Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2017/0803

 

 

 

2017 оны 11 сарын 14 өдөр                Дугаар 221/МА2017/0803                    Улаанбаатар хот

 

Р.Л-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 650 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У-ын давж заалдах гомдлын дагуу Р.Л-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст /хуучнаар/ холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.1.2, 19.2, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.8, 18.1.10 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Р.Л-оос, Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст /хуучнаар/-т холбогдуулан гаргасан “... МК” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Blue sky” хотхоны 44в байрны 98 тоот авто зогсоолын улсын бүртгэлийг хүчингүй болгож, тус 98 тоот авто зогсоолын улсын бүртгэлийг Р.Л миний нэр дээр бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, өмчлөх эрхийн улсын бүртгэлийг миний нэр дээр бүртгэн, гэрчилгээ олгохыг Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У давж заалдах гомдолдоо: Иргэн Р.Л-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2017/650 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, давж заалдах журмаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Үйл баримтын талаар дүгнэсэн тухайд:

1. Анхан шатны шүүх "МК" ХХК нь нэхэмжлэгчийн захиалан бариулсан Хан-Уул дуургийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 44В байрны 98 тоот авто зогсоолыг 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр эрхийн улсын буртгэлийн Ү-2206013889 дугаарт өмчлөлдө бүртгүүлж, хууль ёсны өмчлөгч болсноор Кбтай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 тоот зээлийн гэрээ, уг гэрээнд өөрчлөлт оруулсан 2007 оны 10 дугаар сарын 05, 2010 оны 04 дүгээр сарын 29, 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн нэмэлт гэрээ, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн барьцаат зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдийг тус тус байгуулжээ." гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байх ба энэхүү дүгнэлтийг үндэслэн 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн барьцааны гэрээ байгуулагдсанаас хойш нэхэмжлэгч нь "МК" ХХК-тай Орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Анхан шатны шүүхийн барьцааны эрх үүссэн гэж дүгнэж буй "Кб" ХХК болон "МК" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 тоот "Зээлийн барьцааны гэрээ"-д заасан 205 авто зогсоол нь улсын бүртгэлд барьцааны эрхээр бүртгэгдээгүйгээс гадна хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримтад байдаггүй ба дээрх гэрээнд улсын бүртгэгчийн тамга тэмдэг дарагдаагүй болно.

Иймд дээрх гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т "Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана." гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэрээ, хэлцэл байх тул хуулийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй ба 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн "Зээлийн барьцааны гэрээ" нь шинэчлэн байгуулсан гэрээ бус шинээр байгуулсан гэрээ юм.

Харин иргэн Р.Л нь "МК" ХХК-тай 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдөр "Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулж, гэрээний дагуу орон сууц болон авто зогсоолын төлбөрийг төлж ирсэн ба авто зогсоолын төлбөр болох 10,000 ам долларыг 2010 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төлж барагдуулсан байх буюу нэхэмжлэгчийн өмчлөх эрх нь "Кб" ХХК-ийн 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн барьцааны эрхээс өмнө үүссэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд тодорхой байна.

Түүнчлэн улсын бүртгэлийн байгууллага "МК" ХХК-д 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 55%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээг анх удаа олгосны дараа 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 90%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг дахин олгосон нь дээрх журмын 4.10-т "Дуусаагүй барилгын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анхны удаа бүртгүүлснээс хойш тухайн барилгыг бүрэн дуусгаж ашиглалтанд оруулах хүртэл гүйцэтгэлийн явцаар эд хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн гэсэн үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно." гэж заасныг зөрчиж бүртгэсэн.

Анхан шатны шүүх Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Учир нь:

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй иргэн Р.Л-ийг 98 тоот авто зогсоолын өмчлөгч болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр захирамжийн дагуу нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэл хийж, гэрчилгээ олгох хууль зүйн үндэслэлүүд дараах байдлаар тогтоогдож байна. Үүнд: Эд  хөрөнгө  өмчлөх  эрх,   түүнтэй  холбоотой  эд хөрөнгийн  бусад  эрхийн  улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т "Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх арбитрын шийдвэрийг хавсаргана." гэж заасны дагуу нэхэмжлэгч нь 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хавсарган мэдүүлэг гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог.

Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.9-д "Энэ зүйлд заасан үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн  захиргааны  байгууллага  мэдүүлгийг хүлээн  авсан  өдрөөс хойш  ажлын 7 хоногийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулж, өмнөх гэрчилгээг хүчингүй болгож, шинэ өмчлөгчид эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно”.

Хариуцагч байгууллага нь иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх ёстой атал түүнийг биелүүлэхээс татгалзсан хариуцагчийн үйлдлийг зөвтгөж шийдвэрлэсэн нь зөвхөн "Кб"-ны эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргасан гэж үзэхээс аргагүй байна.

Эцэст нь хариуцагч байгууллагын хууль зөрчсөн, буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Р.Л-ийн төлбөрийг нь бүрэн төлсөн авто зогсоолын өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлж, гэрчилгээ авч чадахгүйд хүрч, улмаар "МК" ХХК болон "Кб" ХХК-ийн хооронд байгуулагдсан "Зээлийн гэрээ", "Зээлийн барьцааны гэрээ"-ний оролцогч бус, банкны өмнө ямар ч үүрэг хариуцлага хүлээгээгүй атлаа заавал "Кб" ХХК-ийн зөвшөөрлийг авах шаардлагатай болгож буй анхан шатны шүүхийн шийдвэр нь Р.Л-ийн Монгол улсын "Үндсэн хууль"-иар олгогдсон өмчлөх эрхийг нь хязгаарласан, зөрчсөн үйлдэл болж буйд гомдолтой байна.

Иймд иргэн Р.Л-ийн нэхэмжлэлтэй, ОӨУБЕГ-т холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/650 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Р.Лоос “... “МК” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Blue sky” хотхоны 44в байрны 98 тоот авто зогсоолын улсын бүртгэлийг хүчингүй болгож, тус 98 тоот авто зогсоолын улсын бүртгэлийг Р.Л миний нэр дээр бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, өмчлөх эрхийн улсын бүртгэлийг миний нэр дээр бүртгэн, гэрчилгээ олгохыг Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

“МК” ХХК-тай нэхэмжлэгч нь анх 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 44в байрны 1-7 тоот орон сууц, 98 тоот автозогсоолыг худалдан авах “Орон сууц захиалах, гүйцэтгэх гэрээ” байгуулжээ.

Анхан шатны шүүх “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Blue sky” хотхоны 44В байрны 98 тоот авто зогсоолыг барьцаалахаар “МК” ХХК болон “Кб” ХХК-ийн хооронд 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т/07/141 дугаартай барьцааны гэрээ байгуулагдсанаас хойш буюу 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэн Р.Л-оос “МК” ХХК-тай орон сууц, авто зогсоол захиалгаар бариулах гэрээг байгуулсан” гэсэн үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн байна.

Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон “МК” ХХК болон “Кб” ХХК-ийн хооронд байгуулсан 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 дугаартай зээлийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх, хэзээ бүртгүүлсэн талаар холбогдох нотлох баримтыг цуглуулах нь нэхэмжлэгчийн өмчлөх эрх болон гуравдагч этгээд “Кб” ХХК-ийн барьцааны эрх аль нь урьтаж үүссэн талаар дүгнэлт хийх, улмаар маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Түүнчлэн, шүүх 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 дүгээр зээлийн гэрээтэй холбоо (улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх)-той нотлох баримтыг бүрэн гүйцэт цуглуулаагүй атлаа ““МК” ХХК нь нэхэмжлэгчийн захиалан бариулсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Blue sky” хотхоны 44В байрны 98 тоот авто зогсоолыг 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013889 дугаарт өмчлөлдөө бүртгүүлж, хууль ёсны өмчлөгч болсноор “Кб” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 дүгээр зээлийн гэрээнүүдийг тус тус байгуулсан” гэсэн дүгнэлт хийсэн нь буруу байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай ажиллагааг хийлгэхээр буцаав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 650 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                     Ц.ЦОГТ