Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 151/ШШ2024/00818

 

 

 

 

 

2024 10 02

151/ШШ2024/00818

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Гүн овогт Дашзэвэгийн Гантулга,

/Төв аймаг, Өндөрширээт сум, 3 дугаар баг, Уянга/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Оюун,

Гэрч:Д.Нацагдорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Гантулга нь Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдэлд 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Хөдөлмөрийн дэвтрийн бичилт нь баталгаажихгүй улмаас ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Иймд Д.Гантулгыг Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдэлд 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн зөвлөмж, Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 421 дугаар Нийгмийн даатгалын хэлтэст гэх албан бичиг, түүнд хавсарган Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдлийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 86 дугаар Ажилд томилох тухай, 1990 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 107 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, түүний хавсралт, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагааны нотариатаар баталгаажуулсан хуулбар, иргэний үнэмлэх, Нийгмийн даатгалын 0224819 дугаар дэвтрийн болон баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1991 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нээсэн Д.Гантулгын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

 

4. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг даргын тамгын газрын архив, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Төв аймгийн Төрийн архивын тасгаас тус тус нотлох баримт, лавлагааг гаргуулах ажиллагааг хийж, гэрч Д.Нацагдоржоос мэдүүлэг авах ажиллагааг хийсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1..Нэхэмжлэгч Д.Гантулгын нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2. Д.Гантулга нь хүсэлтийн үндэслэлээ хөдөлмөрийн дэвтэр баталгаажихгүй, ажлаас чөлөөлөгдсөн 1992 оны тушаал гарахгүйн улмаас ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Д.Гантулга нь Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдэлд 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь нотлогдож байна.

 

5. Харин Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдэлд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан гэх байдал тогтоогдохгүй байна.

 

6. Төв аймгийн Төрийн архивын тасгаас ирүүлсэн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 493 дугаар Д.Гантулга нь 1990 оны 1-10, 12 сар, 1991 оны 2-4, 6, 9, 11 дүгээр саруудад цалин авч байсан байх ба 1989 оны 1-12, 1991 оны 1, 7-8 дугаар саруудын цалингийн баримтнаас нэр гараагүй, 1990 оны 11 сар, 1991 оны 10 сар, 1992 оны 1-12 сарын цалингийн баримт тус төрийн архивт шилжиж ирээгүй гэх албан бичиг /хх 28-29/,

 

7. Мөн хавсаргаж Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдлийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 86 дугаар Ажилд томилох тухай тушаалд цэргээс халагдаж ирсэн ...Д.Гантулга,... нарыг туслах ажилчнаар ... томилон ажиллуулсугай /хх-30/ гэх баримтуудаар Д.Гантулга нь 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдэлд үхэрчнээр ажилд орсон болох нь тогтоогдож байна.

 

8. Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдлийн даргын 1990 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 107 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралт 57. Д.Гантулга нэр дурдагдсан ба цалингийн түүврийн баримтаас тэрээр хамгийн сүүлд 1991 оны 11 дүгээр сард 3583 төгрөгийн цалин авсан байх тул түүний ажлаас чөлөөлөгдсөн он, сар, өдрийн 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

10. Төв аймгийн Өндөрширээт Хөгжил нэгдлийн дарга Н.Сэрдамба нь 1991 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хөдөлмөрийн дэвтэр нээж гарын үсэг зурж баталгаажуулсан байх хэдий ч 1992 оны ажилласан хоног, авсан цалинг нь баталгаажуулаагүй, мөн тухайн хугацаанд ажиллаж байсныг нотлох баримт гараагүй тул нэхэмжлэгч Д.Гантулгын нэхэмжлэлийн шаардлагын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан нь нотлогдон тогтоогдохгүй байх тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

11. Гэрч Д.Нацагдорж нь шүүх хуралдаанд Д.Гантулга нь Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдэлд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан ажилласан гэж мэдүүлсэн ч тэрээр нэхэмжлэгчтэй тухайн суманд амьдарч байсан үйл баримт тогтоогдож байх боловч хамт ажиллаж байсан гэж үзэх үндэслэлгүй тул түүний мэдүүлгийг үнэлээгүй болно.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаас хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтуудад хөдөлмөрийн дэвтэр, болон Төв аймгийн Төрийн архивын Тасгаас ирүүлсэн цалингийн түүвэр, Ажилд авсан тушаал, Ээлжийн амралт олгох тушаалуудын хуулбаруудыг үндэслэлтэй нотлох баримтад тооцож, түүнд бичигдсэн байдлыг үндэслэн Д.Гантулгын ажиллаж байсан байдлыг тооцож тогтоов.

 

13. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Гүн овогт Дашзэвэгийн Гантулга /РД:НР69081074/-г Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдэлд 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

14. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Гүн овогт Дашзэвэгийн Гантулга /РД:НР69081074/-г Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдэлд 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ