тухайн таксинд суух гээд хаалга онгойлгосон байсан чин үл таних цагаан хувцастай залуу гүйж ирээд бид нарыг түлхээд тухайн авто машины хойд талын хаалганы бариулыг бариад “би суух гэж байна” гэж хэлсэн. Бид нар “гар өргөсөн дарааллаараа суу” гэхэд хэл амаар доромжлоод байсан ба би машинд суугаад миний араас Ундраа суугаад байж байсан чинь нэг хүн газар унах шиг болсон тэгээд хартал Огийн малгай газарт унасан байсан. Тэгээд юу болсон гэхэд нөгөө залуу Ог цохиод зугтаасан. Араас нь гүйсэн ч алдчих шиг болоод нэг харсан чинь зогсож байхаар нь барьсан...” /хх 24-26/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 12168 дугаар “...Э.Огийн биед зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 34-35/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байна.
Шүүгдэгч С.Б нь такси булаацалдан хохирогч Э.Ог цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг мэдэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний үйлдэл хохирогчид учирсан хөнгөн гэмтлийг шууд шалтгаант холбоотой гэж үзэх ба анхан шатны шүүхээс С.Бийн үйлдлийг “Хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүхээс эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийн тал бүрээс нь харгалзан үзэж 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь шүүгдэгч С.Бийн гэм буруу, нийгмийн хор аюулын шинж чанарт тохирсон байна.
Шүүгдэгч С.Б нь “...шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, гэмтлийн зэрэгт хамаарахгүй байхад хөнгөн зэрэгт хамааруулж, энэ талаар тодруулж дахин шинжээчийн дүгнэлт гаргах хүсэлтийг минь хүлээн аваагүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Бийн өмгөөлөгч Г.Сүхээгийн гаргасан хүсэлт /хх 105/-ээр хохирогч Э.Огийн биед үзлэг хийж, дүгнэлт гаргасан шинжээч эмч О.Болорыг шүүх хуралдаанд оролцуулжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ.” гэж хуульчилсан ба дахин дүгнэлт гаргах шаардлагатай эсэхийг тодруулан шийдвэрлэхээр шинжээч эмчийг шүүх хуралдаанд оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Шинжээч эмч О.Болор нь “...Шүүхийн шинжилгээний баримталж байгаа Эрүүл мэндийн яам, Хууль зүйн яамны хамтарсан журам байдаг. Тэр журамд биеийн 1 хувь хүрэхгүй ч эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн бол гэмтлийн зэрэгт хамаарна гэж заасан. “Эмнэл зүйн шинж илэрнэ” гэдэг нь толгой өвдөнө, энэ хэргийн хохирогчийн хувьд зүүн нүд нээж чадахгүй гэсэн байна. Энэ нь эмнэл зүйн шинж илэрч байгаа юм. Гэмтэл авсан газар хавдаагүй, тэмтрэхэд эмзэглэл байхгүй, гадаргуун 1 хувь хүрэхгүй бол журамд зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” /хх 126/ гэж мэдүүлжээ.
Шинжээчийн энэхүү тайлбар нь хохирогч Э.Огийн “...гараараа миний нүүрэн тус газар 1 удаа цохисон...” /хх 12, 15/, гэрч Г.Цийн “...тэр залуу Ог хэл амаар доромжлоод, зүүн нүд рүү нь гараараа цохисон чинь О газар унасан...” /хх 19-21/, гэрч Э.Уын “...нөгөө залуу Ог цохиод зугтаасан...” /хх 24-26/ гэсэн мэдүүлгүүд, шинжээч эмч хохирогч Э.Огийн биед бодит үзлэг хийхэд “...зүүн дээд, доод зовхинд тархмал хүрэн ягаан өнгийн цус хуралттай, орчны зөөлөн эд хавдаж овойсон, зовхины завсар тагларсан, тэмтрэхэд эмзэглэлтэй...” /хх 34/ байсан зэргээр нотлогдож байна.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4 дүгээр зүйлийн 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан;” бол гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна гэж зааснаар Э.Огийн биед хөнгөн гэмтэл учирсан гэсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/854 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ