Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 28

 

ХАРИУЦАГЧИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ

БАТАЛЖ, ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сонинболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.П-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага:  “Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа Увс аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэхийг даалгах”-ыг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.П, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.П нь Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Засаг даргатай иргэний эзэмшил газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээг бичгээр байгуулсан. Гэрээний 2-т Хотын А зэрэглэлд /Галдан бошигт/ хороололд үйлчилгээний зориулалтаар 225 м кв газрын олгох заалт байдаг. 2014 оны 6 дугаар сард гудамж төслийн ажил эхэлсэн. Уг төслийн хүрээнд миний эзэмшилд байдаг хашаа, цайны газрын зориулалтаар ажиллаж байсан 80 м кв талбайтай байшин зэрэг нь авто замын трасст орсон тул тус газрыг чөлөөлж өгөхийг хүссэн албан бичиг ГХБХБ-ын газраас ирсэн. Уг албан бичгийн дагуу аймгийн Засаг даргатай уулзаж ярилцахдаа би хашааны газраа болон дээр нь байрлах үл хөдлөх эд хөрөнгөө буулган чөлөөлж өгвөл нэгдүгээрт ойролцоо нь газраа газраар сольж авах, хоёрдугаарт нь цайны газрын зориулалтаар ажиллаж байсан 80 м кв байшингийн үнэд 30 сая төгрөг өгвөл газраа чөлөөлж өгөх боломжтойгоо хэлсэн.

Засаг дарга хэлэхдээ 30 сая төгрөг өгөхгүй, санхүүгийн боломж байхгүй. Чиний байшингийн үнэд 15 сая төгрөг, дээр нь нэмж Галданбошигт хороололд үйлчилгээний зориулалтаар 15х15 м буюу 225 кв метр газар нэмж олгоё гэж ярилцаж тохирсон. Тийм учраас тухайн үед орлогч даргаар ажиллаж байсан Э-тэй дээрх гэрээг байгуулж газраа чөлөөлж өгсөн.

Гэтэл Увс аймгийн Засаг дарга нь гэрээгээр хүлээсэн үүргээ одоо болтол биелүүлэхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа Увс аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэхийг даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Увс аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Н.П-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэлд холбогдох баримт, нэмэлт тайлбарыг танай шүүхэд хүргүүлэх болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.П-ийн нэхэмжлэлтэй Увс аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагад бичсэн Увс аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хүлээн зөвшөөрч байна. Гэрээнд заасны дагуу Галданбошигт хороололд үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.П Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан, “Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа Увс аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, бичгээр илэрхийлэн маргаанаа  дуусгавар  болгож байгаа  нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй байна.

 

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар Н.П-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг даргад холбогдох  “Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа Увс аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.П-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

            4.Энэ захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.СОНИНБОЛОР