Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2023/ДШМ/07

 

О.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч О.Баатарсүх, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.С,

шүүгдэгч О.Г,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Э

хохирогч Ж.Н,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал нарыг оролцуулан СБ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны  дүгээр сарын -ны өдрийн  дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  дүгээр зүйлийн  дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Г-д холбогдох эрүүгийн ...... дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 20 оны  дугаар сарын -ний өдөр хүлээн авч, шүүгч С.О-ийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

1.Монгол Улсын иргэн, 19 онд  аймгийн  суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл , эхнэр  хүүхдийн хамт  аймгийн сумын  дүгээр баг хотхоны тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт О.Г,

2.Шүүгдэгч О.Г нь 20 оны  дугаар сарын -ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С аймгийн  сумын  дугаар баг “Энх-Амар” гэх газар хохирогч Ж.Н-тай маргалдан хэвтээгээрээ жийж өшиглөн түүний эрүүл мэндэд баруун хөлийн шаант, тахилзуур ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3.Хяналтын прокурор Д.С нь шүүгдэгч О.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  дүгээр зүйлийн  дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

4.СБ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.Г-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн  дүгээр зүйлийн  дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг .... төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг..... хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн  дугаар зүйлийн...., Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн ... дүгээр зүйлийн .... дэх хэсэгт зааснаар хохирогч Ж.Н-ийн эмчилгээнд зарцуулсан ....... төгрөгийг шүүгдэгч О.Г-аас гаргуулж СБ аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэжээ.

5.Шүүгдэгч О.Г давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэр өдөр намайг унтаж байхад Н татаж чангааж, гадаа чирч гаргаад зодсон. Хүмүүс салгаад гэрт оруулсан хойно ч гэсэн орж ирээд дахиад зодох гээд байсан. Хүн зодсон, айлд агсам тавьсан, “ална хядна” гэж заналхийлсэн хүн яагаад зүгээр өнгөрч, би яагаад буруутан болж байгааг ойлгохгүй байна. Би Н-ийн хөлийг хугалаагүй, хөлөөрөө жийгээгүй, гэтэл шийтгэх тогтоолд “намайг Нямдаваагийн баруун хөл рүү хөлөөрөө жийж өшиглөсний улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Н нь аав, ээждээ мотоциклоос ойчсон гэж байснаа гадаа хөлөө хугалсан, дараа нь Г намайг өшиглөсөн гэж байснаа шүүх хурал дээр хөл рүү жийж хугалсан гэж хэдэн өөрөөр яриад байгаа. Би хийгээгүй хэргийнхээ төлөө ял авч, эмчилгээний зардал төлөх болсондоо гомдолтой байна. Хэргийг дахин хэлэлцэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

          6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Тухайн өдөр Г, Н нар согтууруулах ундаа хэрэглэсэн. Хэрэгт авагдсан баримтуудаар Г-ын буруутай үйлдлийн улмаас Н-ийн эрүүл мэндэд хохирол учирсан байдал тогтоогдоогүй. Г-ыг унтаж байхад Н чирч гадаа гаргаад зодсон. Хохирогч нь “Г намайг зодсон, хөл дээр хоёр гурван удаа дэвсээд хугалсан” гэсэн мэдүүлэг өгсөн. Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад үгүйсгэгдсэн. Н анхнаасаа худал мэдүүлэг өгсөн. Тухайн хэрэг болох үед байгаагүй Ж, Б, О, У нар гэрчийн мэдүүлэг өгсөн. Гэтэл энэ хүмүүст Н хэлэхдээ намайг мотоциклоос унасан гэж энэ хүмүүст хэлээрэй гээд хэлсэн байдаг. Гэрт эрүүл байсан А,Г нарт бас намайг мотоциклоос унасан гэж аавд хэлээрэй гэж хэлсэн. Сүүлдээ О, Б, У нарт “Г хөл хугалсан” гэж хэлсэн. Тухайн хэрэг болсон газар А, Г нар эрүүл байсан. Тэр үедээ Н, мөн Г-ыг ална гээд хутга шөвөг эрж хайгаад баахан юм болсон. Тэнд байсан хүмүүс таслан зогсоосон. Шинжээчийн дүгнэлтээр Н-ийн хөл хугарсан гэдэг нь тогтоогдсон. Гэхдээ хэн хугалсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байгаа. Өөрөө өшиглөсөн, дэвссэн, мотоциклоос унасан гээд янз янзын байдлаар яриад байгаа боловч шүүх хурал дээр намайг жийсэн гээд хэлээд байгаа. Гэтэл гэрт байсан эрүүл саруул гэрч нар жийсэн гэх зүйл хэлээгүй. Эргэлзээтэй нөхцөл байдал үүсээд байгаа. Болсон явдлын дэс дарааллаар үзэхээр гэрт зүүн талд хэвтэж байгаад хөл эвгүй боллоо гээд гутлаа тайлсан. Тэгэхэд хөл хавантай байсан гэж байгаа. Г, А нарын мэдүүлгээр Н нь Г-ыг өшиглөсөн зодсон жийсэн ийм байдал тогтоогдохгүй байгаа. Хэрэгт бодитой дүгнэлт хийж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хангаж өгөхийг хүсэж байна гэв.

7.Хяналтын прокурор Д.Сүрэнхорлоо шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: О.Г нь 20 оны  дугаар сарын -ны өдөр Ж.Н-ийн хөл рүү өшиглөж, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. О.Г нь би тухайн үед хөлөө савчуулсан гэж шүүх хуралдаанд хэлсэн боловч мөрдөн шалгах ажиллагаанд гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, гэрчүүдийг нүүрэлдүүлэн авсан тэмдэглэлээр энэ хүмүүс нь хоорондоо хэвтээгээрээ бие бие рүүгээ хөлөөрөө жийлцсэн болох нь тогтоогдсон. Мөн Б.Н нь О.Г-ыг уучлалт гуйгаад эвлэрэх байх гэж бодоод аав ээждээ Г-д зодуулсан талаараа хэлэхгүй мотоциклоос унасан гэж хэлсэн талаараа мөн мэдүүлсэн. Иймд Ж.Н-ийн биед учирсан гэмтэл нь Г-ын зүгээс түүнийг жийж өшиглөх явцад учирсан. Г-ын буруутай үйл ажиллагаанаас болж Н-ийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь гэрч нарын мэдүүлэг шүүх хуралд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримт, бодит байдалд хийсэн дүгнэлт хэргийн нөхцөл байдалд нийцсэн, шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангасан. Иймд шүүгдэгч О.Г-аас гаргасан гомдол нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

8. Хохирогч Н: Хөл хугарсан гэдгийг би мотоциклтой хөдлөхөөс өмнө хэлж бүгдэд нь хөлөө харуулсан. Гэрч А-аар гутлаа тайлуулахад хөл хавдсан, хугарсан байсан гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          9.Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр О.Г-д холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

    10.Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарлах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

     11.Шүүгдэгч О.Г нь 20 оны  дугаар сарын -ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .... аймгийн .... сумын ... дугаар баг "  " гэх газар хохирогч Ж.Н-тай маргалдан түүний хөл рүү хэвтээгээрээ жийж өшиглөн, эрүүл мэндэд нь баруун хөлийн шаант, тахилзуур ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн, гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцжээ.Тодруулбал:  

 

          11.1.Яллагдагч О.Г-ын “20 оны  дугаар сарын -ны оройн  цагийн үед Э гэх айлд би, Н, Э нар хамт архи авч очиж, уусан. Би баруун орон дээр унтаад өгсөн. Гэтэл Н намайг орноос чирч буулгаад гэрээс гаргаж, зодсон. Тэр үед Г, Э ах нар намайг салгаж, гэрт оруулсан. Би гэрийнх нь шалан дээр хэвтэж байсан. Н нь хэвтэж байхдаа хөлөөрөө өшигчөөд саваад байсан. Гэнэт Н нь: “Г ахаа миний хөл эвгүй болчихлоо” гэж хэлсэн” гэх /хх 89-90/,

       11.2.Хохирогч Ж.Н-ийн “Г надтай барьцалдаж байгаад миний хөл рүү өшиглөхөд миний хөл эвгүй болоод газар унасан. Намайг газар унахад дахиж миний хөл дээрээс 2-3 удаа өшиглөсөн. Г нь доор сууж байгаад миний хөл рүү жийсэн. Үүнийг би өшиглөсөн гэж ярьсан юм. Өшиглөсөн жийсэн 2 чинь адилхан биз дээ ” гэх /хх 9-15/,

    11.3.Гэрч Г.Ж-ын “Э гэх айлд манай хүү Н, Г гэх хүнтэй маргалдаж, муудаад хоорондоо зодолдоод заамдалцаад байсан гэж Баагий гэх залуу надад хэлсэн. 20 оны  дугаар сарын -ны орой У.О, Э.Б гэх хоёр найз руугаа залгаад “ирж ав” гэж хэлсэн гэдэг. Тэгээд цуг явахдаа О, Б нарт “Г миний хөлийг хугалсан” гэж хэлсэн талаар хоёр найз нь надад хэлсэн” гэх /хх 18-19/,

    11.4.Гэрч М.Б-ийн “О бид хоёр Н-ын машиндаа суулгаад юу болсон талаар асуухад Н нь “Би Г-тай адуу мал, бэлчээрээс болж муудсан, Галаа миний хөлөн дээр дэвсээд миний хөлийг хугалсан” гэж хэлсэн. Тухайн үед Н-ийн хөлийг харахад нэлээн хавантай, шилбээрээ мурийлттай байсан.” гэх /хх 22-23/,

      11.5.Гэрч Б.У-ийн “Манай нөхөр О, Б, бид гурвыг очиход Н нь Э гэх айлынхаас түшүүлээд гарч ирсэн. Н-ийг аваад аймаг руу явах замд “Г хөл рүү нь өшиглөөд байсан, хөл хугарлаа гээд хэлээд байхад болихгүй өшиглөөд байсан” гэж хэлсэн.” гэх /хх 26-27/,

      11.6.Гэрч У.О-ийн “Ж.Н-аас “яагаад хөлөө хугалсан, юу болсон юм” гэж асуухад “О.Г-д зодуулчихлаа” гэж хэлж байсан. Н-ийн баруун хөл нь шилбээрээ хугарсан байсан.” гэх /хх 30-31/,

     11.7.Гэрч Б.Г-ын “Н нь Г-тай хэсэг маргалдаж байгаад Г-ын гэр лүү орсон. Тэр үед Н хөлөө саваад байсан. Тэгээд гэнэт “Миний хөл эвгүй болчихлоо” гэж хэлсэн. Тэр үед Н “намайг хүнтэй муудсан гэж аав ээжид битгий хэлээрэй, намайг мотоциклоос унасан гэж хэлээрэй” гэж хэлж байсан.” гэх /хх 34-35/,

   11.8.Гэрч Б.А-ийн “Тухайн орой   цагийн үед О.Г, Ж.Н, Г нар манайд согтуу ирцгээсэн. О.Г нь манай гэрийн зүүн орон дээр унтахаар хэвтсэн. Гэнэт Ж.Н нь “Энэ мууг би ална” гээд Г-ыг унтаж байхад нь орноос татаж босгоод гэрээс гараад муудаад байсан. Г тэр хоёрыг салгахад Г нь гэрт орж ирээд хэвттэл Ж.Н нь орж ирээд шалан дээр хоорондоо хэвтээгээрээ нэг нэг рүүгээ өшигчөөд байсан. Тэгсэн Ж.Н гэнэт “хөл эвгүй болчихлоо” гэсэн. Тэр үед гутлыг нь тайлаад хартал баруун хөл нь хавдсан байсан.” гэх /хх 38-39/,

       11.9.Гэрч Х.Э-ийн “Унага тамгалах үеэр Г, Н хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Орой 21 цагийн орчим Э гэх айлд архиа уучхаад Г ах гэрийнх нь шалан дээр гудас тавиад унтсан. Н унтаж байсан Г-ыг татаж босгоод гэрээс чирээд авч гарсан. Тэр хоёр дээр доороо ороод зодолдоод байсан. Тухайн үед “Г ахтай зодолдож байгаад хөлөө хугаллаа” гэж хэлсэн.” гэх /хх 42-43 /,

  11.10.Гэрч Г.Э-ийн “Ж.Н болон О.Г 2 гэрт маргалдаад хэвтээгээрээ хоорондоо жийлцээд байсан. Н нь гэнэт “хөл эвгүй болчихлоо” гэж хэлсэн.” гэх /хх 50-51/,

      11.11.Гэрч Б.Г, Х.Э нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлээс: “Б.Г-ын “Н, Г хоёр хоорондоо нэг нэг рүүгээ хөлөө өшигчөөд байсан. Тэр үед Н нь : “Хөл эвгүй болчихлоо” гэж хэлсэн.” гэх, гэрч Х.Э-ийн “Ж.Н нь хөлөө гэрт орсон хойноо эвгүй болгочихлоо гэж хэлсэн. Тухайн үед Ж.Н болон Г нар нь гэрт болон гадаа хоорондоо зодолдсон.” гэх /хх 54-55/,

   11.12.Хохирогч Ж.Н, гэрч Х.Э нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 59-60 /,

  11.13.Хохирогч Ж.Н, гэрч Б.Г нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэлээс: “гэрч Б.Г-ын “Тэр хоёр хэвтээгээрээ хэн хэн рүүгээ хөлөөрөө жийлцээд байсан” гэх, хохирогч Ж.Н-ийн “Г-ыг барьж авахад миний хөл рүү хөлөөрөө жийсэн. Тэгээд би газар ойчсон. Тэр үед миний хөл эвгүй болохоор нь Г ахад хэлсэн.” гэх /хх 64-65/,

        11.14.Шинжээч эмч Т.Ч-ын мэдүүлэг /хх 68 /,

       11.15.СБ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20 оны  дүгээр сарын -ны өдрийн  дугаартай “Ж.Н-ийн биед баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх 71-72/ зэрэг болно.

    12. Дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцжээ.

      13.Түүнээс гадна хэрэгт авагдсан шүүгдэгч О.Г-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, тодорхойлолт, багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл, шүүгдэгчийн гэрэл зураг зэрэг баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, давхар нотолж байгаа болно. /хх 91-100, 120/

     14.Прокуророос шүүгдэгч О.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн   дүгээр зүйлийн  дэх хэсэгт зааснаар зүйлчилж, анхан шатны шүүх түүнийг энэ зүйлд заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэхдээ эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

     15. Анхан шатны шүүх шүүгдэгч О.Г-ыг “хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан байна.

          16.Шүүгдэгч О.Г-ын “Би Н-ийн хөлийг хугалаагүй” гэх мэдүүлэг нь хохирогч Ж.Н, гэрч Г.Ж, М.Б, Б.У, У.О, Б.Г,  Б.А, Х.Э, Г.Э нарын “Хэвтээгээрээ хэн хэн рүүгээ хөлөөрөө жийлцэж байгаад Н миний хөл эвгүй болчихлоо гэсэн” гэх болон шинжээч эмч Т.Ч-ын “Баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл нь хүн өөрөө хөл дээрээ дэвхцэх үед болон хэвтэж байгаад хөлөө хатуу зүйлд савах, савчих зэрэг хөдөлгөөн, үйлдлийн улмаас үүсэх боломжгүй” гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэн няцаагдаж байх тул энэ талаарх түүний давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй болно. /хх 9-15, 18-65, 68/

          17. Мөн тэрээр хохирогч Ж.Н өөрийг нь зодсон талаарх гомдлоо цагдаагийн байгууллагад гаргаж, шалгуулах боломжтой атлаа гомдол гаргаж, шалгуулаагүй байна.

      18.Иймд шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      Нэг. Шүүгдэгч О.Г-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, СБ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны  дүгээр сарын -ны өдрийн  дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

    Хоёр. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ОЮУНТУНГАЛАГ

 

               ШҮҮГЧИД                               О.БААТАРСҮХ

 

                                                               Д.ГАНЗОРИГ