Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2024/05676

 

 

 

 

 

 

 

2024 11 29 101/ШШ2024/05676

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Б.С-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.М-д холбогдох,

 

849,174 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Э.Будханд нар оролцов. (Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч надтай утсаар холбогдоод би танайхаар үйлчлүүлдэг юм. Танайхаас кофе авъя та бэлдэж байгаач гэсэн. Тэгээд нь ирж авч амжихааргүй боллоо гээд та манай гэрт хүргээд өгөөч гэсэн тул би 06 дугаар сарын 21-ний өдөр гэрт нь хүргэж өгсөн. Тэр үед нь эмнэлэгт хэвтэж байгаа гээд гэрт нь нөхөр нь бололтой нэг залуу байсан тул би хүлээлгэж өгсөн. Тэгээд би маргааш нь төлбөр авах талаар удаа дараа шаардсан нь маргааш хийнэ, орой хийнэ гэж худал хэлээд өнөөдрийг хүрсэн. Энэ хугацаанд 8 дугаар сарын 09-ний өдөр 186,000 төгрөгийг өгсөн. Өөр ямар нэг төлбөр төлөөгүй. Иймд гаас 776,00 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 23,174 төгрөг, алданги 50,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй.

 

3. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2-3/, 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн зарлагын баримт /хх 4/, хариуцагчтай харилцсан гэх зураг /хх 5/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 6/ баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Шүүх нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлээс 590,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 73,174 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний төлбөр, алданги болох 849,174 төгрөгийг гаргуулах шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 186,000 төгрөг төлсөн тул үлдэх 663,174 төгрөгийг хариуцагчаас шаардсан бөгөөд хариуцагч эс зөвшөөрч маргаагүй байна.

 

  3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн захиалгын дагуу 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хариуцагчийн оршин суух ************************************************ тоот хаягт нэг уут бүр нь 88,000 төгрөгийн үнэ бүхий максим кофе 8 уутыг, нэг бүр нь 18,000 төгрөгийн үнэ бүхий 4 уут Үе Үе кофе, нийт 776,000 төгрөгийн үнэ бүхий 12 уут кофег хүргэж өгсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зарлагын баримтаар тогтоогдож байна. /хх 4/

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ, 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж тус тус заасан.

4.1. Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гардан авсан бөгөөд мөн өдөр түүнд хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан танилцуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаар хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч ******* нь 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч тай 776,000 төгрөгийн үнэ бүхий 12 уут кофег худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон үйл баримтын талаар зохигчид маргахгүй байна.

5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар уг үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

 

6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

6.1. Тодруулбал, худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч тал үнийг нь тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

6.2. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч нь 776,000 төгрөгийн үнэ бүхий 12 уут кофег өөрийн гэртээ хүлээн авсан байна. Тиймээс Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т Дараахь тохиолдолд эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ гээд 111.2.1-д өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр гэж зааснаар нэхэмжлэгч буюу худалдагч *******ыг худалдан авагч буюу хариуцагч д худалдах, худалдан авах гэрээний зүйлийн өмчлөх эрхийг шилжүүлсэн гэж үзнэ.

6.3. Нэхэмжлэгчийн тайлбараар хариуцагч нь гэрээний нийт үнэ болох 776,000 төгрөгөөс 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгчийн Хаан банк дахь тоот дансруу 186,000 төгрөг төлсөн гэж тайлбарласан бөгөөд хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг бүрэн төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас үлдэгдэл 590,000 төгрөгийг шаардах эрхтэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ., 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ. 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. 232.7-т Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй. гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулах зохицуулалттай тул

шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн хариуцагчаас нийт 590,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 73,174 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг үндэслэн хариуцагч гаас 590,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 73,174 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,374 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 18,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.АЗБАЯР