Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2017/01112

 

Б.Түмэннасан, Т.Ууганбаяр нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 497 дугаар шийдвэр,

 Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр магадлалтай,

Б.Түмэннасан, Т.Ууганбаяр нарын нэхэмжлэлтэй,

            Ж.Лхагва-Очир, О.Ариунболд нарт холбогдох       

    Зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохирол 18.735.521 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

    Нэхэмжлэгч Б.Түмэннасан, Т.Ууганбаяр, тэдгээрийн өмгөөлөгч Н.Тэрбиш нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн     

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Ууганбаяр, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Тэрбиш, хариуцагч О.Ариунболдын өмгөөлөгч Б.Амаржаргал, хариуцагч Ж.Лхагва-Очирын өмгөөлөгч Б.Батдорж, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

            Нэхэмжлэгч Б.Түмэннасангийн нэхэмжлэл болон тайлбарт: “Миний эмчилгээ хийлгэхэд гарсан хохирол болох 3.500.000 төгрөгөөс бэлэн өгсөн 1.800.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 1.605.471 төгрөгийг хариуцагч О.Ариунболд, Ж.Лхагва-Очир нараас гаргуулах, мөн талийгаачийн авсан группийн зээлийг би өөрөө зээл авч төлсөн тул 1.624.000 төгрөг, хашаа байшин худалдан авсан зээлээс үлдсэн 9.000.000 төгрөг буюу нийт 12.229.471 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

         Нэхэмжлэгч Т.Ууганбаярын нэхэмжлэл болон тайлбарт: “Эрүүгийн хэрэгт би нас барсан ээжийнхээ өмнөөс хохирогчоор тогтоогдсон байгаа. Уг ослоос болж аав минь бие муутай болсон ба эрхэлсэн ажилгүй, манай гэр бүлээс дүү ганцаараа ажил хийдэг тул миний хувьд гомдолтой байдаг. Оршуулгын зардал 1.170.000 төгрөг, бизнесийн зээлийн үлдэгдэл 3.200.000 төгрөг, нийт 4.370.000 төгрөгийг хариуцагч Ж.Лхагва-Очир, О.Ариунболд нараас нэхэмжилж байна.” гэжээ.

             Хариуцагч Ж.Лхагва-Очирын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдоржийн гаргасан хариу тайлбарт: “Би нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцсан. Ж.Лхагва-Очир нь уг эрүүгийн хэрэгт өөрөө хохирсон байгаа. Эрүүгийн хэрэгт Ж.Лхагва-Очир нь иргэний хариуцагчаар тогтоогдсон тул хохирогч нарт тодорхой хэмжээний хохирол төлсөн байдаг юм. Одоо нэхэмжилж байгаа дээрх хохирол төлбөрийг хариуцах эзэн нь төлөх ёстой гэж үзэж байна. Банкны зээл болон хашаа байшингийн зээлийг хариуцагч нараас гаргуулж, төлүүлэх ёстой юм уу гэдэг дээр эргэлзэж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

               Хариуцагч О.Ариунболдын өмгөөлөгч Б.Амаржаргалын гаргасан хариу тайлбарт: “О.Ариунболд нь гэм хор учруулснаас үүссэн хохирлыг хуульд заасан журмын дагуу төлөх үүрэгтэй. Миний үйлчлүүлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа тул хариуцагчийн тайлбарыг дэмжиж оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын хувьд хангалттай нотлогдож байна уу гээд үзэхэд хангалттай нотлогдохгүй байна. Гаргаж өгсөн баримтууд нь хуульд заасан шаардлагыг хангахгүй байна. Нэхэмжлэгч Т.Ууганбаярын тухайд бол талийгаачийн оршуулгын зардлыг болон гэм хор учруулсны төлбөр гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Талийгаачийн олж байсан орлого болон татвар төлж байсан баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа нь мөн нотлох баримтын шаардлага хангаагүй байна гэж үзэж байна. Талийгаач нь татвар төлж байсан гэх боловч сайн дураараа нийгмийн даатгал, татвар төлсөн орлогыг тодорхойлох боломжгүй гэсэн үндэслэлээр татвар төлж байсан байна. Б.Түмэннасангийн хувьд Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байсан баримтуудыг гаргаж өгсөн боловч мөн л нотлох баримтуудын шаардлага хангаагүй байна гэж үзэж байна. Орон нутгаас явж эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд 13 дугаар маягт авч явах шаардлагатай. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

          Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 497 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хариуцагч О.Ариунболдоос 1.513.500 төгрөг, хариуцагч Ж.Лхагва-Очироос 1.513.500 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Түмэннасанд, хариуцагч О.Ариунболдоос 1.975.215 төгрөг, хариуцагч Ж.Лхагва-Очироос 1.975.215 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Ууганбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 9.621.570 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч О.Ариунболдоос 70.769 төгрөг, хариуцагч Ж.Лхагва-Очироос 70.769 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

           Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр магадлалаар Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 497 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар О.Ариунболд, Ж.Лхагва-Очир нараас тус тус 463.193 төгрөг гаргуулж Т.Ууганбаярт олгож, Б.Түмэннасангийн 12.229.471 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь, Т.Ууганбаярын нэхэмжлэлийн шаардлагаас 3.443.615 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “70.769” гэснийг “13.392” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

           Нэхэмжлэгч Б.Түмэннасан, Т.Ууганбаяр, тэдгээрийн өмгөөлөгч Н.Тэрбиш нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: “Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Хөвсгөл аймгийн давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэсэн заалтыг зөрчиж хэргийн материалд авагдсан нотлох баримтыг бүрэн хянаж үнэлж үзэхгүйгээр зөвхөн хариуцагчийн давж заалдах гомдлын хэмжээнд хэргийг хянаж, хэт нэг талыг барьж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 497 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэснийг нэхэмжлэгчид үл зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Хариуцагч О.Ариунболд давж заалдах гомдолдоо: …Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Нэхэмжлэгч Б.Түмэннасан нь эмчилгээний төлбөрт 1.605.000 төгрөг нэхэмжилснээс 1.403.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд түүний нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байсныг шүүх хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Т.Ууганбаяр нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотлохоор гаргаж өгсөн баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй, нотлох баримтаа хуульд заасан шаардлагын дагуу гаргаж ирүүлээгүй, үүнийгээ нотолж чадахгүй байна. Өвлөгдөж байгаа эд хөрөнгөнөөс өвийн хэмжээгээр өв хүлээн авсан этгээд үүргийг нь гүйцэтгэх байтал хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж байгаад гомдолтой байна. гэж гомдол гаргасан нь ойлгомжгүй, хохирч үлдсэн талийгаачийн ар гэрийнхэн болох хөдөлмөрийн чадваргүй хүнд өвчтэй нөхөр, үр хүүхэд биднийг давхар буруутай этгээд болгож хэтэрхий басамжлан доромжилж тохуурхаж давж заалдах шатны шүүх амьдралаас тасархай дүгнэлт хийж, хариуцагч үндэстэй гомдол гаргасан гэж хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтанд өөрчлөлт оруулж хохирогч Б.Түмэннасан, Т.Ууганбаяр нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг туйлын их гайхаж гомдож байна. Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг баталж байгаа эрүүгийн болон иргэний хэргийн материалд авагдсан нотлох баримт болох талийгаачийн оршуулгын зардалд зарцуулсан хүнсний болон бусад зүйлийн баримтууд, хохирогч Б.Түмэннасангийн эмчилгээний зардлын баримтуудыг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол биш гэж маргаж , нотлогдоогүй батлагдаагүй гээд байгаа боловч ямар нотлох баримтуудаар үгүйсгэж байгааг хэлж чаддаггүй, хэрэгт үгүйсгэх болон нэхэмжлэлээс татгалзаж байгаа үндэслэлээ батлах нотлох баримт гаргаж өгдөггүй, амаар тайлбарлахаас өөрөөр нотлох ямар ч баримт гаргадаггүй, үндэсгүй тайлбар хэлж гэм буруугаа ухамсарлахгүй хүний амь нас хохироож, олон хүний эрүүл мэндэд хор хохирол учруулсандаа дүгнэлт хийхгүй, хохирол төлбөрөөс зайлсхийж байгааг давж заалдах шатны шүүх анхаарч дүгнэхгүйгээр гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэж буруутай этгээдүүдийг өөгшүүлж байгааг хохирогч бид зөвшөөрөхгүй, шударга бус шүүхийн магадлалд туйлын гомдолтой байна. Нэхэмжлэгч Б.Түмэннасан миний эмчилгээний зардал 1.403.000 төгрөгийг эрүүгийн хэрэгт давхардуулан гаргуулсан гэж үзэх ямар ч баримт байхгүй, нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсний дагуу эмчилгээний баримтуудаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжилсэн болно. Гэтэл хариуцагчийн өмгөөлөгч Б.Амаржаргал шүүх хуралдаанд Б.Түмэннасангийн Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байсан баримтуудыг гаргаж өгсөн боловч орон нутгаас явж эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд 13 дугаар маягт авч яваагүй тул эмчлүүлсэн гэж нотлогдохгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн нь хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн болно. Миний талийгаач эхнэрийн тэтгэврийн зээлийн үлдэгдлийг хохирогч Б.Түмэннасан би энэ хэргийн улмаас эрүүл мэндээр хохирч хөдөлмөрийн чадвараа алдаж группд орохдоо талийгаачийнхаа үлдсэн зээлийг группийн зээл авч төлж банкийг хохиролгүй болгосон. Би хэрвээ энэ зээлийг ингэж төлөөгүй бол өдийд орох орон ч үгүй үр хүүхэдтэйгээ гудамжинд хаягдах байсан. Гэтэл үүнийг банк нэхэмжлээгүй тул хариуцагч төлөх үндэсгүй гэж дүгнэж мииий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байна. Би талийгаачийнхаа төлөө банкны байгууллагад хүний ёсоор хандаж хохиролгүй болгосныг миний буруу мэтээр дүгнэж буруутай этгээдийг өөгшүүлж хохирогч биднийг хохирсон дээр нь хохироож шийдвэрлэснийг хянаж өгнө үү. Сум дундын анхан шатны шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгч бидний гаргасан нэхэмжлэл, түүнийг баталж байгаа нотлох баримтанд үндэстэй дүгнэлт хийж зөв шийдвэр гаргасан. Ж.Лхагва-Очир, О.Ариунболд нар үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болгосонд ямар ч гомдол гаргаагүй, хохирлоо төлөхөө хүлээн зөвшөөрч эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн этгээдүүд шүү дээ. Үүнийг гэмт этгээдүүд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөнийг далимдуулж иргэний нэхэмжлэл төлөхөөс мөн адил чөлөөлөгдөх ёстой мэтээр ойлгож дур зоргоороо авирлаж байгааг давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгчид ч буруугаар дүгнэж хариуцагч этгээдүүдэд ая тал засаж ашигтайгаар шийдвэрлэж, өнчирч хоцорсон бидний амьдралыг хэтэрхий дорд үзэж дордуулсанд туйлын их гомдолтой байна. Иймд Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 497 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Нэхэмжлэгч Б.Түмэннасан, Т.Ууганбаяр, тэдгээрийн өмгөөлөгч Н.Тэрбиш нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

           Хариуцагч Ж.Лхагва-Очир, О.Ариунболд нарт холбогдуулан нэхэмжлэгч Б.Түмэннасан нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 12.229.000 төгрөг, нэхэмжлэгч Т.Ууганбаяр нь  4 370 000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хохирлыг барагдуулсан, талийгаачийн авсан зээлийн төлбөр гэм хорын хохирол биш гэж маргажээ.

           2015 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч О.Ариунболд нь Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Б.Ганхуяг нас барж, Б.Түмэннасангийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байх ба уг эрүүгийн хэрэгт зам тээврийн осол гаргасан Истана маркийн 51-48 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Ж.Лхагва-Очирыг иргэний хариуцагчаар татсан тухай баримт хэрэгт авагдсан байна.

Тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад бусдын амь нас хохирч, эрүүл мэндэд гэм хор учирснаар О.Ариунболд, Ж.Лхагва-Очир нарт уг гэм хорыг арилгах үүрэг хуулийн дагуу үүсэх бөгөөд эрүүгийн хэргийн шүүхийн шийтгэх тогтоолд Б.Түмэннасан, Т.Ууганбаяр нар нь гэм хорын хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна. Түүнчлэн нэхэмжлэгч Б.Түмэннасан нь хохирогч Б.Ганхуягийн нөхөр, харин Т.Ууганбаяр нь Б.Ганхуягийн хүүхэд мөн тул дээрх ослоос учирсан гэм хорын хохирлыг  нэхэмжлэгч нар хариуцагч нараас нэхэмжлэх эрхийн  талаар  анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үүргийн эрх зүйн зарчим болон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-т нийцжээ.

Нэхэмжлэгч Б.Түмэннасан өөрийн эмчилгээний төлбөрт 1 605 000 төгрөг, талийгаач эхнэр Б.Ганхуягийн авсан группийн зээлийн үлдэгдэл 1 624 000 төгрөг, хашаа байшин худалдан авсан зээлээс үлдсэн төлбөр 9 000 000 төгрөг, нийт 12 229 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах шаардлага гаргаснаас анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж, дээрх шаардлагаас эмчилгээний зардалд 1 403 000 төгрөг, группийн зээлийн үлдэгдэлд  1 624 000 төгрөг, нийт 3 027 000 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, 9 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн  гэрээний болон гэрээний бус үүргийн эрх зүйн зохицуулалтад хамаарах зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Харин нэхэмжлэгч Т.Ууганбаяр нь  талийгаач Б.Ганхуягийн оршуулгын зардал 1 170 000 төгрөг, бизнесийн зээлийн үлдэгдэл 3 200 000 төгрөг, нийт  4 370 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлэн гэм хор учруулснаас нэхэмжлэгчид үүссэн хохирлын бодит хэмжээг тогтоож, дээрх шаардлагын зарим хэсэг болох оршуулгын зардалд 926 385 төгрөг, бизнесийн зээлийн үлдэгдэл төлбөрт 3 024 045 төгрөг, нийт 3 950 430 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн гэрээний үүрэг, гэрээний бус үүргийн эрх зүйн зохицуулалтыг хохирол бий болсон шалтгаан, нөхцөлтэй  холбон тайлбарласныг зөв гэж үзнэ. 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж зааснаар нэхэмжлэгч нар гэм хорын хохирлоо хариуцагч О.Ариунболд, Ж.Лхагва-Очир нараас гаргуулахаар нэхэмжилсэн, шүүх хариуцагч нараас гэм хорын хохирлыг гаргуулахаар шийдвэрлэхдээ хуулийн дээрх заалтыг орхигдуулж алдаа гаргасан байх тул хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.  

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг үнэлэхдээ мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй, Иргэний хуулийн үүргийн эрх зүйн зохицуулалтад хамаарах зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсныг буруу гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг “..Хөвсгөл аймгийн прокурорын архиваас эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтыг хуулбарлан авч эрүүгийн хэрэг шийдвэрлэх үед төлөгдсөн эмчилгээний зардал 1.403.000 төгрөгийг давхардуулан гаргуулсан нь үндэслэлгүй байна. Мөн хохирогч нас барсан тохиолдолд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй бөгөөд хохирогчийн бусадтай байгуулсан гэрээнээс үүссэн үүргийг гэм хор учруулагч хариуцахгүй атал хохирогчийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл 1.624.000 төгрөгийг, зээлийн гэрээний нэг тал болох банк нэхэмжлэл гаргаагүй байхад хохирогчийн бизнесийн зээлийн үлдэгдэл 3.024.045 төгрөгийг хариуцагч нараас гаргуулсан нь үндэслэлгүй” гэж үзэж, буруутган шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэгт авагдсан баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн байх тул магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангана.

         Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Б.Түмэннасан, Т.Ууганбаяр, тэдгээрийн өмгөөлөгч Н.Тэрбиш нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 497 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,...”  гэсний дараа  “ ... 499 дүгээр зүйлийн 499.4 ... ” гэсэн нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Түмэннасан, Т.Ууганбаяр, тэдгээрийн өмгөөлөгч Н.Тэрбиш нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

        2. Нэхэмжлэгч нар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                             ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН