Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 00154

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн Д.Одончимэг,

улсын яллагч Ц.Сувдаа,

хохирогч Г.Батжүгдэр,                                                                                                              

шүүгдэгч О.Алтанболд, түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2  дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 132/2017/0135/Э индекстэй, 1715000080009 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 26 дугаар хороонд оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Авга овогт О. А

Холбогдсон хэргийн талаар:

О.Ань /яллах дүгнэлтэнд бичснээр/ 2017 оны 06, 07 дугаар саруудад Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг “Тосонгийн тохой” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль экологид 32.528.090.94 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Батжүгдэр өгсөн: О.А гэдэг хүн манай суманд тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлий хөндөж, ашигт малтмал олдворлосон. Үүнд байгаль экологид 32000000 төгрөгний хохирол учруулсан шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ намар техникийн нөхөн сэргээлт хийсэн. Энэ бол хохирлыг төлж барагдуулсан гэсэн үг биш юм. Байгаль экологид учруулсан хохирол болох 32.000.000 сая төгрөгийг төлүүлэх саналтай байна гэх мэдүүлэг,

  1715000080009 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Гэрч Б.Бямбадоржийн өгсөн: Би найзаараа дамжуулж Төв аймгийн Заамар суманд уурхайд ажил байна гэхээр нь Алтанболдтой утсаар холбогдоод 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Алтанболдын уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй газарт ирсэн. Намайг ирэхэд үйл ажиллагаа явуулж эхлэх гээд техникүүдээ татаж байсан. Тэгэхдээ гэрийн хажуу талд өргөн 10 см урт, 20 см орчим гүн 7 см орчим газрыг ухсан байсан ба өөр газар ухаагүй байсан 7-8 хоног буюу 2017 оны 06 дугаар сарын 17-18-ны үед цагдаа нар ирээд үйл ажиллагааг зогсоогоод 1 тракторын комьпютерыг нь аваад явсан тэгэхээр нь 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот руу яваад 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ирэхэд ажиллаж байсан. Намайг явснаас хойш бид нарын гэрийн байрлаж байсан газраас баруун хойд талд ухсан байсан газар мөн булдезороор ухсан байсан газрыг булаад хөндий газар ухаад мөн наад талд нь газрыг ухсан хэдэн метр гүнтэй урт, өргөнтэй ухсан талаар мэдэхгүй байна. Уг газарт 2 эксковатор 3 ковут, норд бенз, шороогоо буудах 3 ширхэг буу байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуудас/,

Гэрч Б.Мөнхбатыг өгсөн:...Би О.Аын уурхайд ажилд орохдоо байнгын байрласан 10-аад тооны хүнийг хариуцан ажиллаж байсан. Миний хийж байсан ажил бол хүмүүсийг ажлаа хийж байгааг шалгах юм. Уг уурхайд 2017 оны 07 дугаар сарын эхээр очиход шалгалт ирсэн гээд үйл ажиллагаа явуулаагүй зогссон байсан. Тэгээд 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн ажиллаад наадмын баярын өдрүүд эхлэхэд үйл ажиллагаа зогсоосон. Тэгээд наадмын дараа 2-3 хоног ажиллаж байхад цагдаа нар ирээд үйл ажиллагааг нь бүрэн зогсоосон. Тэрнээс хойш О.А нь ажиллаж байсан газраас нүүсэн гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуудас/,

Гэрч Х.Батбаярын өгсөн: 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ны өдрийн үед шиг санаж байна. Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт О.А ажиллуулах гэж байгаа уурхайд очиход дөнгөж буух гээд гэрээ барих гэж байсан. Тэгээд хэд хоногийн дараа байрласан газрынхаа зүүн талд нэг карьер ухаж байхад цагдаа нар ирээд шалган эксковаторын комъпютерийг нь авч яваад үйл ажиллагааг нь зогсоосон. Тэрнээс хойш 10 гаран хоног ажиллахгүй байж байгаад 2017 оны 07 дугаар сарын эхээр эксковаторын комьпютерийг аваад ажиллаж эхэлсэн. 2-3 хоног ажиллаж байгаад эксковаторын сум нь эвдрээд ажиллахаа больсон. Наадмын баярын үед таарсан болохоор ажиллахгүй байж байгаад 2017 оны 07 дугаар сарын 17-18-ны өдрийн үед намайг уурхай дээр очиход ажиллахаа болиод нүүсэн. Тэрнээс хойш дахин ажиллаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/

Гэрч Ц.Уртнасангийн өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 17-нд ирсэн. Ирээд 2 хонож байна. Эксковаторын операторчин хийж байгаа. Ковш, шар хово, усан буу зэрэг техникүүд ажиллаж алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 31 хуудас/

Гэрч С.Эрдэнэхуягийн өгсөн: 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр намайг ажилд ороход Туул голын хажууд жижиг карьер ухаад булаад дахиад бид нарыг байрласан газрын зүүн талд газар ухаж байсан. Тэгээд мэргэжлийн хяналтын газраас хүмүүс ирээд үйл ажиллагаа зогсоогоод явсан. Маргааш өдөр нь цагдаа нар ирсэн. Ажиллана гэж хүлээгээд 6-7 хонохоор нь би гэр лүүгээ яваад 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ажиллахаар ирэхэд дахиад нэмж 2-3 газар ухсан байсан. Тэгээд цагдаа нар ирэхээр нь би ажлаасаа гарсан гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуудас/

Гэрч Ц.Амгаланбаярын өгсөн: 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр намайг ажилд ороход Туул голын хажууд хоёр карьер ухаад гаргасан байсан. Нэг нь гэрийн баруун хойд талд, нэг нь гэрийн зүүн талд ухсан байсан. 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Улсын мөрдөн байцаах газраас шалгалт ирээд үйл ажиллагааг зогсоосон. 10 гаран хоног зогсоод 2017 оны 06 дугаар сарын 20-нд гаргаад үйл ажиллагааг явуулж эхлэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуудас/

Гэрч Г.Батжүгдэрийн өгсөн: О.А гэх хүнийг сайн танихгүй. 2017 оны хавар нэр нь дуулдах болсон. 2017 оны 06 дугаар сараас эхлэн О.А нь Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг “Тосонгийн тохой” гэх газарт ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бус үйл ажиллагаа явуулж байсан. Уг газар нь голын хамгаалалтын бүсэд багтах учраас ямар нэгэн зөвшөөрөл олгохгүй юм. Энэ талаар усны тухай хуулинд заасан байдаг. Голын эрэгээс 200 метр орчим зайнд ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж болохгүй шаардлагатай бол нөхөн сэргээлтийн  үйл ажиллагаа явуулж болно. Би О.Аын хууль бус үйл ажиллагаанд цагдаагийн байгууллагад шалгаж байгаа учраас ямар нэгэн акт тавьсан зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/

Шинжээчийн “Грийтвишн ХХК”-ийн  2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлт, Байгаль орчинд учруулах хохирлын үнэлгээний 32.528.090.94 төгрөгийн хохирол гэх дүгнэлт /хх-ийн 40-85 хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-19 хуудас/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96 хуудас/ зэрэг  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч О.А нь 2017 оны 06, 07 дугаар саруудад Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг “Тосонгийн тохой” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль экологид 32.528.090.94 төгрөгийн хохирол учруулсан факт, үйл баримт тогтоогдож байна.     

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Шинжээчийн “Грийтвишн ХХК”-ийн  2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлт, Байгаль орчинд учруулах хохирлын үнэлгээний 32.528.090.94 төгрөгийн хохирол гэх дүгнэлт /хх-ийн 40-85 хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч О.А хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.      

Шүүгдэгч О.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүх хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч О.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. А овогт О. Аыг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Ад хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.     

3. Эрүүгийн   хуулийн   ерөнхий   ангийн   7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч нь оршин суух газар, ажил, зорчин явахдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.

  4. Шүүгдэгч О.А нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О.А с 32.528.090.94 төгрөгийг гаргуулж, хохирогч Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.  

 6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.ДЭЛГЭРМӨРӨН