| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 133/2016/00402/И |
| Дугаар | 133/ШШ2016/00417 |
| Огноо | 2016-12-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 133/ШШ2016/00417
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, хуралдааны танхимд нээлттэй явуулж,
нэхэмжлэгч- ************* нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1962 оны 01 дүгээр сарын 09-нд Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрсөн. 1979 оны 07 сараас 1982 оны 3 дугаар сар хүртэл Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Хүрэн гол бригадад эмчилгээ тэжээлийн цэг дээр мал эмнэлгийн сантиарчаар буюу малын эмчийн туслахаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр байхгүй, 1982 оны 03 сарын 01-ний өдрөөс модны үйлдвэрт ажиллаж байгаад 1994 онд модны үйлдвэр тархад Мандал компанид ажиллаж байх үед хөдөлмөрийн дэвтэр маань алга болсон. Хөдөлмөрийн дэвтэр байгууллагаас л алга болсон байх. Би Модны үйлдвэр, Мандал компанид ажиллаад 20 гаруй жил болсон тул ажилласан жил маань хүрсэн гэж бодоод Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Хүрэн гол бригадын эмчилгээ тэжээлийн цэг дээр ажиллаж байсан хугацааг хасчихсан байсан. Гэтэл тэтгэвэр тогтоолгох гэтэл ажилласан жил маань 2 жил 1 сараар дутсан тул Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Хүрэн гол бригадын эмчилгээ тэжээлийн цэг дээр ажиллаж байсан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Хүрэн гол бригадын эмчилгээ тэжээлийн цэг нь нэгдэлдээ харъялагдаж, тухайн үед нэг малын эмчтэй байсан тэр малын эмчээс цалингаа авдаг байсан. Архиваас ажилд томилсон чөлөөлсөн тушаалууд нь олдохгүй байгаа тул цалингийн лавлагаагаар ажилласан жилийг минь тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ********* нь 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Тал дахь гэрэл нэгдлийн Хүрэн гол бригадад санитарчаар ажилласан байдлаа тогтоолгохоор шаарджээ /хх-1/.
********** нь Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Тал дахь гэрэл нэгдлийн Хүрэн гол бригадад санитарчаар ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 41 дугаартай архивын лавлагаагаар тогтоогдож байх тул уг цалингийн лавлагааг үндэслэн нэхэмжлэгч Олхонууд овогт Гомбосүрэнгийн Цэвэгмэд нь Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Тал дахь гэрэл нэгдлийн Хүрэн гол бригадад 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1980 оны 08 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1981 оны 2 дугаар сараас 8 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1981 оны 10 дугаар сараас 1982 оны 02 дугаар сарыг дуусталх хугацаанд санитарчаар ажилласан болохыг тогтоож, нотлогдоогүй бусад хэсгийг буюу 1980 оны 7 дугаар сар, 1981 оны 1, 9 дүгээр саруудад ажилласан болох нь нотлогдохгүй байх тул энэ хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв /хх-3/.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан *********** нь 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1980 оны 08 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1981 оны 2 дугаар сараас 8 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1981 оны 10 дугаар сараас 1982 оны 02 дугаар сарыг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Тал дахь гэрэл нэгдлийн Хүрэн гол бригадад санитарчаар ажилласан болохыг тогтоож, нотлогдоогүй бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ